Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/154

 

 

 

 

 

 

 

   

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Э.Намуунзул,

         улсын яллагч Б.Ариунтөр,

         шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бт холбогдох эрүүгийн 2319000000215 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Б.Э

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 23 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Малчны байрны тоглоомын талбайд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Стэй хэрүүл маргаан үүсгэн, улмаар түүний нүүр хэсэгт өшиглөж эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Б.Б нь 2023 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 23 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Малчны байрны тоглоомын талбайд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Стэй хэрүүл маргаан үүсгэн, улмаар түүний нүүр хэсэгт өшиглөж эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

          Дээрхи үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч С.Сгийн "...Би Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг Өндөр довын хүүхдийн тоглоомын талбай дээр 2023 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн оройн 22 цаг өнгөрч байхад ганцаараа очсон чинь Б, Буянтогтох хоёр саравчны дотор пиво ууж байгаа харагдахаар нь Буянтогтохыг дуудан хүүхдийн тоглоомын талбайд архи уугаад байгаа юм уу тарьсан хог оо аваад яв гэж хэлсэн чинь Б нь Буянтогтоход болохгүй бол ахыг нухчихъя гэж ярихаар нь би Быг... дуудан чи юу гээд байгаа юм гэж хэлээд цамцнаас нь бариад түлхсэн чинь Б би юу гэсэн юм гэж хэлээд намайг түлхэхээр нь би саравчны сандал дээр суух гэж байхад Б миний нүүрэн хэсэгт 2-оос 3 удаа өшиглөсөн. Би газарт ойчин босоод ирсэн чинь Б, Буянтогтох хоёр зугтаасан” гэсэн мэдүүлэг /хх 8 ху/, гэрч Б.Буянтогтохын "...Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Малчны байрны хүүхдийн тоглоомын саданд 2023 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн орой Бтай байж байхад байрны ах С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ганцаараа ирэхээр нь би С ахтай мэндэлсэн. С ах Быг чи хэн бэ хүрээд ир гэхэд Б өөрөө ирээд уулзахгүй юу гэхэд С нь Быг чи юу гэсэн бэ гэж хэлээд Быг заамдан хойш нь түлхээд Б зөрүүлж Сг түлхэхэд С нь Бын шанаа хэсэгт 2 удаа цохин, хөлөөс нь барин Быг унагаах гэхэд нь Б нь Сгийн нүүр хэсэгт 1 удаа өвдөглөн бөгс хэсэгт нь 2-оос 3 удаа өшиглөн салсан” гэсэн мэдүүлэг /хх 12 ху/, хохирогчийн биед баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, хүзүү хоолой, баруун ташаа, баруун өвөг, баруун шилбэ, баруун шагайд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 02/292 дугаартай дүгнэлт /хх 14 ху/, яаралтай тусламжийн хуудас, эмнэлгийн баримт /хх 15-17 ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 37 ху/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.Бын “Хэргийн хувьд маргахгүй, ойлгож байгаа. Хохирогчоос уучлалт гуйсан. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

         Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаархи саналыг яллагдагч Б.Бт танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

           Иймд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Сгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжлээгүй /хх 43 ху/ тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

         4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА