Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/141

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                        

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Э.Намуунзул,

         улсын яллагч Б.Дашням,

         шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Б.Э

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.Э нь Төмөр замын тусгай мэргэжлийн үнэмлэх буюу ..... дугаартай үнэмлэхийг зохих журмын дагуу суралцахгүйгээр авч улмаар хуурамч болохыг мэдсээр байж Улаанбаатар төмөр замын харьяа Сайншанд татах хэсэгт туслах машинчийн ажилд орж 2018 оны 08 дугаар сараас 2023 оны 06 дугаар сар хүртэл хуурамч баримт бичиг ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Б.Э нь Төмөр замын тусгай мэргэжлийн үнэмлэх буюу ... дугаартай үнэмлэхийг зохих журмын дагуу суралцахгүйгээр авч улмаар хуурамч болохыг мэдсээр байж Улаанбаатар төмөр замын харьяа Сайншанд татах хэсэгт туслах машинчийн ажилд орж 2018 оны 08 дугаар сараас 2023 оны 06 дугаар сар хүртэл хуурамч баримт бичиг ашигласан үйл баримт тогтоогдож байна.

          Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Эийн "...Б.Э нь манай Улаанбаатар төмөр замын харьяа Сайншанд татах хэсэгт зүтгүүрийн туслах машинчаар ажилладаг юм... Манай байгууллагын зүгээс Б.Эд ямар нэгэн гомдол, санал байхгүйгэсэн мэдүүлэг /хх 34-35 ху/, шинжээч Б.Пын "... Тухайн хугацааны байгууллагын харилцах дансны хуулга, захирлын тушаал, элсэлт, төгсөлтийн бүртгэл, бусад бичиг баримтыг үндэслэн шалгасан. Манай шинжээч нар тухайн үеийн баримт бичгүүдийг хооронд тулгах, төлбөрийн баримтыг түүвэрлэх, авсан үнэмлэхийг тулгах зэрэг байдлаар шалгалтыг явуулсан. Төмөр замын мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын элсэлт, төгсөлтийн тушаалд нэр нь байхгүй хэр нь мөнгөө тушаасан 199 хүн байгааг тогтоосон... Мөн хичээлийн дундуур гарсан хүмүүсийн тушаал гэж гардаг ба тэр тушаалд дээрх 199 хүн байхгүй. Хууль ёсоор сурсан хүмүүсийн төлбөрийг тушаал бүрээр тулгаж үзсэн. Тэгэхэд төлбөртэй нь таарч байсан... Иймд 199 хүн сураагүй байж 263,483,500 төгрөг дансаар төлж мэргэжлийн үнэмлэх авсан гэж дүгнэсэн" гэсэн мэдүүлэг /хх 51-52 ху/, шинжээч Б.Эийн "...Суралцаагүй хүмүүст хувьсах зардал өгөх боломжгүй гэж бодож байна" гэсэн мэдүүлэг /хх 53 ху/, яллагдагч Б.Эгийн “...Би 2017 оны намраас 2018 оны 06 дугаар сар хүртэл Дорноговь аймгийн Сайншанд суманд байх Төмөр замын Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвд туслах машинистаар суралцаагүй юм" гэсэн мэдүүлэг /хх 18-19 ху/, гэрч Д.Эгийн “...жилийн эцэст дунджаар сургалтын төлбөр, мэргэжлийн үнэмлэхийн мөнгө гээд дунджаар 40-80 сая орчим төгрөг орлогоор орж ирсэн байдаг байсан... Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам руу нэрс нь явж баталгаажсан, элсэлтийн тушаал, суралцах гэрээ байгуулсан суралцагч нарт л төрөөс хувьсах зардал авч байгаа. Зөрчил заагдсан 199 иргэний хувьд хувьсах зардал төрөөс аваагүй” гэсэн мэдүүлэг /хх 43 ху/, гэрч С.Бы “...хэзээнээс ийм үйл явдал эхэлснийг сайн санахгүй байна, ажилд орсноос хойш захирал Зоригтбаатар бичилт хийгдсэн, сургалтын менежер гарын үсэг зурсан мэргэжлийн үнэмлэхийг өөрөө бариад ирдэг байсан. Тэгээд энэ дээ гарын үсгээ зураадах гэдэг байсан. Захирал өөрөө биеэр барьж ирээд энэ дээр одоо гарын үсгээ зураадах гэдэг учраас би зураад өгчихдөг байсан. Анхандаа бол болох ом уу гээд өөрөөс нь асуухад болно оо асуудалгүй гэдэг байсан. Сүүлдээ бол зур гэхээр нь л зурчихдаг болсон. Миний баримжаагаар 20 орчим үнэмлэх дээр гарын үсэг зурж байсан. Тухайн үнэмлэх дээр миний заадаг хичээлийг судлаагүй, ирц байхгүй хүмүүсийн нэр байдаг байсан ба захирал өөрөө барьж орж ирээд зурчих гэдэг байсан. Захирлын хувьд гарын үсэг зуруулахдаа энгийн үед 1-2, төгсөлтийн үед 1-4 ширхгээр нь авчраад гарын үсэг зуруулдаг байсан” гэсэн мэдүүлэг /хх 44 ху/, “Дөлгөөн хайрхан уул аудит” ХХК-ий 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 21/09902 дугаартай "...Тушаалд ороогүйгээр сургалтын төлбөр гэж тушаасан 199 хүний 263,483,5 мянган төгрөг байна. Энэ нь зөвшөөрөгдсөн тооноос илүү хүмүүс төлбөр тушааж, мэргэжлийн үнэмлэх олгосон гэж үзэх үндэслэлтэй байна" гэсэн дүгнэлт /хх 55-71 ху/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 4-5 ху/, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 36-41 ху/, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны 2022 оны 09 дүгээр сарын 21ний өдрийн 03/2407 дугаартай албан бичиг болон түүний хавсралт /хх 47-48 ху/, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын А/215 дугаартай сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай тушаал /хх 49 ху/, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны 2022 оны 11 дүгээр сарын 24ний өдрийн 3/3149 дугаартай "Хууль бусаар олгосон боловсролын баримт бичиг хүчингүй болгох тухай" албан бичиг /хх 50 ху/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Б.Эгийн боловсролын үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

         Шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаархи саналыг яллагдагч Б.Эд танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

           Иймд шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Улаанбаатар төмөр замын харьяа Сайншанд татах хэсгийн хууль ёсны төлөөлөгч Г.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжлээгүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн бөгөөд хохирогч талаас цаашид хохирол нэхэмжлэх шаардлагатай гэж үзвэл нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн хавтастай ... дугаартай үнэмлэх, дүнгийн нэгтгэлийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч бичиг баримт ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

         4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн хавтастай ... дугаартай үнэмлэх, дүнгийн нэгтгэлийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

         6.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

          7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА