Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 00109

 

 

2020 оны 3 сарын 20 өдөр

Дугаар 153/ШШ2020/00109

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                    

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 1-2 тоотод байрлах, Титэм плаза ХХК //, Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн Бараан зах 40 тоот павилонд байрлах, Ягаан ном ХХК //-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамцэцэгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар //-т холбогдох,

9,460,393 /есөн сая дөрвөн зуун жаран мянга гурван зуун ерэн гурав/ төгрөг гаргуулах тухай 153/2019/00403/и дугаар индекстэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүхээс хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч Ягаан ном ХХК-ийн төлөөлөгч Б.Өлзийхишиг, нэхэмжлэгч Титэм плаза ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ягаан ном ХХК-ийн төлөөлөгч Б.Өлзийхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Засаг даргын Тамгын газартай манай Титэм плаза ХХК болон Ягаан ном ХХК нь 2017 онд бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан. Манай байгууллага бэлтгэн нийлүүлэх гэрээнийхээ дагуу бараа материалаа тасралтгүй нийлүүлсэн. Хариуцагч байгууллагын нярав Б.Ганболд нь манайхаас ирж бараа, материалаа авахдаа гарын үсгээ зураад аваад явдаг.

....Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар нярвын гарын үсэгтэй шаардах хуудасны дагуу бараа материал өгөх ёстой гэж хэлж байна. Энэ талаар бид нар гэрээндээ тусгаагүй бөгөөд яаралтай тийм юм авах хэрэгтэй байна гээд аваад явдаг. Мөн авсан бараа материалаа байнга бичиг хэргийн хэрэгслээр орлуулж бичүүлдэг. Хариуцагч байгууллагын нярав өмнөх хуралдаан дээр тухайн бараа материалыг албан хэрэгцээнд авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Хэрвээ нярвыг хувьдаа авсан гэж үзэж байгаа бол бид нар няравтай биш Тамгын газрын даргатай бэлтгэн нийлүүлэх гэрээ хийсэн учир тухайн мөнгөн дүнг төлөх ёстой.

Хариуцагч байгууллагын нягтлан бодогч 4,671,350 төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төлнө гэж тооцоо нийлсэн акт үйлдсэн боловч тодруулах гээд 1,300,000 төгрөг бичсэн байсан. 4,671,350 төгрөг дээр хариуцагч байгууллага тооцоо нийлсэн акт үйлдсэн учир төлөх шаардлагатай.

Өмнөх шүүх хуралдаан дээр анз торгуулийн тухай яригдсан байна лээ. Би 2019 онд жирэмсэн байсан учир өмнөх шүүх хуралдаанд оролцож байгаагүй. Анз гэдэг нь дотроо алданги, торгууль гэсэн 2 хэлбэртэй юм байна лээ. Торгууль нь шүүх, цагдаагийн байгууллагад торгууль гэдэг утгаараа хэрэгжих байх.

Манайх бэлтгэн нийлүүлэх гэрээндээ анзыг алданги гэдэг утгаар хэрэглэж хоногийн 0,3 хуваарь тооцсон....Одоо бид нарыг хохиролгүй болгох хэрэгтэй....Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар нь бараа материалыг хоёулангаас нь авсан. Хуулийн этгээд нь тусдаа боловч санхүүгийн тооцоо нь нэг тул Ягаан ном ХХК, Титэм плаза ХХК-иудад олгож өгнө үү....Сая хариуцагч байгууллагын нягтлан бодогч ирээд тооцоогоо яаж хийсэн талаар хэлээд явлаа. 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хийсэн 1,597,000 төгрөгийг 2018 онд авсан бараа материалын үнэнд төлсөн юм байна....Манай хоёр байгууллага хариуцагчаас 2018 оны бараа материалын үлдэгдэл төлбөрт 4,671,350 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс хариуцагч байгууллага нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,597,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Одоо 2018 оны үлдэгдэл төлбөр 3,074,350 төгрөг, алданги 2,336,543 төгрөг, нийт 5,410,893 төгрөгийг хариуцагч байгууллагаас нэхэмжилж байгаа. Мөн 2019 оны эхний хагас жил буюу 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хооронд хариуцагч байгууллага буюу Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар нь 4,489,500 төгрөгийн бараа материал авсан. Үүнээс нийт 3,193,000 төгрөгийг төлж барагдуулсан. Ингэж барагдуулахдаа 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаас хойш 926,000 төгрөгийг төлсөн байна. Тиймээс 2019 оны эхний хагас жил буюу 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хооронд хариуцагч байгууллага нь нийт 4,489,500 төгрөгийн бараа материалыг авснаас 3,193,000 төгрөгийг төлж барагдуулсан. 2019 оны эхний хагас жилийн байдлаар 1,296,500 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үүн дээр 2018 оны тооцооны үлдэгдэл төлбөр, алдангийг нэмж нийт 6,707,393 төгрөгийг хариуцагч байгууллага болох Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар шаардаж байна. Эвлэрүүлэн зуучлалд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөгийг гаргуулах шаардлагаасаа шүүгчийн захирамжаар уг мөнгийг буцаан гаргуулах тул уг шаардлагаасаа татгалзаж байна....Сая шүүх хуралдаан түр завсарлаад хариуцагч байгууллагын нягтлан бодогч ирээд 2019 оны сүүлийн хагас жил тооцоогүй болгож дуусгаад эхний хагас жилийн төлбөрийн үлдэгдэл 1,296,500 төгрөгийн төлбөртэй гэж үлдээсэн. 2018 оны тооцооны үлдэгдэл төлбөр 4,671,350 төгрөгөөс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,597,000 төгрөгийг төлсөн. Ингэж хоорондоо ярилцсан учир нэхэмжлэлийн шаардлагаа 300,500 төгрөгөөр багасгаж байгаа....Илүү төлөлт гэж ярьсан 300,500 төгрөгийг 2019 оны эхний хагас жилийн төлбөр гаргуулах шаардлагаасаа хасч тооцсон....2018 оны тооцоо нийлсэн актаар 4,671,300 төлөхөөр гарын үсгээ зурж, тамга тэмдгээ дарсан. 1,391,300 тодруулна гэж бичсэн байсан. 1,391,300 төгрөгийг няраваасаа тодруулах хэрэгтэй. Манай байгууллага нийлүүлсэн бараанаасаа тооцоо нийлсэн актаа үйлдсэн байгаа. Хүлээн зөвшөөхгүй гээд байгаа бараа материалын үнэ болох 1,391,300 төгрөгийн барааг нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын нярав Б.Ганболд гарын үсэг зурж авсан бараа байгаа. Албан газрын нярав нь ирж манайхаас бараа материалаа авч байгаа учраас Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар нь 1,391,300 төгрөгийг төлөх ёстой....Хариуцагч байгууллагатай тооцоо нийлсэн актаасаа үндэслээд 2018 оны тооцооны үлдэгдэл төлбөр 4,671,350 төгрөгөөс 1 хоногийн 0,3 хуваарь бодож алданги тооцсон. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал өдрийн 0,3 хувиар тооцсон. Нэг хоногийг 0,3 хуваарь бодохоор хоногийн 14,014 төгрөг болж байгаа. Түүнийгээ 180 хоногоор үржээд нийт алданги 2,522,520 болж байгаа. Манай байгууллагаас алдангиа багасгаад 2,336,540 төгрөг болгосон байгаа....гэв.

Нэхэмжлэгч Титэм плаза ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...2018 оны үлдэгдэл 4,671,350 төгрөгөөс 1,597,000 төгрөгийг төлсөн учир төлсөн үнийн дүнг хасаад 3,374,350 төгрөг, алданги 2,236,543 төгрөг, 2019 оны эхний хагас жилийн тооцооны үлдэгдэл 1,296,500 төгрөгийг нэмээд нийт 6,707,393 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж Титэм плаза ХХК болон Ягаан ном ХХК-иудад олгож өгнө үү...гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:2018 оны үлдэгдэл төлбөр 4,671,350 төгрөг нэхэмжилснээс манай Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар нь 1,597,000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлсөн. 2018 оны тооцооны үлдэгдлээс 1,683,050 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин 2018 оны тооцооны үлдэгдэл 1,391,300 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2019 оны эхний хагас жилийн тооцооны үлдэгдэл гэж 2,222,500 төгрөгийг нэхэмжлэгч байгууллага нь манай Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас нэхэмжилсэн. Үүнээс 926,000 төгрөгийг өмнөх шүүх хуралдаанаас хойш төлсөн. Одоо 2019 оны эхний хагас төлбөр 1,296,500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Алданги буюу 2,336,543 төгрөгийг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тодруулбал 2018 оны тооцооны үлдэгдлээс 1,683,050 төгрөг, 2019 оны эхний хагас жилийн тооцооны үлдэгдэл 1,296,500 төгрөг, нийт 2,979,550 төгрөгийг манай Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин 2018 оны тооцооны үлдэгдэл 1,391,300 төгрөг, алданги 2,336,543 төгрөг, нийт 3,727,843 төгрөгийг манай байгууллага хүлээн зөвшөөрөхгүй байна....Нэхэмжлэгч байгууллагаас нэхэмжилсэн 2019 оны эхний хагас жилийн тооцооны үлдэгдэл буюу 1,296,500 төгрөгийг манай Ховд аймгийн Засаг даргын тамгын газар нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны тооцоонд маргаан байхгүй.... 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр авсан бараа материалаас таваг, рункийг нь хүлээн зөвшөөрөөд жаазны үнэ болох 280,000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр авсан өлгүүр, аяганы ком гэх мэт 13 нэр төрлийн бараа материалын үнэ болох 153,000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр авсан хулны үнэ болох 320,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр авсан 8 нэр төрлийн барааны үнэ болох 548,000 төгрөгийн бараа, 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр авсан 3 нэр төрлийн бараа материалын үнэ болох 112,000 төгрөг, нийт 1,273,000 төгрөгийг манай байгууллагын бараа материалын тооцоонд байхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байгаа....118,300 төгрөгөөр юу авсан нь тодорхойгүй. Энэ талаар би сайн мэдэхгүй байна....Алдангийн талаар гэрээнд нарийвчлан тусгаагүй, торгууль гэж орсон байсан учир хүлээн зөвшөөрөхгүй байна....Үнийн дүнгийн 0,3 хувийн хэмжээгээр нөгөө талд анз хаалтан дотор торгууль төлнө гэж гэрээ байгуулсан байгаа. Анз нь дотроо торгууль, алданги гэсэн 2 хэлбэртэй байдаг. Гэрээнд алданги гэж тусгаагүй торгууль гэж бичсэн байгаа учраас алдангийг нэхэмжлэх боломжгүй. Энэ үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна....гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Титэм плаза ХХК, Ягаан ном ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамцэцэг нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан 2018 оны тооцооны үлдэгдэл төлбөр 4,671,350 төгрөг, гэрээнд тусгасан хугацааны торгууль 2,536,543 төгрөг, 2019 оны эхний хагас жилийн тооцооны үлдэгдэл 2,222,500 төгрөг, эвлэрүүлэн зуучлалд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөг, нийт 9,460,393 /есөн сая дөрвөн зуун жаран мянга гурван зуун ерэн гурав/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ягаан ном ХХК-ийн төлөөлөгч Б.Өлзийхишиг, нэхэмжлэгч Титэм плаза ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяа нар нь 2018 оны тооцооны үлдэгдэл төлбөр 4,671,350 төгрөг гаргуулах шаардлагаа хариуцагч байгууллага 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,597,000 төгрөгийг төлсөн учир 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт нийлүүлсэн бараа материалын тооцооны үлдэгдэл төлбөр 3,074,350 төгрөг гаргуулах гэж, гэрээнд тусгасан хугацааны торгууль 2,536,543 төгрөг гаргуулах шаардлагаа 200,000 төгрөгөөр багасгаж байна гээд 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд төлөгдөөгүй тооцооны үлдэгдэл төлбөрөөс тооцсон алданги 2,336,543 төгрөг гаргуулах гэж, 2019 оны эхний хагас жилийн тооцооны үлдэгдэл 2,222,500 төгрөг гаргуулах шаардлагаа 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаан болсноос хойш 926,000 төгрөгийг хариуцагч байгууллага төлсөн учир 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хооронд нийлүүлсэн бараа материалын тооцооны үлдэгдэл төлбөр 1,296,500 төгрөг гаргуулах гэж, эвлэрүүлэн зуучлалд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа шүүгчийн захирамжаар уг мөнгийг буцаан гаргуулах тул уг шаардлагаасаа татгалзаж байна гээд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас нийт 6,707,393 төгрөгийг Титэм плаза ХХК, Ягаан ном ХХК-иудад гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ягаан ном ХХК-ийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ....Хуулийн этгээд нь тусдаа боловч санхүүгийн тооцоо нь нэг тул Ягаан ном ХХК, Титэм плаза ХХК-иудад олгож өгнө үү.... гэж тайлбарласныг дурдлаа.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат шүүх хуралдаанд ....2018 оны тооцооны үлдэгдлээс 1,683,050 төгрөг, 2019 оны эхний хагас жилийн тооцооны үлдэгдэл 1,296,500 төгрөг, нийт 2,979,550 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин 2018 оны тооцооны үлдэгдэл 1,391,300 төгрөг, алданги 2,336,543 төгрөг, нийт 3,727,843 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна....2018 оны тооцооны үлдэгдэл болох 1,391,300 төгрөгийг санхүүгийн анхан шатны баримтгүй, хэн авч хэрэглэсэн нь тодорхойгүй байгаа учир хүлээн зөвшөөрөхгүй байгаа....Алдангийн талаар гэрээнд нарийвчлан тусгаагүй, торгууль гэж орсон байсан учир хүлээн зөвшөөрөхгүй байна.... гэж мэтгэлцэв.

Титэм плаза ХХК, Ягаан ном ХХК болон Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын хооронд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд бараа, бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэхээр 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 2, 5 дугаартай Бэлтгэн нийлүүлэх гэрээнүүд байгуулж, худалдагч тал гэрээний хавсралтад заасан нэр төрлийн барааг нийлүүлэх, худалдан авагч нь бараагаа хүлээн авсан үеэс хойш 20 хоногийн дотор бэлэн бишээр үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 10-12, 13-15 дугаар тал/

Нэхэмжлэгч байгууллагууд нь 2018 онд 24,844,750 төгрөгийн бараа материалыг нийлүүлж, хариуцагч нь 20,173,400 төгрөгийг төлж, улмаар 4,671,350 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй талаар тооцоо нийлж баримт үйлджээ. /хх-ийн 16 дугаар хуудас/

Хариуцагч байгууллага нь 2018 оны төлбөрийн үлдэгдэл 4,671,350 төгрөгөөс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,597,000 төгрөгийг төлсөн нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдлоо.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2018 оны төлбөрийн үлдэгдэл 3,074,350 төгрөгөөс 1,683,050 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэгдэл 1,391,300 төгрөгийг санхүүгийн анхан шатны баримтгүй, хэн авч хэрэглэсэн нь тодорхойгүй гэх үндэслэлээр төлөхгүй гэж маргав.

Харин 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг дуусталх хугацаанд нэхэмжлэгч нь 4,489,500 төгрөгийн бараа материалыг нийлүүлж, хариуцагч нь 2,267,000 төгрөгийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 926,000 төгрөг, нийт 3,193,000 төгрөгийг төлж, улмаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат нь 1,296,500 төгрөгийг төлөхийг зөвшөөрөв.

Талууд 2019 оны эхний хагас жилийн үлдэгдэл төлбөр болох 1,296,500 төгрөгийн талаар маргаагүй болно.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Худалдан авагч хүлээн авсан эд хөрөнгийн үнийг бүрэн төлөөгүй бол худалдагч дутуу төлбөрийг шаардах эрхтэй тул хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт нийт 4,370,850 төгрөгийг шаардах эрхтэй байна.

2018 оны тооцооны төлбөрийн үлдэгдлээс 1,391,300 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат нь шүүх хуралдаанд 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр авсан бараа материалаас таваг, рункийг нь хүлээн зөвшөөрөөд жаазны үнэ болох 280,000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр авсан өлгүүр, аяганы ком гэх мэт 13 нэр төрлийн бараа материалын үнэ болох 153,000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр авсан хулны үнэ болох 320,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр авсан 8 нэр төрлийн барааны үнэ болох 548,000 төгрөгийн бараа, 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр авсан 3 нэр төрлийн бараа материалын үнэ болох 112,000 төгрөг, нийт 1,273,000 төгрөгийг манай байгууллагын бараа материалын тооцоонд байхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байгаа....118,300 төгрөгөөр юу авсан нь тодорхойгүй.... гэж тайлбарлав.

Гэтэл 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр авсан жаазны үнэ 280,000 төгрөгийг хариуцагч байгууллагын бараа материалын тооцоонд байхгүй гэх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй гэх атлаа хавтаст хэргийн 43 дугаар хуудсанд авагдсан орлогын баримт, нэхэмжлэх зэргийг үндэслэн хариуцагч байгууллага нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 1,597,000 төгрөгийн төлөлтөд уг жаазны үнэ 280,000 төгрөгийг оруулан нэхэмжлэгч байгууллагуудад төлсөн байна.

Мөн 2018 оны 3 дугаар сарын 2, 2018 оны 4 дүгээр сарын 20, 2018 оны 6 дугаар сарын 19, 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрүүдэд авсан бараа материалуудыг албан хэрэгцээнд хариуцагч байгууллагын няраваар ажиллаж байсан Б.Ганболд авсан болох нь тус шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч байгууллагуудын тооцооны 2 дэвтрээс хариуцагч байгууллагад холбогдох хэсэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, гэрч Б.Ганболдын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүх хуралдаанд өгсөн ....Миний авсан зүйлүүд миний гарын үсэгтэй байгаа....Миний гарын үсэгтэй зүйлүүдийг бүгдийг нь албан хэрэгцээнд авсан. Би тооцооны дэвтрийг бүгдийг нь туслгаж харсан....2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын няраваар ажилласан.... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 71-77, 75-89 дүгээр тал/

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд 2018 оны тооцооны үлдэгдэл төлбөрөөс 118,300 төгрөгөөр юу авсан нь тодорхойгүй гэх тайлбарлах маргах боловч тус шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч байгууллагуудын тооцооны 2 дэвтрээс хариуцагч байгууллагад холбогдох хэсэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу өөрийн шаардлагын татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иймээс хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас 2018 оны тооцооны үлдэгдэл төлбөр 3,074,350 төгрөг, 2019 оны эхний хагас жилийн тооцооны үлдэгдэл төлбөр 1,296,500 төгрөг, нийт 4,370,850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Титэм плаза ХХК, Ягаан ном ХХК-иудад олгох нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчид 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Бэлтгэн нийлүүлэх гэрээний 9.2-т худалдан авагч энэ гэрээгээр дор дурдсан хариуцлага хүлээнэ. Үүнд: төлбөрөө дараа улирлын дотор барагдуулаагүй хоног тутам үнийн дүнгийн 0.3 хувийн хэмжээгээр нөгөө талд анз /торууль/ төлнө гэж тохиролцжээ.

Нэхэмжлэгч тал нь анз /торгууль/ гэж тохиролцсноо алданги төлөхөөр тохиролцсон гэж тайлбарлах боловч гэрээнд анз /торгууль/ гэж тусгасан нь талууд гэрээний хугацаанд үүргийн гүйцэтгэлийг хангаагүй бол анзын төрөл болох алданги, торгууль хоёрын алийг нь тохирсон нь тодорхойгүй, түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан гэрээг худалдан авагч талыг төлөөлж нягтлан бодогч Д.Нямдэлгэр байгуулсан гэх боловч гэрч Б.Нямдэлгэрийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүх хуралдаанд өгсөн Гэрээг ямар байр суурьнаас хийснийг мэдэхгүй байна. Би энэ гэрээтэй танилцаж гарын үсэг зураагүй. Нэхэмжлэл гаргасан үед энэ гэрээтэй танилцаж байсан гэх мэдүүлгээс үзэхэд талууд анзын төрлөөс алийг нь тохирсон нь тодорхойгүй байх тул хариуцагч байгууллагаас алданги 2,336,543 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. /хх-ийн 75-89 дүгээр тал/

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас 2018 оны тооцооны үлдэгдэл төлбөр 3,074,350 төгрөг, 2019 оны эхний хагас жилийн тооцооны үлдэгдэл төлбөр 1,296,500 төгрөг, нийт 4,370,850 /дөрвөн сая гурван зуун далан мянга найман зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Титэм плаза ХХК, Ягаан ном ХХК-иудад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алданги 2,336,543 /хоёр сая гурван зуун гучин зургаан мянга таван зуун дөчин гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хавтаст хэргийн 30-40 дүгээр хуудсанд авагдсан баримтууд нь 2018 онд Титэм плаза ХХК-иас 11,408,800 төгрөгийн, Ягаан ном ХХК-иас 4,763,600 төгрөгийн тус тус бараа бүтээгдэхүүн авсан талаарх жагсаалт, мөн нэхэмжлэгч байгууллагуудад 2018 онд нийт 18,568,400 төлбөрийг /хх-ийн 47, 48 дугаар тал/ шилжүүлсэн гэх баримтууд байх боловч хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч байгууллагуудад 2018 онд нийт 20,173,400 төгрөгийг шилжүүлсэн /хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гарган өгсөн Гүйлгээний бүртгэл 2018.01.01-2018.12.31 гэх бичвэртэй баримт/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,597,000 төгрөгийг төлсөн /хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гарган өгсөн Гүйлгээний бүртгэл 2019.01.01-2019.12.31 гэх бичвэртэй баримтаас 1,597,000 төгрөгийг шилжүүлсэн хэсэг/, шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч нь 2018 оны тооцооны үлдэгдлээс 1,683,050 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн зэргээс үзэхэд дээрх баримтууд нь бодит байдалтай нийцэхгүй байгаа болно.

Мөн хавтаст хэргийн 41-43 дугаар хуудсанд авагдсан орлогын баримт, нэхэмжлэхүүдэд бичигдсэн нийт 1,597,000 төгрөгийн төлбөрийг хариуцагч байгууллага нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлсөн байна.

Хавтаст хэргийн 50-53 дугаар хуудсанд авагдсан баримтууд нь 2019 оны тооцооны баримтууд байх ба энэ талаар зохигч маргаагүй болно.

Харин хавтаст хэргийн 44-46, 49 дүгээр хуудсанд авагдсан баримтуудын хуулбарууд нь бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,317 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас 4,370,850 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 84,883 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Титэм плаза ХХК, Ягаан ном ХХК-иудад олгохоор тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас 2018 оны тооцооны үлдэгдэл төлбөр 3,074,350 төгрөг, 2019 оны эхний хагас жилийн тооцооны үлдэгдэл төлбөр 1,296,500 төгрөг, нийт 4,370,850 /дөрвөн сая гурван зуун далан мянга найман зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Титэм плаза ХХК, Ягаан ном ХХК-иудад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алданги 2,336,543 /хоёр сая гурван зуун гучин зургаан мянга таван зуун дөчин гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,317 /нэг зуун жаран зургаан мянга гурван зуун арван долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 84,883 /наян дөрвөн мянга найман зуун наян гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Титэм плаза ХХК, Ягаан ном ХХК-иудад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ОЮУНЖАРГАЛ