Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 00113

 

 

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 153/ШШ2020/00113

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                            

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багт оршин суух, С овогт Д-ийн М //-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 153/2020/00004/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюун нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Хотгорхаг бригадад 1984 оны 06 сараас эхлэн малчин, саальчнаар 1988 оны 07 сарын 05-ны өдөр хүртэл ажиллаж байгаад, 1988 оны 07 сарын 05-ны өдрөөс 1988 оны 10 сарын 10-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн туслах үйлдвэрт нормчин, 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн талхны үйлдвэрт ажилчин, эрхлэгчээр, 1989 оны 05 сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 сарын 16-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн туслах үйлдвэрт нормчноор, 1992 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 01- ний өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хүүхдийн цэцэрлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан.

Миний орсон гарсан зарим тушаалууд архиваас олдохгүй байгаа бөгөөд хөдөлмөрийн дэвтрийн зарим хуудас урагдсан.

Иймд гэрчийн мэдүүлэг, шагнал урамшуулалууд, ажиллаж байх үеийн зураг зэрэг баримтыг үндэслэн шүүхээр тогтоолгох хүсэлтэй байна.

Д.М намайг 1984 оны 06 дугаар сараас 1988 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Хотгорхаг бригадад малчин, саальчнаар, 1988 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн туслах үйлдвэрт нормчин, 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн талхны үйлдвэрт ажилчин, эрхлэгчээр, 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1992 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнбүрэн сумын хүүхдийн цэцэрлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюун нь шүүх хуралдаад гаргасан тайлбартаа:...Солон овогт Дамдинсүрэнгийн М, ПО69060909 регистрийн дугаартай, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багт оршин суудаг бөгөөд шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслээд Д.Мг....1989 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Үйлдвэр бригадад үйлдвэрт ажилчнаар, 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Талхны цехэд ажилчин, эрхлэгчээр, 1992 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хүүхдийн цэцэрлэгт үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна....Тус нэхэмжлэлийн шаардлагын талаар хэрэгт цугларсан баримтууд болон өөрөөс нь лавлаж асуухад тухайн үед найзыгаа дуурайгаад бичсэн гэж хэлсэн. Надад итгэмжлэлээр нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, ихэсгэх эрх нь олгогдсон учраас нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Нэхэмжлэгч нь 1987 онд 10 дугаар анги төгсөөд 1987-1988 оны хооронд ТМС-д суралцсан талаар хэлсэн....Барилгачин Нормчин хоёрын хооронд нээх их ялгаа байхгүй учраас нэхэмжлэгч Д.Мг 1988 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Үйлдвэр бригадад барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна....гэв.

 

   Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.М нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюун нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг Д.Мгийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Үйлдвэр бригадад 1988 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл барилгачнаар, 1989 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажилчнаар, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн талхны цехэд 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилчин, эрхлэгчээр, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хүүхдийн цэцэрлэгт 1992 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж өөрчилсөн байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.М нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Үйлдвэр бригадад 1988 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл барилгачнаар, 1989 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажилчнаар, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн талхны цехэд 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилчин, эрхлэгчээр, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хүүхдийн цэцэрлэгт 1992 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 303 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн даргын 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 60 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 20 дугаартай Дамдинсүрэн овогтой М нь 1992 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 01 хүртэл Эрдэнэбүрэн сумын Цэцэрлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан нь үнэн болно гэх бичвэртэй албан бичиг, 251869 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, гэрч М.Цагаанцоожийн ....Би 1984 оны хавар Ховд аймгийн 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн 10 дугаар ангийг төгсөөд Улаанбаатар хотод 45 хоногийн багшийн курс төгссөн. 1984 оны 9 сараас Ховд аймгийн Манхан суманд Монгол хэл уран зохиолын багшаар 1985 оны 6 сар хүртэл ажилласан. 1986 оны 10 сараас Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын цэцэрлэгт багшаар ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш Эрдэнэбүрэн сумын цэцэрлэгт багш, туслах багш, эрхлэгчээр тасралтгүй одоог хүртэл ажиллаж байна.... Д.М нь 1992 оны 8 сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 сар хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын цэцэрлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан....Цэцэрлэгт ажилд орохоосоо өмнө Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн талхны цехэд ажиллаж байгаад нэгдэл тарахаар цэцэрлэгт орж ажилласан.... гэх мэдүүлэг, гэрч Д.Наранцэцэгийн ....Намайг 1988 оны хавар Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн талхны цехэд ажилд ороход М нь талхны цехийн эрхлэгчээр ажиллаж байсан. Талхны цех нь талхчин, галч, эрхлэгч гэсэн 3 хүний бүрэлдэхүүнтэй байсан....Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн талхны цехэд ажиллаж байгаад цех татан буугдахаар 1989-1992 онуудад нэгдлийн туслах үйлдвэрт ажиллаж байгаад цэцэрлэгт ажилд орсон.... гэх мэдүүлэг, тус шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 12 жилийн 2 дугаар дунд сургуулийн архивт хадгалагдаж байгаа 1987 онд 10 дугаар анги төгсөгчдийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, уг үзлэгээр 1987 онд 10е анги төгсөгчдийн анкетнээс Д.Мд холбогдох хэсгийн хуулбар, тус шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн ЗДТГ-ын архивын тасагт хадгалагдаж байгаа 1987-1992 онуудын Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн цалин хөлсний 70 дугаар данс, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн даргын тушаал зэрэгт Д.М гэх нэрээр, 1992-1994 онуудын Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хүн эмнэлгийн эрхлэгчийн тушаал, цалин хөлсний /цалингийн карт/ баримт, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн тушаал, цалин хөлсний /цалингийн карт/ баримт зэрэгт Д.М гэх нэрээр үзлэг хийсэн тэмдэглэл, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн даргын 1988 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 51 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 6, 7, 12, 17-38, 48-49, 51-52, 59, 60, 66-68, 69 дүгээр тал/

 Нэхэмжлэгч Д.М нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1994 оны 12 дугаар сараас 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1616000065 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 8 дугаар тал/

 Хавтаст хэргийн 9-11 дүгээр дугаар хуудсанд авагдсан иргэн М.Цагаанцоож, Г.Цэнд-Аюуш, З.Цагаанцоож нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 13 дугаар хуудсанд авагдсан фото зураг нь хэдэн онд авхуулсан болох нь тодорхойгүй, хавтаст хэргийн 14-16 дугаар хуудсанд авагдсан гэрчилгээнүүд нь огноо засвартай, Д.М гэх нэр засвартай, 1987-2-15 өдөр олгосон гэх баярын бичиг нь нэр засвартай, бодит байдалтай нийцэхгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Д.Мгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч С овогт Д-гийн М //-ийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Үйлдвэр бригадад 1988 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл барилгачнаар, 1989 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажилчнаар, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн талхны цехэд 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилчин, эрхлэгчээр, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хүүхдийн цэцэрлэгт 1992 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Мгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             С.ОЮУНЖАРГАЛ