Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 00220

 

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 153/ШШ2020/00221

Ховд аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Бугат баг, ... тоотод оршин суух, .. дугаарын регистртэй, Х овогт Д-ийн Т-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Жаргалан баг, Шинэ .. айлын орон сууц ...  тоотод оршин суух, .. дугаарын регистртэй, Х овогт Г-ын О-т холбогдох 220,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Т, хариуцагч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: миний бие 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хаан банкнаас зээл аваад гарч ирэх үед Г.О нь 320.000 төгрөг зээлж аваад өгөөгүй. Харин би энэ үед 100.000 төгрөгийн өглөгтэй байсан. Үлдсэн 220.000 төгрөгийг одоо хүртэл өгөөгүй байсан ба Нарандуламтай нийлж худалч хулгайч болгон доромжилж байна. Энэ 2 хүн нийлж залилан хийж байгаа тул зээлсэн 220.000 төгрөгийг Г.Оээс гаргуулж өгнө үү   гэжээ.

Хариуцагч Г.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Д.Тийн нэхэмжилсэн 220,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Татгалзах зүйлгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Г.От холбогдуулан 220,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд хариуцагч Г.О нь нэхэмжлэгч Д.Тийн нэхэмжилсэн 220,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,250 төгрөгөөс 3,625 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Тт буцаан олгож, хариуцагч Г.Оээс улсын тэмдэгтийн хураамжид 3,625 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.

Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Г.О нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Д.Тийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.От холбогдох 220,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.О нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 220,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,250 төгрөгөөс 3,625 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Тт олгож, хариуцагч Г.Оээс улсын тэмдэгтийн хураамжид 3,625 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ