| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 167/2023/0141/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/143 |
| Огноо | 2023-08-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ариунтөр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Э.Намуунзул,
улсын яллагч Б.Ариунтөр,
шүүгдэгч О.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Эт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:О.Э
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч О.Э нь 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 16-17 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын ... тоот хашаанд хэрүүл маргааны улмаас Б.Бн толгой хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь дагзны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч О.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Б гэж хүнийг огт танихгүй, гэртээ хүүхэдтэйгээ унтаж байсан чинь манай хуучин хүргэн байсан хүнтэй ирсэн. Тэгээд манайд ганц юм уучихъя гэхээр нь би тэг гэсэн. Тэгсэн хохирогч манайд орж ирсэн үеэсээ л эхлээд надтай маргаж үгээр идээд байсан. Тэгээд би яв гэсэн чинь өөдөөс доог тоглоом хийгээд байсан. Тэгсэн манай охин унтаж байгаад сэрээд та одоо яваач айлд ирчихээд ямар сонин юм гэсэн чинь миний охиныг чи дуугүй бай гичий минь гэхээр нь миний уур хүрээд хаалгаараа түлхэж гаргаад хаалгаа түгжсэн. Тэгсэн эргэж манай хаалгыг хуу татаж цоожийг нь эвдэж орж ирсэн. Тэгсэн хоёр унь унаж, нэг униар нь намайг цохиж гадуур хэрүүл маргаан болсон. Тэгээд манай охин айхдаа манай дүүг дуудсан. Манай дүү зодоон болж байхад ирсэн. Тэгээд намайг ч цохиод манай дүүг ташаж унагаад, хамт явж байсан хүнээ хүртэл зодсон. Ер дийлдэхгүй барьсан юмаараа цохиж балбаад байдаг юм байна лээ. Тэгээд манай дүүг тоосгоор цохих гэж байхад нь би хувингаар цохисон...” гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Б.Бн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ц босч ирээд намайг 1 удаа зүүн талын хацар луу 1 удаа алгадсан. Тэгэхээр нь би 1 удаа мөр лүү нь тулхсэн. Тэгээд би “Гарлаа” гээд гэрээс гарсан чинь араас дуу нь гэх эмэгтэй миний уснээс зулгайгаад доошоо дарсан. Тэгээд би “Тавиач” гээд тавиулсан чинь дахиад нөгөө дүү нь миний куртикнээс зулгайгаад бариад байсан чинь Ц гэх эмэгтэй нь ирээд миний үснээс доош нь дараад Ц миний толгой руу өшиглөөд байсан. Тэгсэнээ Ц тоосго аваад толгой руу цохисон. Тэгсэн чинь миний толгойноос цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх 6-7 ху/,
-Яллагдагч О.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Энэ хохирогч гээд байгаа хүн нь өөрөө манай гэрт орж ирж архи ууж дуусчихаар нь одоо яв гэсэн чинь надтай тоглоом шоглоом болгоод манай гэрээс явахгүй, агсан согтуу тавиад байсан. Тэгэхээр нь би гэрээсээ түлхээд хөөгөөд гаргасан чинь буцаж орж ирээд надтай хэрүүл хийгээд байсан. Тухайн үед би охинтойгоо байсан. Тэгээд бид хоёр гадаа гудамжинд муудалцаад барьцалдаж авсан. Тэр залуу өөртөө ойртуулахгүй газраас тоосго аваад шидэх гээд нэг бол гараа зангидаж аваад цохих гэж айлгаад байсан. Тэгээд намайг хоёр гурав удаа толгой руу цохисон. Тэгэхээр нь би гудамжнаас шар өнгийн төмөр хувин аваад толгой руу нь нэг удаа л цохисон. Өөр би тэр хүнийг цохиж зодоогүй...” гэсэн мэдүүлэг /хх 37 ху/,
- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 02/204 дугаартай “...1.Б.Бгийн биед дагзны шарх, зүүн хацар, дээд уруулын зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Учирсан гэмтлууд нь мохоо зуйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Учирсан дагзны шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Учирсан зүүн хацар, дээд уруулын зулгаралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5.Учирсан гэмтлүүд нь 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 16 ху/,
-Яаралтай тусламжийн хуудас, эмнэлгийн баримт /хх 17 ху/,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 23-24 ху/,
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 30-31, 37 ху/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 29 ху/ зэрэг болно.
1. Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч О.Э нь 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 16-17 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын ... тоот хашаанд хэрүүл маргааны улмаас Б.Бн толгой хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь дагзны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч О.Эийн “...би хувингаар цохисон...” гэсэн, хохирогч Б.Бн “...Тэгсэн чинь миний толгойноос цус гарсан...” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн болон хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.
Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02/039 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Бн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон байх бөгөөд прокуророос шүүгдэгч О.Эийн үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч О.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан тус гэмт хэргийг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч О.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид төлөх хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын талаарх улсын дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, нийтэд тусгай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Хохирогч Б.Бн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нэхэмжилнэ гэсэн боловч энэ талаар баримтаар ирүүлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч О.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эт 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эийн эдлэх 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР