| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 188/2023/0601/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/978 |
| Огноо | 2023-08-18 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Б.Энэрэл |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 2023/ШЦТ/978
2023 08 18 2023/ШЦТ/978
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
нарийн бичгийн дарга: Д.Ренчинханд,
улсын яллагч: Б.Энэрэл,
шүүгдэгчийн өмгөөлөгч: А ,
шүүгдэгч: Ц нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн Ц холбогдох эрүүгийн 230 .....00000806 тоот хэргийг 2023.08.02-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....... аймгийн ....... суманд ... оны ... дүгээр сарын ....-ны өдөр төрсөн, эмэгтэй, .... настай, дээд боловсролтой гэх, бизнесийн удирдлага мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Овооны 5-16 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД:............/ Б овогт М Ц нь боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц нь “Отгонтэнгэр” их сургуулийн 201617293 дугаартай “Боловсролын бакалавр зэргийн” хуурамч дипломыг ашиглан 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 5 дугаар 16-ны өдрийг хүртэл хугацаанд Сонгинохайрхан дүүргийн ..... дүгээр цэцэрлэгт бүлгийн багш, арга зүйч багшаар ажилласан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,
- Боловсрол шинжлэх ухааны яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын ХШҮДАГ-22-05-16 дугаартай танилцуулга, хавсралт /хх-18-66/,
- Хохирогч Б “... Ц 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр туслах багшаар ажилд аваад мөн оныхоо 8 дугаар сарын 26-ны өдөр бүлгийн багшаар дэвшүүлэн ажилд томилсон. Учир нь Ц нь ажилдаа сайн, ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. бас сургуульд сурч төгсөн албан ёсны дипломтой болсон гээд ирэхээр нь ажилд дэвшүүлэн ажиллуулж байсан. Ц нь арга зүйчээр ажиллах бүх шаардлагыг хангаж байгаа учраас арга зүйчээр ажиллуулж байгаа" гэх мэдүүлэг /хх-125-126/,
- Гэрч Э: /БШУ Яамны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга/ ...манай байгууллагад ЕSIS, НEMIS гэсэн үндсэн 2 программ ашиглагддаг юм. Тухайн НEMIS программд бүх их, дээд сургуулиуд төгсөгчдийн мэдээллийг оруулдаг ба түүнийг боловсролын ерөнхий газар баталгаажуулдаг байсан. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем гэдэг нь НEMIS программ буюу их дээд сургууль төгсөгчдийн дипломын мэдээлэл юм. Шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан. Гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн юм. Тэрнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мэдээллийг байгууллагад хүргүүлээгүй..." гэх мэдүүлэг /хх-84-86/,
- Гэрч Н/НМХГ-ын Боловсрол хяналтын улсын байцаагч/: "... Уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна. Ажлын хэсэг нь хуурамч дипломтой багш, удирдах ажилтантай холбогдож уулзаагүй тайлбар өгөөгүй байгаа" гэх мэдүүлэг /хх-89-91/,
- Гэрч Т/ НМХГ-ын Боловсрол хяналтын улсын байцаагч/: Миний хувьд бол өөрийн ажил, үүргийн дагуу дипломын хуурамч мөн эсэх болон үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт, Е515 программд дипломын дугаараар хайлт тус тус хийсэн юм. Зарим багш нарын хуурамч дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил бол илэрсэн Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваад зөвхөн дээрх бүртгэл, мэдээллүүдээс шүүлт хийх замаар зөрчилтэй дипломыг тодруулсан. Ангилсан кодыг уншихдаа 1.1 Дипломын дугаар давхацсан, Бусдын дипломын дугаарыг ашигласан, 1.2 Дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй, илтэд хуурамчаар үйлдсэн, 1.3 Тухайн сургуулийн буруутай үйл ажиллагаанаас /Сургуулиуд өөрсдөө төгсөгчдийн Дипломын дугаарыг давхцуулж олгосон/, 1.4 Дээд шатны байгууллагын буруутай уйл ажиллагаанаас Яамнаас тухайн жилд олгогдсон дипломын дугаарын сургуулиудад давхцуулан олгосон/, 1.5 Дараагийн шатанд зөрчилтэй диплом ашиглан суралцсан зэрэг зөрчлүүд илэрснийг тус тус ангилсан юм.... Дээрх зөрчлүүдээс 1.1, 1.2 кодтой зөрчил илэрсэн мэдээллийг танай байгууллагад хүргүүлж байгаа юм” гэх мэдүүлэг /хх-92-94/,
- Гэрч А: /Боловсрол, шинжлэх ухааны яамны Цахим бодлого статистикийн хэлтэст шинжээч/... Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/265 дугаар тушаалаар батлагдсан боловсролын салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмын 2.2.9. 3.2.3.3.3.4, 3.10.1-ээс 3.103 хүртэлх заалтуудын дагуу тухайн сургуулийн Мэдээллийн санг баяжуулж мэдээлэлд хяналт тавьж үнэн зөв бодит байдлыг бүрэн хариуцах зохицуулалттай байдаг. Тийм болохоор программ дээр байгаа иргэний үнэн зөв байгаа эсэхийг систем нотлохгүй тухайн сургуулийн захирлын тушаал, сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн статистик мэдээ болон бусад баримтад үндэслэн программ дээр оруулдаг. Программ дээр буруу шивсэн байвал хариуцлагыг тухайн их, дээд сургууль хариуцахаар сайдын тушаал, статистикийн тухай хуулиар зохицуулж өгсөн байдаг..." мэдүүлэг /хх-95-98/,
- Гэрч Д /БСШУЯ-ны хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газарт ахлах шинжээч/... Ерөнхийдөө манай яамны дотооддоо ашиглах байгаа цахим, мэдээллийн бааз дээр тулгуурлан мөн өөрсдийн архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг мөн давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн юм. Дээрх он, цаг үеийн өөрчлөлтөөр курс төгсөж багш болсон хүмүүсийг дипломын зөрчилтэйд тооцсон боловч цагдаагийн хүргүүлсэн жагсаалт дунд оруулаагүй. Илтэд хуурамч дипломтой, бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллага шалгуулахаар хүргүүлсэн байгаа. Эдгээр хүмүүс хуурамч диплом ашиглаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа учраас үүнийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм..." гэх мэдүүлэг /хх-101-103/,
- Гэрч У :“Тухайн үед Н нь “ Ц диплом гаргуулах шаардлагатай байна гэж байна, хоёулаа дундаас нь мөнгө олъё би диплом гаргадаг хүн олчихлоо” гэж хэлсэн. Нямцэцэг нь “хөдөө явахаар боллоо энэ дипломыг Ц өгөөрэй” гээд надад үлдээсэн. Би захисны дагуу Цтай холбогдож байгаад өгч байсан” гэх мэдүүлэг /хх-108/,
- Ц ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалын хуулбарууд /хх-137-142, 224/,
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-146-148/,
- Хүүхдийн цэцэрлэгийн арга зүйчийн албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт /хх-211-215/,
- Хүүхдийн цэцэрлэгийн багшийн албан тушаалын тодорхойлолт /хх-216-217/,
- М. Цтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-218-223/,
- Ц олгосон цалин хөлсний дэлгэрэнгүй тооцоо /хх-229-235/,
- Отгонтэнгэр” Их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийг 2016 онд төгссөн гэх 02011617293 дугаартай, багш, сургуулийн өмнөх насны боловсрол мэргэжил /D011201/-ийн “Боловсролын бакалавр” зэрэг олгосон диплом эх хувиараа зэрэг баримтууд хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх баримтууд, шүүгдэгч М. Ц гийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил, түүнчлэн нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц нь Сонгинохайрхан дүүргийн ..... дүгээр цэцэрлэгт 2016 оны 4 дүгээр сарын 1-ээс туслах багшийн үүрэгт ажилд түр хугацаанд ажиллаж эхэлсэн ба тухайн цэцэрлэгтээ бүлгийн багшаар 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс томилогдон дэвшиж ажиллахдаа ашигласан 201617293 дугаартай “Боловсролын бакалавр” зэргийн диплом нь хуурамч болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан гэрч Э, Н, Т, А, Д нарын мэдүүлэг, Боловсрол шинжлэх ухааны яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын ХШҮДАГ-22-05-16 дугаартай танилцуулга, хавсралт /№86, СХД ..... дүгээр цэцэрлэг, РД:......, М Ц, СӨБ-ын багш, архивд нэр байхгүй, дугаар олгогдоогүй гэх/ баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Ц нь “Дипломын зөрчлийн талаар огт мэдээгүй байсан. Одоог хүртэл албан ёсны диплом гэж бодоод явж байсан. Энэ талаар БСШУ Яам, Мэргэжлийн хяналтын газрын хамтран явуулсан шалгалтын дүнг мэдээд буюу 2023 оны 2 дугаар сард мэдсэн” гэх тайлбар гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь: “боловсролын диплом” гэж дээд буюу тусгай мэргэжлийн сургууль төгссөн ба холбогдох мэргэжил олгосон, түүнчлэн эрдмийн зэрэг хүртээсэн тухай баримт бичгийг хэлнэ. Дээд боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Дээд боловсролын зэрэг нь багц цагаар хэмжигдэх дипломын, бакалаврын, магистрын, докторын шатлалтай байна” гэж, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д “Дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт ..... багц цагаас доошгүй байх бөгөөд өмнөх түвшний сургалтын багц цагийг оролцуулан бакалаврын сургалт 120-оос доошгүй байна” гэж тус тус заажээ. Шүүгдэгч М. Цгийн нэр дээр олгосон гэх 201617293 дугаартай дипломд зааснаар 43 нэр төрлийн хичээлд нийт 120 багц цагийн сургалтад хамрагдсан, голч дүн-3,23 гэсэн байна. Шүүгдэгч Ц нь бодит байдал дээр тухайн сургуульд элссэн, суралцсан, төгссөн бол энэ нь дан ганц дипломоор бус, бусад баримтаар давхар нотлогдох боломжтой үйл баримт юм. Ийм баримт хэрэгт хавсаргагдан ирээгүй болно.
Шүүгдэгч Ц холбогдох хуульд заасан шаардлагыг огт хангаагүй, Отгонтэнгэр их сургуульд элсэн ороогүй, суралцаагүй байхад нь албан ёсоор диплом олгох хуулийн үндэслэлгүй байхад бусдад диплом захиалан худалдан авч, улмаар тухайн диплом дээр үндэслэн үндсэн багшаар томилогдон ажилласан үйлдэл нь “албан ёсны диплом гэж бодож байсан” гэх өөрийнх нь мэдүүлгийг няцааж байна.
Шүүгдэгч Цнь “багш, сургуулийн өмнөх насны боловсрол” мэргэжлээр “боловсролын бакалавр”-ын зэрэг олгосон гэх диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглан Сонгинохайрхан дүүргийн ..... дүгээр цэцэрлэгийн “үндсэн багш, арга зүйч”-ийн ажилд томилогдон 6 жил 9 сарын хугацаанд ажиллахдаа тухайн мэргэжлийг эзэмшиж, мэргэжлийн диплом аваагүй бусад төрийн үйлчилгээний албан тушаалтнаас илүү цалин хөлс авах хууль бус давуу байдлыг өөртөө бий болгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М. Цгийн боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан үйлдэл нь 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс Сонгинохайрхан дүүргийн ..... дүгээр цэцэрлэгт бүлгийн багшаар томилогдон ажиллаж эхэлсэн өдрөөс эхэлж, яллагдагчаар татах хүртэл үргэлжилсэн байх тул түүнд 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан буюу тухайн гэмт хэргийг илрүүлж, таслан зогсоосон өдрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг төгссөн цаг хугацаагаар тооцсон бөгөөд гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж шүүх дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдон оролцсон Сонгинохайрхан дүүргийн ..... дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б “ Ц хэдэн төгрөгийн цалин авсан эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Миний мэдэж байгаагаар цалингийн хэрэглэлийн дагуул сарын хөлсөө авч байгаа. Ц нь арга зүйчээр ажиллах бүх шаардлагыг хангаж байгаа учраас арга зүйчээр ажиллуулж байгаа. Манай цэцэрлэгийн зүгээс арга зүйч Ц олгосон цалинг нэхэмжлэхгүй. Учир нь Ц нь өөрийн хийсэн хөдөлмөрөө үнэлүүлж цалин хөлсөө авсан болохоор манай зүгээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй" гэж мэдүүлэн /хх-125-126/ иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.
Шүүхээс шүүгдэгч Ц боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн бөгөөд тэрээр 6 жил 9 сарын хугацаанд тухайн мэргэжлийг эзэмшиж, мэргэжлийн диплом аваагүй бусад төрийн үйлчилгээний албан тушаалтнаас илүү цалин хөлс авах хууль бус давуу байдлыг өөртөө бий болгосон нь баримтаар нотлогдсон тул гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг нь хурааж, улсын төсөвт эргэн төвлөрүүлэх нь шударга ёсонд нийцнэ гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ц холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдон оролцож байгаа байгууллагын хууль ёсны төлөөлөгчөөс гомдол, иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч Ц нь төсвөөс цалинждаг, төрийн үйлчилгээний албан тушаалтан тул шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож буй прокурор гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хурааж төрийн санд шилжүүлэхийг шаардсаныг хангах үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүгдэгч М. Ц гийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 46587770 төгрөг болсноос шагналын 932000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар, хураамж хасаад 2616 .....20 төгрөгийг М. Цгаар төлүүлэх дүгнэлт гаргалаа.
Хэдийгээр шүүгдэгч Ц нь гэмт хэрэг үйлдсэн боловч тухайн үндэслэлээр 6 жил 9 сарын хугацаанд авсан цалин хөлсийг бүхэлд нь эгүүлэн төлүүлэх нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн ”ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах...эрхтэй. хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй” заалт, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 217/А/IIIтогтоолоор 1946 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 23 дугаар зүйлд “Хүн бүр ямар ч алагчлалгүйгээр адил хэмжээний хөдөлмөрт адил хэмжээний цалин хөлс авах эрхтэй. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хэн боловч ...хийсэндээ таарсан... шан хөлс авах эрхтэй” заалтыг зөрчиж байна.
Шүүх Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн “Тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд ажиллаж байгаа ажилтан болон ажиллагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эрх бүхий этгээдээс тогтоосон цагийн үндсэн цалин /хөлс/-ийн нийтээр дагаж мөрдвөл зохих хамгийн доод хязгаарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэнэ” гэх заалтыг үндэслэн тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож үзэхэд 24283000 төгрөг болж байгааг М. Цгийн гар дээр олгосон цалин хөлснөөс хасаж тооцоход зөрүү нь 1886020 төгрөг, шагналын 932000 төгрөг, нийт 2818020 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлогод тооцон М. Цгаас гаргуулж төсвийн санд шилжүүлэх үндэслэлтэй гэж шийдвэрлэв.
Шүүхээс тухайн тооцоог танилцуулсны дараа шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс хохирлыг нөхөн төлөх хүсэлт гаргасныг хангаж шүүх хуралдааныг 1 хоногоор завсарлуулж, 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд Төрийн сангийн 100 .....0000707 дугаартай дансанд төлбөр тушаасан баримтыг өгсөн тул Ц нь төлбөргүй болсон байна.
Шүүгдэгч Ц нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-149/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц нь гэмт хэрэг үйлдэж төсөвт учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс”улсын яллагчаас гаргасан ялын саналыг хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.
Шүүх дээр дурдсан нөхцөл байдал, Ц нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлбөргүй болсон, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялын хэмжээ болон биелүүлэх хугацааг улсын яллагчийн санал болгосноор тогтоож, ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт М Ц боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт М Ц 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Шүүгдэгч Ц нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2.818.020 /хоёр сая найман зуун арван найман мянга хорин/ төгрөгийг төрийн сангийн дансанд шилжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг Ц мэдэгдсүгэй.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар эх хувиараа хураагдаж ирсэн Отгонтэнгэр их сургуулийн D201617293 дугаартай бакалаврын дипломыг Ц холбогдох эрүүгийн 230 .....00000806 дугаартай хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ