Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/159

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч Б.Одбаяр, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй

         нарийн бичгийн дарга Э.Намуунзул,

         улсын яллагч Б.Дашням,

         иргэдийн төлөөлөгч Б.Баярцэцэг,

         хохирогч Л.О,

         шүүгдэгч нарын өмгөөлөгч З.Алтанцэцэг,

         шүүгдэгч М.М, Б.Б, Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н, Б.Б, М.М нарт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Б.Б, Б.Н, М.М

 Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.Н, Б.Б, М.М нар нь бүлэглэн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шөнийн 02 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хийморь зочид буудалд Л.Отай хэрүүл маргаан үүсгэн, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд гавлын суурь ясны хугарал, аалзан хальсан доорх цус харвалт гэмтлүүд бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Х, Б хоёр 2 Ныг таньдаг охидууд байгаа юм. Тэгээд бид нар Хийморь буудалд орсон. Б гарч яваад байсан. Дүү Х нь эгч хаашаа явсан юм гэхээр нь 00-ын хажуугийн өрөө рүү орсон гэж хэлсэн. Х нь очоод хаалгыг нь өшиглөөд маргаан үүссэн. Би 2 давхарт О ахтай ноцолдсон. Тэгээд бид 3 доошоо буугаад гарах гэтэл хаалга цоожтой байсан. Гэтэл О ах түрж орж ирээд биеэрээ тулсан. Эргэж харахад Н зууралдсан. Цохилцоод байсан. Би О ахыг 1-2 удаа нүүр хавьд нь цохисон. Энэ үед дээрээс 2 хүн бууж ирээд та нар хүн алчихлаа гэхээр нь харсан. О ахын толгой хавьд нь цус болсон байсан. Хохирогч ахыг газарт унасан байхад нь М өшиглөж байсан. 1 давхарт хохирогчийг эхлээд Н нүүр рүү нь цохиж байсан. М бас нүүр рүү нь цохиж байсан. Би нүүр рүү нь 1 удаа цохисон. Унасан байхад нь М өшиглөсөн. Би хамар хэсэг рүү нь цохисон. Хамар нь хугарсан гэж байсан. О ахаас уучлалт гуйж байна. Энэ хүртэл явна гэж бодоогүй. Үнэхээр их гэмшиж байна. Бичлэг дээрээс харахад толгой руу 5 удаа гараараа цохисон байна. Хамар руу 1 удаа цохисон. Хүлээн зөвшөөрнө гэсэн мэдүүлэг,

            -Шүүгдэгч Б.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Бид гурав Улаанбаатар хотоос гарч Дорноговьд ирээд Хийморь зочид буудалд орсон. Буудалд байж байгаад М, Б 2 гараад явсан. Би араас нь гарахад Мыг нэг ах цохиж байсан. Бид 3 доошоо буугаад гарах гэтэл хаалга цоожтой байсан. Тэгтэл энэ О гэдэг ах бууж ирээд Быг цохисон. Тэгэхээр нь би эргэж хацар хавьд нь 1-2 удаа цохисон. Энэ ах өөдөөс барьцалдсан. Хохирогчийг газарт унахад хэн цохисон гэдгийг сайн мэдэхгүй байна. Хоёр давхарт 1 бүдүүн том биетэй ахтай зодолдсон. Нэрийг нь мэдэхгүй. Тэгээд зодолдохоо болъё гээд доошоо буусан. Хаалга цоожтой түгжсэн байсан. Хохирогч ах Бтай барьцалдаж авсан. Би хохирогчийг газар унагаагүй, хохирогчийг түлхээгүй. Толгой хавьд гараа зангидаад цохисон. Энэ үед хохирогч тонгойсон. Тэгээд унасан. Б, М хоёр яасныг хараагүй. Бид 4 том пиво уусан, согтсон. Хохирлыг бид 3 хувааж төлсөн. Би 2.200.000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би мэдүүлэгтээ 2 цохисон гэж хэлсэн. Бичлэгээс харахад 6 цохисон байна. Надаас болж хохирол учирсан гэдгийг хэлж мэдэхгүй байна. Хүлээн зөвшөөрнө гэсэн мэдүүлэг,

            -Шүүгдэгч М.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Б бид 2 гараад өөр өрөөний хаалган дээр очоод хаалгыг нь тогшсон. Нэг ногоон цамцтай хүн гарч ирээд намайг цохисон. Зөрүүлээд цохисон. Энэ үед бид 3 байсан. Тэр ах бид хоёрыг нэг эгч салгасан. Бид гурав доошоо буусан. Нэг давхарт хаалга түгжээтэй байсан. Тэгтэл О ах бууж ирээд Б бид хоёрын мөрнөөс цохисон. Тэгээд арагшаа харсан. Н энэ ахыг хацар хавьд цохиод барьцалдаж байсан. Тэгээд хохирогч газар унасан. Би газар унасан байхад нь хацар хавьд нь 2 өшиглөсөн. Хохирогч ах Нтай барьцалдаж байгаад хөл алдаад газар унасан. Хохирогч газарт байхдаа ам хамраас нь цус гарсан. Би балмагдсан байсан. Би болсон асуудлыг бүдэг бадаг мэдэж байгаа. Би дээр зодуулаад л Н хажуугаас нь цохиж байсныг харсан. Хохирогч ах Н бид хоёртой зууралдаж байгаад унасан. Хохирогч бид хоёрыг барьчихсан байсан. Хохирогч ах эхлээд Б бид хоёрыг барьж аваад зууралдсан. Тэгээд Н хажуу талаас цохисон. Энэ үед хохирогч тонгойсон. Би тэр үед нь хацар хавьд нь цохисон. Унасан байхад нь 2 удаа өшиглөсөн. Хохирогчийг ухаангүй болсныг харсан. Хөдөлгөөнгүй доошоо харсан байсан. Хамраас нь цус гарч байсныг харсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Бичлэг дээрээс харахад толгой руу нь 6-7 удаа цохиж, өшиглөж унагаагаад дэвсэж байна. Хүлээн зөвшөөрнө гэсэн мэдүүлэг,

           -Хохирогч Л.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 3 давхарт анх маргалдсан. Хаалга нээхэд манай найзтай маргалдаж байхаар нь ногоон цамцтай найзыгаа аваад орсон. Тэгтэл цээж нүцгэн найз маань зөрж гарсныг хараагүй. Тэгтэл гадаа түчигнээд байхаар нь хартал манай найзыг газар унагачихсан байсан. Энэ 3 зугтаад буухаар нь араас нь гүйгээд 1 давхарт 3-4 шат үлдсэн байсан. Би яалт ч үгүй бүдрээд нэгнээс нь зууралдаад газар унасан. Энэ үед тохойноос нэг нь барьж авахад би хажуу тийшээ болсон. Энэ үед тэр голд нь сууж байгаа саарал цамцтай залуу толгой руу цохисон. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Бид дөрвүүлээ 0,75 литрийн 1 шил архи уусан байсан. Болсон асуудлыг сайн мэдэж байсан. Олон хүн цохиж байсныг мэдэхгүй байна. Зууралдсан гэдэг нь наад талынх нь буюу Нтай зууралдсан. Энэ үед тэр голынх нь залуу өшиглөсөн. Хохирлыг баримтаар нэхэмжилснийг бүрэн төлсөн. Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй. Миний хамрын яс өмнө нь 2008 онд цуурч мурийлттай байсан. Сая мэдүүлгийг нь сонсоход бүгдээрээ л цохисон гэж байна. Хажуу талаас цохисон. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Энэ гурвын хэнийг нь цохисон гэдгийг мэдэхгүй байна. Саарал цамцтай залуу толгой руу өшиглөсөн. Шатнаас бүдрээд нэгийг нь бариад авахад намайг чирээд цааш нь явсан юм. Одоо нүүрний баруун тал сайн мэдээ ороогүй, массаж сайн хий гэж хэлсэн. Энэ үйл явдал хэдхэн секундэд болсон. Шатнаас хөл алдаад унахад толгойгоо цохисон үгүйг мэдэхгүй байна. Чирэгдээд явж байхдаа юманд цохисон үгүйг мэдэхгүй байна. Бүдрээд унахад хажуугаас тохойноос барьсан. Харин тэр цаад залуу /Б/ үүдэнд зогсож байгаа харагдсан. Би хэн хаана цохисныг хэлж мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг,

          -Хохирогч Л.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би тухайн гурван залууг саатуулах санаатай араас нь шатаар буугаад саарал цамцтай залууг шатны хажууд гарах хаалганы дэргэд байхад нь араас нь бариад авах гэхэд хажуу талаас нэг залуу нь цохиод авахад би газар унасан ба цагаан бил үү саарал гадуур хувцастай залуу нь намайг дэвсэхэд би ухаан алдаад нэг сэрэхэд эмнэлэгт толгой өвдөөд, нүүр битүү хавдар болсон байсан. ...Миний зүгээс гомдол, санал, хохирол төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрийн эмчилгээний зардал болох 5,124,000 төгрөг болон гар утасны эвдрэлийн мөнгө 1,150,000 төгрөгийг М.М, Б.Н, Б.Б нараар бүрэн төлүүлж авсан тул миний зүгээс одоо ямар нэгэн гомдол санал байхгүй мэдүүлэг /хх 9-10, 15-16 ху/,

         -Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...нэг залуу миний нүүр лүү гараараа нэг удаа цохихоор нь би зөрүүлээд цохиод өрөөнөөс гараад араас О, Ц ах нар гарч ирээд намайг өмөөрөөд тухайн залуучуудтай зодолдсон юм... Тэгээд тухайн залуучууд доошоо шатаар гүйхэд араас нь О гүйсэн. Би босоод араас нь 1 давхар луу шатаар буугаад очиход 1 давхрын шалан дээр О ухаан алдсан хэвтэж байсан гэсэн мэдүүлэг /хх 25-27 ху/,

          -Гэрч Э.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Хийморь зочид буудлын 3 давхарт дээр шуугиад чимээ гарахаар нь би дээш нь гарах гээд шат руу очих үед  гүйгээд гараад ирсэн ба араас нь 3 давхрын 1 тоотод орсон залуу бууж ирээд нэг залууг нь цохиход гадаа хаалга цоожтой учир нээгээд гадаа гар гэхэд тухайн 3 давхарын 5 тоотод орсон 3 залуу 1 тоотод орсон залууг цохиж зодож байгаад  1 тоотод орсон залуу газар унахад бараан хувцастай 1 залуу нь толгой хэсэг рүү нь 2 удаа дэвссэн гэсэн мэдүүлэг /хх 36-38 ху/,

          -Гэрч Ч.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...өөрийн 5 тоот өрөөндөө ирэхэд найз залуу Н нь 2 найзын хамт тухайн 1 тоотод очоод юу болсон талаар асуух гээд очсон. Хаалгыг нь найз залуугийн найз Мийгаа буюу цагаан гадуур хувцастай залуу цохиод нээхэд ногоон цамцтай нэг эрэгтэй хүн хаалга нээгээд нүүр хэсэг рүү нь цохисон. Тэгээд зодоон болoxoд би найз залуу Ныг хориод байж байхад тухайн 1 тоотоос 3 эрэгтэй хүн Нын 2 найзтай харилцан зодоон болсон. Тэгээд манай найз залуу Н нь 2 найзаа аваад доошоо зугтаахад араас нь 5 тоотын нэг эрэгтэй хүн араас нь хөөхөөр нь би бас apaac нь очиход Нын араас нөгөө ах цохиод авсан. Тэр үед тухайн буудлын хаалга хаалттай байсан учир Н нь 2 найзтайгаа гарч чадаагүй. Тэгээд Н хаалгаа нээх гэж байгаад тухайн араас нь хөөж байгаа эрэгтэйн хамар хэсэгт нь цохиод газарт унагаасан. Ресейпшн хаалга нээхэд би найз залуу Н болон 2 найзтай нь гараад явсан гэсэн мэдүүлэг /хх 41-43 ху/,

          -Гэрч А.Цын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Б тэр з залуутай юм ярьж байх шиг байснаа шууд зодолдоод эхэлсэн. Тэгээд О бид 2 болиулах гэж очсон биш бас тэр 3 залууд зодуулсан. Тэгээд нүүр нүдгүй өшиглүүлээд бас дээрээс дэвсээд байсан... буудлын гарах үүдний дотор хойд талд От ухаангүй, дээрээс нь амнаас болон толгойноос нь их цус гарчихсан хэвтэж байсан гэсэн мэдүүлэг /хх 46 ху/,

          -Гэрч С.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... З залуу нөгөө 2 эмэгтэйтэй зогсож байсан. Тэгснээ хаалга тайлж Бтой зодолдоод эхэлсэн. Тэгээд манай найз газар унаад өгсөн. Тэгсэн О, Ц 2 салгахаар очсон чинь тэр хоёрыг бас газар унагаагаад толгой руу нь өшиглөөд, зодоод байсан... доошоо буусан чинь О шалан дээр битүү цустай хэвтэж байсан гэсэн мэдүүлэг /хх 51 ху/,

          -Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 02/200 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

          1.Л.Оын биед гавлын суурь ясны хугарал, аалзан хальсан доорх цус харвалт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дух, хамрын зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

         2.Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

         3.Учирсан гавлын суурь ясны хугарал, аалзан хальсан доорх цус харвалт гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэл тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

         4.Учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

          5.Учирсан дух, хамрын зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй" гэсэн дүгнэлт /хх 112-113 ху/,

          -Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-4 ху/,

          -Хохирлын үнэлгээ, гэрэл зураг /хх 104-108 ху/,

          -Өвчний түүх /хх 114-115,119-135 ху/,

          -Хохирлын баримт /хх 18-21 ху/,

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 192-194 ху/

          -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 142-144, 150-154, 160-162, 163-165, 170-171 ху/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

           Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл Б.Н, Б.Б, М.М нар нь бүлэглэн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шөнийн 02 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хийморь зочид буудалд Л.Отай хэрүүл маргаан үүсгэн, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд гавлын суурь ясны хугарал, аалзан хальсан доорх цус харвалт гэмтлүүд бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

          Дээрхи үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.Бын ”...Бичлэг дээрээс харахад толгой руу 5 удаа гараараа цохисон байна. Хамар руу 1 удаа цохисон. Хүлээн зөвшөөрнө” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Нын ”...Бичлэгээс харахад 6 цохисон байна. Надаас болж хохирол учирсан гэдгийг хэлж мэдэхгүй байна. Хүлээн зөвшөөрнө” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч М.Мын “Бичлэг дээрээс харахад толгой руу нь 6-7 удаа цохисон байна. Өшиглөж унагаагаад дэвсэж байна. Хүлээн зөвшөөрнө” гэсэн мэдүүлэг, хохирогч Л.Оын “...Бид дөрвүүлээ 0,75 литрийн 1 шил архи уусан байсан. Болсон асуудлыг сайн мэдэж байсан. Олон хүн цохиж байсныг мэдэхгүй байна. Зууралдсан гэдэг нь наад талынх нь буюу Нтай зууралдсан. Энэ үед тэр голынх нь залуу өшиглөсөн. Сая мэдүүлгийг нь сонсоход бүгдээрээ л цохисон гэж байна. Хажуу талаас цохисон. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна. ...Энэ гурвын хэнийг нь цохисон гэдгийг мэдэхгүй байна. ...Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй. Хохирлыг баримтаар нэхэмжилснийг бүрэн төлсөн” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Б.Бын “...О, Ц ах нар гарч ирээд намайг өмөөрөөд тухайн залуучуудтай зодолдсон юм... Тэгээд тухайн залуучууд доошоо шатаар гүйхэд араас нь О гүйсэн. Би босоод араас нь 1 давхар луу шатаар буугаад очиход 1 давхрын шалан дээр О ухаан алдсан хэвтэж байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Оын “...Хийморь зочид буудлын 3 давхарт дээр шуугиад чимээ гарахаар нь би дээш нь гарах гээд шат руу очих үед  гүйгээд гараад ирсэн ба араас нь 3 давхрын 1 тоотод орсон залуу бууж ирээд нэг залууг нь цохиход гадаа хаалга цоожтой учир нээгээд гадаа гар гэхэд тухайн 3 давхарын 5 тоотод орсон 3 залуу 1 тоотод орсон залууг цохиж зодож байгаад  1 тоотод орсон залуу газар унахад бараан хувцастай 1 залуу нь толгой хэсэг рүү нь 2 удаа дэвссэн” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Хгийн “...Тэгээд манай найз залуу Н нь 2 найзаа аваад доошоо зугтаахад араас нь 5 тоотын нэг эрэгтэй хүн араас нь хөөхөөр нь би бас apaac нь очиход Нын араас нөгөө ах цохиод авсан. Тэр үед тухайн буудлын хаалга хаалттай байсан учир Н нь 2 найзтайгаа гарч чадаагүй. Тэгээд Н хаалгаа нээх гэж байгаад тухайн араас нь хөөж байгаа эрэгтэйн хамар хэсэгт нь цохиод газарт унагаасан” гэсэн мэдүүлэг, гэрч А.Цын “...О бид 2 болиулах гэж очсон биш бас тэр 3 залууд зодуулсан. Тэгээд нүүр нүдгүй өшиглүүлээд бас дээрээс дэвсээд байсан... буудлын гарах үүдний дотор хойд талд От ухаангүй, дээрээс нь амнаас болон толгойноос нь их цус гарчихсан хэвтэж байсан” гэсэн мэдүүлэг, гэрч С.Оийн “...О, Ц 2 салгахаар очсон чинь тэр хоёрыг бас газар унагаагаад толгой руу нь өшиглөөд, зодоод байсан... доошоо буусан чинь О шалан дээр битүү цустай хэвтэж байсан” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед гавлын суурь ясны хугарал, аалзан хальсан доорх цус харвалт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дух, хамрын зулгаралт гэмтлүүд учирсныг тогтоосон 02/200 дугаартай шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт, өвчний түүх, хохирлын баримт болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад баримтуудаар хангалттай нотлогдож байна.

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тусган хуульчилж, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж, тухайлбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т “бүлэглэж”  гэсэн уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон байна.

         Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрхи хэргийн үйл баримт болох шүүгдэгч Б.Н, Б.Б, М.М нарын хохирогч Л.Оыг зодсон үйлдэл нь өөрсдийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, хохирогчийг зодох талаар урьдчилж тохиролцоогүй боловч хэн аль хохирогчийг цохиж зодон үйлдлээрээ санаатай нэгдсэн, тэдний үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой шууд шалтгаантай холбоотой буюу шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан, прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

           Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архи ууж согтуурсан, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

         Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “М нь хохирогчийг  баруун тал руу нь унагааж өвпөглөөд хөлөөрөө дэвсэж байгаа нь бичлэгээс харагдаж байна. Ингэхээр Мын үйлдлээс хохирогчид хүнд гэмтэл учирсан байх боломжтой гэж үзэж байна. Харин Н, Б нарын хувьд Мын дэвссэн өшиглөсөн газар нь цохиж байгаа нь харагдаж байна. Иймд Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж өгнө үү. Н, Б нарын хувьд хүнд гэмтлийг учруулсан нөхцөл байдал харагдахгүй, хамрын гэмтэл учирсан эсэх нь эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсч байх тул шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасныг хүлээн авах боломжгүй.

         Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан дээрхи хүсэлт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч Б.Бын ”...Бичлэг дээрээс харахад толгой руу 5 удаа гараараа цохисон байна. Хамар руу 1 удаа цохисон. Хүлээн зөвшөөрнө” гэсэн, шүүгдэгч Б.Нын ”...Бичлэгээс харахад 6 цохисон байна. Надаас болж хохирол учирсан гэдгийг хэлж мэдэхгүй байна. Хүлээн зөвшөөрнө” гэсэн, шүүгдэгч М.Мын “Бичлэг дээрээс харахад толгой руу нь 6-7 удаа цохисон байна. Өшиглөж унагаагаад дэвсэж байна. Хүлээн зөвшөөрнө” гэсэн, хохирогч Л.Оын “...Сая мэдүүлгийг нь сонсоход бүгдээрээ л цохисон гэж байна. Хажуу талаас цохисон. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна. ...Энэ гурвын хэнийг нь цохисон гэдгийг мэдэхгүй байна” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Б.Б, гэрч Э.О, гэрч А.Ц,  гэрч С.О нарын мэдүүлгүүд, хохирогчид гавлын суурь ясны хугарал, аалзан хальсан доорх цус харвалт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дух, хамрын зулгаралт гэмтлүүд учирсныг тогтоосон 02/200 дугаартай шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт, өвчний түүх зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

        Өөрөөр хэлбэл энэ хэргийн гол нотлох баримт болох камерын бичлэгт шүүгдэгч нар хохирогчийн толгойн тус газар олон удаа цохиж байгаа үйлдэл нь дүрслэгдэн үлдсэн бөгөөд хохирогчид учирсан гавлын суурь ясны хугарал, аалзан хальсан доорх цус харвалт бүхий амь насанд аюултай хүнд гэмтлийг шүүгдэгч М.Мын цохилт, өшиглөлтөөс учирсан гэж үзэх боломжгүй юм.

         Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Н, Б.Б, М.М нарыг бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         Шүүгдэгч нарын хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзсэн болно.

            Иргэдийн төлөөлөгчийн хувьд “шүүгдэгч нар нь хүний биед санаатай хүнд хохирол учруулсан гэм буруутай” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай тохирч байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

          Шүүгдэгч Б.Н, Б.Б, М.М нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтЭрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

          Шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдлыг, мөн хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг нь харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах“ гэж заасныг, мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5-д “Шүүхээс арван найман насанд хүрсэн, ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж заасныг  тус тус хэрэглэх боломжтой байна.

        Шүүгдэгч Б.Нын хувьд 18 настай, М.Мын хувьд 21 нас хүрээгүй болох нь 1-р хавтаст хэргийн 81, 83 дугаар хуудсанд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаагаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээ болох 5 жилийн хорих ялыг оногдуулж, эдлэх ялыг 2 дахин багасгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Быг 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Ныг 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч М.Мыг 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, М.М нарт оногдуулсан тус бүрийн  2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

         Хохирлын хувьд энэ хэргийн улмаас хохирогч Л.Оын амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нар нь хохиролд 6.274.000 төлсөн болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн /1хх 15 ху/ мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “шүүгдэгч нараас хохиролоо бүрэн авсан, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч Б.Н, М.М, Б.Б нарыг төлөх төлбөргүй гэж үзэв.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Б.Н, М.М, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Быг 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Н,  М.М нарт оногдуулсан тус бүрийн 5 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж, тус бүрийг 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 2 дахь зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Б.Нт оногдуулсан 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч М.Мт оногдуулсан 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н, М.М, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

         6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Ж.БАЙГАЛМАА

              ШҮҮГЧ                      Б.ОДБАЯР

                      ШҮҮГЧ                       А.ЦЭРЭНХАНД