Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 00224

 

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 153/ШШ2020/00224

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Зэрэг сум, Гүвээ багт оршин суух, ... дугаарын регистртэй, Т овогт О-ын Н-ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч О.Н нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Очир овогтой Н миний бие 1965 оны 2 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой. 1973 онд Зэрэг сумын сургуульд элсэн орж 1981 онд 8 дугаар анги төгсөөд Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд эцэг эхийнхээ хамт мал маллаж эхэлсэн. Мал маллаж байгаад 1983 онд цэргийн албанд татагдаж, 1986 онд цэргийн албанаас халагдсан. Цэргийн албанаас халагдаж ирээд эцэг, эхийнхээ хамт тус нзгдэлдээ үргэлжлүүлэн мал маллаж эхэлсэн. Тэр үеийн хөлсийг нэг өрх болгон өрхийн тэргүүн эцгийн нэр дээр данслан бичиж байсан болно. 1988 онд гэр бүл болж өрх тусгаарлан эхнэрийн хамт 1990 он хүрттэл Хөдөлмөр нэгдлийн мал маллаж байгаад 1990 онд байгуулагдсан Хөдөлмөр компанид 1993 оны 2 сар дуустал буюу компани тартал малчнаар ажилласан билээ. Одоо 1980-1983 оны хооронд ажиллаж байсан үеийн бичилтийг хөдөлмөрийн дэвтэр дээр бичээгүй улмаас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т ...Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байна.

Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанд түүнийг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагч О.Нийн 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар, 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч О.Н нь 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар, 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 93 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ бригадын 1980 оноос 1983 он, 1986 оноос 1989 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс

Хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн 0774275 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1993 оны 03 дугаар сараас 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1607000427 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 842200027 дугаартай малчин мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Зэрэг сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2020 о ны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 08/397 дугаартай албаг бичгээр ирүүлсэн цэргийн алба хаасан талаархи лавлагаа,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 126/000363 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 126/000362 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 27 дугаартай Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэл нь 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хөдөлмөр ХК болж улсын бүртгэлд бүртгэгдсэн тухай лавлагаа,

Иргэн Х.Баярсайханы ...О.Н нь 1981 онд Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн дунд сургууль төгсөөд Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. 1983 оноос 1986 оны хооронд цэргийн алба хаасан. 1988 онд гэр бүл болж 1993 оныг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэл болон Хөдөлмөр ХК-д малчнаар ажиллаж байсан... гэх тодорхойлолт

Иргэн Д.Галсандоржийн ...О.Н нь 1981 онд Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн дунд сургууль төгсөөд Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. 1983 оноос 1986 оны хооронд цэргийн алба хаасан. 1988 онд гэр бүл болж 1993 оныг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэл болон Хөдөлмөр ХК-д малчнаар ажиллаж байсан... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан О.Нийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Харин хүсэлт гаргагчийн 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэх шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй, Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн даргын 1987 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 41 дугаартай ажилд томилох тухай тушаалд төмс хүнсний ногооны ажилчдаар ...С.Санжсамбуу... нарыг томилсон байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Тавинаахан овогт Очирын Нийг 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар, 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ