| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2023/0151/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/152 |
| Огноо | 2023-09-01 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Б.Дашням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 2023/ШЦТ/152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,
нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ,
улсын яллагч Б.Дашням,
шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Бд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Ч.Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ч.Б нь Төмөр замын тусгай мэргэжлийн үнэмлэхийг хуульд заасан журмын дагуу суралцахгүйгээр авч улмаар хуурамч болохыг мэдсээр байж Улаанбаатар төмөр замын харьяа Сайншанд татах хэсэгт галт тэрэгний засварчнаар ажилд орж 2019 оны 09 дүгээр сараас хойш ажиллаж хуурамч баримт бичиг ашигласан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Ч.Б нь Төмөр замын тусгай мэргэжлийн үнэмлэхийг хуульд заасан журмын дагуу суралцахгүйгээр авч улмаар хуурамч болохыг мэдсээр байж Улаанбаатар төмөр замын харьяа Сайншанд татах хэсэгт галт тэрэгний засварчнаар ажилд орж 2019 оны 09 дүгээр сараас хойш ажиллаж хуурамч баримт бичиг ашигласан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Эийн "... Ч.Б холбоотой зөрчил дутагдал сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй сайн ажилтан. Ч.Бд ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх 88 ху/, гэрч Д.Зын "...Илүү гарсан 63 ширхэг үнэмлэхийг сургуульд суралцаагүй хүмүүст олгочих одоо ямар ч үнэмлэх байхгүй" гэсэн мэдүүлэг /хх 8-11 ху/, “...ХХК-ий 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 21/09902 дугаартай "...Тушаалд ороогүйгээр сургалтын төлбөр гэж тушаасан 199 хүний 263,483,5 мянган төгрөг байна. Энэ нь зөвшөөрөгдсөн тооноос илүү хүмүүс төлбөр тушааж, мэргэжлийн үнэмлэх олгосон гэж үзэх үндэслэлтэй байна" гэсэн дүгнэлт /хх 14-44 ху/, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 89-93 ху/, шүүгдэгч Ч.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрнө. Маргах зүйлгүй. Прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрнө” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Ч.Б нь боловсролын үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Ч.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаархи саналыг яллагдагч Ч.Бд танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүгдэгч Ч.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Улаанбаатар төмөр замын харьяа Сайншанд татах хэсгийн хууль ёсны төлөөлөгч Э.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжлээгүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн бөгөөд хохирогч талаас цаашид хохирол нэхэмжлэх шаардлагатай гэж үзвэл нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ч.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч бичиг баримт ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА