Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 212/МА2018/00058

 

БТСГ-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2018 оны 3 сарын 12-ны өдрийн 130/ШШ2018/00174 дүгээр шийдвэртэй, тус аймгийн Баян-Өлгий аймгийн БТСГ-ын нэхэмжлэлтэй, Х.К-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 4 сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Б, хариуцагчийн өмгөөлөгч Х.Зулхаш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Х.К-гаас хууль бус авсан 3300000 төгрөг гаргуулах тухай.

            Нэхэмжлэлд: “Иргэн Х.К нь тус газрын цахилгаан шугамыг засварласан нэрээр ямар ч гэрээ хэлцэл, санхүүгийн баримт бичиггүй 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Б” ХХК-аар дамжуулан 3300000 төгрөгийг тус газрын данснаас шилжүүлэн авсан байжээ. Энэ нь аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны шалгалтаар илэрч Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 13 дугаар зүйлийн 13.1, 13.4, 13.5, 13.7, 3 дугаар зүйлийн 3.1.20, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.5, 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзээд акт тавигдсан ба тус мөнгийг байгууллагын төсвөөс төлж барагдуулсан болно. Иймд 3300000 төгрөгийг X.Колиягаас гаргуулж өгнө үү.” гэжээ. 

                Хариуцагчийн тайлбарт: “Миний бие “Б” ХХК-д цахилгааны инженерээр ажиллаж байгаад спорт цогцолборын барилга анх баригдах үед дотор гэрэлтүүлэг, тоног төхөөрөмжийн монтажны ажлыг зургийн дагуу хийж улсын комисст хүлээлгэж өгсөн. Дараа нь дотор гэрэлтүүлгийн монтажийг галын аюулаас хамгаалах, өөрчлөх шаардлага гарсан тул тус газрын дарга Х.Х хүсэлт гаргасан. “Урьдчилан хийгдсэн төсөв зураг байгаагүй тул ажлын явцад захиалагчийн саналын дагуу үнэ тохирч хийхээр “Б” ХХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн гэрээний даалгавраар хүн гаргаж 15 хоногт багтааж хийхээр гэрээ байгуулсан. Шаардагдах материал, багаж хэрэгсэл, шат тавьсан, хамгаалалтын бүс зэргийг гүйцэтгэгч хариуцаж, хөдөлмөр хамгаалал, өндрийн нэмэгдэл, ИТА цалин, ажилчдын цалин, материалын үнэ өртгөөс бусад төрлийн зардал тооцоонд ороогүй. Захиалагчийн саналын дагуу өндөр зэрэгт Х, А, Ннар ажлыг хийж гүйцэтгэж, 2013 оны 12 сарын 19-нд ажлын комисст хүлээлгэж өгсөн, өнөөдрийг хүртэл хэвийн ажиллаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ2018/00174 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Х.К-гаас хууль бус авсан 3300000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн БТСГ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн  заалдах гомдолд: “Анхан шатны шүүхээс тус газрын нэхэмжилсэн 3,300,000 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Иймд 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №210 тоот нэхэмжлэлээр “Б” ХХК-д шилжүүлсэн 3,300,000 төгрөгийг дахин 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 18-05/57 дугаартай актаар тус газраас Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны төрийн сан дахь 100020051408 тоот дансанд барагдуулж, дахин дахин байгууллага хохирч байна. Мөн тухайн төсвийн мөнгө болох 3,300,000 төгрөгийг хэн буруутай этгээдээр төлүүлж, төсөвт байгууллага болох Биеийн тамир, спортын газрыг хохиролгүй болгож өгнө үү хэмээн гомдол гаргаж байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн “Б” ХХК-д 3300000 төгрөг шилжүүлсэн 2013 оны 12 сарын 23-ны өдрийн 210 дугаартай төлбөрийн хүсэлт (хэргийн 2 дугаар талд авагдсан) гэх баримтад тус байгууллагын “хуулбар үнэн” гэсэн тэмдэглэгээ бүхий тэмдэг дарагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй байна.Хуульд зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүхээс жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд” гэдэгт хэргийн оролцогч хамаарахгүй ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан шүүхээс нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зохицуулалттай уялдаатай хэрэгжинэ.

Хариуцагч талаар нотлох баримтаар гаргаж өгсөн 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн БӨА005/2013 дугаартай “Спорт цогцолборын барилгын дотор гэрэлтүүлгийн люксийг сайжруулах, гэрэл нэмж тавих ажил” гүйцэтгэх гэрээг Баян-Өлгий аймгийн ССАЖГазрын дарга Х.Х, “Б” ХХК-ний захирал Н.М нар байгуулсан, хариуцагч Х.К нь “Б” ХХК-ийн цахилгааны инженер ажилтай болох нь уг гэрээгээр тогтоогджээ. Нэхэмжлэгч БТСГ нь хариуцагчийг буруу тодорхойлсон байхад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар “Б” ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулаагүй нь буруу байна.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэх боломжгүй буюу төлбөрийн хүсэлт нь нотлох баримтын шаардлагыг хангаагүй, анхан шатны шүүх хуульд заасан тохиолдолд шийдвэр гаргахаас өмнө өөр этгээдийг хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах журмыг хэрэгжүүлээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй.

Хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул нэхэмжлэгчийн маргааны үйл баримттай холбогдуулан гаргасан гомдолд давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ2018/00174 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

 

                                                                       

Д.КӨБЕШ