Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 00097

 


 

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 153/ШШ2020/00097

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 8-66 тоотод оршин суух, Ц овогт Ц-ийн О //-ын нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 153/2019/00668/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Цэндийн О нь 1969 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Дөргөн суманд төрсөн. Бага насаа эцэг, эхийн асрамжид өнгөрөөж 1977 онд Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж суралцаж байгаад 1985 онд 8 дугаар ангиа төгссөн. Сургуулиа төгсөөд илгээлтээр малчнаар ажиллаж эхэлсэн. 1987 онд гэр бүл болсон гэсэн тайлбарыг хэлдэг. Шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийн гол зорилго нь хөдөлмөрийн дэвтэр нь нэгдэл хувьчлагдахад үрэгдэж алга болсон үндэслэл байгаа.

Иймд Ц.Оын баримтуудыг үндэслээд Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад 1985 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Ц.О нь бог мал малладаг байсан....Ц.Оын нөхрийн нэрийг нь Дондог гэдэг....Ээжийнх нь нэрийг Мандир гэдэг....гэв.

 

   Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.О нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг Ц.Оын Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад 1985 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.О нь Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад 1985 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1566 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадын 1985, 1988, 1989 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, Ховд аймгийн Дөргөн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 55 дугаартай Ховд аймгийн Дөргөн сумын Агваш багийн харьяат Цэнд овогтой О нь Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуулийг 1977-1985 онд Лхагвасүрэн багштай 8б ангийг төгссөн үнэн болно гэх бичвэртэй албан бичиг, Цэндсүрэнгийн Дондог, Цэндийн Оын 1988 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэр бүл болсныг бүртгэсэн талаар бичвэртэй 126/004403 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 398147 дугаартай нэхэмжлэгчийн МХЗЭ-ийн гишүүний бат илэрхийлэх, гэрч Д.Пүрэвжавын ....Ц.О нь Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг ... төгссөн. Сургуулиа төгсөөд МХЗЭ-ийн илгээлтээр нэгдэлд малчин болж байсан. Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад малчнаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч Д.Пүрэвжавын ажиллаж байсан байдлыг тогтоосон Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 670 дугаартай шийдвэрийн хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гарган өгсөн Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1985 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 21 дугаартай Илгээлтийн эздийг ажил үйлдвэрлэлд хуваарилаж томилох тухай тушаалын хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5, 6-8, 13, 15, 17-23, 27-28, 29-30 дугаар тал/

 Нэхэмжлэгч Ц.О нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990-2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1600004510 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 12 дугаар тал/

 Хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудсанд авагдсан иргэн Д.Пүрэвжав, Ц.Лхагва нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ц овогт Ц-ийн О //-ын Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад 1985 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.О-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       С.ОЮУНЖАРГАЛ