Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2022/0242

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж.Б

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын алба

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Б.Д

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Ш.Ү, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Ё.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.Б-аас Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг Ж.Б-д олгохгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Гуравдагч этгээд Б.Д-аас Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжийн Ж.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд тухайн нэгж талбар бүхий газрыг Б.Дийн нэр дээр бүртгэл оруулахыг Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд даалгах бие даасан шаардлагыг гаргажээ.

3. Нэхэмжлэгч Ж.Б 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр, 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдөр дүүргийн газар зохион байгуулалтын албанд хандсан, бүртгэл хяналтын картаар 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт “гэрчилгээ гаргуулах”-аар хандсан баримтыг шүүхэд ирүүлсэн /1-х х.х-н 10-15/ байх бөгөөд үүнээс өмнө хандсан талаар баримт ирүүлээгүй.

4. Нэхэмжлэгч тус шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

5. Гуравдагч этгээд Б.Д 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт, 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандан, 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандаж өргөдөл гаргажээ.

6. Гуравдагч этгээд 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШЗ2021/4651 дугаар захирамжаар иргэн Ж.Б-ын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэгтгэсэн.

7. Үүнээс өмнө иргэн Ж.Б-ын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт 2021 оны 3-р сарын 29-ний өдрийн шүүгчийн захирамжаар Б.Д-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулсан байна. Иймээс уг хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулж байгаа болно.

8. Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, түүний итгэмжэгдсэн төлөөлөгч Ч.Э шүүх хуралаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаартай захирамжаар Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, "Сэлбэ"-д зуслангийн зориулалтаар 700 м.кв талбайтай газрыг 15 жилийн хугацаатайгаар иргэн Ж.Б надад эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Захирамжийн 2 дугаар хавсралтын 5168 дугаарт баталгаажсан. Захирамжийн дагуу кадастрын зураг хийлгэж баталгаажуулж, газрын төлбөрийг тухай бүр төлж ирсэн бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээ авах, гэрээ байгуулах хүсэлт гаргасан боловч хариуцсан мэргэжилтэн солигдсон, таны бичиг баримт олдохгүй байна гэж удаа дараа буцаасаар өнөөдрийг хүрсэн. Миний бие газар эзэмших гэрчилгээ олгохгүй байгаа тухай гомдлыг тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд олон удаа гомдол гаргаж байсан боловч хариу өгдөггүй, тухайн үед гаргаж байсан гомдлууд олдохгүй байна гэж тайлбарладаг байсан. Иймд дахин 2019.05.26, 2020.10.02-ны өдрүүдэд тус тус Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд өргөдөл гаргасан.   Өргөдлийн хариуг өгөхгүй байсан учир 2020.07.30-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргад гомдол гаргасан боловч Газрын тухай хуульд заасны дагуу Дүүргийн Газар зохион байгуулалтын албатай газар эзэмших гэрээ байгуулж , гэрчилгээ авна уу гэсэн хариуг өгсөн. 2020 оны 08 дугаар сард Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албанд гомдол гаргасаныг чиг үүргийн дагуу 2020 оны 8-р сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд шилжүүлж, тухайн асуудлыг судлан зохих журмын дагуу арга хэмжээ авч, мэдээг 2020 оны 8-р сарын 31-ний өдрийн дотор ирүүлэхийг даалгасан боловч хэрхэн шийдвэрлэсэн талаар надад хариу өгөөгүй. 2020 оны 10-р сарын 09-ний өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг газар зохион байгуулалт геодези зураг зүйн газарт гомдол гаргасан. Гомдлын дагуу 2020 оны 10-р сарын 21-ний өдөр албан бичгээр Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд Ж.Б-ын эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг дахь нэгж талбарын дугаараар мэдээллийн сангаас шүүж үзэхэд иргэн Ж.Б-ын нэр дээр эрх зүйн харилцаа үүсэж баталгаажсан байх тул хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгох ажлыг зохион байгуулж, авсан арга хэмжээг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дотор эргэж мэдэгднэ үү гэсэн боловч одоог хүртэл газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй. Хэрхэн шийдвэрлэсэн талаар албан бичиг явуулсан байгууллагуудад хариу өгөөгүй. Ингэж явсаар Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 11-р сарын 09-ний өдөр 14/4079 дугаартай албан бичгээр “Газрын тухай хуулийн 60-р зүйлийн 60.2 дахь хэсэгт заасны дагуу дээд шатны байгууллагад эсвэл шүүхээр маргаанаа шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариуг өгсөн. Энэ талаар миний төрсөн хүү Э эзэмшиж байгаа газартай холбоотой ямар нэг маргаан байгаа эсэхийг тодруулахаар Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга Т.М-оос хэн гэдэг хүн ямар маргаан гарсан талаарх өргөдөл, гомдолтой нь танилцаж хуулбарлан авах хүсэлт гаргахад " ямар ч өргөдөл, гомдол байхгүй" Б" гэдэг хүнтэй тохиролц нэг бол газраа зарчих гэж хэлсэн. Ашиг сонирхолын зөрчлийн үүднээс Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын алба Засаг даргын захирамжийг үл биелүүлж гэрээ байгуулж, гэрчилгээ олголгүй 2007 оноос хойш иргэн миний газар эзэмших эрхээ эдлэх , өндөр настан иргэн би үр ачдаа өв залгамжлан үлдээх зэрэг хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна. Иргэн намайг хохироож, эрхийг минь зөрчиж дээд шатны болон холбогдох байгууллагын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу хариу өгөхгүй үл хэрэгсэж байна .

 Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанаас мэргэжилтэн явж өөрсдийн газраа заалгаад 4 цэгт нь бид өөрсдөө цэгээ хатгаад, шонгоо зоосон. Хашаа хороогоо барихаар бичиг баримтаа хөөцөлдөөд хүсэлтээ өгсөн. Дүүргээс бичиг баримтыг хүлээн аваад 14 хоногийн дараа гэж удаа дараа буцаасан. Манай хөрш айл нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт ажилладаг н.Б гэх хүнийх байдаг. Анх хашаагаа барихаар орчиход н.Б нь 10 айлын газрыг хашаалаад авсан байсан. Үүнийг бид тухайн үед нь Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд мэдэгдэж өргөдлөө өгсөн боловч мөн хариу өгөөгүй. Нэхэмжлэгчийг удаа дараа буцаасан, хүнд суртал гаргаснаас бид цаг хугацаа алдсан. Засаг даргын 300 дугаар захирамжийн хавсралтад Сэлбийн 18 дугаар хороонд гэж зааж өгсөн байгаа. Гэтэл Б.Д-д газар эзэмшүүлсэн 2007 оны 160 дугаар захирамжид Сэлбийн 15 дугаар хороонд зуслангийн газар гэж баталгаажсан байгаа. Хувийн хэрэгт гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг баталгаажсан зүйл байхгүй байсан. Б.Д-ийн анх гаргасан өргөдөл нь Сэлбийн амралтын урд талд 700 м.кв зуслангийн газар хүссэн байдаг. Энэ газар нь манай газраас цаашаа 5 буудлын цаана байршилтай байдаг. “Т с” ХХК-ийн кадастрын зургаар газрын кадастрын зураг баталгаажихгүй. Заавал газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн хянаж баталгаажуулаад гэрчилгээг дагаад үнэт цаас гарч ирэх ёстой. Гэтэл газрын гэрчилгээ нь нэгж талбарын дугаар байхгүй. Гэрчилгээнд 18 дугаар хороо гэж байгаа боловч Засаг даргын захирамж 15 дугаар хороонд гэж гарсан байгаа. Засаг даргын захирамжийн дагуу гэрээ, гэрчилгээ бичигдэх ёстой. Танил талаа ашиглаад биднийг өнөөдрийг хүртэл чирэгдүүлж байна. Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 134 дүгээр тушаалаар нэгж талбар дугаарлах журам шинэчлэн батлагдсан. Сүхбаатар дүүргийн мэдээллийн санд очиж үзлэг хийхэд нэгж талбарын дугаар, сүүлд өөрчлөгдсөн шинэ дугаар нь бүгд Ж.Б-ын нэр дээр бүртгэлтэй байсан. Иймд Ж.Б надад Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаартай захирамжаар Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо,"Сэлбэ"-д зуслангийн зориулалтаар 700 м.кв талбайтай газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Засаг даргын захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын алба иргэн Ж.Б-д газар эзэмших эрхийн гэрчилгээг олгохгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгох , газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Сүхбаатар дүүргийн газрын албанд даалгаж өгнө үү гэжээ. 

9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 300 дугаар захирамжаар иргэн Ж.Б-д 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын алба гэрээ байгуулж, гэрчилгээ олгох үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд заасан зөрчлийг гаргаж байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг өмгөөлөгчийн зүгээс хууль зүйн үндэслэлтэй гэж харж байна. 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, гэрчилгээ олгохыг даалгаж өгнө үү. Захирамж, өргөдлийн өмнө хойно гарсан нь хамааралгүй. Газар эзэмших эрхийн гэрчилгээ яаж олгогдож байгаа журам процессоор явна. Нэг өдөр өргөдлөө өгөөд, захирамж нь гараад бүх зүйл нь шийдвэрлэгдээд явах боломж нь байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн магадлалтай гэсэн тайлбараар асуудлыг дүгнэмээргүй байна. Эрх олгосон захирамжид дүгнэлт өгөх хэрэгтэй. Захирамж хэзээ гарсан нь хамааралгүй. Захирамжид заасан байршил нь Засаг даргын захирамжийг хэрэгжүүлж байгаа асуудал юм. Б.Д-д 15 дугаар хороонд нь газрыг эзэмшүүлэх хэрэгтэй. Хороо, хороогоороо байх ёстой. Газар эзэмшигчийн мэдээлэлгүйгээр бүртгэгдсэн бүртгэлийг Ж.Б-х гэж анхнаасаа итгэлтэй байгаа. Манай зүгээс хүсэлт гаргаж, шинжээчийн зардалд 1.150.000 төгрөгийг төлж шинжээчийн дүгнэлт гарсан. Эзэмшигчийн мэдээлэлгүйгээр хэн бүртгэсэн юм бэ гэсэн асуултад хариулт авах шаардлагатай байсан. 18 дугаар хорооны газар зохион байгуулагч өөрөө хамт дагаж явж байж танай цэг энэ шүү гэж зааж өгч, захирамжийн дагуу мэдээллийн санд байршсан. Мэдээлэлгүй байж байгаад дараа регистрийн дугаар бүртгэгдсэн байна. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр буюу нийтээр амардаг өдөр программ шинэчлэгдээд ажиллаж эхэлсэн байгаа. Буруу болгоныг Ж.Б-д тохох гээд байх юм. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй юм. Мөн гуравдагч этгээдийн бие даасан шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Мэдээллийн санд байсан юуг устгуулаад, хэзээ юу оруулсныг яриад байгаа нь тодорхойгүй байна гэжээ.

10. Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны итгэжлэгдсэн төлөөлөгч Ш.Ү нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч дүүргийн газар зохион байгуулалтын алба Засаг даргын 2007 оны захирамжаар олгогдсон эрхийн хүрээнд газар эзэмших эрхийн гэрчилгээг олгохгүй байна гэж тайлбарлалаа. Засаг даргын 300 дугаар захирамж нь газрын нэгж талбарын дугааргүй гарсан. Тухайн үед захирамжид 700 м.кв гэж гарсан боловч нэхэмжлэгч Ж.Б-ын газрын хувийн хэрэгт байгаа нэгж талбарын дугаарыг үзэхэд иргэн Б.Д-ийн нэгж талбартай давхцаад байдаг. Иргэн н.Д-ийн нэгж талбарын дугаар 2007 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “T с” ХХК-ийн гар зураг хийгдсэнээр 2007 оны 05 дугаар сарын 31-ний өдөр мэдээллийн санд орсон байгаа нь баримтаар нотлогдоод байдаг. Хавтаст хэргийн 160 дугаар хуудаст тухайн газар зохион байгуулалтын албаны дарга н.М болон мэргэжилтэн н.М нарын гарын үсэгтэй, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн кадастрын зургаар иргэн Б.Д-ийн газар мэдээллийн санд бүртгэгдсэн нотлогдоно. Материалыг судалж үзэхэд н.Д нь 2007 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гараар өргөдөл бичиж өгөөд 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны бүртгэл хяналтын карт үйлдэгдсэн байдаг. Бүртгэл хяналтын карт үйлдэгдэнэ гэдэг нь тухайн өргөдлийг газрын алба албан ёсоор баримтжуулан хүлээн авч байна гэсэн эрх зүйн үйлдэл юм. Үүний дагуу 2007 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Засаг даргын 160 дугаар захирамж гарсан. Тус захирамжаар иргэн н.Д-д 700 м.кв газрыг олгоод 2007 оны 05 дугаар сарын 31-ний өдөр мэдээллийн санд оруулсан нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газар өмчлөлийн хэлтсийн дарга болон мэргэжилтний гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажсан байгаа. 2 дугаар хавтаст хэргийн 83 дугаар хуудаст авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн шинжээчийн дүгнэлтээр 2007 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “T с” ХХК-ийн гүйцэтгэсэн кадастрын зургаар мэдээллийн санд бүртгэл хийгдсэн болох нь тогтоогддог. “T с” ХХК-ийн кадастрын зураг нь Б.Д-ийн зураг юм. Гэтэл нэхэмжлэгч Ж.Б-ын газрын хувийн хэргийг судалж үзэхэд 2007 онд өргөдөл гаргасан байдаг боловч хэдэн сарын хэдний өдөр өргөдөл гаргасан нь тодорхойгүй байдаг. Тухайн өргөдлийг 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдөр бүртгэл хяналтын картаар бүртгэж авсан байгаа. Тухайн 10 дугаар сарын 22-ны өдрөө Ж.Б-д эрх олгосон захирамж гарсан байдаг. Өөрөөр хэлбэл Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамж нь өргөдлийн хүлээн авсан тухайн өдрөө гарсан болж байна. Мэдээллийн санд кадастрын зураг нь 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байдаг. Өөрөөр хэлбэл дээрх 3 процесс маань 1 өдөр хийгдсэн байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Ж.Б-ын материалыг ямар нэгэн байдлаар хойноос нь нөхөж оруулсан байх магадлалтай гэж үзэж байна. Захирамж гарах процесс нь тухайн иргэн өргөдөл гаргалаа, өргөдлийг бүртгэл хяналтын картад орууллаа, газар зохион байгуулалтын албаны хурлаар асуудлыг хэлэлцлээ, захирамжийн төсөл боловсруулагдлаа, захирамжийн төслийг Тамгын газрын Хуулийн хэлтэс хянаад Засаг даргад танилцуулагдаад захирамж гардаг. Захирамжид 1 өдөр оруулсан байлаа гэхэд тухайн өдрөө мэдээллийн санд орох боломжгүй. Энэ нь эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байна. Ж.Б-ын мэдээллийн санд орсон гэж буй 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн газар зохион байгуулагч н.Б-гийн гарын үсэгтэй кадастрын зураг нь эргэлзээг төрүүлж байна. Багаар бодоход ажлын 3-аас 5 хоногийн дотор хийгддэг процесс ажиллагаа маань ганцхан өдрийн дотор хийгджээ. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын ажлын хэсгийн дүгнэлт дээр тухайн нэгж талбар бүхий газар нь иргэн н.Д-ийн нэр дээр 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл бүртгэлтэй байсан гэж дүгнэсэн.

 Гэтэл 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл н.Д-ийн нэр дээр байсан газрын мэдээллийн сангийн зургийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Ж.Б-ын нэр дээр болгож өөрчлөлт оруулсан. Хэрэв ямар нэгэн байдлаар н.Д нь тухайн газраа эзэмшиж, ашиглаагүй 2 жил болсон гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгож, мэдээллийн санд өөрчлөлт орж байгаа тохиолдолд заавал дүүргийн Засаг даргын захирамж гарах ёстой. Захирамж гарч байж мэдээллийн санд өөрчлөлт орно. Гэтэл дүүргийн Засаг даргын захирамж гараагүй байдаг. н.Д нь 2007 оноос хойш хашаа бариад 2019 оныг хүртэл зундаа газраа ашигласан гэж мэдүүлсэн байдаг. Ж.Б нь 2007 онд захирамж гарснаас хойш 2019 он хүртэл тухайн газар дээр нь иргэн н.Д хашаа барьчхаад байхад хашааг буулгаад өөрөө эзэмшилдээ авах нөхцөл боломж байсан. Эргэлзээ дагуулсан нөхцөл байдлууд байгаа. н.Д-ийн хувийн хэрэгт кадастрын зураг байхгүй, Ж.Б-ын хувийн хэрэгт кадастрын зураг байгаа боловч тухайн кадастрын зураг нь эргэлзээтэй, газрын албаны мэдээллийн сан болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын мэдээллийн санд н.Д-ийн регистрийн дугаартай мэдээллүүд орсон байдаг. Энэ тохиолдолд иргэн Ж.Б-д дүүргийн Засаг даргын 300 дугаар захирамжийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох боломж байхгүй. Ж.Б-ын газар мөн гэж үзэх эрх зүйн үндэслэл хангалтгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 07 дугаар сард гарсан тогтоолоор 15 дугаар хороо нь 15,18, 16 дугаар хороо 16, 19 дүгээр хороо гэж салж шинээр хороо байгуулагдсан. Засаг даргын 160 дугаар захирамжид 15 дугаар хороо гэж заасан нь зөв. Захирамж маань 2007 оны 05 дугаар сард гарсан. Гэтэл 2007 оны 07 дугаар сард дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор тухайн хороо 18 дугаар хороо болсон. Манай дүүрэгт Сэлбэ гэдэг ганцхан газар байгаа. Тэгэхээр 15, 18 дугаар хороо гэдэг нь ямар нэгэн асуудалгүй юм.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалд өргөдөлд юу юуг бүрдүүлэн өгөх вэ гэдгийг тодорхой зааж өгсөн. Үүний дагуу иргэний үнэмлэх, кадастрын зураг заавал байсан тохиолдолд тухайн цэг тэмдэгт маань мэдээллийн санд оруулах эрх зүйн зохицуулалттай. Ж.Б-ын хувийн хэрэгт байгаа кадастрын зураг нь эрх бүхий субъектийн гүйцэтгэсэн кадастрын зураг биш байдаг. Энэ 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн кадастрын зураг нь газар зохион байгуулалтын албанаас авсан лавлагааны зураг байдаг. Эрх бүхий байгууллагын кадастрын зураг байхгүй байхад яагаад мэдээллийн санд ордог юм бэ. Энэ эрх зүйн хувьд эргэлзээ төрүүлж байна. Б.Д-ийн хувьд эрх бүхий “T с” ХХК-ийн кадастрын зураг байдаг. Энэ зураг байсан тохиолдолд мэдээллийн санд бүртгэл хийгдэх ёстой. Энэ бүртгэл хийгдсэн байгаа учраас Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газар өмчлөлийн хэлтсийн дарга болон мэргэжилтний гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажсан 2007 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн мэдээллийн сангийн лавлагаа зураг гарч ирэх боломжтой. Тэгэхээр эрх бүхий субъектийн хийсэн кадастрын зураг нь 2007 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “T с” ХХК-ийн кадастрын зураг байгаа. Энэ нь Б.Д-ийн нэр дээр гарч ирсэн. Энэ нь хавтаст хэргийн 159 дүгээр хуудаст байгаа. Ж.Б-ын хувьд эрх бүхий субъектийн кадастрын зураг байхгүй. Мэдээллийн санд мэдээлэл оруулахдаа эрх бүхий субъектийн кадастрын зургийг үндэслэх ёстой.

Үнэт цаас 2020 оноос хойш үнэт цаас хэвлэгддэг болсон. 2007 онд хүрэн бор өнгийн гэрчилгээ өгдөг байсан. Уг гэрчилгээнд нэгж талбарын дугаар бичигддэггүй байсан. Өнөөдрийн хувьд газар зохион байгуулалтын албанд очоод кадастрын зураг хэвлүүлье гэвэл үнэт цаасан дээр хэвлээд өгнө. Энэ нь 2020 оноос хойш хэрэгжиж эхэлсэн. Иймд хариуцагчийн зүгээс Б.Д-д олгогдсон 700 м.кв газрыг нэхэмжлэгч манайх гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Д-ийн нэр дээр гарсан 160 дугаар захирамж нь хууль ёсны гэж үзэж байна гэжээ.

11. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Д нь хуульд заасан шаардлагыг хангаж хүсэлтээ өгсний дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 160 дугаар захирамжаар 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Эзэмшил газартаа 2007 онд хашаа барьж, газрын төлбөрөө төлж, эрхийн зөрчилгүй эзэмшиж ирсэн. Газрын кадастрын зургийг газар зохион байгуулалтын албаны мэдээллийн сангаас 2013 онд гаргуулан авахад ямар нэгэн зөрчилгүй бүртгэлтэй байсан. 2019 онд мэдээллийн сангаас устгагдсан байсан. 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр газар зохион байгуулалтын албанд өргөдөл гаргасан. Гэтэл 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр танай хашааг хүмүүс нурааж байна гэж хөрш айлууд мэдээ өгсний дагуу очиход 4 4 У улсын дугаартай портер машинтай хүмүүс 2007 онд барьсан хашааг нурааж байсан. Энэ талаар газар зохион байгуулалтын албаны даргад мэдэгдэхэд газар зохион байгуулагч н.Б гэх хүнийг дуудаад газрыг хууль ёсны дагуу эзэмшиж байсан байна гэсэн. Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын алба 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр авагдсан газрын эзэмших эрх зөрчигдөж болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хариуг яаралтай мэдэгдэнэ үү гэсэн албан бичгийг гаргаж өгсөн. Гэвч газар зохион байгуулагч  нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй. 2021 оны 01-р сарын 13-ны өдөр буюу 3 сарын дараа нэгж талбар дээр байгаа газар нь маргаантай байгаа тул шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү гэж мэдэгдсэн. Үүний дагуу шүүхэд хандсан. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг ... эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан. Нэхэмжлэгч Ж.Б-д ямар нэгэн эрхийн гэрчилгээ байхгүй, газрыг эзэмшиж байсан гэх ямар нэгэн нотлох баримт байхгүй. 2007 оноос хойш Б.Д нь хуульд заасны дагуу тухайн газрыг эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байсан. 2019 онд Ж.Б-ын кадастрын зураг мэдээллийн санд гэнэт орж ирээд Б.Д-ийн бүртгэл устсан байгаа. Энэ нь ямар нэгэн шийдвэр, нотлох баримтгүйгээр хийгдсэн. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар иргэнд эзэмшүүлэх газрыг бүртгэх дарааллыг тодорхой заасан. Үүнд иргэн өөрөө хүсэлтээ гаргасны үндсэн дээр өргөдлийг хурлаар оруулж шийдвэрлэсний дараа захирамж гардаг. Захирамжийн дагуу гэрчилгээ олгож, гэрээ байгуулсны дараа кадастрын мэдээллийн санд кадастр бүртгэгдэх журамтай. Гэтэл энэ журамтай ямар ч хамааралгүйгээр 2019 онд кадастрын мэдээллийн санд өөрчлөлт орсон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй. Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагаа дэмжиж байна. Б.Д-д хууль ёсны дагуу газар эзэмшүүлсэн Засаг даргын 160 дугаар захирамж гарснаас 5 сарын дараа Засаг даргын 300 дугаар захирамжаар Ж.Б-д газар эзэмшүүлсэн. Уг 300 дугаар захирамжаар Б.Д-д олгосон маргаан бүхий газарт Ж.Б-д газар олгосон гэсэн нотлох баримт байхгүй. Кадастрын зураг болон нэгж талбар байхгүй байгаа. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан. Тэгэхээр цаг хугацааны хувьд түрүүлж шийдвэр гарсан этгээдэд нь газрыг эзэмшүүлэх нь хуульд нийцнэ. 15, 18 дугаар хорооны асуудлыг ярьж байна. Хороо нь зарим тохиолдолд нийлж, салж өөрчлөгдөж байдаг. Энэ нь чухал үндэслэл болохгүй. Газар нь нэгж талбарын дугаар, эргэлтийн цэгтэй байдаг. Нэгж талбар нь хүний регистрийн дугаар шиг хэзээ ч хашаа хөдлөхгүй. 2008 онд мэдээллийн санд орсон кадастрын зураг Ж.Б-ын кадастр гэдэгт итгэлтэй байна гэж дурдлаа. Хувь хүний итгэл үнэмшил чухал биш. Хэрэгт авагдсан нотлох баримт, бодит факт дээр үндэслэж тайлбараа хэлэх ёстой гэжээ.

12. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гуравдагч этгээд Б.Д-ийн эрх ашгийг зөрчиж байна. Нэхэмжлэгч газрын төлбөрийг тухай бүрд нь төлж ирсэн гэжээ. Хэргийн материалаас харахад 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр газрын төлбөр төлөх, мэдээллийн санд өөрчлөлт оруулах, айлын хашааг нураах бүх үйлдлүүд хийгдсэн байдаг. Газрын төлбөрийг нэхэмжлэгч тухай бүрд төлж ирээгүй. 13 жилийн дараа нөхөж төлсөн. Төлбөр төлөх нөхцөл нь мэдээллийн санд өөрсдийн зургийг ямар ч шийдвэргүйгээр оруулснаар үүссэн. Б.Д-ийн нэгж талбарын дугаар Ж.Б-ын нэр дээр бүртгэлтэй болсон учраас Б.Д нь газрыг төлбөрийг төлөх боломжгүй болсон.

Гэрчилгээ авах, хүсэлт 2007 оноос хойш гаргасаар ирсэн гэж тайлбарлалаа. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар 2020 оны 05 дугаар сарын 26 өдөр хүсэлт гаргасны дагуу хариу өгсөн. Энэ хүртэл 12, 13 жил хүсэлт гаргаад эс үйлдэхүй байсан гэдэг нь харагдахгүй байгаа. Иймд дээрх тайлбарууд үндэслэлгүй, баримтаар нотлогдохгүй байна. Хөөн хэлэлцэх хугацааны асуудал байна. Захиргааны байгууллага захирамжаа гаргасан. Захирамжид нэгж талбарын дугаар байхгүй байна гэж бодоход миний газар хаана байна гээд түүнийгээ хөөцөлдөхөд хуульд заасан тодорхой хугацаа үйлчилнэ. Гэнэт 13 жилийн дараа гарч ирээд би энэ газраа авмаар байна гээд явах нь хуульд заасан хугацааг зөрчсөн байна. Дээд шатны байгууллагад хандаагүй. Үүнийг анхаарч үзэх нь зүйтэй байх.

2007 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гарсан захирамжтай, 2007 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гарсан гэрчилгээтэй газар дээр 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдөр яагаад давхцуулж газар олгоод байна вэ. Хавтаст хэргийн 159 дүгээр хуудаст авагдсан “T с” ХХК-ийн 2007 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн кадастрын зураг, 160 дугаар хуудаст авагдсан Б.Д-ийн мэдээллийн санд албан ёсоор бүртгүүлсэн кадастрын зургуудаар Б.Д-ийн нэр дээр мэдээллийн санд түрүүлээд бүртгэл үүссэн байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан. Нэхэмжлэгч Ж.Б нь 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүсэлт гаргаад, захирамж нь гараад, кадастрын зураг нь батлагдаад, мэдээллийн санд орсон бол газар нь давхцалгүй байх ёстой. Хэн нэгэн газар давхцуулан авах боломжгүй. Тэгэхээр Газрын тухай хуулийг зөрчсөн байна. Хавтаст хэргийн 75 дугаар хуудаст авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын албан бичигт Б.Д-ийн нэр дээрх мэдээллийн сан дахь бүртгэлд өөрчлөлт ороод Ж.Б-ыг бүртгэсэн байна. Ямар шийдвэрийг үндэслэн бүртгэсэн нь тодорхойгүй байна гэсэн хариуг ирүүлсэн. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл няцаагдаж байна.

Хавтаст хэргийн 40 дүгээр хуудаст Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны албан бичиг, 43, 44 дүгээр хуудаст нэхэмжлэгч Ж.Б-ын 10 дугаар сарын 22-ны өдөр гаргасан өргөдөл, бүртгэл хяналтын карт байгаа. Үүнд Сэлбэ гэж дурдсан байдаг. Гэтэл Сэлбэ гэдэг маш өргөн уудам нутаг дэвсгэр юм. Сэлбийн аль хэсэгт гэж заасан ямар ч мэдээлэл байхгүй. Мөн хэзээ гаргасан гэсэн огноо, өргөдөл гаргагчийн гарын үсэг байдаггүй. Өргөдлийг хуульд заасан журмаар бичиж өгөөгүй байна. Харин Б.Д өргөдлөө маш дэлгэрэнгүй бичиж өгсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж буй процесс дарааллын талаарх тайлбар үндэслэлтэй байгаа. Нэг өдөр өргөдлөө гаргаад, түүнийг бүртгэл хяналтын картад бүртгэж аваад, хувийн компаниар кадастрын зургаа хийлгээд, түүнийгээ бүх бичиг баримттайгаа судлуулаад, судлаад давхцалгүй, ямар нэгэн зөрчилгүй бол захирамж гараад явах ёстой. Гэтэл кадастрын зургаа хийлгэхгүйгээр захирамж гарсан өдрөө шууд мэдээллийн санд бүртгэх боломж байхгүй байх. Шинжээчийн дүгнэлтэд маш дэлгэрэнгүй тодорхой тайлбарласан. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нь тухайн оны сүүлийн өдөр юм. Энэ өдөр Б.Д-ийн бүртгэл ямар нэгэн шийдвэргүйгээр алга болсон. Гэтэл дараагийн өдөр нь Ж.Б гэх хүн мэдээллийн санд ороод ирж байгаа. Энэ нь нийтээр амрах өдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байдаг. Албан бичиг болон мэдүүлгийг нь харахад 2020 оны 05 дугаар сард бүртгэсэн.

Б.Д нь 2013, 2016, 2018, 2019 онд газрын төлбөрөө төлсөн. Газрын төлбөрийг Ж.Б-ын болон Б.Д-ийн давхацсан нэгж талбарын дугаараар газрын төлбөрийг төлсөн. 2020, 2021 онд мэдээллийн сан дахь бүртгэлийг Ж.Б болгон өөрчилсөн учраас газрын төлбөрийг төлж чадаагүй. Б.Д нь газрын төлбөрөө төлж, хашаа барьж  газраа ашиглаж, манаач ажиллуулж байсан. Бүртгэлд өөрчлөлт орсны дараа 2020 онд хөршүүдээс нь мэдээлэл өгсний дагуу газар дээрээ орчиход хашааг нь буулгаад энэ газар он удаан жил байсан гэж нэхэмжлэгчийн зүгээс ярьсан байдаг. Амьдарч байгаагүй гэдгийг нь хөрш айлууд нь бүгд мэдэж байгаа. Б.Д нь газар эзэмшихдээ “T с” ХХК-иар кадастрын зургаа хийлгэсэн. Энэ кадастрын зураг бүртгэлтэй таарч байгаа. 2008 оны архивын зурган мэдээллийг хэн оруулсан нь мэдэгдэхгүй байсан. Б.Д-ийн эзэмшиж буй газрын нэгж талбарын дугаараар эзэмшигч нь тодорхойгүй бүртгэл хийгдсэн байдаг. Энэ эзэмшигч нь тодорхойгүй бүртгэлийг магадгүй Ж.Б оруулсан байх магадлалтай. Ж.Б-ын кадастрын зургийг шинжээчид явуулах гэсэн чинь андуурч Б.Д-ийн кадастрын зургийг явуулаад түүгээр нь таарч байна гэсэн дүгнэлт гарсан байгаа. Гэтэл энэ нь эсрэгээрээ Б.Д-ийн газартай 2008 оны газар таарч байна шүү гэсэн дүгнэлт болсон. Энэ шинжээчийн дүгнэлтэд шинжээч нар залруулга, тайлбар, мэдүүлэг өгсөн.

Нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасан маш олон заалтуудыг зөрчсөн. Газрыг хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр эзэмших, газрын төлбөрийг хугацаандаа төлөх, кадастрын мэдээллийн санд мэдээллээ хэзээ, яаж оруулах, газар эзэмших хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх гэсэн олон зохицуулалтыг зөрчсөн. Энэ бүхнийг зөрчөөд 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдөр газар эзэмшиж авсан гэдэг үндэслэлээр Б.Д-ийн газрыг өөрийн газар гэж маргах ямар ч үндэслэл байхгүй. Хэрэгт авагдсан бүх кадастрын зургийн доод хэсгийг дараад харагдахгүйгээр гаргасан байдаг. Үүнийг шүүхээс тодруулж ирүүлсэн. Мэдээллийн санд үүнийг оруулж байгаа хүн нөхөж хийсэн, эсхүл ажилдаа хайнга хандсан, эсхүл санаатайгаар хийсэн байх магадлалтай. Миний үйлчлүүлэгч н.Б нь ажлаасаа гарчхаад манай ээжийн газар байгаа юм асуудалгүй гэж гуйж байгаад Б.Д-ийн мэдээллийг устгуулж, өөрийн мэдээллийг оруулсан гэж ярьдаг. Төрийн мэдээллийн санд шийдвэргүйгээр хэн нэгэн яагаад дураараа өөрчлөлт оруулдаг юм бэ. Энэ бол маш ноцтой асуудал юм. Үүнээс газрын наймаа гэх мэт хууль бус зүйлүүд гардаг байх. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Ж.Б-ын нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ж.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг Ж.Б-д олгохгүй байгаа нь хууль бус гэж, иргэн Б.Д нь өөр газар газар эзэмших хүсэлт гаргасан байхад манай газартай давхцуулан газар эзэмшүүлсэн гэж маргаж байна. 

3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас иргэн Ж.Б-д газар эзэмшүүлэхдээ Б.Д-ийн эзэмшдэг газартай давхцуулан олгосон гэж маргаж байна.

4. Газрын албаны хувийн хэргийн материалаас үзвэл нэхэмжлэгч Ж.Б-д Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 18-р хороо, Сэлбэд зуслангийн зориулалтаар 700 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. Ийнхүү эзэмшүүлэхдээ газар эзэмшихийг хүссэн өргөдөл /огноогүй/, иргэний үнэмлэхний хуулбарыг үндэслэн олгосон байна. Бүртгэл хяналтын картад 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөр огноолсон. /1-р х.х-н 54-58/

5. Газрын албаны хувийн хэргийн материалаас үзвэл гуравдагч этгээд Б.Д-д Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 160 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 15-р хороо, Сэлбэд зуслангийн зориулалтаар 700 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. Ийнхүү эзэмшүүлэхдээ газар эзэмшихийг хүссэн өргөдөл /2007.5.16/, иргэний үнэмлэхний хуулбарыг үндэслэн олгосон байна. Бүртгэл хяналтын картад 2007 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөр огноолсон. /1-р х.х-н 60-64/ Уг захирамжийг үндэслэн 2007 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 0066749 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ. /1-р х.х-н 174/

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс иргэн Б.Д нь өөр газар хүссэн, энэ нь түүний өргөдөл, дүүргийн Засаг даргын захирамжид 15 дугаар хороо гэснээс харагдана гэж тайлбарлаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь иргэн Б.Д-ийн өргөдөлд “...тус дүүргийн 18-р хорооны нутагт Бэлхийн буюу Сэлбэ амралтын урд талд зуслангийн хашааны газар олгож өгнө үү” гэж /1-р х.х-н 63, 2-р х.х-н 110/, хүсэлтдээ хавсаргасан “Т с” ХХК-иар хийлгэсэн кадастрын зурагт “Хаяг СБД 18-р хороо” гэж /1-р х.х-н 159/, энэхүү зураг нь одоогийн маргаж байгаа газартай давхцаж байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан /2-р х.х-н 12, 83/, Сүхбаатар дүүргийн ИТХ-ын 2007 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Дөрөв. 18 дугаар хороо “...Дамбадаржаалин хийдийн хойт үзүүрээс....Хадат, Сэлбэ...нутаг дэвсгэрийг хамааруулж байхаар тогтов” гэснээс үзвэл иргэн Б.Д нь тухайн маргаж байгаа газар буюу тухайн үед 18-р хороо, одоогийн 20-р хорооны нутаг дэвсгэрт газар эзэмших хүсэлтээ гаргасан нь тогтоогдож байна. Харин Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2007 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 160 дугаар захирамждаа Б.Д-ийн эзэмшлийн газрын хороог буруу бичжээ.    

7. Нэхэмжлэгч Ж.Б нь Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандан Сэлбэд газар хүссэн өргөдлийг гаргасан /огноогүй/, уг өргөдлийг 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдөр бүртгэл хяналтын картад бүртгэсэн, уг өдөр захирамж гарсан, уг өдөр хэвлэсэн кадастрын зурагтай байна. /1-р х.х-н 54-59/

8. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт газар эзэмших тухай хүсэлтдээ хавсаргах баримт материалын жагсаалтыг заасан байх бөгөөд 32.2.2 дахь хэсэгт зааснаар эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зургийг нэхэмжлэгч хавсаргаж өгөөгүй байна. Ж.Б-ын хувийн хэргийн материалд авагдсан 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн зураг нь /2-р х.х-н 65/ мэдээллийн сангаас хэвлэсэн зураг байх бөгөөд энэ нь иргэн Б.Д-ийн кадастрын мэдээллийн санд оруулсан зураг гэж үзэх үндэслэлтэй. Учир нь 1-р хавтаст хэргийн 175-р хуудсанд авагдсан Б.Д-ийн 2007 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн кадастрын зургийн координат, газрын хэмжээ нэг байна.

9. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн мэдээлэлд /1-х х-н 75/

- 2008 оны 9 дүгээр сарын архивын зурган мэдээлэлд анх нэгж талбарын 18649325294741 дугаар бүхий 709 м2 талбайтай газар нь эзэмшигчийн мэдээлэлгүйгээр бүртгэгдсэн.

- Харин 2009 оны 10 дугаар сарын архивын зурган мэдээлэлд дээрх нэгж талбарын эзэмшигчийн мэдээлэл өөрчлөгдөн регистрийн Й дугаартай иргэний /Б.Д/ нэр дээр газар эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн байна. 

- 2020 оны 5 дугаар сарын зурган мэдээлэлд дээрх нэгж талбарын дугаар, талбайн хэмжээ болон эзэмшигчийн мэдээлэлд өөрчлөлт орж нэгж талбарын 1461901598 дугаар бүхий 708 м2 талбайтайгаар иргэн Ж.Б-ийн нэр дээр газар эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн байх бөгөөд өнөөг хүртэл өөрчлөлт ороогүй гэжээ.

10. 2008 оны 9 дүгээр сарын зурган мэдээлэлд нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн алиных нь ч нэр бүртгэлгүй байх тул нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн өөр өөрсдийнх зурган мэдээлэл орсон гэсэн тайлбарыг шүүхээс тогтоох боломжгүй байна. Гэсэн хэдий ч уг мэдээлэл хэний нэр дээр байснаас үл хамааран Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрх олж авсан иргэнийг бүртгэх журамтай.

11. Гуравдагч этгээд Б.Д нь тухайн газрыг хууль ёсны дагуу эзэмшиж байсан нь хэрэгт авагдсан фото зурагт түүний хашааг нурааж байгаа зураг, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн тайлбар, газрын төлбөрийг 2013, 2016 онуудад төлж байсан баримтаар тогтоогдоно. /1-р х.х-н 167, 176-177, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

12. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэж үзвэл Сүхбаатар дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн хуулийн заалтыг зөрчиж, иргэн Б.Д-д эзэмшүүлсэн газарт иргэн Ж.Б-д давхцуулан олгожээ.

13. Түүнчлэн Б.Д-ийн нэр дээр эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн зурган мэдээллийг 2020 оны 5 дугаар сард кадастрын зураглалын мэдээллийн нэгдсэн санд өөрчлөлт оруулсан нь Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2.“эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр кадастрын зураглалын мэдээллийг засварлах, бусдад дамжуулах.” гэж заасныг зөрчсөн байна.

14. Иймд гуравдагч этгээд Б.Д-ийн бие даасан шаардлагыг хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжийн Ж.Б-д холбогдох хэсгийг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол ....эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж зааснаар хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3 “эзэмшил, ашиглалтад олгогдсон ... газрын улсын бүртгэлд бүртгэх”, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1. “Газрын кадастрыг суманд газрын даамал, аймаг, нийслэл, дүүрэгт газрын алба, улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэнэ.” гэж зааснаар кадастрын зураглалын мэдээллийн нэгдсэн санд тухайн нэгж талбар бүхий газрыг Б.Д-ийн нэр дээр бүртгэлд оруулахыг Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд даалгаж, нэхэмжлэгч Ж.Б-ын Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг Ж.Б-д олгохгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.2, 32.2.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Б-ын Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг Ж.Б-д олгохгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан  Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжийн Ж.Будад холбогдох хэсгийг хүчингүй болгож, газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд тухайн нэгж талбар бүхий газрыг Б.Д-ийн нэр дээр бүртгэл оруулахыг Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шинжээчийн зардалд 1,007,976 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс тус бүр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 35100 төгрөгийг,  Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанаас 35100 төгрөгийг тус тус гаргуулж гуравдагч этгээд Б.Дд олгосугай.

         5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

 

 

ШҮҮГЧ                                                           Л.ӨЛЗИЙЖАРГАЛ