| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 187/2019/0711/Э |
| Дугаар | 233 |
| Огноо | 2020-02-20 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Хурц |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 233
2020 2 20 2020/ДШМ/233
Ц.Мд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Хурц,
хохирогч У.Шаравжамц, түүний өмгөөлөгч Ж.Батмөнх,
шүүгдэгч Ц.Мий өмгөөлөгч Г.Алтанчимэг,
нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 729 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч У.Шаравжамцийн өмгөөлөгч Ж.Батмөнхийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.Мд холбогдох эрүүгийн 1910023160757 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овгийн Ц.М, 1991 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, “Далайн 4 цамхаг” ХХК-нд мужааны бригадын дарга ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уул 2 дугаар гудамжны 2 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, “Нью таун” хотхоны 43в байрны 1203 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: НТ91042434/;
Ц.М нь 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Далай 4 цамхаг” ХХК-ийн барьж байгаа барилгын талбайд ажиллаж байсан У.Шаравжамцтай “ажлаа дутуу хийлээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг хүчтэй угзарч татаж унагаан, хүзүүний 6 дугаар нугалмын баруун нумын шахагдсан хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ц.Мий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Ц.Мийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Мийг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Мд мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М нь хохирогч У.Шаравжамцад 630.000 төгрөг төлсөн ба хохирогчийн ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөрт шүүгдэгч Ц.Мөөс 101.822 төгрөг гаргуулан хохирогч У.Шаравжамцад олгож, хохирогч У.Шаравжамц нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэйг, шүүгдэгч Ц.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч У.Шаравжамцын өмгөөлөгч Ж.Батмөнх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх, хохирогч У.Шаравжамц нь 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр биедээ гэмтэл авч 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Гэмтэл согог үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн болох нь 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр нээлгэсэн өвчний түүхээр батлагдаж байна. ... 2019 оны 8 дугаар сар нь ажлын 22 хоногтой ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 320.000 төгрөгийг ажлын 22 хоногт хувааж, гарсан дүнг хохирогчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 7 хоногоор тооцон, ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөрт 101.822 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч У.Шаравжамцад олгох нь зүйтэй” гэж үзсэн.
Хохирогч У.Шаравжамцаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн болон эмчийн зөвлөгөөний дагуу сар тутам хяналтад байгаа талаарх баримтыг гаргаж өгсөн. Учир нь, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 10090 дугаартай “хүзүүний 6 дугаар нугалмын баруун нумын шахагдсан хугарал гэмтэл” тогтоогдсон. Энэхүү гэмтлийг шүүгдэгч А.М учруулснаа хүлээн зөвшөөрсөн. Хүзүүний 6 дугаар нугалмын шахагдсан хугарал нь тулгуур эрхтний гэмтэл тул ямар нэгэн ажил хийх, бөхийх, гэдийх зэрэг огцом хөдөлгөөн хийх боломжгүй болгодог. Мөн хүзүүг дагасан нугасны мэдрэл хөндөгдөж толгой эргэх, нүд бүрэлзэх зэрэг өвдөлт байнга давтагддаг болсон. Өөрөөр хэлбэл, хохирогч У.Шаравжамц нь одоог хүртэл ажил хийх ямар ч боломжгүй болчихсон байтал шүүх зөвхөн хэвтэн эмчлүүлсэн баримтыг үнэлж байгаа нь огт ойлгомжгүй байна.
Шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг баримталж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, мөн хуулийн 36.3 дугаар зүйл, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт заасны дагуу хохирогч У.Шаравжамцын ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөрийг хангах хууль зүйн үндэслэлтэй байсан. Учир нь, хохирогч У.Шаравжамц нь "Далай 4 цамхаг” ХХК-тай амаар тохиролцон өдрийн 60.000 төгрөгөөр ажиллаж байсан гэх боловч ажил олгогчийн зүгээс энэ талаарх баримтыг хохирогчид гаргаж өгөхөөс татгалзсан тул гэм хор учрах үедээ хэдий хэмжээний цалин хөлс, орлоготой байснаа тодорхойлох боломжгүй болсон. Тиймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг баримтлан гэм хорын төлбөрөө нэхэмжилсэн болно. Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхисон.
Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 729 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлд зааснаар “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” байх тул хохирогч У.Шаравжамцад ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөр болох 1.556.363 төгрөгийг гаргуулахаар тогтоолын “тогтоох” хэсгийн 4 дэх заалтад өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Хохирогч У.Шаравжамц “...тус шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй. ...” гэв.
Шүүгдэгч Ц.Мий өмгөөлөгч Г.Алтанчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэлгүй байна гэж үзэж байна. Уг хэргийн улмаас Ц.М хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ анхан шатны шүүхээс нотлох баримтад тулгуурлаж хохирогчид учирсан хохирлыг гаргаж өгсөн. Хохирогч нь хавтас хэрэгт авагдсан баримтаар буюу 7 хоног хэвтэн эмчлүүлсэн байдаг. Хохирогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээ болон 600.000 төгрөгийн цалинтай гэсэн баримтаа мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гаргаж өгөөгүй. У.Шаравжамцад нотлох баримтаа бүрдүүлээд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Анхан шатны шүүхээс Ц.Мийг хохирогчид 101.882 төгрөгийг төлүүлэхээр шийдвэр гарсан. Тухайн мөнгийг шүүгдэгч анхан шатны шүүх хуралдааны дараа бэлнээр өгөх гэтэл хохирогч уурлаад аваагүй. Өмнө нь анхан шатны шүүх хуралд орохоос өмнө хохирогчтой миний бие утсаар ярьж “хохирогчийн дансыг авч мөнгийг чинь төлье” гэхэд мөн дансаа өгөөгүй. Ц.М хохирлыг хүлээн зөвшөөрдөг. Хавтас хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлээд байгаа 1.553.000 төгрөгийг гаргуулахаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байгаа нь үндэслэлгүй. Нотлох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар хандахад төлөх боломжтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Хурц тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцсэн. Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зүйл байхгүй. Иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг хэрэгсэхгүй болгоогүй. Цаашид холбогдох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Ц.М нь нь 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Далай 4 цамхаг” ХХК-ийн барьж байгаа барилгын талбайд ажиллаж байсан У.Шаравжамцтай “ажлаа дутуу хийлээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг хүчтэй угзарч татаж унагаан, хүзүүний 6 дугаар нугалмын баруун нумын шахагдсан хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч У.Шаравжамцын “...Би 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 12 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Далайн 4 цамхаг” барилгын талбай дээр лифтний лимүт хадахдаа жаахан зай гаргасан байсан. Дараагийн лимүт хадаж байхад барилгын бригадын орлогч дарга Ц.М ирээд “дутуу орхисон зайгаа нөх” гэхээр нь “ажилтай байна” гэхэд “чиний дутуу үлдээсэн зүйлийг дандаа нөхөж хийдэг” гээд миний хувцаснаас бариад авахаар нь “яагаад байгаа юм бэ” гээд түлхсэн. М намайг цохих гэхээр нь бултсан чинь миний цээж рүү өшиглөөд нуруун дээр гараараа цохисон. Би тэр үед доош тонгойсон байсан болохоор босож чадахгүй хөлнөөс нь барьж аваад цааш түлхээд холдуулсан. ...” /хх 12-13/,
гэрч Х.Мөнхцэцэгийн “...2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр “Далайн 4-н Цамхаг” ХХК-ийн барилгын талбайд багана боогоод зогсож байхад мужаан Ц.М “Шаравжамцыг ажлаа дутуу хийлээ” гээд шаардлага тавихад У.Шаравжамц өөдөөс нь хэрэлдсэн. Ц.М У.Шаравжамц нар заамдалцсан байж байгаад Ц.М гэнэт У.Шаравжамцыг угз татаад унагаачихсан. ...” /хх 21-22/,
гэрч С.Бямбасүрэнгийн “...Ц.М У.Шаравжамцыг “ажлаа дутуу хийсэн байна” гэсэн шаардлагыг тавихад У.Шаравжамц хүлээж авахгүй байсан. Тэр хоёр хоёулаа цамцнаасаа зууралдсан байсныг Х.Мөнхцэцэг бид хоёр очиж салгасан. ...” /хх 23-24/,
гэрч П.Чулуунцэцэгийн “...Ц.М У.Шаравжамцад “чи лимүтийг зөв хадсангүй” гэж уурлаад загнахад У.Шаравжамц “дараа нь хийчихнэ” гэж хэлсэн. Гэтэл Ц.М У.Шаравжамцын хувцаснаас заамдаж татаад доош нь дараад толгойг нь тонгойлгож байгаад ар шилэн хүзүүн дээр нь 2-3 удаа гараараа цохисон. ...” /хх 25-26/,
гэрч Н.Түмэнзулын “...2019 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 13 цагийн үед нөхөр У.Шаравжамц над руу залгаад “намайг дарамтлах гээд байхаар нь муудалцаад ажлаасаа бууж байна” гэж ярьсан. У.Шаравжамц гэртээ ирээд “миний толгой хүзүү өвдөөд байна” гэхээр нь “яасан юм бэ” гэхэд “миний толгой болон хүзүү рүү цохисон” гэж хэлсэн. ...” /хх 28-29/,
гэрч М.Баасанхүүгийн "...У.Шаравжамц Ц.Мийг цохих шиг болсон. Тэгтэл Ц.М зөрүүлээд гараараа цохих үйлдэл хийхэд У.Шаравжамц бултсан чинь тэр хоёр бие биенийхээ хувцаснаас зууралдаад хамт газар унасан. ...”/хх 30-31/,
шинжээч эмч Т.Номинцэцэгийн “...У.Шаравжамцын биед учирсан гэмтэл нь цамцны малгайнаас хүчтэй заамдаж татаж, хүзүүг нь тонгойлгох, угзрахад үүсэх боломжтой. ...”/хх 37-38/,
шүүгдэгч Ц.Мий яллагдагчаар өгсөн: “...У.Шаравжамц нь лифтний лимүтийг дутуу хадсан байхаар нь түүнд “гүйцэт хадаарай” гэхэд “би энд юм хийж байна” гээд тайлбар тавиад хэрэлдээд байсан. ...Би цохих гээд гараараа далайсан боловч оноогүй. Тэгэхээр нь У.Шаравжамцын хувцаснаас нь заамдсан чинь зөрүүлээд намайг заамдахад би хойшоо хөл алдахдаа У.Шаравжамцын хантаазнаас татаад хамт газар унасан. ...” /хх 48-49/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №10090 дугаартай шинжээчийн “...У.Шаравжамцын биед хүзүүний 6 дугаар нугалмын баруун нумын шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” дүгнэлт /хх 34/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ц.Мийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Ц.М нь хохирогч У.Шаравжамцтай “чиний дутуу хийсэн зүйлийг дандаа нөхөж хийдэг” /хх 12-13/ гэж маргалдаж, түүнийг хүчтэй угзарч унагаасан болох нь гэрч Х.Мөнхцэцэгийн “шаардлага тавихад У.Шаравжамц өөдөөс нь хэрэлдсэн. Ц.М гэнэт У.Шаравжамцыг угз татаад унагаачихсан” /хх 21-22/, шинжээч эмчийн “У.Шаравжамцын биед учирсан гэмтэл нь цамцны малгайнаас хүчтэй заамдаж татаж, хүзүүг нь тонгойлгох, угзрахад үүсэх боломжтой” гэсэн мэдүүлгүүдээр нотлогддог бөгөөд Ц.М нь хэдийгээр хохирогч У.Шаравжамцын хүзүүнд гэмтэл учруулахыг хүсээгүй боловч хохирогч У.Шаравжамцад уурлан түүнийг хүчтэй угзарч газар унагаасан үйлдэл нь санаатай бөгөөд бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан хор уршгийг зориуд бий болгосон байна.
Иймд шүүгдэгч Ц.Мий хохирогч У.Шаравжамцыг хүчтэй угзарч татсаны улмаас хүзүүний 6 дугаар нугалмын шахагдсан хугарал учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мийг 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж үзэв.
Хохирогч У.Шаравжамцын өмгөөлөгч Ж.Батмөнх “...хохирогч У.Шаравжамцад ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөр болох 1.556.363 төгрөгийг олгоно уу. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хавтас хэрэгт буй Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10090 дугаартай “...У.Шаравжамцын биед хүзүүний 6 дугаар нугалмын баруун нумын шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар “эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэж заасан байна. ...”/хх 34/,
Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.3-т гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:
2.3.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарахаар заажээ.
Хохирогч У.Шаравжамц нь 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүндэвтэр гэмтэл авснаасаа хойш “хүзүүний 6 дугаар нугалмын баруун нумын хугарал”-аасаа болж ажил хийх чадваргүй, хүзүүндээ байнгын гипстэй, хүзүүний гэмтэл бүрэн эдгэрээгүй, хөдөлмөр эрхлэх боломжгүй болох нь хэрэгт буй баримтаар тогтоогдож байх тул түүний гэмтэл авсан өдрөөс хойш анхан шатны шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны 125 хоногийг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 8 дугаар сарын 19-ны өдөр баталсан “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох” тогтоолыг дагуу 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөгдсөн “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ” болох 320.000 төгрөгөөр үржүүлэн тооцож нийт 1.280.000 төгрөгийг ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөр болгож шүүгдэгч Ц.Мөөс гаргуулан анхан шатны шүүхийн хохирол гаргуулсан заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. /хх 47, 96/,
Хохирогч У.Шаравжамцын өмгөөлөгч Ж.Батмөнх нь “хохирогчийн гэмтэл авснаас хойш шүүх хуралдаан хүртэлх хохирлын мөнгийг тооцож гаргуулах” хүсэлтийг давж заалдах шатны шүүх хүлээн авсан боловч шүүгдэгчийн өмгөөлөгч 1.556.363 төгрөгийг хэрхэн яаж тооцсон нь ойлгомжгүй бөгөөд давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хохирлыг тооцон олгохоор шийдвэрлэсэн болно.
Иймд хохирогч У.Шаравжамцын өмгөөлөгч Ж.Батмөнхийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 729 дугаартай шийтгэх тогтоолын:
тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М нь хохирогч У.Шаравжамцад 630.000 төгрөг төлсөн ба хохирогчийн ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөрт шүүгдэгч Ц.Мөөс 101.822 төгрөг гаргуулж, хохирогч У.Шаравжамцад олгосугай.” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мөөс 1.280.000 төгрөг гаргуулан хохирогч У.Шаравжамцад олгосугай.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч У.Шаравжамцын өмгөөлөгч Ж.Батмөнхийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ