Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 00098

 


 

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 153/ШШ2020/00098

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Мянгад сумын Чацаргант багт оршин суух, З овогт Б-ын О //-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Увс аймгийн Өлгий сумын Өлгий нуур багт оршин суух, З овогт М-ын Г //-д холбогдох,

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 153/2019/00529/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч Б.О, хариуцагч М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Очирбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...2015 оны 03 дугаар сард М.Гтэй танилцаад үерхэж байгаад 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хуримаа хийсэн. 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүү Г.Амартүвшин, Г.Энхтүвшин нар төрсөн. М.Г бид хоёр хамт амьдарч эхлээд 5 сарын дараа буюу 2017 оны 06 дугаар сард М.Г нь өөрийн төрсөн гэрлүүгээ явсан. Түүнээс хойш М.Г холбоо бариагүй, гэртээ ч буцаж ирээгүй. М.Г нь хүүхдүүдээ хардаггүй, шөнө босож авдаггүй. Заримдаа дуудуулж дуудуулж байж босож авдаг байсан. М.Гийг гэрээсээ явснаас нь хойш би хүүхдүүдийнхээ сүүний мөнгийг хүрч хүрэхгүй байсан учир Ховд аймгийн Мянгад суманд амьдрах өөрийн төрсөн ээж дээрээ 2 хүүхдээ авчирч өсгөсөн. Мөн М.Гтэй цаашид хамт амьдрах боломжгүй. Яагаад гэвэл М.Г нь өөр хүнтэй болж хүүхэдтэй болсон учир би өөрийн 2 хүүхдийнхээ ирээдүйг бодож гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандсан. Би Улаанбаатар хотод өөр хамтран амьдрагчтай болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү Г.Амартүвшин, Г.Энхтүвшин нарыг миний асрамжид үлдээж өгнө үү.... 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хуримаа хийсэн. Хоёр хүүхдээ төрөхөөс өмнө гэр бүл болсон байх хэрэгтэй гэдэг шалтгаанаар 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэр бүл болсон гэж гэрлэлтээ бүртгүүлсэн....Хүүхдүүд цэцэрлэгт явдаггүй. Хүүхдүүд эрүүл өсөж байгаа....Хүүхдийнхээ сүүний мөнгийг хүрч хүрэхгүй, шөнө босож хүүхдээ авдаггүй байсан учир М.Гтэй хамт амьдрахад хэцүү байсан....Хүүхдийн мөнгө аваад ирье гээд явсан. Тэгээд гэртээ буцаж ирээгүй....М.Г нь өөрийн төрсөн 2 хүүхдээ тоохгүй өөр хүнтэй болсон....Хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй....Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаан байхгүй....гэв.

Хариуцагч М.Г тус шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 01 дүгээр сард Б.Отэй танилцаад 2015 оны 3 дугаар сард жирэмсэн болсон гэдгийг нь мэдсэн. Бид хоёр 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хуримаа хийсэн. 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүү Г.Амартүвшин, Г.Энхтүвшин нар төрсөн. Б.О бид хоёр хуримаа хийснээс хойш 5 сар хамт амьдарсан. 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр би хүүхдийн мөнгө авахаар Увс аймгийн Өлгий сум явсан. Тэрнээс хойш гэртээ очоогүй. Утсаар хааяа нэг ярьж байгаад 2017 оны 6 дугаар сард Ховд аймгийн Мянгад сумаас очиж гэрээ авсан. Б.О болон өөрийн 2 хүүхдээ Ховд аймгийн Мянгад сумаас ирж авъя гэж бодож байтал Б.О нь өөрийн фэйсбүүктээ танихгүй залуугийн зураг оруулчихсан байсан учир би ирж аваагүй. Түүнээс хойш холбоо барихгүй байж байгаад 2019 оны 8, 9 дүгээр сарын хооронд холбоо бариад Б.Ог хамтран амьдрагчтай гэдгийг нь мэдсэн. Бид хоёр хоёулаа тусдаа амьдралтай болж байгаа тул гэрлэлтээ цуцлуулахаар ярилцаж тохирсон....Хүү Г.Амартүвшин, Г.Энхтүвшин нарыг ээжийнх нь асрамжид үлдээнэ....Би өөр хүнтэй үерхээд хүүхэдтэй болсон. Одоо 3 сартай хүүхэдтэй....Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаан байхгүй....2017 онд гэрээ очиж авахдаа өөр өөрсдийнхөө эд зүйлийг авсан....гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.О нь М.Гд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид нь 2015 оны 01 дүгээр сард танилцан, 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хуримаа хийж, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн 8528000017 дугаарт бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаар, гэрлэгчдийн дундаас 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүү Г.Энхтүвшин, Г.Амартүвшин нар төрсөн болох нь №88528000055, №8528000056 дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна. /хх-ийн 6, 7, 8 дугаар тал/

Нэхэмжлэгч Б.О, хариуцагч М.Г нар нь хоорондын үл ойлголцолоос болоод 2017 оны 3 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, шүүхээс зохигчдод эвлэрлийн хугацаа өгч, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй, гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага хэн аль нь гаргаагүй, цаашид эвлэрэх боломжгүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхэд хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Г.Энхтүвшин, Г.Амартүвшин нарыг хүүхдүүдэд тавих эхийн халамжийг харгалзан хүүхдүүдийг эх Б.Огийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Г.Энхтүвшин, Г.Амартүвшин нарыг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч М.Гийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг М.Гээс Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эх Б.Од саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг тус тус дурдав.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Гээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Од олгохоор тогтлоо.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч өөр хүнтэй гэрлээгүй бол эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гарган гэрлэлтийг сэргээх боломжтойг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар З овогт М-ын Г //, З овогт Б-ын О /ПЗ96112706/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Г.Э, Г.А нарыг эх Б.Огийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч М.Гд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Б.Од тус тус даалгасугай.

4.Нэхэмжлэгч Б.О нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Гээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Од олгосугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Энхтуяад даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.ОЮУНЖАРГАЛ