Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 00108

 

 

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 153/ШШ2020/00108

Жаргалант сум

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн .... тоотод оршин суух, Х овогт Б-ийн Ц//-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн ... тоотод оршин суух, Д овогт Б-н Ц //,

хамтран хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн .........тоотод оршин суух,Х овогт О-ын О // нарт холбогдох,

2,600,000 /хоёр сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулах тухай үндсэн шаардлагатай, 2,450,000 /хоёр сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай багасгасан шаардлагатай 153/2020/00076/и индекстэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Батсуурь овогтой Цэнд Аюуш миний бие 2019 оны 11 дүгээр сарын 15-нд 3,000,000 /гурван сая/ төгрөгийг 10 хувийн хүүтэй Б овогтой Ц-д бэлнээр зээлдүүлсэн. Тус мөнгийг сарын дараа буюу 2019 оны 12 сарын 15-ны өдөр авахаар амаар тохиролцож өгсөн.

Заасан хугацаандаа мөнгөө өгөлгүй явж байгаад 2020 оны 01 сарын 05-ны өдөр мөнгөний хүү гэж 300,000 төгрөг өгсөн. Түунээс хойш өгөлгүй өдий хүрсэн. Энэ хугацаанд харилцан тохиролцож дэлгүүрээс нь ахуйн хэрэглээндээ 400,000 төгрөгний бараа авсан. Миний бие үлдэгдэл мөнгөө гаргуулж авахаар танай шүүхэд хандаж байна.

Хариуцагч Баадай овогтой Ц-гээс 2,600,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Ц нь 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан шаардлагадаа: Б.Ц миний бие нь 2019 оны 11 сарын 15-нд 3,000,000 /гурван сая/ төгрөгийг, хүүтэйгээр Б.Цд зээлсэн.

Мөнгө зээлэхдээ Б.Ц нь Дэлгүүртээ бараа татах хэрэгтэй байна. Мөнгө дутаад байна гэсэн. Б.Ц, түүний нөхөр О.О нар нь Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэрт Бэл нэмэх нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг учир тухайн миний бие нь итгээд зээлсэн.

Ингээд тохиролцсон хугацаандаа мөнгөө өгөхгүй болохоор Б.Цгээс мөнгөө нэхэхэд бараа зарагдахаар өгнө гээд байгаад байсан.

Мөнгөө нэхээд дэлгүүр дээр нь очиход нөхөр Б.О нь эхлээд зээлийн хүү гэж 300,000 төгрөгийг бэлнээр өгсөн.

Дараа нь О.О нь 2020 оны 01 сарын 05-ны өдөр зээлийн төлбөрөөс

400.0     төгрөгт нь хүнсний бараа тооцож өгсөн. Мөн 2020 оны 01 сарын сүүлчээр 150,000 төгрөгний хүнсний бараа өгсөн.

Одоо бол О.О нь Б.Ц Улаанбаатар хотод байгаа. Шүүхээрээ шийдүүлж аваа гэж хэлээд зээлсэн мөнгөө эргүүлж өгөхгүй байна.

Иймд Б.Ц, О.О нарт зээлсэн мөнгөний үлдэгдэл төлбөр 2,450,000 /хоёр сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Ц, хамтран хариуцагч О.О нар тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд иргэн Б.Ц-ийн нэхэмжилж буй төлбөрийг төлж барагдуулах болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц нь Б.Ц-д холбогдуулан 2,600,000 /хоёр сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хамтран хариуцагчаар О.Оыг оролцуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Б.Ц, хамтран хариуцагч О.О нараас зээлийн үлдэгдэл төлбөр 2,450,000 /хоёр сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ц, хамтран хариуцагч О.О нар нь нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 2,450,000 /хоёр сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагч, хамтран хариуцагч нарын зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  нэхэмжлэгч Б.Цийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,550 төгрөгийн тал хувь болох 28,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 28,275 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Ц, хамтран хариуцагч О.О нараас 2,450,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 54,150 төгрөгийн тал хувь болох 27,075 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Б.Цид олгохоор тогтов.

Хариуцагч Б.Ц, хамтран хариуцагч О.О нар нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Ц-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ц-д холбогдох, 2,600,000 /хоёр сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулах тухай үндсэн шаардлагатай, 2,450,000 /хоёр сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай багасгасан шаардлагатай иргэний хэрэгт Б.Ц, хамтран хариуцагч О.О нар нь нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 2,450,000 /хоёр сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,550 төгрөгийн тал хувь болох 28,275 /хорин найман мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 28,275 /хорин найман мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Ц, хамтран хариуцагч О.О нараас улсын тэмдэгтийн хураамж 54,150 төгрөгийн тал хувь болох 27,075 /хорин долоон мянга далан тав/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Б.Ц-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Ц, хамтран хариуцагч О.О нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

  

ШҮҮГЧ                    С.ОЮУНЖАРГАЛ