| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 1914000000326 |
| Дугаар | 2020/ДШМ/007 |
| Огноо | 2020-01-14 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2020/ДШМ/007
Х.Ө холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч Х.Ө
Хохирогч Г.Ц
Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/315 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Өийн гаргасан давж заалдах гомдлоор Х.Ө холбогдох эрүүгийн 1914000000326 дугаар хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Х.Ө, ..........., улсаас авсан гавьяа шагналгүй, 1983 оны 11 дүгээр сарын 20-нд Эрүүгийн хуулийн 168 дугаар зүйлийн Б-д зааснаар 2 жил, 155 дугаар зүйлийн 2-ын А-д зааснаар 6 сарын хорих ялаар тус тус шийтгэж, түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
1984 оны 7 дугаар сарын 7-нд Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн А-д зааснаар 1 жил, 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 5 жилийн хорих ял тус тус оногдуулж биечлэн эдлэх ялыг нэмж нэгтгэн 5 жилийн хорих ял оногдуулж урьд 1983 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 33 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 168 дугаар зүйлийн Б-д зааснаар 2 жил, 155 дугаар зүйлийн 2-ын А-д зааснаар 6 сарын хорих ялаас биечлэн эдэлсэн 1 жил 7 сарын хорих ялыг хасаж, нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 10 сар 7 хоногийн хугацаагаар хорих ялаар,
1987 оны 12 дугаар сарын 10-нд Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгэн түүний эдлээгүй үлдсэн 1 жил 20 хоногийн зарим болох 9 сарыг нэмж нэгтгэн нийт 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,
1990 оны 6 дугаар сарын 05-нд Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жил, 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэн нийт 6 жилийн хорих ялаар шийтгэгдэн рецедив гэмт хэрэгтнээр тооцогдож байсан,
1996 оны 5 дугаар сарын 31-нд Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 жил, 133 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил, 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэгдэн нийт 6 жилийн хугацаагаар хорих ялаар,
2002 оны 11 дүгээр сарын 12-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
2006 оны 1 дүгээр сарын 10-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 –д зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ялаар,
2016 оны 11 дүгээр сарын 24-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар,
2018 оны 8 дугаар сарын 23-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус ял шийтгэгдэж байсан,
Х.Ө нь 2019 оны 8 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Д.............. тоот хашаанд байх *******ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшин болон гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдэж эд зүйл хулгайлан 1.175.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,
Баянхонгор аймгйн прокурорын газраас Х.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Х.Өийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдэж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч Х.Өийг дөрвөн /04/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар ялтан Х.Ө дөрвөн /04/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Өийн тавин найм /58/ хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч Х.Өаас долоон зуун таван мянган /705.000/ төгрөг гаргуулж хохирогч *******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Шүүгдэгч Х.Өийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар торцов нэг ширхэгийг хураан авсаныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Х.Ө авсан цагдан хорих арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Х.Ө гаргасан давж заалдах гомдолдоо: Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд 1961 оны 4 сарын 27-нд төрсөн. 59 настай. Малчин гаралтай. Урьд өмнө нь 7 удаагийн ял шийтгэлтэй, ам бүл ганцаараа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Нас өндөр болсон, би сүүлийн хийсэн хэрэгтээ арай хүнд ял шийтгэл авлаа. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 байж байгаад улам хүндрээд 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 4 жилийн хорих ял авсан. Үүнийг хөнгөрүүлж өгөөч гэж хүсэж байна. Урьд өмнө аймгийн шүүхээс хөнгөн ял авч үзсэнгүй. Нийт өөрийнхөө муугаас 38, 39 жил сайн сайхан үзсэнгүй. Миний гуйх зүйл миний хийсэн хэрэгт минь таарсан ял шийтгэл оногдуулж өгөөч гэж шударга шүүхээс хүсэж байна. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар, миний бодлоор 2-8 жил байдаг зүйл анги шүү дээ. Хуулийнхан минь ялыг минь хөнгөрүүлж өгөөч гэж хүсэж байна гэжээ.
Хохирогч Г.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хохирлыг түргэн барагдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч Х.Ө тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нас өндөр болсон болохоор олон жилийн ял эдлэхэд хэцүү байна. Ял хөнгөрүүлж өгнө үү гэв.
Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Шүүгдэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй, анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь түүний хувийн байдалд тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Х.Ө нь сүүлийн гэмт хэрэгтээ 1 жилийн хорих ялыг биеэр эдэлсэн түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Өийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянахад:
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд харьцуулан үзвэл шүүгдэгч Х.Ө нь 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 22 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 15 дугаар гудамжны 07 тоот хашааны банзыг сугалан орж хашаанд байх гэрийн хаалганы цоожийг төмөр дорцоовны ишээр хөшиж онгойлгон нэвтэрч 839 000 төгрөгийн эд зүйл хулгайлан авсан,
Мөн 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 11 цагт шилжих шөнийн 00 цагийн үед мөн тоот хашаанд орж амбаарын хаалганы цоожийг төмөр дорцоовны ишээр хөшиж онгойлгон, байшинд нэвтэрч 336000 төгрөгийн эд зүйл хулгайлан авч торонд хийж байх үедээ гэрийн эзэн *******ид баригдан нийт 1.750.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт болжээ.
Дээрхи үйл баримт нь эрүүгийн 1914000000326 тоот хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцсэн “...тухайн хүнийг байшинд орчихсон эд зүйл авах гээд байж байхад нь манай нөхөр ******* орж ирээд барьсан. Харин гэрт байсан авдарнаас 899.000 төгрөгийн эд зүйл алдагдсан...” гэх хохирогч *******ын мэдүүлэг, ”...гэрийн хаалганы цоожийг хөшиж онгойлгосон байсан. ... авдарын урд талд танихгүй хүн сууж байсан..., ...авдарт байсан зүйлийг торонд хийчихсэн байсан..., ...гэрийн сийлбэртэй модон авдарт байсан эд зүйл алдагдсан байсан..., ... өвсөн дотор дорцоовны иш харагдсан түүгээр хөшиж онгойлгосон байх ....” гэх гэрч *******ийн мэдүүлэг, хулгайд алдагдсан эд зүйлд эд хөрөнгийн үнэлгээ гаргасан Энх нахиа ХХК-ийн шинжээчийн дүгнэлтүүд, гэмт үйлдлээ хүлээн мэдүүлсэн Х.Өийн “... 2019 оны 8 дугаар сарын 9-10 нд шилжих шөнийн 00 цагийн үед..., ... гэрийн хаалганы цоожийг хөшиж онгойлгоод будаа агшаагчийг авсан..., ...мөн өдрөө 22 цагийн үед... байшингийн үүдний амбаарын цоожийг хөшиж онгойлгоод байшинд орж...., авдарыг онгойлгоод мөнгөн бүс, саарал өнгийн дээл зэргийг авах гээд торонд хийж байтал эзэн нь гаднаас ороод ирсэн...” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Дээрхи үйл баримтаас үзвэл шүүгдэгч Х.Ө нь хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байхад Прокуророос шүүгдэгч Х.Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнд анхан шатны шүүх зөв дүгнэлт хийлгүйгээр Х.Өийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдэж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хуулийн үндэслэлгүй болжээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Ө нь давж заалдах шатны шүүх хуралдаанд “...би айлын хашааны хаалганы түгжээг авч түүгээр байшингийн амбаар болон гэрийн цоожийг хөшиж онгойлгон орсон...” гэх мэдүүлэг болон цоожийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9 дүгээр тал/ зэргээс дүгнэхэд шүүгдэгч Х.Өийн дээрх үйлдэл нь учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар давхар зүйлчилсэн нь хуулийн үндэслэлгүй буюу бусдын орон байранд нэвтрэх гэмт санаагаа хэрэгжүүлэхдээ учрах саадыг арилгах зорилгоор урьдаас тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл бэлтгэсэн гэмт санаатай байна гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Х.Ө 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруу болон хувийн байдалд тохирсон байх тул “анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэхийг хүссэн” шүүгдэгч Х.Өийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/315 дугаар шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулж, шүүгдэгч Х.Өийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Шүүгдэгч Х.Ө нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд буюу 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 48 хоног цагдан хоригдсон байхад анхан шатны шүүх 58 хоног цагдан хоригдсоноор тооцсон байх тул зөвтгөж, мөн тэрээр 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал 39 хоног цагдан хоригдсон хугацааг тус, тус түүний эдлэх ялд оруулан тооцов.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр
зүйлийн 1.4-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/315 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт 1 дэх заалт болгож
“Баянхонгор аймгийн Прокурорын газраас Х.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмэлт оруулж,
Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч Х.Өийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдэж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг
“Шүүгдэгч Х.Өийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,
2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч Х.Өийг дөрвөн /04/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг
“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Х.Өийг дөрвөн /04/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж,
4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Өийн тавин найм /58/ хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай” гэснийг
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Өийн дөчин найм /48/ хоног цагдан хоригдсон хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шүүгдэгч Х.Өийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Өийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал 39 хоног цагдан хоригдсон хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Г.УЛАМБАЯР
Б.БОЛОР-ЭРДЭНЭ