Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/161

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Э.Намуунзул,

         улсын яллагч Б.Ариунтөр,

         шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,

         шүүгдэгч У.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Бад холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: У.Б

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч У.Б нь 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын ...гэх газарт Ниссан Ноте маркийн тээврийн хэрэгслийг унаж Монгол Улсын засгийн газрын 7 дугаартай тогтоолоор ховор амьтны жагсаалтад орсон 3 тооны хулан адууг Дробовинк 12 маркийн галт зэвсгийг ашиглан хууль бусаар агнаж 58.290.000 /116.580.000/ төгрөгийн хохирлыг амьтны аймагт учруулан, тэдгээрийн түүхийг эд болох махыг бусдад зарж борлуулан 430,000 төгрөгийн орлогыг хууль бусаар олж, 60,84 кг хулан адууны мах буюу түүхий эдийг хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар У.Б нь 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын ...гэх газарт Ниссан Ноте маркийн тээврийн хэрэгслийг унаж Монгол Улсын засгийн газрын 7 дугаартай тогтоолоор ховор амьтны жагсаалтад орсон 3 тооны хулан адууг Дробовинк 12 маркийн галт зэвсгийг ашиглан хууль бусаар агнаж 58.290.000 /116,580,000/ төгрөгийн хохирлыг амьтны аймагт учруулан, тэдгээрийн түүхийг эд болох махыг бусдад зарж борлуулан 430,000 төгрөгийн орлогыг хууль бусаар олж, 60,84 кг хулан адууны мах буюу түүхий эдийг хадгалсан үйл баримт тогтоогдож байна.

          Дээрхи үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ггийн "....Монгол улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолоор Хулан адуу нь ховор амьтны жагсаалтад орсон. Мөн Засгийн газрын энэ оны 07 дугаар сарын 05-ны өдрийн "ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлах тухай" 260 дугаар тогтоолоор Хулан адууны экологи-эдийн засгийн Үнэлгээг нас хүйс харгалзахгүй 1 бодгаль тутам 19,340,000 төгрөгөөр тогтоосон. Мөн Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар амьтны аймагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийг Засгийн газрын тогтоосон амьтны экологи эдийн засгийн хохирлын үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно гэж заасан байдаг. Тэгэхээр 3 тооны хулан адууны экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ 58.020.000 /тавин найман сая хорин мянган төгрөг/, хохирлын нөхөн төлбөр нь 116,040,000 төгрөг болж байна. Дээрх хохирлын мөнгийг нэхэмжилж байна... Миний зүгээс ямар нэгэн гомдол саналгүй. Хуулийн дагуу шийдвэрлэхийг хүсэж байна” гэсэн мэдүүлэг /хх 25-26, 124 ху/,  гэрч С.Шгийн "...Тий ээжийн гэрийн үүдэнд би мотоциклтой очоод зогсож байхад манай эхнэр охин хоёр миний араас цагаан шаргал өнгийн машинтай ирээд удаагүй байхад цагдаа ирээд машиныхаа тээшийг сөх гэсэн. Би цагдаагийн газарт ирснийхээ дараа охины зарах гэж байсан махыг хулангийн мах гэдгийг мэдсэн. Үүнээс өмнө хулангийн мах гэж мэдээгүй, хонь ямааны мах зарах гэж байна гэж бодож байсан” гэсэн мэдүүлэг /хх 32 ху/, гэрч З.Цэрэндолгорын "...У.Б 07 дугаар сарын 20-ны өдөр хөдөө гэр лүүгээ ... улсын дугаартай Ниссан ноте маркийн автомашинтайгаа адуу хийж махыг авчирч надаар заруулна гэж явсан юм... 07 дугаар сарын 21-ний өдрийн өглөөний 11 цагийн үед Сайншандад буцаж ирээд би хөдөө гэрээс 3 адуу нядлаад махыг нь шулаад ирлээ, туранхай юм чинь хямдхан зарчхаад машиныхаа зээлийг төл гээд унтаад өгсөн. Би махыг уутанд хийгээд гэртээ хиллэж үзэхэд 120 орчим кг болж байсан. Тэгээд би эгчдээ болон хойд аав Ш нарт адууны мах хямдхан авах хүн байна уу гэж асуулгаад арын төмөр замын 40 айлын гадаа зогсоол дээр мах авъя гэж байна гэж залгахаар нь би машинтай очиж 10 кг махыг 1 кг-ийг нь 6000 төгрөгөөр нийт 60,000 төгрөгөөр зарж мөнгийг нь бэлнээр авсан, дараагийнхыг нь шар дэлгүүрийн орчим очиж 30 кг махыг 1 кг-ийг нь 5000 төгрөгөөр 150,000 төгрөгөөр бэлэн мөнгөөр зарсан. Бэлэн мөнгөөр зарсан 210,000 төгрөг дээр өөрт байсан 100,000 төгрөгийг нэмээд 310,000 төгрөгийг У.Бын ХААН банкны ... дугаарын данс руу хийсэн... Тэгээд нэг хүн мөн дугаар луу залгаж арын уурын зуухны хажууд 10 кг мах 1 кг-ийг нь 6,000 төгрөгөөр худалдан авахаар болж ...дугаарын данснаас 60,000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд хүргэж өгөх гээд явж байх замдаа арын 40 айлын зогсоол дээр 10 кг мах 1 кг-ийг нь 6,000 төгрөгөөр худалдаж мөнгийг нь ... дугаарын дансаар 60,000 төгрөг шилжүүлж авсан. Тэндээсээ хөдлөөд өмнө нь 60,000 төгрөг шилжүүлсэн айл руу мах хүргэж өгөх гэж яваад цагдаа шалгаж баригдсан. Тэр 60,000 төгрөгийг шилжүүлсэн хүнд 60,000 төгрөгийг маргааш нь буцааж өгсөн... Би нийтдээ 50 кг махыг 270,000 төгрөгөөр зарсан. Үлдсэн 60 кг гаруй махыг цагдаа хурааж авсан. Би тэр хүртэл хулангийн мах гэж мэдээгүй, нөхрийг зээлээ дарах гээд өөрийнхөө адуунаас хийгээд ирсэн, манай хөдөө гэр лүү цаг муу учир мал туранхай учраас авчирсан мах нь ч гэсэн туранхай адууных гэхээр нь би хямдхан зарсан. ...Б гэрт унтаж байсан учир би Бын ХААН банкны ... дугаарын дансны виз карт, мөн ... дугаарын утсыг авч явсан юм. Мах худалдан авах гэж хүмүүс ... дугаар луу ярьж байсан... Б 07 дугаар сарын 05-нд Бийн 1000 нэрийн бараа гэдэг дэлгүүрээс 6 ширхэг сум 1 сумыг 15,000 төгрөгөөр нийт 90,000 төгрөгөөр худалдан авч мөнгийг нь өөрийн ХААН банкны ... дугаарын данснаас шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх 34-35 ху/, гэрч Ч.Бийн " ...Би 07 дугаар сарын 05-ны өдөр Дробовинк 12 маркийн галт зэвсгийн 6 ширхэг сумыг 1 ширхгийг нь 15,000 төгрөгөөр нийт 90,000 төгрөгөөр худалдаж ХААН банкны ... дугаарын дансаар мөнгийг нь авсан. Би ямар хүн худалдаж авсныг санахгүй байна” гэсэн мэдүүлэг /хх 37 ху/, Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн №421 дугаартай .... Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн "Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлах тухай"-д 260 дугаар тогтоолоор Хулан адууны экологи-эдийн засгийн үнэлгээ /нас, хүйс харгалзахгүйгээр/ 19,430,000 төгрөгөөр баталсан. ...Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т /Амьтны аймагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно/ гэж заасны дагуу 1 бодгаль Хулан адууны нөхөн төлбөр 19,430,000 төгрөг нийт 3 бодгаль Хулан адууны хохирол 116,580,000 төгрөг болно" гэсэн албан бичиг /хх 40-41 ху/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2777 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 47-55 ху/, хохирлын үнэлгээ /хх 59-60 ху/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 86 ху/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-7 ху/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх 8, 10-18 ху/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 9 ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 17 ху/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч У.Бын “Гэм буруугаа ойлгож байгаа. Хохирлыг төлнө, маргахгүй. Машиныг банк бус байгууллагаас зээлээр авсан. Одоо цагдаагийн газрын хашаанд байгаа. Машинаа авах хүсэлтэй байна. Хэргийн хувьд маргахгүй. Прокурорын ялын саналыг зөвшөөрнө” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч У.Бын ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

         Шүүгдэгч У.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөр төлөхөө илэрхийж байгаа байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаархи саналыг яллагдагч У.Бад танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

           Иймд шүүгдэгч У.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, түүхий эдийг хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах,мөн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэлээ.

Энэ гэмт хэргийн улмаас амьтны аймагт 3 хулан буюу  58,290,000 төгрөг хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч хохирол төлбөр төлөөгүй байна.

Засгийн газрын 2023 оны 260 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлах тухай” үнэлгээнд хулан адуу 19.430.000 төгрөг гэж, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж, мөн зүйлийн 37.2-т “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч У.Баас хохирол болох 58,290,000 төгрөгийг 2 дахин өсгөж 116.580.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ... улсын дугаартай Ниссан Ноте маркийн тээврийн хэрэгсэл ньН-ын эзэмшилд байгаа болох нь хавтаст хэргийн 62 дугаар хуудсанд авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр нотлогдож байх тул тээврийн хэрэгслийн үнэ 11.500.000 төгрөг, мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох хулан адууны мах худалдан борлуулсаны 430.000 төгрөгийг тус тус шүүгдэгч У.Баас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан галт зэвсэг болох 102375 дугаартай Дорвинк-12 маркийн буу 1 ширхэгийг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж, сум 1 ширхэг, сумны хонгио 5 ширхэг, Дорноговь аймгийн Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадалгалагдаж байгаа хулан адууны мах 60.84 кг, туурай 12 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч У.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, түүхий эдийг хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Быг хорих ял оногдуулахгүйгээр 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч У.Бад гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

        4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч У.Бад оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

         5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 102375 дугаартай Дорвинк-12 маркийн буу 1 ширхгийг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж, сум 1 ширхэг, сумны хонгио 5 ширхэг, Дорноговь аймгийн Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадалгалагдаж байгаа хулан адууны мах 60.84 кг, туурай 12 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

         7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ... улсын дугаартай Ниссан Ноте маркийн тээврийн хэрэгслийн үнэ 11.500.000 /арван нэгэн сая таван зуун/ төгрөг, экологи-эдийн засагт учруулсан хохирол 116.580.000 /нэг зуун арван зургаан сая таван зуун наян мянга/ төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого 430.000 /дөрвөн зуун гучин мянга/ төгрөгийг тус тус шүүгдэгч У.Баас гаргуулж улсын орлого болгосугай.

         8.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА