Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 00111

 

 

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 153/ШШ2020/00111

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                            

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багт оршин суух, Ц овогт У-ын П //-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 153/2020/00017/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч У.П нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У.П нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би 1963 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багт төрөөд эцэг эхийн гар дээр бойжиж байгаад 1970 онд Ховд аймгийн Манхан сумын ерөнхий боловсролын сургуулийн 10 жилийн бүрэн дунд сургуульд нэгдүгээр ороод 1982 онд 10 дугаар ангиа төгсөөд цэрэгт явсан. Цэргээс 1985 онд халагдаж ирсэн. Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Улаан хүрээ бригадад малчнаар ажиллаж байгаад Цэдэнбал дарга 2 сарын хугацаанд ээлжийн услалтын системд ажиллах тушаал гаргаад Ховд аймгийн Манхан сумын Улаан хүрээ бригадын Услалтын системийн ээлжийн бороожуулагчаар нийт 4 жил зуны 3 сар нь ажиллаад өвлийн цагт мал маллаж байсан. 1987 онд Ховд аймгийн Батлан хамгаалахын сургууль-д тракторын курс төгсөж тракторын үнэмлэхтэй болсон....Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч ажилласан жил хүрэхгүй байгаа тул Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Улаан хүрээ бригадын даргын тушаалын дагуу тракторчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан....Намайг Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Үйлдвэр бригадад 1985 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл барилгын ажилчнаар, 1986 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Улаан хүрээ бригадын услалтын системд тракторчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэж хүсч байна....Нэхэмжлэлийн шаардлагаа 1985-1986 он хүртэл барилгын ажилчнаар, 1986-1992 он хүртэл тракторчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор өөрчилж байна....гэв.

 

   Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У.П нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч У.П нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Үйлдвэр бригадад 1985 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл барилгын ажилчнаар, 1986 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Улаан хүрээ бригадын услалтын системд тракторчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж өөрчлөв.

Шүүх нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч У.П нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Үйлдвэр бригадад 1985 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл барилгын ажилчнаар, 1986 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Улаан хүрээ бригадын услалтын системд тракторчноор тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэр, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн даргын 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 948 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн даргын 1986 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 55 дугаартай Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, тус шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасагт хийсэн үзлэгийн тэмдэглэл, Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн даргын 1985 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 39 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Үйлдвэр бригадын 1985-1987 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, 1989 оны 3 дугаар сарын 04-ний өдөр гэх огноотой МХЗЭ-ийн Төв Хорооны Хөдөлмөрийн алдар медалийн үнэмлэх, гэрч О.Нармандахын ....У.П нь цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн услалтын системд тариаланч гэх улирлын чанартай ажил хийж байсан. Сүүлд трактор барьж, бороожуулагч хийдэг байсан. Бороожуулагчийг 1, 2 жил хийсэн. Эдгээр ажлуудыг ургац хураах хүртэл хийдэг байсан. Ургац хураалт дуусахаар Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд үйлдвэр бригадад хөдөө аж ахуйн чиглэлээр янз бүрийн ажил хийдэг байсан....Нэгдлийн чанартай хадлан хадах, хашаа хороо барих зэрэг үйлдвэр бригадын ажилчид нэгдлээс юу хий гэж хэлнэ тэр болгоныг хийдэг байсан....У.П нь нэгдэлд малчнаар ажиллаж байгаагүй. 1991 онд нэгдэл тарж, малыг хувьд тараахад зохих хэмжээний мал авч, эцэг эх нь маллаж байсан. У.Пгийн эцэг эх нь нас барснаас хойш мал нь түүний ах дүү нар дээр нь байгаа байх гэж бодож байна. Гэхдээ У.П нь өөрөө гардаж мал маллаж байгаагүй.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 31, 32-42, 43-45, 46, 47, 56-57, 58, 59-61 дүгээр тал/

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцох, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэний даатгуулагч өөрөө төлөх 10 хувийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэн нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөнд тооцуулах асуудалтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино., мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д энэ хуулийн үйлчлэлд 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэн хамаарахаар тус тус хуульчилжээ.

Нэхэмжлэгч У.П нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг хангасан гэх үндэслэлээр 1990-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан болох нь нэхэмжлэгчийн 1608000355 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар /хх-ийн 12 дугаар тал/ тогтоогдож байна.

У.П нь 1990-2000 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан гэх Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг ханган 1990-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан байх тул нэхэмжлэгч У.Пгийн шүүх хуралдаанд гаргасан Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Үйлдвэр бригадад 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Улаан хүрээ бригадын услалтын системд тракторчноор ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь Батлан хамгаалах яамны сайдын 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан, Батлан хамгаалах яамны сайдын 1985 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар 1985 оны 6 дугаар сарын 12-ны өдөр цэргээс халагдсан тухай Батлан хамгаалахын төв архивын 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 66210 дугаартай лавлагааны хуулбар хавтаст хэрэгт авагдсан болно. /хх-ийн 28 дугаар тал/

 Хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудсанд авагдсан иргэн О.Нармандах, Т.Төмөрөө нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэрэгт авагдсан 29-30 дугаар хуудсанд авагдсан гэрч Т.Төмөрөөгийн мэдүүлэг нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч О.Нармандахын мэдүүлэг, Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн даргын 1986 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 55 дугаартай Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн даргын 1985 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 39 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Үйлдвэр бригадын 1985-1987 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд зэрэг баримтуудаас зөрүүтэй буюу гэрчийн мэдүүлгийг үнэлхэд эргэлзээтэй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ц овогт У-ын П //-ийн Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Үйлдвэр бригадад 1985 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл барилгын ажилчнаар, 1986 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Улаан хүрээ бригадын услалтын системд тракторчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Үйлдвэр бригадад 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Улаан хүрээ бригадын услалтын системд тракторчноор ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч У.Пгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             С.ОЮУНЖАРГАЛ