| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 114/2025/0037/З. |
| Дугаар | 221/МА2025/0769 |
| Огноо | 2025-12-10 |
| Маргааны төрөл | Төрийн алба, Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2025/0769
| Дугаар 221/МА2025/0769 | Улаанбаатар хот |
Ц.Г***ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч Ц.Г***
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ч***,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Ц.Г***,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг дарга,
Гуравдагч этгээд: Ё.О***,
Нэхэмжлэлийн шаардлага: Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 01-А/418 дугаар захирамжийг хүчингүй болгуулах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 114/ШШ2025/0041 дүгээр шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч Ц.Г***,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ч***,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х***,
гуравдагч этгээд Ё.О***,
гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.У***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х***.
Хэргийн индекс: 114/2025/0037/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Г***оос Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 01-А/418 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 114/ШШ2025/0041 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 66 дугаар зүйлийн 66.3-д заасныг тус тус баримтлан Ц.Г***ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01-А/418 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
3.1 ...Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Захиргааны хэргийн шүүх хэрэгт ач холбогдол бүхий баримтыг өөрөө цуглуулах, үнэлэх үүрэгтэй. Гэтэл маргаан бүхий актыг гаргахдаа хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 24, 26 дугаар зүйлд заасан ажиллагааг хийсэн эсэх талаар баримтыг цуглуулаагүй, энэ талаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна.
3.2 Шүүх талуудын маргаж буй үндэслэл тус бүрт хариу өгч, дүгнэлт хийгээгүй. Хариуцагч нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүйгээс хуулийн зөрчилтэй акт гаргасан талаар хууль зүйн үндэслэл бүхий тайлбар хийсээр атал шүүх үүнд ямар нэгэн хууль зүйн дүгнэлт өгөөгүй.
3.3 Ерөнхий болон тусгай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд аймгийн Засаг дарга сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгох эрх хэмжээтэй боловч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад багийн Засаг даргыг томилсон захирамжийг шууд өөрөө хүчингүй болгох нь ихээхэн эргэлзээ төрүүлэхээр байна. Үүнийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд багийн Засаг дарга ямар хүн байх вэ гэдэг талаарх шийдвэрийг сумын Засаг дарга бус, аймгийн Засаг дарга мэдэж шийддэг практик тогтохоор байна. Үүнийг анхан шатны шүүх ойлгож шийдвэрлээгүй гэж үзэхээр байна.
3.4 Бүх шатны сонгууль, түүний циклийг 4 жилийн хугацаагаар тооцож, үүнтэй уялдуулан бүх шатны Засаг даргад нэр дэвшүүлэх, томилох ажиллагааг хуулиар зохицуулжээ.... Хуулийн тодорхой заалт байсаар атал багийн Засаг даргын бүрэн эрхийн хугацааг 2022 он гэж тоолж, 2026 онд дуусахаар байжээ гэсэн дүгнэлт хийсэн нь Үндсэн хууль болон тусгайлсан хуулийн зохицуулалтын ноцтой зөрчил болно. Анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв болох тохиолдолд манай улсын төрийн удирдлагын тогтолцоо орон нутгийн түвшиндээ “зиг заг” байдалтай болох нь. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Иймд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 114/ШШ2025/0041 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч, гуравдагч этгээд талаас нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг эсэргүүцэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан тайлбарыг гаргасан болно.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх
тул анхан шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
3. Маргаан бүхий үйл баримтын тухайд хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар,
3.1. Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 01/162 дугаар “Хамтран ажиллах тухай” албан бичгээр Багийн Иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлд хандан “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу Шарын гол сумын Хайрхан, Дархан, Санжинт багийн иргэдийн Нийтийн Хуралдааныг 2025 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 14 цагт товлон зарлаж, “Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох”, “Багийн Засаг даргыг сонгох”, “Багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийн гишүүнд иргэний төлөөлөл сонгох” асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхийг мэдэгдсэн.
3.2 Үүний дагуу Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдан, 2025 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолоор Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.4 дэх заалт, багийн иргэдийн Нийтийн Анхдугаар Хуралдаанаас байгуулагдсан тооллогын комиссын 02 дугаар тогтоолыг тус тус үндэслэн багийн Засаг даргад нэр дэвшигч Ц*** овогтой Г*** 179 санал буюу 90.4 хувийн санал авсан тул Хайрхан багийн Засаг даргаар томилуулахаар Шарын гол сумын Засаг даргад уламжилсан.
3.3 Улмаар, Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн “Хайрхан багийн Засаг даргыг чөлөөлөх тухай” Б/12 дугаар захирамжаар гуравдагч этгээд Ё.О***ийг багийн Засаг даргаас чөлөөлж, мөн өдрийн “Хайрхан багийн Засаг даргыг томилох тухай” Б/13 дугаар захирамжаар:
3.4 Энэхүү захирамжийг эс зөвшөөрч тус багийн Засаг даргаар ажиллаж байсан, гуравдагч этгээд Ё.О***ээс Дархан-Уул аймгийн Засаг даргад хандан гомдол гаргасан дагуу хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргаас маргаан бүхий захиргааны акт болох аймгийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” 01-А/418 дугаар захирамжаар:
“Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсгийг тус тус үндэслэн “Ё.О*** нь Хайрхан багийн Засаг даргаар 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн томилогдсон бөгөөд “Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна” гэсэн заалтыг зөрчсөн тул Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Б/12 дугаар “Хайрхан багийн Засаг даргыг чөлөөлөх тухай” Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Б/13 дугаар “Хайрхан багийн Засаг даргыг томилох тухай” захирамжийг 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тус тус хүчингүй болгосугай” хэмээн шийдвэрлэсэн болох нь тогтоогдсон.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” хэмээн процессын эрх зүйн ne ultra petita зарчмыг тухайлан хуульчилсан бөгөөд энэ нь шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан этгээдийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх хэргийг хянан шийдвэрлэх агуулгатай бөгөөд субъектив эрхийн маргааны хувьд хөдөлбөргүй мөрдөгдөнө.
5. Тухайн маргааны хувьд, нэхэмжлэгчээс Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” 01-А/418 дугаар захирамжийг эс зөвшөөрч “...Хайрхан багийн иргэдийн 90,4 хувийн санал авч сонгогдсон миний хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн...” гэх агуулгаар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “...Хуульд заасан Засаг даргыг шинээр томилох нөхцөл байдал үүсээгүй, багийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад үүрэгт ажлаас нь чөлөөлж шинээр багийн Засаг дарга томилсон нь хуульд нийцээгүй байх тул Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01-А/418 дугаар захирамжаар Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/12, Б/13 дугаар захирамжуудыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д заасныг үндэслэн хүчингүй болгосон нь үндэслэлтэй...” гэх агуулгаар,
Гуравдагч этгээдээс бие даасан шаардлага гаргаагүй. Харин “...Миний бие ямар нэгэн байдлаар нөхөн сонгогдоогүй тул миний бүрэн эрхийн хугацаа 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 2026 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл 4 жил байна гэж хуульд заасан байхад ... Шарын гол сумын Засаг дарга 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Б/13 дугаар захирамжийг гэнэт гаргаж, уг захирамжийн талаар надад урьдчилан мэдэгдээгүй, санал бодлыг сонсоогүй, бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад бүдүүлэг томилгоо хийсэн” гэх агуулгаар тус тус маргаж, тайлбарласан.
6. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 1-т “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ” хэмээн,
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй”, 32.8.4-д “баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх”, 56 дугаар зүйлийн 56.2-д “Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлнэ”, 56.6-д “Энэ зүйлийн 56.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар сум, дүүргийн Засаг дарга, сум, дүүргийн Засаг даргаар аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргаар Ерөнхий сайд томилно”, 57 дугаар зүйлийн 57.1-д “Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна”,
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль /цаашид "орон нутгийн Хурлын сонгууль" гэх/ нь Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, тухайн нутгийн өөрөө удирдах байгууллагыг өөрсдийн төлөөллөөр бүрдүүлэх үндсэн арга мөн”, 4.2-т “Орон нутгийн Хурлын сонгуулиар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тогтоосон тооны орон нутгийн Хурлын Төлөөлөгчийг сонгоно”, 4.3-т “Орон нутгийн Хурлын сонгууль нь ээлжит, ээлжит бус, нөхөн, дахин сонгууль гэсэн төрөлтэй байна”, 4.4-т “Ээлжит сонгууль” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар дөрвөн жил тутам явагдаж байгаа сонгуулийг ойлгоно” хэмээн тус тус заасан.
Хуульд тогтоомжийн дээрх зохицуулалтыг системчлэн үзвэл, Засаг дарга нь тухайн нэгж дэх төрийн удирдлага буюу хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах, түүнчлэн тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч болохын хувьд Үндсэн хуульд заасан нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах зарчмыг хэрэгжүүлэг үндсэн этгээд бөгөөд түүний бүрэн эрхийн хугацаа орон нутгийн ээлжит сонгуулиар шинээр томилогдсоноор эхэлж, хугацаанаас нь өмнө чөлөөлсөн, огцруулснаас бусад тохиолдолд дараагийн Засаг дарга томилогдох хүртэл үргэлжилнэ гэж тайлбарлана.
7. Тухайн тохиолдолд анхан шатны шүүх нэхэмжлэлийн зүйлийг “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 01-А/418 дугаар захирамж” хэмээн зөв тодорхойлж,
“тухайн багийн иргэдийн Нийтийн Хурал гуравдагч этгээдийг сонгохдоо ирцээ бүрдүүлсэн эсэх, 2025 оны 04 дүгээр сарын 06, 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдааны шийдвэрүүдийн чухам аль нь хуульд нийцсэн эсэх асуудал нь тухай нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй”,
“хариуцагч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д заасны дагуу доод шатны Засаг даргын захирамж холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянах эрх хэмжээтэй болохоос өөр байгууллага буюу Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг хянах, дүгнэх эрхгүй” хэмээн үндэслэлтэй дүгнэлтийг хийсэн хэдий ч маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан “дөрвөн жил байна” гэх хуулийн заалтыг нутгийн өөрөө удирдах ёс болон орон нутгийн сонгуулийн агуулга, мөн чанартай системт байдлаар авч үзэлгүй, буруу тайлбарлана хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагад нийцэхгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
8. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр
зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 114/ШШ2025/0041 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 66 дугаар зүйлийн 66.3, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн, нэхэмжлэгч Ц.Г***оос Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 01-А/418 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 01-А/418 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА