Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 21

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Б.Батаа нарын бүрэлдэхүүнтэй,

      Иргэдийн төлөөлөгч О.Тунгалаг,   

      Нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,  

      Улсын яллагч Ц.Гансүлд,

      Хохирогч Б.Золбаясгалан,  

      Шүүгдэгч Э.Үүрцайх, түүний өмгөөлөгч Л.Батаа /ҮД:1824/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ядам овогт Энхбаатарын Үүрцайхад холбогдох 201626012093 дугаартай 188/2016/0266/Э индекстэй эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.    

      Шүүгдэгчийн биеийн байцаалт :

      Монгол Улсын иргэн 1989 оны 07 дугаар сарын 04-ний өдөр  Булган аймагт төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн бус дунд боловсролтой,  гагнуурчин  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 06 дугаар хороо, туулын 07-148 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ядам овогт Энхбаатарын Үүрцайх  /РД: ГЕ89070411/

      Шүүгдэгч  Э.Үүрцайх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 8 дугаар сарын 17-ны шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны зүүн талд иргэн Б.Золбаясгаланг шалтгаангүйгээр, шилийг зэвсгийн чанартай хэрэглэж, толгойд нь цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулж, бусдыг илтэд хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт  холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь :

      Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд :

Шүүгдэгч Э.Үүрцайхын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баярбат, Одбаяр бид 3 уулзаад Гэмтлийн эмнэлгийн тэнд байдаг “Аялгуу” гэх пабад орж суугаад 2 ширхэг “Хараа” нэртэй 0,5 литрийн архи хувааж уусан. Юм ярьж сууж байтал Одбаяр найз бүсгүйгээ дуудсан. 22 цагийн үед Баярбат явлаа гэж хэлээд бид нарт 1 ширхэг 0,75 литрийн “Соёрхол” нэртэй архи авч өгсөн. Бид 3 авч өгсөн архийг нь ууж дуусаагүй талд нь оруулаад би халаасандаа хийгээд гарсан. 23 цагийн үед уг пабаас гараад Саппорогийн хойно байдаг зочид буудал орохоор бид 3 алхаж байтал Одбаяр гэнэт хойно үлдчихээр нь эргээд харсан чинь 3 эрэгтэй хүнтэй Одбаяр маргалдаж байхаар нь би 180-185 см орчим өндөртэй залууг халаасанд байсан “Соёрхол” нэртэй тал архитай шилээр баруун талын чих хэсэг рүү нь 1 удаа цохисон. Тэгээд Одбаяр бид 2 зугтаасан харин Одбаярын найз бүсгүй үлдсэн...Одбаяртай 3 эрэгтэй маргалдаад зодох гээд байгаа юм шиг, тойроод зогсссон байсан гэхдээ учиргүй зодолдсон зүйлгүй байсан, их биерхүү залуучууд байсан согтуудаа л найзыгаа өмөөрөөд цохисон юм.../хх-68-69/,

      Хохирогч Б.Золбаясгалан мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 8 дугаар сарын 17-ны шөнө 23 цагийн үед Жавхлангийн машинаар Мөрөн, Жавхлан, Пүрэвсамбуу, Жавхлантөгс бид 5 Жавхлангийн гэрийн гадаа буюу Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 1 дүгээр байрны ертөнцийн зүгээр зүүн талд ирж зогссон. Ингээд Мөрөн, Жавхлантөгс 2 дэлгүүр орж хүнсний зүйл авахаар явсан ба Пүрэвсамбуу Жавхлан бид 3 машины гадаа Мөрөн Жавхлантөгс хоёрыг хүлээгээд зогсож байхад миний баруун гар талаас буюу хойд төв зам талаас 2 эрэгтэй 1 эмэгтэй бид нарыг чиглээд ирж байсан. Сайн харахад 2 залуу нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай байсан. Ингээд цагаан өнгийн цамцтай залуу нь шууд Жавхланг мөрлөхөд Жавхлан “юу болж байна яаж байна” гэхэд тэр залуу толгойгоороо Жавхлангийн толгойг тулаад түлхэхэд Жавхлан өөрөөсөө холдуулах гээд цээж рүү нь 2 гараараа түлхэхэд шууд Жавхлангийн нүүрэн тус газар нь цохиод хоорондоо барьцалдаад авсан. Би дундуур нь ороод “боль” гээд салгах гэхэд хажуу талаас тас гээд хүчтэй баруун талын чихэн тус газар цохисон. Би шууд доошоо хагас суухад хажуу талаас хавирган тус газар болон нүүрэн тус газар өшиглөсөн. Би баруун талын чихээ гараараа тэмтэрч үзэхэд чих халуу дүйгээд цус гоожоод баруун чих юм сонсохгүй байсан. Тэгээд би намайг цохичихлоо гэхэд хамт байсан Пүрэвсамбуу, Баясаа наадах чинь чамайг цохичихлоо гэхэд нь босоод хархад цагаан цамцтай залуу болон хамт явж байсан улаан өнгийн хүрэн өнгийн цамцтай залуу ирсэн зүг рүүгээ буюу хойд зүгт зугтааж байсан... Би цохиулсныхаа дараа сууж байхад миний хажуу талд 0,75 литрийн тал архитай “Соёрхол архины шил хэвтэж байсан. Тэр шилээр намайг цохисон байх. Би яг хэн цохисныг нь хараагүй. Сууж байхдаа намайг цохичихлоо гэхэд Пүрэвсамбуу энэ чамайг цохисон гэхэд нь босоод хархад Пүрэвсамбуу улаан хүрэн өнгийн цамцтай залууг зааж байсан... гэсэн мэдүүлэг./хх-19-21/,

      Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг: “…нэг залуу нь шууд Жавхлантай шүргэлцэхэд Жавхлан “юу болж байна яаж байна” гэхэд тэр залуу толгойгоороо Жавхлангийн толгойг тулаад түлхэхэд Жавхлан өөрөөсөө холдуулах гэж барьцалдаад авсан. Би дундуур нь ороод “боль” гээд салгах гэхэд хажуу талаас тас гээд хүчтэй баруун талын чих руу цохисон. Би шууд доошоо хагас суухад хажуу талаас өшиглөсөн. Манай найз Пүрэвсамбуу энэ чамайг цохисон хүн гээд шүүгдэгч Үүрцайхыг бариад автал цээж рүү нь хазаад зугтаасан. Хамт явж байсан эмэгтэй нь зугтаах гэж байхад би бариад авсан гэв.

      Гэрч Б.Хэнчбишийн мөрдөн байцаалтанд өгсөн:

      ”...Э.Үүрцайх нь 2016 оны 8 дугаар сарын 18-ны 01 цаг өнгөрч байхад дээгүүрээ ямар нэгэн хувцасгүй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд унтаад өгсөн. Дээгүүр өмссөн хувцсыг нь асуухад “хүнтэй маргалдаад урчихлаа” гэж хэлсэн...гэсэн мэдүүлэг./хх-22/,

      Гэрч М.Баасанжаргал мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 8 дугаар сарын 17-ны шөнө Одбаяр, Үүрцайх бид 3 караокеноос гараад гартээ харихаар Саппорогийн автобусны буудлын зүг алхсан, караокед уугаад үлдсэн байсан тал архины шилтэй Соёрхол архийг Үүрцайх гартаа бариад явж байсан. Ингээд доошоогоо алхаж байгаад байран дундуур ороод урагшаа Саппорогийн автобусны буудлын зүг алхаж байтал гурван залуу машины хажуу талд зогсож байсан. Миний урд талд Үүрцайх, Одбаяр хоёр явж байсан ба тэр залуучуудын хажуугаар өнгөрөхдөө юунаас болсныг мэдэхгүй маргалдаад зодоон цохион болсон. Ингээд би гүйж очиход тэнд зогсож байсан 3 залуугийн нэг залуугийнх нь баруун талын чихнээс цус гарч байсан. Одбаяр , Үүрцайх 2 нөгөө 2 залуутай нь зууралдаад хойшоогоо гүйгээд яваад өгсөн. Миний хувцаснаас цохиулсан залуу бариад “чи байж бай “ гэхээр нь би тэнд хүлээсэн. Намайг харж байхад Үүрцайх нэг залуугийнх нь толгойн баруун чих хэсэг рүү барьж байсан архины шилээрээ цохиж байсан. Намайг очиход тэр залуугийнх нь чихнээс цус гарч байсан. Тэр залуугийн биед Үүрцайх архины шилээр цохиж гэмтэл учруулсан...гэсэн мэдүүлэг /хх-23-24/,

      Гэрч Д.Пүрэвсамбуу мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 23 цаг өнгөрч байхад найзууд болох Золбаясгалан, Жавхлантөгс, Жавхлан, мөрөн нарын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 байрны ертөнцийн зүгээр баруун талд ирсэн. Жавхлан, Мөрөн 2 хүнсний дэлгүүр орсон, би машины зүүн хойд хаалгаар буугаад урд талаар нь тойроод машины баруун талд зогсож байсан Золбаясгалан, Жавхлан 2 дээр очиход төв замаас хоёр эрэгтэй нэг эмэгтэй гуйвсан байдалтай бид нарыг чиглээд ирж байсан. Бид 3 ярилцаад зогсож байтал цагаан өнгийн цамцтай нөгөө залуугаасаа арай өндөр махлаг залуу нь бид нарын дундуур ороод Жавхланг мөрлөөд толгойгоороо мөр лүү нь тулахад Жавхлан яаж байна гээд өөрөөсөө холдуулахаар цээж рүү нь гараараа түлхсэн энэ үед голоор нь Золбаясгалан ороод тэр 2-ыг салгах гэтэл Золбаясгалангийн ар талд зогсож улаан хүрэн өнгийн урт ханцуйтай энгэртээ адидас брэндийн тэмдэгтэй цамцтай залуу гартаа барьж байсан архины шилээрээ шууд Золбаясгалангийн толгой руу баруун талын хэсэгт цохисон. Би шууд Золбаясгаланг цохисон улаан хүрэн цамцтай залуугийн 2 гарын хумиад цээж хэсгээр нь тэврээд Золбаясгалан руу харахад газарт хэвтэж байсан. Золбаясгалангийн баруун талын чих хэсгээс цус гарч байсан. Золбаясгалан босох гэхэд нь би чамайг цохисон залууг барьчлаа гэхэд улаан хүрэн цамцтай миний баруун талын мөр, цээжний голд хазаад 2 тийш нь займчиж хөдлөөд зугтаасан…гэсэн мэдүүлэг./хх-26-27/,

      Гэрч Э.Жавхлан мөрдөн байцаалтанд өгсөн: ”...2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 23 цаг өнгөрч байхад Золбаясгалан, Пүрэвсамбуу бид 3 машиныхаа гадаа зогсож байхад 2 эрэгтэй, 1 эмэгтэй нар бид нарын зүг рүү ирж байсан. Тэгсэн цагаан өнгийн цамцтай махлаг эрэгтэй нь миний баруун мөрийг шүргээд гарсан тэгэхээр нь би цаашаагаа яв гэсэн чинь миний толгой руу толгойгоороо тулаад зогсоод байхаар нь би тэр залууг цаашаа бай гээд цээж рүү нь гараараа түлхсэн тэр залуу намайг түлхээд бид 2 барьцалдаж авсан, тэгсэн Золбаясгалан салгах гээд ирсэн байсан би энэ үед газар уначихсан байсан юм. Босоод харсан чинь Золбаясгалангийн баруун чихээс нь цус гарсан байсан. Энэ үед уг 2 эрэгтэй хүн чанх хойшоо зугтаасан, хамт явж байсан нэг эмэгтэй нь бид нарын дэргэд үлдсэн байсан...би тэр махлаг цагаан цамцтай залууд гар хүрсэн асуудал байхгүй бид 2 хоорондоо барьцалдаж авсан. Энэ үед бид 2 нэг нэгнийгээ цохисон асуудал байхгүй…гэсэн мэдүүлэг /хх-29/,

      Гэрч О.Одбаяр мөрдөн байцаалтанд өгсөн: ”...2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр найз Үүрцайхтай уулзсан намайг уулзахад Үүрцайх эрэгтэй найзтайгаа хамт зогсож байсан. Бид 3 караокед орж сууж байгаад 0,5 литрийн архи 1 шил, ус ундаа авч уусан, караокеноос  21 цаг өнгөрч байхад Үүрцайхын найз явахаар болж бид хоёрт 1 шил архи 0,75 граммын нэрийг нь сайн санахгүй байна архи авч өгөөд явсан би өөрийн танил болох Баасанжаргалыг дуудаад бид 3 жаахан сууж байгаад 22 цагийн үед Үүрцайхын найзын авч өгсөн 0,75 граммын шилтэй тал архийг Үүрцайх халаасандаа хийгээд аваад гарсан. Тэгээд бид 3 гэрлүүгээ харих санаатай Саппоро хүртэл алхаад явж байтал 1 дүгээр байрны чанх хойно 3 эрэгтэй хүн машины хажууд зогсож байсан. Намайг явж байхад 3 эрэгтэй хүн байсан бөгөөд би алхаж байгаад нэг залууг санаандгүй мөрлөчихсөн юм. Миний явж байсан зам явган хүний зам байсан ба их нарийн хэмжээтэй байсан би тухайн залуугаас уучлаарай гэж хэлчихээд байж байхад намайг яв гээд хөөгөөд байхаар нь уг залуутай нүүр тулаад зогссон, бид 2 барьцалдаж авсан тэгэхэд Үүрцайх дундуур салгасан тэгэхээр нь би Үүрцайхыг зугтаарай гэж хэлээд ирсэн зүг рүүгээ бид 2 гүйсэн. Баасанжав араас гүйгээгүй үлдсэн...би хохирогчийн чихэнд архины шилээр цохиж байхыг хараагүй дараа нь зугтааж байхдаа нөгөө архиа яасан бэ гэж асуусан чинь би нэг эрэгтэйг нь цохичихсон гэж хэлсэн...гэсэн мэдүүлэг. /хх-30/,

      Гэрч Б.Жавхлантөгс мөрдөн байцаалтанд өгсөн: ”... 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Жавхлан, Золбаясгалан, Пүрэвсамбуу, Мөрөн бид нар уулзаад хүнсний дэлгүүр ороё гээд Жавхаагийн байрны гадаа буюу  1 дүгээр байрны хажуу талд машинаа зогсоогоод Мөрөн бид 2 дэлгүүр орохоор явсан юм. Тэгээд хүнсний зүйл аваад ирсэн чинь зодоон болсон байдалтай байсан, юу болсон бэ гээд гэрэл тусгаад хархад Золбаясгалангийн баруун чихнээс нь цус гарсан байдалтай байсан, яасан бэ гэхэд зодсон хүмүүс зугтаачихлаа гээд хамт явж байсан эмэгтэй нь үлдчихсэн байсан удалгүй цагдаа ирсэн...гэсэн мэдүүлэг /хх-32/,

      Шүүх эмнэлгийн дүгнэлт: 1. Золбаясгалангийн биед тархи доргилт, баруун чихний дэлбээнд шарх, цус хуралт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун талд хэнгэргэн хальсны цооролт, мөгөөрсний үрэвсэл гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... /хх-42/, 

      Шинжээч эмч Г.Ханхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг/хх-55-56/

      -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-71/,

      - хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-7-9/ зэрэг болно.

      Нотлох баримтуудыг харьцуулан шалгаж , үнэлэн дүгнэхэд :

      Шүүгдэгч  Э.Үүрцайх нь 2016 оны 8 дугаар сарын 17-ны шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны зүүн талд иргэн Б.Золбаясгаланг онцлох шалтгаангүйгээр шилийг зэвсгийн чанартай хэрэглэн толгойд нь цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:   

      - хохирогчийн...тухайн үед би барьцалсдан 2 хүнийг “боль” гээд салгах гэхэд хажуу талаас тас гээд хүчтэй баруун талын чих руу цохисон тухай мэдүүлэг,

      - шүүгдэгч Э.Үүрцайхын...Одбаяртай 3-н эрэгтэй маргалдаад зодох гээд байгаа юм шиг, тойроод зогсссон байсан гэхдээ учиргүй зодолдсон зүйлгүй байсан, согтуудаа л найзыгаа өмөөрөөд цохисон юм.../хх-68-69/ гэх мэдүүлэг,  

      - гэрч Э.Жавхлангийн…нэг махлаг эрэгтэй нь миний баруун мөрийг шүргээд гарахлаар нь цаашаагаа яв гэсэн чинь миний толгой руу толгойгоороо тулаад зогсоод байхаар нь би тэр залууг цаашаа бай гээд цээж рүү нь гараараа түлхсэн, тэр залуу намайг түлхээд бид 2 барьцалдаж авсан...бид 2 нэг нэгнийгээ цохисон асуудал байхгүй...Золбаясгалан салгах гээд ирсэн байсан би энэ үед газар уначихсан байсан...Босоод харсан чинь Золбаясгалангийн баруун чихээс нь цус гарсан байсан гэх мэдүүлэг /хх-29/,   

      - гэрч О.Одбаярын...намайг явж байхад 3 эрэгтэй хүн байсан бөгөөд би алхаж байгаад нэг залууг санаандгүй мөрлөчихсөн юм. Миний явж байсан зам явган хүний зам байсан ба их нарийн хэмжээтэй байсан, тухайн залуугаас уучлаарай гэж хэлчихээд байж байхад намайг яв гээд хөөгөөд байхаар нь уг залуутай нүүр тулаад зогссон, бид 2 барьцалдаж авсан тэгэхэд Үүрцайх дундуур салгасан тэгэхээр нь би Үүрцайхыг зугтаарай гэж хэлээд ирсэн зүг рүүгээ бид 2 гүйсэн...зугтааж байхдаа нөгөө архиа яасан бэ гэж асуусан чинь би нэг эрэгтэйг нь цохичихсон гэж хэлсэн...гэх  мэдүүлэг /хх-30/,

      - гэрч Д.Пүрэвсамбуугийн : “...нэг махлаг залуу нь бид нарын дундуур ороод Жавхланг мөрлөөд толгойгоороо мөр лүү нь тулахад Жавхлан яаж байна гээд өөрөөсөө холдуулахаар цээж рүү нь гараараа түлхсэн энэ үед Золбаясгалан тэр 2-ыг салгах гэтэл Золбаясгалангийн ар талд зогсож байсан залуу гартаа барьж байсан архины шилээрээ шууд Золбаясгалангийн толгойн баруун талын хэсэгт цохисон...би цохисон залууг барьж авахад  миний баруун талын мөр, цээжний голд хазаад 2 тийш нь займчиж хөдлөөд зугтаасан…гэсэн мэдүүлэг./хх-26-27/, 

      - шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

      Иймд шүүгдэгч Э.Үүрцайхыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.     

Шүүгдэгч нь согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ өөрийн үйлдлээ хянахгүйгээр эмх замбараагүй, ичгүүр сонжуургүй, бүдүүлэг, догшин авирласан буюу өөрийгөө бусдын эсрэг тавьж, бусдад өөрийн хүч, зоригийг үзүүлэх, айлган түгшээх гэмт санааны агуулга, үйлдэл хэрэгжсэн нөхцлөөрөө бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл бүхий нотлох баримт хэрэгт цугларсан байх тул тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.              

      Шүүгдэгч нь хохирогчид нь 800.000 төгрөг төлсөн буюу хэрэгт авагдсан нотлох баримт бүхий хохирлыг төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа нь тус тус ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

      Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй ба хохирогч нь шүүгдэгч өөрөөс нь уучлалт гуйсан, шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг нь хөнгөрүүлэх талаар санал гаргасныг тэмдэглэв.    

      Шүүгдэгч Э.Үүрцайх нь анх удаа хорих ял оногдуулж болох гэмт хэрэг үйлдсэн, уг хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх ба тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн нас болон хувийн бусад байдал зэргийг харгалзан тухайн гэмт хэрэгт оногдуулахаар зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулан, мөн эдлэх ялын дэглэмийг нь хөнгөрүүлж шийдвэрлэв.                      

      Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримттаар “соёрхол” гэсэн бичигтэй архины шил 1 ширхэг, “Парламент” гэсэн бичигтэй цагаан өнгийн тамхи 1 ширхэг, улаан хүрэн өнгийн цамц зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.     

 

      Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 295, 297, 298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон  

ТОГТООХ нь :   

       1. Шүүгдэгч Э.Үүрцайхыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

      2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Үүрцайхыг 03 жил 05 сар хорих ялаар  шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Үүрцайхад оногдуулсан 3 жил 5 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

      4. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

      5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т  зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “соёрхол” гэсэн бичигтэй архины шил 1 ширхэг, “парламент” гэсэн бичигтэй цагаан өнгийн тамхи 1 ширхэг, улаан хүрэн өнгийн цамцыг тус тус устгасугай.

      6. Шүүгдэгч Э.Үүрцайхад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.   

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

             8. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.           

  9. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Үүрцайхад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ:                                 Г.ГАНБААТАР

                                                             ШҮҮГЧИД:                                 Г.АЛТАНЦЭЦЭГ

                                                                                                                Б.БАТАА

                          

 

 

Д