Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 00096

 


 

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 153/ШШ2020/00096

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                       

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын 4-7 тоотод оршин суух, Б овогт Р-ийн С //-ын нэхэмжлэлтэй,

нөхөх олговор 40,000,000 /дөчин сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг тусгаарлан 153/2020/00126/и индекстэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбасүрэн, прокурор Т.Өсөхболд нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эцэг Р.С нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тул миний бие Р.Сын өмнөөс итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Миний өвөө буюу Доржийн Рэнцэн нь 1938 онд Дотоод явдалын яамны улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж 10 жилийн хорих ялаар шийтгүүлж биеэр 5-6 жилийг нь эдэлж байгаад цагаатгагдаж гарж ирсэн.

Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулинд заасны дагуу Рэнцэнгийн Сд 40,000,000 төгрөгийг гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан байгаа. Энэ хүсэлтийг хангаж өгнө үү.... Хэлмэгдэгч Д.Рэнцэн нь 3 хүүхэдтэй хүн байсан. Миний эцэг Р.С дундах хүүхэд нь бөгөөд нэг эгч, нэг эмэгтэй дүүтэй. Миний эцэг Рэнцэнгийн С нь 1946 онд төрсөн, түүний эгч Рэнцэнгийн Сайнсүүл нь 1942 онд төрсөн, эмэгтэй дүү Рэнцэнгийн Эрдэнэсүрэн нь 1950 онд төрсөн....Хэлмэгдэгч буюу миний өвөө Д.Рэнцэн гуайн хүүхдүүд болох Р.Сайнсүүл, Р.С С.Эрдэнэсүрэн нар хоорондоо эвлэрлийн гэрээ байгуулсан байдаг. Тухайн мөнгийг хуваан авах тал дээр маргаан гарахгүй. Хэлмэгдэгч буюу миний өвөө Д.Рэнцэн гуайн хүүхдүүд болох Р.Сайнсүүл, Р.С С.Эрдэнэсүрэн нар хоорондоо хэлцэл байгуулсан....Миний өвөө Д.Рэнцэн нь 1953 онд нас барсан....1942 оны Дотоод явдлын яамны тусгай комиссын шийдвэрийн тогтоолоор хэлмэгдэгч буюу миний өвөө Д.Рэнцэнгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон....Хэлмэгдэгчийн төрсөн хүү буюу миний эцэг Рэнцэнгийн Сд 40,000,000 төгрөгийг гаргуулахаар хүсэлт гаргасан....гэв.

Прокурор Т.Өсөхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Т.Өсөхболд би, Р.Сын нэхэмжлэлтэй нөхөх олговор 40,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт төрийг төлөөлөн оролцож байна.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 80 дугаартай шийдвэрээр Р.Сын Д.Рэнцэнгийн төрсөн хүү мөн болохыг тогтоож шийдвэрлэсэн. Мөн Р.С өмнө нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Д.Рэнцэнгийн хүү мөн гэж үзээд нөхөх олговор авч байсан талаарх баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна. Шүүх хуралдааны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Р.Сын нэхэмжлэлийг дэмжих нь зүйтэй гэж үзэж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.С нь нөхөх олговор 40,000,000 /дөчин сая/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэлмэгдэгч Доржийн Рэнцэн /Рэнчин/ нь 1938 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн Онцгой бүрэн эрхт тусгай комиссын 2 дугаар хурлын тогтоолоор 10 жилийн хорих ялаар шийтгэгдсэн боловч Д.Рэнцэн /Рэнчин/-д холбогдох хэргийг ДЯЯ-ны дэргэдэх Тусгай комиссын 1942 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор хэрэгт холбогдолгүй болгон сулласан болох нь ДХГ-ын дэргэдэх ТК-ын 1942 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 4 дүгээр хурлын тогтоолын хуулбар, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 05/6981 дугаартай архивын лавлагааны хуулбар зэрэг баримтуудаар нотлогдож байна. /хх-ийн 12, 13-14 дүгээр тал/

Хэлмэгдэгч Доржийн Рэнцэн /Рэнчин/ нь 1953 онд нас барсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдов.

Нэхэмжлэгч Р.С нь хэлмэгдэгч Доржийн Рэнцэн /Рэнчин/-ийн төрсөн хүү мөн болох нь Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 153/ШШ2020/00080 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдлоо.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т зааснаар нэхэмжлэгч Р.С нь нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Р.С, иргэн Р.Сайнсүүл, С.Эрдэнэбүрэн нар нь хэлмэгдэгч Доржийн Рэнцэн /Рэнчин/-ийн нөхөх олговорт олгогдсон мөнгийг бид тэнцүү хувааж авах болно гэх бичвэртэй 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хэлцэл хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд авагдсан болно.

Зууны мэдээ сонины 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №222 /6189/ дугаарт нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтанд нэхэмжлэгч Р.Сын нэрийг зарлажээ. /хх-ийн 20 дугаар тал/

Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т зааснаар улсын төсвөөс 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг гаргуулан Боролдой овогт Рэнцэнгийн С /ПЭ46082519/-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Р.Сд урьд нь нөхөх олговор 1,000,000 төгрөг олгосон талаарх Ховд аймгийн сум дундын нэгдүгээр шүүхийн 1999 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 364 дугаартай шийдвэрийн хуулбар, Ховд аймгийн сум дундын нэгдүгээр шүүхийн 2000 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 364 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т зааснаар улсын төсвөөс 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг гаргуулан Б овогт Р-ийн С //-д олгосгуай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Р.Сын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         С.ОЮУНЖАРГАЛ