Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 43

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,    

Нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

Улсын яллагч Ш.Нямдорж,

Шүүгдэгч Ц.Батдөлгөөн, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн /ҮД:0-407/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Мөнхөд овогт Цэрэнгийн Батдөлгөөнд холбогдох эрүүгийн 201601000202 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                                                          

          Шүүгдэгчийн биеийн байцаалт :     

          Монгол Улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эмээ, өвөө, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Мах импексийн 16 дугаар байр 06 тоотод оршин суух,

          урьд 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 405 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,

          2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 421 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж улмаар 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 34 дугаартай Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь шүүхийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 4 хоногийн ялыг өршөөн хасч суллагдсан Мөнхөд овогт Цэрэнгийн Батдөлгөөн /РД:УП93060111/

 

          Холбогдсон хэргийн талаар :  

          Шүүгдэгч Ц.Батдөлгөөн нь 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кастел” бааранд Баагий гэгчээс 2016 оны 10 дугаар сарын  09-ний өдөр 1971 оны 02 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын” тухай Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин агууламж  бүхий мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх 8.6 грамм “Мөс” гэх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, улмаар Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Мах импексийн 16 дугаар байр 6 тоот гэртээ болон мөн дүүргийн 19 дүгээр хороо Их Засаг их сургуулийн урд талд иргэн Ц.Батмэндийн өмчлөлийн 1057 УНВ улсын дугаартай тоёота кроун маркийн тээврийн хэрэгсэлд 2016 оны 10 дугаар сарын 12-ний өдрийн 03 цаг 26 минут хүртэл /өөрөө хэрэглэж/ тус тус хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

            Шүүх дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд : 

Шүүгдэгч Ц.Батдөлгөөний мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 3 дугаар хорооллын эцсийн “Кастле” бааранд пиво ууж байгаад Баагий гэж өөрийгөө танилцуулсан 30 орчим насны залуутай танилцсан. Баагий гэж өөрийгөө танилцуулсан залуу надад ганц хоёр гайгүй юм байгаа архи ууж байхаар үүнийг хэрэглээд үз гээд надад ууттай цагаан өнгийн давс шиг юм, мөн хар хүрэн өнгийн баримлын шавар шиг юм үзүүлээд гадаа гаръя гэсэн. Тэндээс гараад баарны урд талын 5 давхар байрны орц руу ороход Баагий өмднийхөө халааснаас хар хүрэн өнгийн баримлын шавар шиг юм гаргаж ирээд үүнийг ванжиг гэдэг юм сороод үз гэснээ шоколадны цаасан дээр нөгөө шавар шиг юмнаасаа бага зэргийг тасдаж авч тавиад доороос нь асаагуураар шатаагаад гарсан утааг нь хуйлсан мөнгөөр сорж үзүүлээд надад өгсөн, би гарч байсан утаанаас нь 2-3 удаа сороод Баагийд “ямар ч үйлчилгээ алгаь юу нь гоё байгаа юм бэ орж пиво ууя” гэхэд зүгээрээ наадах чинь уг нь зүгээр байдаг юм даа, тэгвэл өөр энийг үз гээд дахиад өмднийхөө халааснаас 2 ууттай цагаан өнгийн давс шиг юм гаргаж ирээд одоо энийг сор гээд тарианы шилэнд хийсэн давс шиг юмаа шатаагаад гарсан утааг нь хуйлсан мөнгөөр соруулсан. Би 3-4 удаа сорсон, надад сэргэсэн, эрч хүчтэй болсон юм шиг мэдрэмж төрөхөөр нь “энэ чинь харин үйлчилж байна” гэхэд нэг ууттай юмыг нь надад өгөөд сайхан танилцлаа чи ав хоёулаа сайхан найзалнаа гээд надад өгөхөөр нь би аваад өмднийхөө халаасанд хийсэн. Буцаад бааранд орж бүжиглэж байгаад баар хаах үед буюу уг баарнаас 04 цагийн үед гараад гэртээ хариад унтсан. Өдөр нь сэрээд байж байхад Мөөгий буюу Мөнхдэлгэр манайд ирсэн. Би Мөнхдэлгэрт Баагийгийн өгсөн зүйлийг үзүүлээд энэ их гоё юм байна лээ хоёулаа хэрэглэж үзэх үү гэхэд Мөөгий “үгүй ээ хөгшөөн, мань нь тийм элдэв балай юм үзэхгүй чи ч гэсэн болио” гээд байхаар нь би ганцаараа нөгөө зүйлээ Баагийгийн зааж өгснөөр тарианы шилэнд хийж байгаад доороос нь галаар шатаагаад гарсан утааг нь тарианы шилнийхээ аманд мөнгө хуйлж хийж байгаад 7-8 удаа сорсон. Тухайн үед унтлагын өрөөгөөр нэг утаа болоод Мөнхдэлгэр уурлаад өрөөнөөс гараад явсан. Маргааш нь буюу 2016 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баагийгийн өгсөн цагаан өнгийн давс шиг зүйлийг биедээ авч явж байгаад цагдаа нарт баригдсан. …Би Кастле баарнаас гарахдаа өөрийн Хаан банкны картаар тооцоо хийсэн. Би ганцаас гарч ирээд дансныхаа хуулгийг үзэж байхад 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Кастле бааранд орсон байна лээ. …Би урьд өгсөн мэдүүлэгтээ Баагий гэж өөрийгөө надад танилцуулсан хүний талаар ярьсан, одоо царайг нь сайн санахгүй байна. Тэр залуу өөрийгөө л Баагий гэж хэлснээс биш үнэхээр нэрийг нь Баагий гэдэг эсэхийг нь мэдэхгүй байна. Тухайн үед бааранд их хүнтэй байсан болохоор Баагийтай сайн ярилцаж чадаагүй, надад утасны дугаар болон гэрийнхээ хаягийг хэлж өгөөгүй, би ч асуугаагүй, би Баагийг хараад таних эсэхээ мэдэхгүй байна. Би Баагийгийн өгсөн зүйлээс хэн нэгэнд зарж борлуулаагүй, харин нэг удаа бага зэргийг хэрэглэсэн. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 181-183 х/

 

Гэрч Н.Алтандөшийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 10 дугаар сарын 11-ний орой 22 цагийн үед гэртээ байж байтал Мөнхтөр гэх найз над руу нэг дугаараас залгаад андаа би 21 дүгээр хороололд байна хүрээд ирээч гэсэн. Би яваад очтол нэг паб-д ганцаараа сууж байсан, би машингүй явж байсан учир 1 шил нийслэл нэртэй пиво авч уугаад сууж байтал Мөнхдэлгэр уг паб-д орж ирсэн. Тэгээд цуг суугаад гурвуулаа хаачих уу яах уу гээд Сансар гэх газар луу явахаар болсон. Бид 3 Сансарын хэдэн бааруудаар хэсэг яваад олигтой орох газар байхгүй болохоор буцаад 21 дүгээр хороолол явсан. Тухайн үед Мөнхдэлгэр соната 7 маркийн автомашинтай явсан. Замдаа 3,4 дүгээр хороололд Мөнхтөрийг гэрийнх нь гадаа буулгаад би ч гэсэн гэртээ хүргүүлэхээр болоод явж байтал Мөнхдэлгэр миний 86995352 гэсэн дугаартай утсыг аваад  хүн рүү залгаад чи хаана байна машин тэрэг чинь мөргөлдсөн гэсэн хаана байна гэснээ за за одоо ингээд очлоо гэр хорооллоор уруудаад явж байна гээд утсаа салгасан. Надад хэлэхдээ манай найзын машин гэр лүүгээ орох гэж  яваад мөргөлдчихсөн гэж байна гээд явсаар байгаад 21 дүгээр хорооллын автосургуулийн замын урд талд байх байрны дунд очиход хар өнгийн Crown маркийн машин зогсож байсан. Ард нь очоод зогстол тэр машин хөдөлж яваад Мөнхдэлгэр араас нь дагаад явахаар нь би зогсоол олж зогсох гэж байгаа юм байхдаа гэж бодоод нэг байрны урдуур эргээд явж байтал урдаас нэг машин зогсоод баахан хар хувцастай хүмүүс бууж ирээд урд явсан Crown машиныг зогсоогоод жолоочийг нь буулгаж харагдсан. Тэгээд цагдаагийн газар хүргэгдэж ирсэн. …Би Мөнхдэлгэрийг хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг эсэхийг мэдэхгүй. Ер нь миний найз нөхдийн хүрээнд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг хүн байхгүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 122-123 х/

 

Д.Мөнхдэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: “…2016 оны 10 дугаар сарын 11-ний өглөө би 11 цагийн үед босоод …гадуур гарч таксинд явах гээд хүргэн ах Отгоо руу залгаад “машин чинь завтай байвал хэрэглүүлээч” гэхэд гэрт ирээд ав гээд 13 цагийн үед очиж аваад 21 дүгээр хороолол явж 2 халтуур хийгээд, 5 дугаар баазын хашаанд байдаг найзынхаа машин угаалгын газар очиж машиныг угаасан. Тэр үед Мөөжиг буюу Мөнхтөр ах над руу залгаад 21 дүгээр хорооллын Урам нэртэй паб-д ганцаараа сууж байна ирээд хань болооч гээд залгаад байхаар нь би 22 цаг өнгөрч байхад очиход Мөөжиг ах Алтандөштэй хамт сууж байсан. Тэнд сууж байхад гурвуулаа өөр тийшээ явъя гээд Сансар явахаар болоод миний машинд гурвуулаа суугаад Баянзүрх дүүргийн сансарын нэрийг нь мэдэхгүй баахан бааруудаар орсон нэг их хүн байхгүй газрууд байхаар нь харъя гээд 21 дүгээр хороолол руу гэр лүүгээ буцах замдаа 3,4 дүгээр хороололд Мөөжиг ахыг буулгаад Алтандөшийг замдаа буулгахаар замдаа би Батдөлгөөний гар утас руу Алтандөшийн утаснаас залгаад хаана байна гэхэд 21-т машинтай мөргөлдсөн баларлаа тэгэхдээ гайгүй 400,000 төгрөг бэлнээр авлаа гэхээр нь би яваад очьё хаана байна гэхэд Их засгийн оюутны байрны энд зогсож байна гэж хэлээд утсаа тасалсан. Батдөлгөөнийг зогсож байсан газрыг олоод замаа чөлөөлөөд зогсоё гэж бодоод хөдөлтөл хар хувцастай цагдаагаас явж байна гээд баахан хүмүүс бариад авсан. …Хэрэг явдал болдгоос 1-2 хоногийн өмнө Дөдө буюу Батдөлгөөний гэрт нь очиход Дөдө жижигхэн тарианы шил шиг юманд цагаан өнгийн давс шиг юм хийгээд доороос нь галаар шатаагаад гарсан утааг нь амаараа сороод ч байгаа юм уу уушиглаад ч байгаа юм уу өрөөгөөр нэг утаа хийсэн, тэр өрөө нь жижигхэн байсан би болио юу хийгээд байгаа юм гээд гараад явсан. Тэр утаа нь миний амаар орсон байх, түүнээс болоод ийм байдалд орсон гэж бодож байна. Би үнэхээр хар тамхи хэрэглэж үзээгүй. …Надаас хэнээс яах гэж авсан зэргийг тайлбарлаагүй, “мөс” гэдэг юм гэж тоглоомон дундаа наргиад байгаа ч юм уу хэлж байсан. …Батдөлгөөний сайн найз нийлдэг хүн гэвэл би л байна. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 187-189 х/

 

Гэрч Т.Цэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Миний хүү Батдөлгөөн 1993 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав нь Бат-Өлзий гэж хүн байдаг одоо ямар нэгэн холбоо байхгүй, хаана байдаг эсэхийг нь би мэдэхгүй. Батдөлгөөн бага насаа 26 дугаар цэцэрлэгт хүмүүжиж байгаад 7 настайдаа 62 дугаар сургуульд элсэн орж 9 дүгээр ангийг төгссөн. Сургуулиа төгсөөд гэр зуур надад туслаад явдаг байсан. Би хааяа ажил руугаа дагуулж явдаг, голдуу 2 дүүгээ сургууль цэцэрлэгт нь зөөж өгдөг байсан. Найз нөхөд гэж их явдаг, гэр бүлсэг, эмээ өвөөдөө халамжтай, тусархаг хүүхэд. Худалч муу зан байхгүй, их үнэнч шударга зантай, цэвэрч нямбай, өөртөө их арчаатай, хүнтэй эвсэг харьцдаг, их сэргэлэн зантай. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхыг хараагүй, тамхи жаахан татдаг байсан, эмчилгээ хийлгээд гарч байсан. …Би ямарваа нэгэн ажил гараад гэнэт дуудахад шууд хүрээд ирдэг, тухай бүрт надад тийм шинж тэмдэг ажиглагдаж байгаагүй. …Би “Хаан хүнс” ХХК-д борлуулагчаар ажилладаг, сардаа 2.000.000 орчим төгрөгийн орлого олдог түүнээсээ ажилгүй байгаа хүүгээ өөртөө туслуулаад 400.000-500.000 төгрөг сардаа өгдөг…Би хүүгээ Хаан банкны 5166187710 дугаарын данстайг мэднэ, би энэ дансийг хүүгээ дагуулж явж 2015 онд нээлгэж өгсөн. …Үйлчлүүлэгчдээс төлөх барааны орлогыг данс, мобайл банк зэргээ ашиглаад хүмүүс шилжүүлэхээр нь өөрөө хөдөө байгаа үедээ хотод хийх гүйлгээ зэргийг Батдөлгөөний дансыг ашиглаж хийдэг. Мөн хүүгээ Америкийн визинд оруулах бодолтой байсан. Эдгээр гүйлгээнүүд нь Батдөлгөөнд хамааралгүй гүйлгээнүүд гэж бодож байна. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 124-126 х/

Шинжээч Д.Золзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Хүний шээсэнд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн тохиолдолд хэдэн цаг хадгалагдах ёстой гэх албан ёсны тоо байхгүй тухайн хүний идэж, уусан зүйл, унтаж амарч байгаа, бие организмын онцлог, биеийн эсэргүүцэл зэргээс шалтгаалан харилцан адилгүй байх бүрэн боломжтой. Манай хүрээлэн хүний цуснаас мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх стандарт ажлын заавар батлагдаагүй тохиолдолд цуснаас мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илрүүлсэн дүгнэлт гарах боломжгүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 138-139 х/

 

Шинжээчийн 8887 тоот дүгнэлт

1.2.3.4.Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1-1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл,  “2 Ц.Батдөлгөөн мөс мэт зүйл” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл зэргийн найрлаганд метамфетамин /methamphetamine/-ын агуулга илэрч байна. “Ц.Батдөлгөөн 2016.10.12” гэсэн хаягтай шээсэнд тетрагидроканнабинол /tetrahydrocannabion/-ийн болон метамфетамин /methamphetamine/-ын агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно.

“Н.Алтандөш 2016.10.12” гэсэн хаягтай шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агуулга илрээгүй. Химийн ахлах шинжээч До.Золзаяа /хх-ийн 141-142 х/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт ¹1084

1.Ц.Батдөлгөөн нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвчилж байсан гэх баримт үгүй байна.

2.Ц.Батдөлгөөн нь одоо сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

3.Ц.Батдөлгөөн нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4.Мансуурах донтой болон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх нэршлүүд нь утга нэгтэй ойлголтууд болно. Ц.Батдөлгөөнд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг одоогоор үгүй байна.

5.Ц.Батдөлгөөнд ямар нэгэн мансууруулах сэтгэц нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг одоогоор үгүй байна. Монгол улсад энэ төрлийн эмчилгээг СЭМҮТ-д хийх боломжтой. Ахлах зэрэгтэй эмч О.Баатаржав, Л.Баттулга, их эмч С.Байгальмаа /хх-ийн 150-151 х/

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-25 х/

Хүний биед үзлэг хийж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл: “…Ц.Батдөлгөөний биед үзлэг хийхээс өмнө гартаа жижиг уут атгасан байх ба Ц.Батдөлгөөн нь дотор нь мөс гэх бодис байгаа гэж ярив. Уг зүйлийг уутны хамт албаны Т1000 загварын жин дээр жинлэхэд 0,9 грамм болов. …Өмсөж явсан цэнхэр өнгийн бэлтгэлийн цамцанд үзлэгийг явуулахад баруун халаасанд нь зип лок түгжээ бүхий ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл байсныг албаны Т1000 маркийн жин дээр жинлэхэд 8,6 грамм болж байсныг хураан авлаа.  …Ц.Батдөлгөөнд зориулалтын тест бүхий саванд шээлгэж үр дүнг хүлээхэд 5 минутын дараа

-HERION хэсгийн Т,С түвшинд 2 улаан зураас сөрөг /илрээгүй/

-МЕТ хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/

-СОС хэсгийн Т,С түвшинд 2 улаан зураас сөрөг /илрээгүй/

-АМР хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/

-ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/ гэж зааж байгаа нь амфетамин, метамфетамин, тетрагидроканнабинолын төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисуудыг хэрэглэсэн болохыг тэмдэглэлд тусгав. …” /хх-ийн 26 х/

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 41 х/

Банкны лавлагаанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 48-49 х/

2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Мөрдөн байцаагчийн тэмдэглэл: “…Монгол Улсад мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдан борлуулдаг этгээдүүдийн дунд Баагий гэх нэртэй этгээд байхгүй, Баагий гэх хүн нь бодит хүн болох нь тогтоогдоогүй. …Ц.Батдөлгөөн, Н.Алтандөш, Д.Мөнхдэлгэр нар нь хоорондоо найз нөхдийн холбоотой бөгөөд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгч, зарж борлуулдаг этгээдүүдтэй харилцаа холбоотой гэсэн мэдээ, мэдээлэл авагдаж байсан байна. …” /хх-ийн 116 х/

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 121 х/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 193 х/

2010 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 405 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-201-203 х/

2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 421 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 195-196 х/

2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь Сум дундын шүүхийн 34 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 197 х/

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 237 х/

Зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хх-ийн 14-16 х/

Зарим яллагдагчид холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хх-ийн 17-18 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Ц.Батдөлгөөнийг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.    

 

Ц.Батдөлгөөн нь 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт 03 жил 05 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “… гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна …” гэж заасны дагуу түүний эдлээгүй үлдсэн буюу 01 жил 01 сар 04 хоногийн хорих ялыг өршөөн хасч суллагдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4, 78.4 дэх хэсгүүдэд зааснаар түүний ялтай байдал дуусаагүй бөгөөд ялтайд тооцогдох хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.  

Ц.Батдөлгөөн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9 дэх хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэнийг мөн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.12 дахь хэсэгт зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.  

Шүүгдэгч Ц.Батдөлгөөний нийт 14 хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 10х16 см харьцаатай зип лок түгжээ бүхий гялгар уутын хамт 8.8 грамм цэвэр жин 6.9 грамм цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, Ц.Батдөлгөөн мөс мэт зүйл 2 гэж бичиж хаягласан дотор талдаа цайвар өнгийн талстлаг мөс мэт зүйлийн үртэстэй гялгар уут мөс мэт зүйлийн цэвэр жин 0.00 грамм зэргийг устгах, уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тогтоолд тус тус дурьдах нь зүйтэй байна.      

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Ц.Батдөлгөөнийг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар шүүгдэгч Ц.Батдөлгөөнийг 06 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр 51.1-д зааснаар шүүгдэгч Ц.Батдөлгөөнд оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар цагдан хоригдсон шүүгдэгч Ц.Батдөлгөөний 14 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.       

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2-т зааснаар эд мөрийн баримт болох 10х16 см харьцаатай зип түгжээ бүхий гялгар уутын хамт 8.8 грамм цэвэр жин 6.9 грамм цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, Ц.Батдөлгөөн мөс мэт зүйл 2 гэж бичиж хаягласан дотор талдаа цайвар өнгийн талстлаг мөс мэт зүйлийн үртэстэй гялгар уут, мөс мэт зүйлийн цэвэр жин 0.00 грамм зэргийг тус тус устгасугай.  

6. Уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.      

7. Шүүгдэгч Ц.Батдөлгөөнд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тооцсугай.          

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Батдөлгөөнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

                

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ГАНБААТАР