Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 00223

 

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 153/ШШ2020/00223

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Буянт сумын Цагаанбургас багт оршин суух, ... дугаарын регистртэй, Б овогт Г-ийн Х-ийн хүсэлттэй Ж.Д-гийн ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Г.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Г.Х нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч Г.Х нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Жамсрангийн Д нь 1970 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд Жамсрангийн 5 дахь хүү болж төрсөн. Ховд аймгийн Буянт сумын 8-н жилийн дунд сургуульд 1978 онд 1 дүгээр ангид элсэн орж 1986 онд 8 дугаар анги төгссөн. Наймдугаар ангиа төгсөөд 1986 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1988 оны 6 дугаар сарын 20-ны өдөр цэргийн албанд татагдаж, цэргийн алба хаагаад 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдөр халагдсан. Цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд үргэжпүүлэн эцэг, эхийн хамт мал малласан. Нэгдэл тартал мал маллаж байгаад Соёл ХК болоход мөн малчнаар ажилласан. 1998 онд Ж.Д нь Гүндийн Х надтай гэр бүл болж бид хоёр Ховд аймгийн Буянт сумын Цагаанбургас багт хувиараа хамтран мал маллаж амьдарсан. Бид хоёрын дундаас хоёр хүүхэд төрсөн. Миний нөхөр Ж.Д нь насаараа мал маллан амьдарч байгаад 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өвчний улмаас нас барсан.

Миний нөхөр Ж.Д нь 1992-2000 оны хооронд Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан. Гэтэл миний нөхрийг нас барснаас нь хойш Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамруулж нөхөн тооцуулсан байсан учраас 2017 онд акт тавигдаад, шүүхээр ажиллаж байсан байдлыг нь сэргээн тогтоолгож ир гэсэн тул шүүхэд Ж.Дгийн ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгохоор хандаж байна. Иймд Ж.Дг Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд 1986 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагчийн Ж.Дг 1986 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Ж.Д нь 1986 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол буюу 1 дүгээр бригадын 1986 оноос 1988 он, 1990 оноос 1992 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс

Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 05/3650 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ж.Д нь 1988 оны 06 дугаар сарын 20-ны өдөр цэргийн албанд татагдаж, 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдөр цэргээс халагдсан тухай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 126/000283 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 126/000200 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 126/000199 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 о ны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаартай Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэл нь 1992 оны 01 дүгээр сарын 17-нд Соёл ХК болж улсын бүртгэлд бүртгэгдсэн тухай лавлагаа,

Иргэн О.Эрдэнэцогтын ...Ж.Д нь 1988 онд цэргийн албанд татагдаж, 1990 онд цэргээс халагдаж ирсэн. 1991 оноос Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 2013 онд нас барсан... гэх тодорхойлолт,

Иргэн Я.Баатархүүгийн ...Миний бие 1986 оноос хойш Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд Ж.Дтай хамт малчнаар ажиллаж байсан нь үнэн.... гэх тодорхойлолт

Иргэн А.Биганы ... Миний бие 1986 оноос хойш Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд Ж.Дтай хамт малчнаар ажиллаж байсан нь үнэн.... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ж.Дгийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан С овогт Ж-ийн Д /../ -г 1986 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ