Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/151

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                       

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ,

         улсын яллагч Б.Дашням,

         шүүгдэгч П.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Эд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: П.Э

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч П.Э нь 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Ханги хилийн боомтод үйл ажиллагаа явуулдаг С ХХК-ийн гаалийн хяналтын талбай дотор хохирогч Х.Хтай “миний машины нүүрсийг сүүлд буулгалаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь баруун нүдний дотор салстын цус харвалт, баруун зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар П.Э нь 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Ханги хилийн боомтод үйл ажиллагаа явуулдаг С ХХК-ний гаалийн хяналтын талбай дотор хохирогч Х.Хтай “миний машины нүүрсийг сүүлд буулгалаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь баруун нүдний дотор салстын цус харвалт, баруун зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

          Дээрхи үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Х.Хын “...2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 15 цагийн орчимд С ХХК-ны гаалийн хяналтын талбайд ажлын байранд дээрээ нүүрс ачаад ирсэн тов оврын тээврийн хэрэгслийн чиргүүл дээр гараад нүүрс хүрздэж буулгаж байх үед Э гэх нэртэй 50 орчим насны эрэгтэй ах ирээд над руу нүүрс шидээд намайг чи пизда минь миний нүүрсийг эхлээд буулгахгүй яасан юм бэ би түрүүлж ирсэн биз дээ гэж хэлэхээр нь би та түр байж байлдаа юун сүртэй юм бэ гэж хэлсэн чинь нөгөө Э гэх хүн миний нүүрс буулгаж байсан чиргүүл дээр шууд гарч ирээд энэ даварсан Хижиг байна гээд миний нүүрэн тус газар луу 4-өөс 5 удаа хоёр гараараа цохиод миний нүүрс буулгах үед ашигладаг жижиг төмрийг авч миний зүүн хөлийн булчин хэсэгт нэг удаа цохиод над руу далайгаад чамайг цохиод алаад хаячихна шүү гэж хэлээд тухайн төмрөө газар хаяад намайг нөгөө машины чиргүүл дээрээс буу пизда минь гэж хэлээд буулгаад дагуулаад нөгөө Э гэх хүн өөрийн Норд Бенз маркийн тээврийн хэрэгсэл рүү аваачаад нүүрсээ буулгуулсан. ...Миний нүүрэн тус газар гараараа 4-5 удаа цохиж хоёр нүд минь хөхөрч баруун талын нүдний зовхины хэсэгт хэгз цохисон тэгээд миний толгой их өвдөж байна” гэсэн мэдүүлэг /хх 4-5 ху/, гэрч Г.Гантулгын "...Э ах Х нарыг чиргүүл дээр гараад чанга чанга дуугарах үед очоод харах үед Хын баруун талын нуд нь хавдсан байдалтай харагдсан. ...Э ах миний машины нүүрсийг туруулж буулгасангүй гээд уурлаад Хын биед халдаж зодсон байх. Тэрнээс өөрөөр маргалдах шалтгаан байхгүй” гэсэн мэдүүлэг /хх 10 ху/, гэрч Д.Баттогтохын “...Г надад хэлэхдээ Э ах Хыг зодсон байна гэж хэлсэн. Тэгэхээр би Э өөрийнхөө хүүхэд шиг хүүхдийг яасан гэж зодож байгаа гэж хэлсэн чинь Э энэ гар ковшид намайг ялгаж гадуурхаад миний машины чиргүүл дээр гарах ёстой байхад миний ард талын Гантулгын машин дээр гарсан гээд уурлаж байсан. Тэгэх үед Х нь хажуугаар юу ч дугарахгүй Эы машины зүгт хүрзээ бариад алхаж байхаар нь би нээх анзаараагүй. Тэгээд би өөрийн машин чиргүүлийн хаалгыг онгойлгоод Х дээр очоод юу болсон бэ гээд Хаас асуухад баруун талын нуд нь хавдсан байдалтай нүднээс нулимс гоожсон харагдаж байхаар би чи наад нүүр гараа, нүдээ арчаад цэвэрлээд угаа, нүд чинь аюултай болсон байна шүү гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх 12 ху/, хохирогчийн биед баруун нүдний дотор салстын цус харвалт, баруун зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 02/342 дугаартай дүгнэлт /хх 14 ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 31 ху/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 34-37 ху/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Д.Эы “Хэргээ хүлээн зөвшөөрнө, маргах зүйлгүй. Прокурор дээр торгох ял санал болгосныг хүлээн зөвшөөрч байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч П.Эы хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

         Шүүгдэгч П.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаархи саналыг яллагдагч П.Эд танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

           Иймд шүүгдэгч П.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.Хын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Э  хохирол барагдуулж гомдолгүй болгож өгсөн тул миний хүсэлтийг харгалзан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлтийг /хх 50 ху/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч П. Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

         4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА