Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 00222

 

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 153/ШШ2020/00222

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Манхан сум, Баянгол багт оршин суух, .. дугаарын регистртэй, Т овогт А-ын Цгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр  иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч А.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

А.Ц нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: миний бие 1969 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Амаржаргалын 3 дахь охин болж төрсөн. Бага насаа эхийн хамт өнгөрөөж байгаад, Ховд аймгийн Манхан сумын 8-н жилийн дунд сургуульд 1977 онд 1-р ангид элсэн орж, 1984 онд 8-р анги төгссөн. Наймдугаар ангиа төгсөөд Увс аймгийн Техник мэргэжпийн сургуулийн барилгын ангид элсэн орж суралцаад 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдөр төгссөн. Сургуулиа төгсөж ирээд 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Монгол барилга нэгдлийн харьяа Зөвлөлтийн барилгын 3 дугаар трест /СОТ-3/-ийн Монгол ажилчдын захиргаанд өрлөгчнөөр ажиллаж эхэлсэн. Тус газраа 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан. Анх ажилд ороход хувийн хэрэг, мэргэжлийн үнэмлэхийг Галбадрах гэдэг орчуулагчаар ажиллаж байсан хүн хурааж авсан боловч ажпаас гарахад тэр бичиг баримт болон хөдөлмөрийн дэвтрийг ажлаас гарахад өгөөгүй. Архивын тасаг дээр очиж баримт шүүлгэж үзэхэд тус газрын баримтууд шилжиж ирээгүй гэсэн тул лавлагаа авсан. Ийм учраас тэтгэвэрт гарч чадахгүй, шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

Миний бие нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль-д зааснаар 1990 оноос 2000 оны хооронд 11 жил нөхөн тооцуулсан учраас хүсэлтийнхээ шаардлагыг 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гэж тодорхойллоо. Иймд А.Ц намайг Монгол барилга нэгдлийн харьяа Зөвлөлтийн барилгын 3 дугаар трест /СОТ-3/-ийн Монгол ажилчдын захиргаанд 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал өрлөгчнөөр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч А.Цгийн 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Монгол барилга нэгдлийн харьяа Зөвлөлтийн барилгын 3 дугаар трест /СОТ-3/-ийн Монгол ажилчдын захиргаанд өрлөгчнөөр ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч А.Ц нь 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Монгол барилга нэгдлийн харьяа Зөвлөлтийн барилгын 3 дугаар трест /СОТ-3/-ийн Монгол ажилчдын захиргаанд өрлөгчнөөр ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 107 дугаартай албан бичиг,

Хүсэлт гаргагчийн 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр нээлгэсэн 0772961 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1608000546 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн 1986 он, 1989 он, 1987 он, 1986 оны 09 дүгээр саруудад Ховд аймгийн СОТ-3 ПСМК-4 орос трестийн барилгад ажиллаж байх үедээ авахуулсан гэрэл зургууд, гэрчийн тодорхойлолт өгсөн иргэн Базарсад овогтой Дариймаагийн 1988 оны шагналын бичиг, бригадын эмэгтэйчүүдэд 1988 оны 03 дугаар сарын 05-ны өдөр олгосон баярын бичиг, мэргэжлийн үнэмлэхийн эх хувь

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 126/000518 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа

Иргэн Б.Дариймаагийн ...Миний бие Амаржаргалын Цтой Ховд аймгийн СОТ-3 ПСМК-4 орос трестийн барилгад 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хамтдаа ажиллаж байсан бөгөөд А.Ц нь өрлөгчнөөр ажилладаг байсан... гэх тодорхойлолт

ИргэнЦ.Нямжаргалын ...Миний бие Амаржаргалын Цтой Ховд аймгийн СОТ-3 ПСМК-4 орос трестийн бригадад хамтдаа ажиллаж байсан бөгөөд А.Ц нь өрлөгчнөөр ажилладаг байсан... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан А.Цгийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Тостынхон овогт Амаржаргалын Цг 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Монгол барилга нэгдлийн харьяа Зөвлөлтийн барилгын 3 дугаар трест /СОТ-3/-ийн Монгол ажилчдын захиргаанд өрлөгчнөөр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ