Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 00094

 

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 153/ШШ2020/00094

Жаргалант сум

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багт оршин суух, Ө овогт Н-ийн М //-ы нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 153/2020/00061/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн  хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Няндуүгийн М миний бие 1967 оны 11 сарын 27-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 3 дугаар бригадын Няндуугийн 7 дахь охин болж төрсөн.

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуульд 1975 онд 1 дүгээр ангид орж 1983 онд 8 дугаар анги төгсөөд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализмын зам нэгдлийн 3 дугар бригадад эцэг эхийн хамт мал маллаж байгаад Улаанбаатар хот руу түр шилжиж НАХЯамны төв эмнэлэгт 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл асрагчаар ажилласан.

1993 оноос төрөлх нутаг Эрдэнэбүрэндээ ирж мал маллаж байгаад 1993 оны 6 сарын 01-нд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн иргэн А.Сүх-Очиртой гэр бүл болсноос хойш өнөөг хүртэл мал маллаж амьдарсаар байна.

Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр алга болсон учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

Ийм учраас Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгаас 70 дугаар дансны лавлагаа авч хэрэгт хавсаргасан.

Иймд Н.М намайг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализмын зам нэгдлийн 3 дугаар бригадад 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.М нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Н.М миний бие ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэл гаргасан байсан. Одоо миний бие нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж тэтгэвэрт гарах болсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.М нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализмын зам нэгдлийн 3 дугаар бригадад 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Тус шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШЗ2020/00533 дугаартай Үзлэг хийх тухай шүүгчийн захирамжийн дагуу Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын Лаборатори 1 дүгээр сургуулийн архивт хадгалагдаж байгаа 1985 оны 10 дугаар анги төгсөгчдийн баримтад хийсэн үзлэгээр нэхэмжлэгч Н.М нь уг сургуулийг 1985 онд Х.Харашаш багштай 10д ангийг 510918 дугаар бүхий боловсролын үнэмлэхтэй төгссөн талаар баримт хавтаст хэрэгт авагдсан болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.М нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбарыг тус шүүхэд 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Мы 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төрийн сангийн 100160000945 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Мы нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Н.М нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Мы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                              С.ОЮУНЖАРГАЛ