Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 00114

 

 

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 153/ШШ2020/00114

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт оршин суух, О овогт Ц-ийн М //-ын нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 153/2020/00090/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч Ц.М нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би Ховд аймгийн Буянт сумын Хар цохио багт 1965 онд төрсөн. Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг 1973-1981 онуудад суралцаж төгссөн. Улаанбаатар хотын 073 дугаар ангид 1985-1988 онуудад цэргийн алба хааж ирснээс хойш өнөөдрийг хүртэл мал маллаж байна. Миний тэтгэвэрт гарах нас хүрсэн учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Иймд намайг Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 3 дугаар бригадад 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар, 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Хонь малладаг байсан....Миний эгч Оюунчимэг нь ЗХУ-ын ТМС-д суралцсаныг надтай андуурсан байсан....Аав 1987 онд нас барсан, ээж нэгдлийн цөөхөн малтай байсан....гэв.

 

   Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.М нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.М нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 3 дугаар бригадад 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.М нь Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 3 дугаар бригадад 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 89 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 3 дугаар бригадын 1981-1984 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, 1985 оны 1 сарын 7-ны өдөр олгосон диплом, гэрч Ц.Загдсүрэнгийн ....Ц.М нь 1981 онд Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр 8 жилийн дунд сургуулилйн 8 дугаар ангийг төгссөн. Ц.М нь 8 дугаар анги төгсөөд ээж аавынхаа хамт Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 3 дугаар бригадад мал маллаж байгаад 1985 онд цэрэгт татагдаж, 3 жилийн цэргийн алба хаагаад ирсэн. Ц.М нь цэргээс халагдаж ирэхэд манай аав нас барсан учраас ээжийнхээ хамт Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлдээ мал маллаж байсан....Ц.М нь нэгдэлд малчнаас өөр ажил хийж байгаагүй.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 6, 7-10, 18, 34-36 дугаар тал/

 Ц.М нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990-2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1603000018 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, БХЯ-ны сайдын 1985 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн н/235 дугаартай тушаалаар цэрэгт татагдаж, мөн сайдын 1988 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн н/264 дугаар тушаалаар 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдөр халагдсан талаарх Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 30 дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нь хэрэгт авагдсан болно. /хх-ийн 11, 14 дүгээр тал/

Хавтаст хэргийн 11-12 дугаар хуудсанд авагдсан иргэн Л.Хандхүү, Ц.Загдсүрэн нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Ц.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч О овогт Ц-ийн М //-ын Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 3 дугаар бригадад 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             С.ОЮУНЖАРГАЛ