| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 128/2024/0850/З |
| Дугаар | 221/МА2025/0774 |
| Огноо | 2025-12-10 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2025/0774
Б.О , Г.О нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Адъяасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Б.О , Г.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд “Р” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.У, тус компанийн өмгөөлөгч Д.Н, гуравдагч этгээд “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Б.О , Г.О
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга
Гуравдагч этгээд “Т” ХХК, “Р” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргад гаргасан 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн гомдлыг шийдвэрлэхгүй, газрыг “Т” ХХК, "Р" компаниудын хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, бидний гомдлыг шийдвэрлэх, 3800 м.кв газрыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг даргад даалгах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2025/0684 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Г.О
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, Ж.С
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Н.А
Гуравдагч этгээд “Р” ХХК-ийн төлөөлөгч Г.У
Гуравдагч этгээд “Р” ХХК-ийн өмгөөлөгч Д.Н
Гуравдагч этгээд “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г
Гуравдагч этгээд “Т” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2024/0850/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.О , Г.О нараас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргад гаргасан 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн гомдлыг шийдвэрлэхгүй, газрыг “Т” ХХК, "Р" компаниудын хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, бидний гомдлыг шийдвэрлэх, 3800 м.кв газрыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх арга хэмжээ авахыг нийслэлийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2025/0684 дүгээр шийдвэрээр: “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2, 16 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.О , Г.О нараас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан "Нийслэлийн Засаг даргад гаргасан 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн гомдлыг шийдвэрлэхгүй...байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гомдлыг шийдвэрлэх...-ийг даалгах" нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т заасныг баримтлан “Т” ХХК, "Р" ХХК-иудын хууль бус эзэмшил, ашиглалтаас газрыг албадан чөлөөлөхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх арга хэмжээ авахыг нийслэлийн Засаг даргад даалгаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч нийслэлийн Засаг дарга нь “Т” ХХК-ийн эзэмшилд байсан 3800 м.кв газраас явган хүний замын хэсэгтэй давхцаж буй 194 м.кв хэсгээр албадан чөлөөлөх захирамж гаргах бөгөөд газрын үлдэх хэсгийн тухайд захиргаа өөрөө сонгох боломжоо хэрэгжүүлэх замаар энэ шийдвэрийг биелүүлбэл зохино.” гэж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Нэхэмжлэгч Б.О , Г.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б нар давж заалдах гомдолдоо:
“...Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан ёсоор гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэх үүрэгтэй талаар заасан. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчдийн гаргасан гомдлыг 30 хоногт багтаан шийдвэрлэх үүрэгтэй байсан боловч шийдвэрлээгүй тул хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлтэй юм.
Нэхэмжлэгчид нь 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр маргаан бүхий газрыг албадан чөлөөлүүлэх агуулга бүхий гомдлыг нийслэлийн Засаг даргад гаргасан. Энэ үед нэхэмжлэгчдийн нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан нь тухайн гомдлыг шийдвэрлэхэд саад болохгүй юм. Учир нь, тухайн үед нэхэмжлэлийн шаардлага нь "газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах" нэхэмжлэлийн шаардлага байсан. Тус нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчдийн нийслэлийн Засаг даргад гаргасан 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн гомдолтой холбоогүй байсан. Харин шүүхийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нэхэмжлэлийн шаардлага бол нэхэмжлэгчдээс 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Засаг даргад гаргасан гомдлыг шийдвэрлээгүй эс үйлдэхүйтэй холбоотой гомдол билээ.
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д гомдлыг хянан үзэхгүй байж болох үндэслэлүүдийг заасан. Түүнд тухайн асуудлаар шүүхийн процесс ажиллагаа явагдаж байгаа гэх үндэслэлийг заагаагүй. Иймд нэхэмжлэгч, хариуцагчтай холбоотой захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан эсэх нь нийслэлийн Засаг даргад гаргасан гомдлыг хянан үзэхгүй байх үндэслэл болохгүй юм. Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ шүүх өөр байдлаар бас тайлбарласан байна. Шүүхийн шийдвэрийн энэ үндэслэл бол логикийн хувьд илт алдаатай дүгнэлт юм. Учир нь, нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлага буюу маргаан бол “Нийслэлийн Засаг даргад 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гаргасан гомдлыг шийдвэрлээгүй” гэх маргаан байгаа. Гэтэл шүүгч 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн мэдэгдлийг үндэслэл болгож 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн гомдол шийдвэрлэгдсэн хэмээн тайлбарлаж байна. Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн мэдэгдэл нь нэхэмжлэгчдийн 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн гомдолтой хамааралгүй юм. Харин газар зохион байгуулалтын албанаас 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн мэдэгдлийг гаргаж, газрыг 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөрт багтаан сайн дураар чөлөөлөхөөр хугацаа тогтоосон. Гэвч гуравдагч этгээдүүд нь сайн дураар газрыг чөлөөлөөгүй. Үүнтэй холбоотой одоо газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч өгнө үү гэх гомдлыг нэхэмжлэгчид нь 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гаргасан юм.
Шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтад Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 16 дугаар зүйлийн 16.3 дахь заалтуудыг баримталсан. Гэвч хуулийн тус заалтууд нь тухайн шийдвэрийг гаргах буюу нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үр дагаварт хүргэхгүй юм. Тодруулбал, хуулийн 16.3 дахь заалт нь 30 хоногт багтаан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүрэгтэй тухай заалт учир гомдлыг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох үр дагавар үүсгэхгүй. Хуулийн 13.2 дахь заалт нь өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй бөгөөд албан ёсоор нийтэд зарласан асуудлаар гаргаагүй өргөдөл, гомдлыг харьяа байгууллагад шилжүүлэх агуулга бүхий заалт юм. Гэвч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчдийн гаргасан гомдол нь нийслэлийн Засаг даргын харьяалан шийдвэрлэх гомдолд хамаарахгүй гэх дүгнэлт хийгээгүй юм. Иймд шүүх тус хуулийн 13.2 дахь заалтыг баримталсан нь үндэслэлгүй юм. Ийнхүү дээрх байдлаар шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.7-д "Энэ хуулийн 107.5-д заасан тогтоох хэсэг нь захиран тушаах хэлбэртэй байна" гэж заасан. Гэтэл шүүх шийдвэрийнхээ 3 дахь хэсэг нь энэ шинжийг хангахгүй байгаа. Тодруулбал, шүүхийн шийдвэр гаргаж захиран тушаасан шинжтэй биш шийдвэрээ тайлбарласан шинжтэй болсон. Хэрэв 194 м.кв газрыг албадан чөлөөлөх үндэслэлтэй гэж үзэж байгаа бол үүнийгээ шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтад найруулж бичих нь зүйтэй байсан.
Шүүхийн шийдвэрийн 3 дахь заалтад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалтыг баримталсан. Энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацаа, шийдвэрийг давж заалдах хугацаа, журмыг заах тухай заалт юм. Иймд шүүх шийдвэрийн 3 дахь заалтыг шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх арга, журам хэмээн тайлбарлаж байгаа гэж ойлголоо. Гэвч газрыг хэдий хэмжээнд хууль бус эзэмшлээс чөлөөлөх асуудал бол шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх арга, журам биш юм. Харин нэхэмжлэлийн шаардлагыг ямар хэмжээнд хангах тухай асуудал юм. Өөрөөр хэлбэл газрыг бүхэлд нь хууль бус эзэмшлээс чөлөөлөхгүй, зөвхөн тодорхой хэсгээр чөлөөлөхөөр шийдвэрлэж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж байгаа явдал юм. Иймд үүнийг тусад нь заалт болгож бичих шаардлагагүй, харин нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэсэгт тусгах нь зүйтэй байсан.
Шүүхийн шийдвэрийн 12 дахь талд гуравдагч этгээдүүдийн газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон, сунгагдаагүй тухай болон үүнтэй холбоотой газрыг албадан чөлөөлөх арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэг хариуцагч захиргааны байгууллагад үүссэн талаар шүүх эргэлзээгүй, хоёрдмол утгагүй дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд нь газрыг эзэмших, ашиглах эрхгүй бөгөөд нийслэлийн Засаг дарга нь газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлөх арга хэмжээ авах үүрэгтэй болохыг дүгнэсэн. Тэгсэн мөртөө газрыг хэдий хэмжээнд чөлөөлөх эсэх нь нийслэлийн Засаг даргын сонгох боломж хэмээн тайлбарлаж байгаа нь илт үндэслэлгүй, шүүхийн шийдвэрийн 12 дахь талд бичигдсэн дүгнэлтүүдтэй зөрчилтэй юм.
Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан ёсоор захиргааны байгууллага нь тухайн асуудлыг шийдвэрлэх хүрээнд хуулиар зөвшөөрөгдсөн хэд хэдэн боломжит хувилбартай бөгөөд тэдгээрийн аль нэгийг хэрэглэх эрхтэй байх нөхцөлийг сонгох боломж гэх билээ. Гэтэл газрыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа нөхцөлд газрыг чөлөөлөх арга хэмжээ авах нь нийслэлийн Засаг даргын үүрэг тул хариуцагчид сонгох боломж олгогдоогүй, байхгүй юм.
Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д газар эзэмших эрх дуусгавар болоход газрыг чөлөөлж, нийслэлийн Засаг даргын мэдэлд шилжүүлэх тухай заасан. Гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийн хугацаа нь дуусгавар болсон, сунгагдаагүй тул газрыг чөлөөлж, Засаг даргын мэдэлд шилжүүлэх учиртай. Ингэснээр Засаг дарга нь тус газрыг бусдад эзэмшүүлэх буюу дуудлага худалдаа зарлах зэрэг арга хэмжээ авах, эзэмшүүлэх шийдвэр гаргах боломжтой болох юм. Ингэснээр нэхэмжлэгчид нь иргэний хувиар тухайн газрыг эзэмших, дуудлага худалдаанд оролцох боломжтой болох юм. Иймд шүүхийн шийдвэрийн 13 дахь талд "Нэхэмжлэгч нар нь буюу 3,800 м.кв газрыг бүхэлд нь албадан чөлөөлүүлэх захирамж гаргуулах шаардлага нийт газрын хэмжээгээр гарган, түүний үндэслэлээ гэж тайлбарлах боловч тухайн шаардлагын үндэслэл нь нэхэмжлэгч нарын эрхэд шууд холбогдохгүй" гэж тайлбарласан нь үндэслэлгүй юм.
Шүүхийн шийдвэрийн 13 дахь талд "Өөрөөр хэлбэл, албадан чөлөөлүүлэх шаардлагаа явган хүний зорчих хэсэгтэй давхацсаны улмаас ... зорчих эрхийг хөндөж байгаа гэж тайлбарласан атлаа энэ үндэслэлээр нийт 3,800 м.кв газрын хэмжээгээр албадан чөлөөлүүлэх шаардлага гаргаж байгаа нь хоорондоо зөрчилтэй ..." хэмээн тайлбарласан байна. Энэ нь дараах байдлаар тус тус үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчид газрыг бүхэлд нь чөлөөлүүлэхээр маргаж байгаа. Гэхдээ тухайн үндэслэл буюу зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөвхөн "явганаар, дугуйгаар хөдөлгөөнд аюулгүй оролцох эрх"-тэй холбон тайлбарлаагүй. Харин явган хүний зам, дугуйн зам буюу нийтийн эзэмшлийг чөлөөлүүлэх агуулгын хувьд тус эрх зөрчигдөж байгаа талаар тайлбарлаж, үлдэх хэсэг буюу нийтийн эзэмшлийн бус, хуучин гуравдагч этгээдийн эзэмшилд байсан газрын хувьд “бид ч тус газрыг эзэмших эрхтэй" гэх агуулгаар зөрчигдсөн эрхээ тодорхойлж маргаж байгаа. Бид шүүх хуралдаанд ч зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо энэ хоёр байдлаар тодорхойлж тайлбарлаж өгсөн.
Хэрэв гуравдагч этгээдийн хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа нийт газрыг чөлөөлөхгүй бол тухайн этгээд нь газар эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр газрыг эзэмшиж, ашигласаар байх буюу хууль зөрчигдөх үр дагавар үүснэ. Мөн гуравдагч этгээд газрыг эзэмшиж, ашиглаж байгаа нөхцөлд нийслэлийн Засаг дарга нь тухайн газрыг бусдад эзэмшүүлэх, ашиглуулах арга хэмжээ авах боломжгүй тул нэхэмжлэгч нар нь газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх, дуудлага худалдаанд оролцох боломжгүй болох юм. Иймд гуравдагч этгээдүүдийн хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа газрыг бүхэлд нь хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх арга хэмжээ авах үндэслэлтэй юм. Энэ үүднээс шүүхийн шийдвэрийн 3 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү. Шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтын хүрээнд гуравдагч этгээдийн хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа газрыг бүхэлд нь албадан чөлөөлөх боломжтой.
...Иймд шүүхийн шийдвэрийн 1, 3 дахь заалтуудыг хүчингүй болгож, 2 дахь заалтыг 1 болгон дугаарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах агуулгаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо:
“...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Нэхэмжлэгч нар нь тухайн хорооны оршин суугчид болохын хувьд зорчих хөдөлгөөнд саад учруулж байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба энэ талаарх гуравдагч этгээдийн "нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд" гэх тайлбар үндэслэлгүй, мөн шүүхээс энэ хэргийн гуравдагч этгээд “Т” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар шийдвэрлэн холбогдох ажиллагааг зохих журмын дагуу явуулсан боловч "оршин суух хаягтаа байхгүй" олдоогүй тул түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно" гэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх Б.О , Г.О нарт хэрхэн олгосон нь тодорхойгүй нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдүүд байдаг. Үүнийг шүүхээс анхаарч үзээгүй тайлбар үндэслэлгүй байна гэхээс өөр тодорхой үндэслэл шүүхээс өгөөгүй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт "Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна" гэж заасан. Тухайн маргаанд эрх ашиг нь хөндөгдөж буй гуравдагч этгээдийг оролцуулахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь алдаа болсон. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2025/0684 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Гуравдагч этгээд “Р” ХХК-ийн өмгөөлөгч Д.Н давж заалдах гомдолдоо:
...Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ "... нийтийн эзэмшлийн газрыг оролцуулж барилга барьсны улмаас явган хүний зам нарийссан, тухайн газраар дугуйгаар хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон... бидний аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна. Тухайн газрыг дуудлага худалдааны журмаар авах бидний эрх, ашиг сонирхол хөндөгдөж байна.... мөн иргэний хувиар эзэмших боломжтой учраас газрыг албадан чөлөөлүүлж өгнө үү..." /шш5ху" гэж тайлбарлаж хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг бий болгох, нийтийн өмчийг чөлөөлүүлэхтэй холбоотой асуудлаар маргасан нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлж байгааг илтгэдэг бөгөөд уг асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдүүд болох нь тэдгээрийн биеийн байцаалт болон бусад баримтуудаар нотлогддог.... Гэтэл шүүхээс нэхэмжлэгч нарын эрх зүйн чадамжийг дүгнэхдээ шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг /шш13ху/-т"...нэхэмжлэгч нар тухайн хорооны оршин суугчид болохын хувьд зорчих хөдөлгөөнд саад учруулж байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан" гэж нийтийн эзэмшлийн зам буюу нийтийн өмчтэй холбоотой асуудлаар тухайн хорооны иргэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэдэг утгаар тайлбарлаад холбогдох хуулийн зохицуулалтыг дурдаагүй нь хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй үзэж байна.
Мөн бидний зүгээс “нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хүрээлэн буй орчин болон нийтийн өмчтэй холбоотой байх бөгөөд зөвхөн иргэн Б.О , Г.О нарт хамааралтай асуудал биш Монгол Улсын нийт иргэдэд хамааралтай байх асуудлаар маргаж байх тул уг асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдийг хуулиар тусгайлан заасан байдаг бөгөөд нэхэмжлэгч нар нь хуулийн тус шаардлагад нийцэхгүй байгаа тул нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах үндэслэлтэй" талаар тайлбарлаж маргасан байхад шийдвэрийн үндэслэх хэсэг /шш11ху, 8ху/-т ".....гуравдагч этгээд "Р" ХХК-ийн зүгээс иргэн Б.О , Г.О нарын хувийн эзэмшил, ашиглалтын газартай давхацсан асуудал байхгүй, нийтийн эрх, хүрээлэн буй орчин, нийтийн өмчтэй холбоогүй тул нийтийн эрх ашгийг төлөөлж эрхтэй этгээдүүд биш гэж тус тус маргасан" гэж шүүх хуралдаанд хэлсэн гуравдагч этгээдийн “нийтийн өмчтэй холбоотой" гэсэн хэрэгт ач холбогдол бүхий тайлбарыг нийтийн өмчтэй холбоогүй" гэж эсрэг утгаар тусгасан нь тус шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна.
...Маргаан бүхий газрыг “Т” ХХК-д эзэмшүүлсэн нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/349 дүгээр захирамж, нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/295 дугаар захирамж нь иргэн Б.О , Г.О нарт чиглээгүй бөгөөд тэдгээрийн эрх зүйн байдлыг хөндсөн нь тогтоогдохгүй, мөн эдгээр 2 иргэн нь хуульд тусгайлан заасан нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрхгүй этгээдүүд болох зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд үзэх бүрэн үндэслэлтэй байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана” 54.1.5-д "нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан" гэж зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байгааг хянаж өгөхийг хүсэж байна.
...Тодруулбал “Т” ХХК нь хуулийн хугацаанд эзэмших эрхээ сунгуулах хүсэлтээ хуулийн дагуу өгсөн байдаг бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 01110-2023/04314 дугаартай 15 жилийн хугацаатай байгуулагдсан газар эзэмших эрхийн гэрээ /2xx186ху/ байсаар атал хууль бус эзэмшлийн газар гэж дүгнээд албадан чөлөөлөх арга хэмжээ авахыг даалгаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэж заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...гадаадын хөрөнгө оруулалттай компанид газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь хууль зөрчсөн" гэж тусгасан байдаг нь хууль зүйн үндэслэлгүй гэдэг нь 1 дүгээр хавтаст хэргийн 125 дугаар хуудсанд 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр олгогдсон “Т” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ байдаг бөгөөд 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр тус компанийн 100% хувьцааг Г-ийн М гэх Монгол Улсын иргэн эзэмшдэг буюу Монгол хуулийн этгээдэд газар эзэмших эрх олгосон байдаг ба тухайн хуулийн этгээд нь хуулийн хугацаанд эзэмших эрхийн хугацааг сунгуулж Газрын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж зөрчөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог.
Мөн шийдвэрийн 2 дугаар заалтаар "... газрыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх арга хэмжээ авахыг нийслэлийн Засаг даргад даалгах" гэж заасан атлаа 3 дугаар заалтаар "...”Т” ХХК-ийн эзэмшилд байсан 3800 м.кв газраас явган хүний замын хэсэгтэй давхцаж буй 194м.кв хэсгээр албадан чөлөөлөх захирамж гаргах..." гэсэн нь ойлгомжгүй, эргэлзээтэй буюу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн "... албадан чөлөөлүүлэх шаардлагаа явган хүний зорчих хэсэгтэй давхацсаны улмаас нэхэмжлэгч нарын дугуйтай, явганаар, автомашинаар зорчих эрхийг хөндөж байна гэж тайлбарласан атлаа энэ үндэслэлээр 3800 м.кв газрын хэмжээгээр албадан чөлөөлүүлэх шаардлага гаргаж байгаа нь хоорондоо зөрчилтэй байна", "...нэхэмжлэгч нар газрыг бүхэлд нь албадан чөлөөлүүлэх захирамж гаргуулах шаардлага гаргаж иргэний хувиар дуудлага худалдаанд орж газар эзэмших эрх нээгдэнэ гэж тайлбарлаж байх газрыг чөлөөлсөн нөхцөлд бид боловч тухайн шаардлагын үндэслэл нь нэхэмжлэгч нарын субьектив эрхтэй холбогдохгүй байна" /шш13ху/ гэж шийдвэртээ үндэслэж нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл нь зөрүүтэй, субьектив эрхтэй шууд холбогдохгүй нөхцөл байдлыг дүгнэсэн атлаа тогтоох хэсгийн 2 болон 3 дахь заалтаараа нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болсон гэж үзэхгүй байна. Мөн эрх ашиг нь ноцтойгоор хөндөгдөж буй гуравдагч этгээд болох “Т” ХХК-ийг байлцуулахгүйгээр, тайлбар мэдүүлгийг нь авахгүйгээр эзэмших эрхийг хязгаарлаж захиргааны байгууллагад албадан чөлөөлүүлэхийг даалгаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд иргэн Б.О , Г.О нарын эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй, мөн хүрээлэн буй орчин болон нийтийн өмчийг хамгаалахаар хуульд заасан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдүүд буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д "Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана" 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан" гэж заасан нөхцөл байдал тогтоогдож байгаа тул хууль зөрчиж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2025/0684 дугаартай шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.” гэв.
Гуравдагч этгээд “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г давж заалдах гомдолдоо:
... Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй болох нь бүрэн нотлогдож байх бөгөөд нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн, хөндөгдсөн гэх агуулгаар нэхэмжлэл гаргаж, “нийтийн өмчийг хамгаалах, нийтийн эдэлбэр газарт чөлөөтэй зорчих, Монгол Улсын иргэн учраас газар эзэмших эрхтэй, иргэний хувиар газрыг эзэмших боломжтой" гэх зэрэг обьектив эрхийг үндэслэн бусдын буюу гуравдагч этгээдийн эрхийг хүчингүй болгохыг шаардаж байгаа нь үндэслэлгүй юм...Түүнчлэн нэхэмжлэгч нар нь тус маргаантай асуудлаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргахаас өмнө, мөн нэхэмжлэл гаргасны дараа Иргэдийн Төлөөлөгч гэсэн статустайгаар төрийн захиргааны байгууллагуудад удаа дараа гомдол, хүсэлт гаргаж байсан нь хэрэгт авагдсан баримтаас харагдаж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар нь улс төрийн албан тушаалаа ашиглан төрийн захиргааны байгууллагад хандаж нийтийн ашиг сонирхлыг хамгаалах асуудлаар удаа дараа хүсэлт, гомдол гаргаж байсан нь тодорхой бөгөөд нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан тайлбар болох "бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн учраас бид нэхэмжлэл гаргасан" гэх тайлбар огт үндэслэлгүй байна.
...Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх нь зөвхөн "Хурал" гэдэг байгууллагаар дамжин хамтын шийдвэр гаргах хэлбэрээр хэрэгжих бөгөөд нэг төлөөлөгч дангаар газартай холбоотой асуудлаар гомдол, хүсэлт гаргах, төрийн байгууллагад шаардах, шийдвэр гаргуулах зэрэг бүрэн эрх хуулиар олгогдоогүй болох нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл, газартай холбоотой аливаа асуудалд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь ганцаараа хууль эрх зүйн үр дагавартай эрх эдлэх бус, зөвхөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд оролцож санал өгөх, шийдвэрийн төслийг санаачлах зэрэг хурал доторх үйл ажиллагааны эрх эдлэхээр байна. Иймд нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол бодит нөхцөл байдалд зөрчигдөөгүй, хөндөгдөөгүй бөгөөд Б.О , Г.О нар нь тухайн маргаантай асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш байна... Тодруулбал газар дээрх барилга буулгах, газрын хэмжээ болон бусад асуудлаар төрийн байгууллага арга хэмжээ авч асуудлыг шийдвэрлэх явцдаа явж байгаа талаар холбогдох баримт хэрэгт байхад анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан баримт болоод энэхүү нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүйгээр манай компанийн газар эзэмших эрхийг дуусгавар болсон гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна... Гэтэл дээрх нөхцөл байдлыг захиргааны байгууллага нь эргэлзээгүй, нэг бүрчлэн тогтоогүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу бөгөөд шүүхийн шийдвэрт “Т” ХХК-ийн газар эзэмших эрх дуусгавар болсон" гэх дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
...Нэхэмжлэгч нь бусдын буюу гуравдагч этгээдийн эрхээс миний эрх илүү хамгаалагдах ёстой гэж шаардаж, өөрийнх нь эрх хэрхэн зөрчигдсөн тус эрхээ тодорхой үндэслэх шаардлагатай бөгөөд шүүхээс нэхэмжлэгчийн шаардах эрх байгаа эсэх, маргаан бүхий актын улмаас түүний эрх нь хэрхэн зөрчигдсөн эсэх, актыг хүчингүй болгож гуравдагч этгээдийн эрхийг хязгаарласнаар нэхэмжлэгчийн эрх хэрхэн сэргэх, хамгаалагдах боломжтой эсэхийг тогтоох, мөн нөгөө талдаа гуравдагч этгээдийн эрхийг мөн харгалзах зүй ёсны хэрэг юм. Тиймээс хэрэгт авагдсан холбогдох баримт болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээр маргаан бүхий асуудал нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаагүй болох нь бүрэн тогтоогдож байна гэж үзэж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн хуульд заасан ямар, эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа, зөрчигдөж болзошгүй байгаа нь нотлогдохгүй байхад анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэт нэг талыг баримталсан, хууль ёсны дагуу газар эзэмших эрх олж авсан этгээдийг илтэд хохироосон шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0684 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.” гэв.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нараас гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/349 дүгээр захирамжаар[1] “Т” ХХК-д Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын 1331600747 дугаар бүхий 3800 м.кв газрыг орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.
2.2. “Т” ХХК /А тал/ болон “Р” ХХК /Б тал/ нар 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр “А талын эзэмшлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннүгийн гудамжинд байрлах “Т” ХХК-ийн газрын зам дагуу хэсэг болох 1200 м.кв хоосон газрыг 8 жилийн хугацаатай авто угаалгын зориулалтаар түрээслүүлэх, Б тал нь уг 1200 м.кв газар дээр 20*49 хэмжээтэй аяган суурь бүхий төмөр карказан авто угаалгыг зураг төслийн дагуу өөрийн хөрөнгө болох 750,000,000 төгрөгөөр барьж ашиглалтад оруулахаар 20/01 дугаартай түрээсийн гэрээг байгуулжээ..[2]
2.3. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/295 дугаар захирамжаар “хот төлөвлөлтийн болон барилгын норм дүрмийн шаардлагад нийцээгүй 22 иргэн, хуулийн этгээдийн барилга, байгууламжийн жагсаалтыг хавсралтаар баталж, эдгээр барилга, байгууламжийг улсын хяналт хэрэгжүүлэгч байгууллагын ерөнхий байцаагчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийн дагуу албадан буулгах, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох арга хэмжээ авч, холбогдох зардлыг буруутай этгээдээр төлүүлэх ажлыг зохион байгуулахыг Хот байгуулалт, хөгжлийн газрын холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байх бөгөөд тус захирамжийн хавсралтын 19-т “Т” ХХК-ийн маргаан бүхий газар багтсан.[3]
2.4. “Т” ХХК нь 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлтээ газрын удирдлагын нэгдсэн цахим системд гаргасан байх[4] бөгөөд тус хүсэлтийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2023 оны 10 дугаар хурлаар хэлэлцүүлж, холбоо мэдээллийн шугамын хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хасаж баталгаажуулахаар “Зөвшөөрсөн” дүгнэлт гарч[5], энэ тухай тус компанид Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 01-08/1862 дугаар албан бичгээр мэдэгдсэн байна[6].
2.5. “Т” ХХК-иас дахин 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлтээ ирүүлсэн байх[7] ба “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 35 дугаар хурлаар хэлэлцүүлэн урд хэсгээс хасаж, талбайг өөрчлөх гэсэн дүгнэлт гаргасан.[8]
2.6. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Нийслэлийн ерөнхий архитектор, Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нарт 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 03/6287 дугаар “...Т" ХХК-ийн сендвичэн барилгыг хот төлөвлөлтийн болон барилгын норм дүрмийн шаардлагыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдийн жагсаалтад оруулсан байна. Иймд захирамжийн биелэлтийг хангуулах арга хэмжээг авч ажиллана уу.” гэх албан бичгийг хүргүүлсэн байна[9].
2.7. Нэхэмжлэгч Б.О , Г.О, тэдгээрийн өмгөөлөгч А.Б, Ж.С нараас 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нийслэлийн Засаг даргад хандаж “...оршин суугчдын аюулгүй орчинд амьдрах, замын хөдөлгөөнд аюулгүйгээр оролцох эрхийг хамгаалуулахын тулд...” гэх агуулгаар нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/295 дугаар захирамжийн биелэлтийг хангуулж ажиллах талаар гомдол гаргахад нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 05-02/3425 дугаар албан бичгээр “...Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 01-05/2759 дүгээр албан бичгээр ...зохих зөвшөөрөлгүйгээр авто угаалгын газар ажиллуулж байгаа асуудлаар 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор газар чөлөөлөх хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн.” хэмээн хариу өгсөн байна.[10]
2.8. Баянзүрх дүүргийн 19, 26 дугаар хорооны оршин суугчид болох нэхэмжлэгч Б.О , Г.О, тэдгээрийн өмгөөлөгч А.Б, Ж.С нараас дахин 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр нийслэлийн Засаг даргад хандан “...тогтоосон хугацаанд газрыг сайн дураар чөлөөлөөгүй байх тул ... албадан чөлөөлөх захирамж гаргаж, захирамжийн биелэлтийг холбогдох байгууллагад хариуцуулж өгнө үү...” гэх гомдлыг гаргажээ.[11].
2.9. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 05-02/4746 дугаар албан бичгээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.М дээрх гомдлыг шилжүүлж, Газрын тухай хуульд заасан холбогдох арга хэмжээ авахыг үүрэг болгосон [12], мөн Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 07/129 дүгээр албан бичгээр “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн Б.О , Г.О нарын гаргасан нэхэмжлэлийн дагуу 2024 оны 128/ШЗ2024/8630 дугаартай шүүгчийн захирамжаар Захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Иймд Засгийн Газрын 90 дүгээр тогтоолоор батлагдсан "Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн ажиллах журам"-ын 4.7 дугаар зүйлийн 4.7.5-д заасны дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасны дагуу хянан шийдвэрлэх боломжгүй" тул таны ирүүлсэн гомдлыг хүлээн авахаас татгалзаж байгаа” тухай хариуг Б.О , Г.О, Ж.С, А.Б нарт хүргүүлсэн байна.[13].
2.10. Анхан шатны шүүхэд “... хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх захиргааны акт гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх явцад нэхэмжлэгч нараас дээрх 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн гомдлыг гаргасан энэ тохиолдолд хариуцагчийг тус гомдлыг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэх боломжгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн “...газрыг албадан чөлөөлөх захирамж гаргуулах"-аар хариуцагчид дахин хандсан ба ийнхүү шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа нөхцөлд хариуцагч захиргаа тухайн гомдолд дурдсан ажиллагааг зайлшгүй явуулах үүрэг хүлээхгүй... Нийслэлийн газрын албанаас 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр "...зохих зөвшөөрөлгүйгээр авто угаалгын газар ажиллуулж байгаа зөрчил гаргасан... 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор газар чөлөөл" гэх мэдэгдлийг “Т” ХХК-д хүргүүлсэн нь нэхэмжлэгч нарын гомдлын агуулгад нийцсэн, уг захиргааны үйл ажиллагааны нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзнэ.” гэх дүгнэлт үндэслэл бүхий байна.
2.11. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, 20 дугаар зүйлийн 20.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.2.2-т “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах”, 56 дугаар зүйлийн 56.5-д “Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй.”, 57 дугаар зүйлийн 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө.” 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна.” гэж заасан.
2.12. Иймд нэхэмжлэгч Б.О, Г.О, тэдгээрийн өмгөөлөгч А.Б, Ж.С нараас дахин 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр нийслэлийн Засаг даргад хандан гаргасан гомдолд хариу өгсөн, нэгэнт газрыг албадан чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гарган маргаж байгаа тохиолдолд хариуцагчийг гомдолд хариу өгөөгүй, хууль бус эс үйлдэхүй гаргасан хэмээн шүүхээс дүгнэж, “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д гомдлыг хянан үзэхгүй байж болох үндэслэлүүдийг заасан. Түүнд тухайн асуудлаар шүүхийн процесс ажиллагаа явагдаж байгаа гэх үндэслэлийг заагаагүй.” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
2.13. “Т” ХХК-ийн газар эзэмших эрх 2019 онд дуусгавар болсны дараа тус компани 2020 онд “Р” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, хууль тогтоомж зөрчиж зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан нь дээр дурдсан үйл баримтуудаар бүрэн тогтоогдож байна.
2.14. MNS 6808:2019 “Явган хүний зам, талбайн төлөвлөлт, техникийн шаардлага” стандартад “явган хүний зам” гэдгийг “зөвхөн явган зорчигчид ашиглах зориулалттай, авто зам болон бусад хэсгээс хашлагаар тусгаарлагдсан, явган хүн, харааны бэрхшээлтэй хүн, тэргэнцэртэй хүн саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн явганаар зорчих чөлөөт зам талбай” гэж тодорхойлж, явган хүний зорчих чөлөөний өргөн нь хамгийн багадаа 3440 мм /барилга байгууламжийн нүүрэн хэсэг, явган хүний зам, гудамж тохижилт, ногоон байгууламж, хашлага орсон/ байна. Хот суурин газрын гудамж замуудыг төлөвлөхдөө явган хүний замыг автозамын зорчих хэсгээс тусгаарлан тохижилт, ногоон байгууламжийн хэсгийг заавал төлөвлөж явган зорчигчдын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангана.” гэж заасан.
2.15. Гэтэл маргаан бүхий газар дээр барьсан автомашин угаалгын газар нь тус стандартыг зөрчсөн нь шүүхийн үзлэгийн тэмдэглэл, фото зураг, агаар сансрын зургаар[14] бүрэн нотлогджээ.
2.16. Тодруулбал, агаар сансрын зургаар холбоо мэдээллийн шугамын хамгаалалтын зурвас болон барилгын давхацсан талбайг 194 м.кв гэж тодорхойлсон, мөн маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэлээс[15] үзэхэд тус газрын баруун болон зүүн талын явган хүний зам илүү өргөн байхад автомашин угаалгын газрын талын явган хүний зам хэт нарийссан буюу хэмжээ нь 140 см болох нь нотлогдох бөгөөд энэ нь зохих стандартад нийцээгүй болох нь илэрхий байна.
2.17. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, “Т” ХХК-ийн газар эзэмших эрх нэгэнт дуусгавар болсон төдийгүй газар эзэмших эрхгүй этгээд, мөн “Р” ХХК-ийн маргаан бүхий газар дээр барьсан автомашин угаалгын газар нь холбоо мэдээллийн шугамын хамгаалалтын бүстэй давхацсан, явган хүний замын өргөний хэмжээ нь стандартад заасан хэмжээг зөрчсөн, иргэд оршин суугч буюу нэхэмжлэгч нарын тухайн замаар аюулгүй зорчих эрх нь зөрчигдөж байгаа болох нь үзлэгийн тэмдэглэл болон агаар сансрын зургаар бүрэн тогтоогдож байна.
2.18. Мөн холбогдох хууль тогтоомжид зааснаар зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгч, чөлөөлөх арга хэмжээ авах бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ.” гэж заасны дагуу нийслэлийн Засаг даргаас маргаан бүхий газрыг хэдий хэмжээгээр албадан чөлөөлөхийг шүүхээс шууд зааж, тогтоох боломжгүй анхан шатны шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн 194 м.кв газрын хэмжээ нь холбогдох хууль тогтоомж, стандартад нийцүүлснээр нэмэгдэж болзошгүй байх тул энэ хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.19.Харин Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно.” гэж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д "гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж" гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг” хэлнэ гэж тус тус заасан боловч “Т” ХХК-ийн нийт хувьцааны 95 хувийг “З” ХХК /ГХО/ эзэмшдэг[16], “З” ХХК /ГХО/-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Z /Зөү Юукуа/ нь “Т” ХХК-ийн мөн гүйцэтгэх захирлын албан тушаалыг эрхэлдэг энэ тохиолдолд “Т” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай компани гэж үзэх үндэслэл болох учраас тус аж ахуй нэгжийг газар эзэмших эрхтэй этгээд гэж үзэхгүй.
2.20. Шүүх хуралдааны явцад гуравдагч этгээд “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г нь “Анхан шатны шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолгүй” гэж тайлбарласан тул “...гуравдагч этгээдийг байлцуулахгүйгээр, тайлбар мэдүүлгийг нь авахгүйгээр ... шийдвэрлэсэнд гомдолтой ...” гэх энэ талаар гаргасан бусад хэргийн оролцогчдын давж заалдах гомдлуудыг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.
2.21. Нөгөөтээгүүр анхан шатны шүүхээс “Т” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, тайлбар гаргуулахаар холбогдох ажиллагаануудыг хийсэн байх бөгөөд тус хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан талаараа мэдсэн нь шүүгчийн туслахын утасны зурвасын баримтаар тогтоогдож байх энэ тохиолдолд анхан шатны шүүхийг буруутгах боломжгүй.
2.22. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г-оос шүүх хуралдаан дээр “нийслэлийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр захирамж гарсан. Тус захирамжаар 3317 м.кв хэмжээ бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх олгосон” гэх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “надад энэ талаар мэдэгдсэн зүйл байхгүй” гэж тайлбарласан, мөн хавтаст хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй, анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй баримт учраас давж заалдах шатны шүүхээс үүнд дүгнэлт өгөөгүй болно.
2.23. Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг баталсан бөгөөд тус журмын 3.11-д “Иргэн болон захиргааны хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэрийн тодорхойлох, үндэслэх...хэсгийг дугаарлах ба ингэхдээ нэг утга санаа буюу шүүхээс хийж буй дүгнэлт бүрийг (эсхүл шинэ өгүүлбэр болгоныг) шинэ мөрнөөс үргэлжлүүлэн дугаарлана.” гэж заасны дагуу анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсгээ цаашид дугаарлаж байхыг анхаарах нь зүйтэй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Б.О , Г.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд “Р” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.У, тус компанийн өмгөөлөгч Д.Н, гуравдагч этгээд “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2025/0684 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хэвээр үлдээж, 2 болон 3 дахь заалтуудыг нэгтгэн Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т заасныг баримтлан “Т” ХХК, "Р" ХХК-иудын хууль бус эзэмшил, ашиглалтаас газрыг албадан чөлөөлөхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, холбогдох хууль тогтоомж, MNS 6808:2019 “Явган хүний зам, талбайн төлөвлөлт, техникийн шаардлага” стандартад нийцүүлэн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх арга хэмжээ авахыг нийслэлийн Засаг даргад даалгасугай” гэж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.О , Г.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд “Р” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.У, тус компанийн өмгөөлөгч Д.Н, гуравдагч этгээд “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 (нэг зуун дөчин мянга дөрвөн зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
[1] 1 хавтаст хэргийн 37-41 хуудас
[2] 2 хавтаст хэргийн 6-9 хуудас
[3] 2 хавтаст хэргийн 227-230 хуудас
[4] 2 хавтаст хэргийн 165 дахь тал
[5] 1 хавтаст хэргийн 143 дахь тал
[6] 2 хавтаст хэргийн 170 дахь тал
[7] 2 хавтаст хэргийн 171 дэх тал
[8] 1 хавтаст хэргийн 154 дэх тал
[9] 1 хавтаст хэргийн 215 дахь тал
[10] 3 хавтаст хэргийн 236 дахь тал
[11] 3 хавтаст хэргийн 240-241 хуудас
[12] 4 хавтаст хэргийн 43 дахь тал
[13] 4 хавтаст хэргийн 49 дэх тал
[14] 2 хавтаст хэргийн 52 дахь тал
[15] 1 хавтаст хэргийн 196-213 хуудас
[16] 2 хавтаст хэргийн 241 дэх тал