Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/155

 

 

 

 

 

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн,

         улсын яллагч Б.Дашням,

         хохирогч О.Э,

         шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Сад холбогдох эрүүгийн 2319000000149 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Б.С

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.С нь согтуугаар 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг Саарал 2 давхар 5 тоот гэртээ О.Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний хоолойг боох, нүүр хэсэгт нь цохих, үснээс татаж, газраар чирэх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүүний цус хуралт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Шүүгдэгч Б.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Нэмж мэдүүлэх зүйлгүй. Үснээс нь чирээгүй. Манай өрөө нь нэг их том биш. Би тухайн үед болсон асуудлыг санахгүй байгаа. Найз охин энэ талаар хэлсэн. Энэ хохирогчийг цохих үед найз охин 00-д байсан. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Хохирогчид хохирол барагдуулж чадаагүй байгаа. Хохиролд 10.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй. Надад эм тариа гэж хэлээгүй. Гэмшиж байна гэсэн мэдүүлэг,

          -Хохирогч О.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би найзтайгаа гэрийг нь цэвэрлэж байтал С орж ирээд охиноо үнсэх гэтэл охин нь үнсүүлэхгүй гэтэл уурлаад хүүхдээ цохих гээд байхаар нь Сыг түлхсэн. Тэгтэл намайг үстэж чирээд унах үед боож, шанаа руу 2 удаа цохисон. Тэгээд хутга авах гээд доошоо тонгойх үед аягаар 2 удаа цохисон. С нь манай найзтай үерхдэг. Найз залуу С нь аймар согтуу байсан болохоор жоохон хүүхэд байна ш дээ гэж хэлсэн. Намайг үстсэн нь үнэн. Би хохиролд 10.000.000 төгрөг нэхэмжилсэн. Миний гоо сайхан, биед хохирол учирсан. Одоо толгой өвдөж байгаа. Эмнэлэгт хэвтээгүй, эм ууж байсан. Баримт нь байхгүй, алга болгосон. Карт дээр эмч нь эм бичиж өгсөн. Тэр эмүүдийг нь авч чадаагүй. Өвчин намдаах эм уусан. Одоогоор 10.000.000 төгрөгийн баримт байхгүй. Гомдолтой байна, толгой өвддөг болсон гэсэн мэдүүлэг,

           -Гэрч Б.Отгонцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...С архи уучихсан орж ирсэн. Тэгснээ Э, С хоёр хоорондоо үг хаялцаад муудах гээд байхаар нь би тэр хоёрт чимээгүй бай л даа хүүхэд айгаад байна шүү гэж хэлсэн. Тэгсэн чинь С босож ирээд намайг чи муу миний дууг хорилоо гэж хэлээд миний хажууд байсан цаасан хайрцгийг өшиглөсөн чинь Э намайг өмөөрөөд Сыг цааш нь ширээ рүү түлхсэн чинь манай хүүхэд орилохоор нь би хүүхдээ аваад гэрээс гараад явсан. 10-20 минутын дараа Э гэрээс гарч ирээд надад Сын толгойг аягаар хагалсан гэж хэлсэн. Эын өөрийнх нь хүзүү нь улаан эрээн болчихсон байсан. Тэгээд асуухад толгой өвдөөд байна гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 8 ху/,

          -Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 02/180 дугаартай дүгнэлтэнд: 

         1.О.Эын биед тархи доргилт, хүзүүний цус хуралт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

         2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

         3.Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

         4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

         5.Учирсан гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна гэсэн дүгнэлт /хх 26-27 ху/,

         Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 718 дугаартай дүгнэлтэнд: 

          1. О.Эын эрүү ясанд гэмтэл тогтоогдсонгүй.

          2.Зүүн шанааны зөөлөн эдийн няцралын улмаас амны ангах хөдөлгөөн хязгаарлагдах, өвдөх зэрэг эмнэл зүйн зовуурь илэрч болно.

          3.О.Эын биед тархи доргилт, хүзүүний цус хуралт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт х 80-82 ху/,

         -Яаралтай тусламжийн хуудас, эмнэлгийн баримт /хх 28-30 ху/,

         -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 13 ху/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч Б.С нь согтуугаар 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг Саарал 2 давхар 5 тоот гэртээ О.Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний хоолойг боох, нүүр хэсэгт нь цохих, үснээс татаж, газраар чирэх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүүний цус хуралт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.Сын...Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Хохирогчид хохирол барагдуулж чадаагүй байгаа. Гэмшиж байна” гэсэн мэдүүлэг, хохирогч О.Эын “Би найзтайгаа гэрийг нь цэвэрлэж байтал С орж ирээд охиноо үнсэх гэтэл охин нь үнсүүлэхгүй гэтэл уурлаад хүүхдээ цохих гээд байхаар нь Сыг түлхсэн. Тэгтэл намайг үстэж чирээд унах үед боож, шанаа руу 2 удаа цохисон. Тэгээд хутга авах гээд доошоо тонгойх үед аягаар 2 удаа цохисон. С нь манай найзтай үерхдэг. Найз залуу С нь аймар согтуу байсан болохоор жоохон хүүхэд байна ш дээ гэж хэлсэн. Намайг үстсэн нь үнэн. Би хохиролд 10.000.000 төгрөг нэхэмжилсэн. Миний гоо сайхан, биед хохирол учирсан. Толгой өвдөж байгаа. Эмнэлэгт хэвтээгүй, эм ууж байсан. Баримт нь байхгүй, алга болгосон. Карт дээр эмч нь эм бичиж өгсөн. Тэр эмүүдийг нь авч чадаагүй. Өвчин намдаах эм уусан. Одоогоор 10.000.000 төгрөгийн баримт байхгүй. Гомдолтой байна, толгой өвддөг болсон” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Б.Отгонцэцэгийн “...10-20 минутын дараа Э гэрээс гарч ирээд надад Сын толгойг аягаар хагалсан гэж хэлсэн. Эын өөрийнх нь хүзүү нь улаан эрээн болчихсон байсан. Тэгээд асуухад толгой өвдөөд байна” гэж хэлсэн гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед тархи доргилт, хүзүүний цус хуралт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсныг тогтоосон шинжээчийн 02/180, 718 дугаартай дүгнэлтүүд, яаралтай тусламжийн хуудас, эмнэлгийн баримт болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч Б.Сын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

          Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

         Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтЭрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

        Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сыг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

          Гэмт хэргийн улмаас хохирогч О.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь эрүүл мэнд, гоо сайханд учирсан хохиролд 10.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаар нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

          Иймд хохирогч нь энэ талаархи нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сыг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

         4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          5.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА