Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 00225

 

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 153/ШШ2020/00225

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Зэрэг сум, Хөндлөн багт оршин суух, ПБ62111215 дугаарын регистртэй, Шовлон овогт Гандийн Галсандоржийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр  иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Г.Галсандорж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Г.Галсандорж нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Зэрэг суманд 1962 онд төрсөн. 1980 оны 6 дугаар сард Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн сургуулийг төгсөж, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 4-р бригадад илгээлтээр малчнаар гарч эцэг, эхийн хамт мал маллаж байгаад 1981 оны 6 дугаар сард цэргийн албанд татагдаж, 1984 оны 6 дугаар сард халагдаж ирээд 4-р бригадад малчнаар ажилласан. Нэгдэл тартал малчнаар ажиллаж байгаад нэгдлийн суурь дээр боссон Хөдөлмөр ХК-д мөн малчнаар ажилласан. Миний бие нь одоог хүртэл мал маллаж амьдардаг. Тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 777 дугаартай шийдвэрээр 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 25- ны өдрийг хүртэл, 1984 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1993 оныг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгож байсан. Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын дагуу 1993-1994 оны хооронд Багийн Засаг даргын дагуу малчнаар ажиллаж байсан байдал тогтоогдож байгаа. Мөн тогтоолын хавсралтад 1995-2000 оны хооронд сум, дүүргийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөл тодорхойлно гэж заасны дагуу Ховд аймгийн Зэрэг сумын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлд хүсэлтээ гаргасан боловч миний хүсэлтийг авч хэлэлцэхгүйгээр материалыг дутуу байна. Зэрэг сумын малын А данс архив шатсан учраас зарим он нь олдохгүй байгаа. Шүүхээр 1995-2000 оны хооронд хувиараа мал маллаж байсан байдлыг тогтоолгож ир гэж удаа дараа амаар хариу өгч, миний эрхийг зөрчиж байна. Эдгээр хүмүүсийн хууль бус эс үйлдэхүйн улмаас Г.Галсандорж миний бие нь тэтгэврээ авч чадалгүй хоёр жилийн хугацаанд хохирч байгаа учраас арга буюу шүүхэд хандаж байна. Иймд Г.Галсандорж намайг Ховд аймгийн Зэрэг суманд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хувиараа мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Г.Галсандоржийн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг суманд хувиараа мал маллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Г.Галсандорж нь 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг суманд хувиараа мал маллаж байсан болох нь

Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын архивын тасгаас ирүүлсэн хүсэлт гаргагчийн 1996-1997 онуудын мал тооллогын А данс

Нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1993 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1607000260 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/022 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт,

Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн багийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт,

Иргэн Б.Базарын ...Г.Галсандорж нь 1962 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн. Одоо 58 настай. 1980 онд Ховдд амгийн Зэрэг суманд 8 дугаар анги төгссөн. 1981 оноос 1984 онд цэргийн алба хаасан. Г.Галсандорж нь 1980 оны 06 дугаар сард Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багт илгээлтээр гарч малчин болсон. 1984 онд цэргээс халагдаж ирээд аав ээжийн хамт мал маллаж 1993 оныг хүртэл тус сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж Г.Галсандорж нь 1993 оноос 2000 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан нь үнэн... гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт

Иргэн Г.Омоохүүгийн ...Г.Галсандорж нь 1962 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн. Одоо 58 настай. 1980 онд Ховдд амгийн Зэрэг суманд 8 дугаар анги төгссөн. 1981 оноос 1984 онд цэргийн алба хаасан. Г.Галсандорж нь 1980 оны 06 дугаар сард Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багт илгээлтээр гарч малчин болсон. 1984 онд цэргээс халагдаж ирээд аав ээжийн хамт мал маллаж 1993 оныг хүртэл тус сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж Г.Галсандорж нь 1993 оноос 2000 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт зэрэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Г.Галсандоржийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан Шовлон овогт Гандийн Галсандоржийг 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг суманд хувиараа мал маллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ