Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/991

 

 

 

 

 

 

   2023          08           21                                   2023/ШЦТ/991

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: С.Жавхлантөгс,

улсын яллагч: Ж.Бат-Эрдэнэ,

хохирогч:Н

шүүгдэгчийн өмгөөлөгч Б  

шүүгдэгч: С нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С холбогдох эрүүгийн 2308015071126 тоот хэргийг 2023.07.20-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....... оны ..... дугаар сарын .....-ны өдөр .....аймгийн ........ суманд төрсөн, ...... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Сити их сургуулийн эрх зүйн 3 дугаар дамжааны оюутан гэх, ам бүл 2 хамтран амьдрагчийн хамт, .....аймгийн ........ сумын ......... тоот оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн ........ хороо, .......... тоотод оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:............/ Б овогт Б С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Снь 2023 оны 04 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянбулаг 5 дугаар гудамжны 57 тоот гэрийнхээ гадна хохирогч Г.Н ыг зодож, түүний бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Гэмт хэрэг, зөрчлийн дуудлагын лавлагааны хуудас /хх-06/,

- Хохирогч Н: би модны 2-т байр түрээсэлж байгаад байрнаасаа гараад өмнө нь ресторанд хамт ажилладаг байсан эгч Сгээд эгчийн гэрт эд зүйлээ тавьчихсан байж байгаад Ариунтулга гээд эгчтэйгээ хамт амьдрахаар 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 23 цагийн үед Сгээд эгчийн гэрт очоод гэрийнх нь хаалгыг тогшоод эд зүйлээ авъя гээд хэлсэн чинь маргааш ав, одоо өгч чадахгүй гээд өөдөөс орилж хашхираад байхаар нь дахиад хаалгыг нь тогшоод би хүн гуйгаад ирсэн юмаа, гялс авчихъя, хэдхэн минут болно гэж хэлсэн чинь найз залуутайгаа цуг гарч ирээд намайг Снайз залуутайгаа хамт загнаад байсан тэр үед надад хандаж хэлсэн үгийг нь би сайн санахгүй байна. Тэгээд Счи ямар овоо юм бэ гээд миний үснээс 2 гараараа зулгаагаад газарт унагаад миний үснээс тавихгүй миний толгойг газарт хэд хэдэн удаа саваад намайг хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгээд би туслаарай, авраарай, гээд зөндөө орилсон чинь хажууд байсан Снайз залуу салгахгүй хараад зогсоод байсан... С намайг чи ямар овоо юм бэ гээд миний үснээс 2 гараараа зулгаагаад газарт унагаад миний үснээс тавихгүй миний толгойг газарт саваад хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөөд байсан. Би С зодоогүй, харин С нь намайг зодсон” гэх мэдүүлэг /хх-25/,

- Гэрч А“2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр минии танил дүү болох Н нь би айлд эд зүйлээ тавьчихсан байгаа юм, яваад өгөөч гэхээр нь би өөрийн 5116 УНЛ тоёота приүс 30 маркийн машинаар хамт яваад Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэг айлд очоод би хашааны гадаа нь хүлээгээд Н хашаа руу ороод ойролцоогоор 5-10 минут орчмын дараа уйлчихсан үс нь арзайсан байдалтай гарч ирсэн. Тэгээд би буцаад хашаа руу нь дагаад ортол нөгөө гарч ирсэн хүмүүс нь буцаад гэр лүүгээ ороод хаалгаа түгжсэн байсан. Тэгэхээр нь би яагаад хүүхэд зодчихов гээд хаалгыг нь нүдсэн чинь цонхоороо хутганы ком болон бусад эд зүйлийг нь гаргаж шидсэн. Тэгэхээр нь би хүний хүүхэд зодуулчихаад яаж явах юм гээд хаягаа хэл, цагдаа дуудлаа гэсэн чинь хаягаа хэлэхгүй Сгээд охин найз залуутайгаа хамт гарч ирээд хэл амаар доромжлоод Н бид 2-ыг хашаанаасаа хөөгөөд гаргасан. Би машин дотор нь сууж байсан болохоор хэн хаана нь цохисныг мэдэхгүй байна. Нын толгой, дух, гуя нь хөхөрчихсөн байсан гэх мэдүүлэг /хх-28 /,

- Гэрч М“...2023 оны 04 дүгээр сарын 17-ны орой 23 цагийн үед би гэртээ найз охин Схамт унтах гээд хэвтэж байсан чинь гэнэт хаалга хүн нүдээд байхаар нь манай найз охин С “хэн бэ?” гэж асуутал Н байна хувцсаа авъя гэсэн. Тэгээд манай найз охин босоод хаалга тайлаад “чи ямар ядаргаатай юм, хэлж ярихгүй, хүн амьтан унтаж амарч байхад албатай юм шиг юмаа авъя гээд орилоод байх юм, маргааш өглөө ирээд ав” гээд хаалгаа хаасан чинь дахиад хаалга нүдээд одоо авмаар байна гээд манай найз охиныг Н үсдээд авсан, тэгээд тэр 2 хоорондоо үсдэлцээд газар унахаар нь би “боль” гээд салгасан гэх мэдүүлэг /хх-31/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 5325 дугаартай “Хэсэг газрын үзлэгт: баруун зулайн хэсэгт 6х6 см овойж хавдсан, Н биед зулайд зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, дух, хамар, хүзүүнд зулгаралт, гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт /хх-33/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 8348 дугаартай “С биед баруун сарвууны дунд хуруу, зүүн сарвууны дунд, чигчий хуруу, баруун өвдгөнд зулгаралтын нөсөө гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэзээ үүссэн эсэхийг тогтоох боломжгүй байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх мэдүүлэг /хх-80-82/,

- Яллагдагч С: “Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нын дух, хамар, гуя, шилбэнд цус хуралт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон гэж байна. Миний бие дээрх гэмтэл учирсан гэх газруудад цохисон, гар хүрсэн зүйл байхгүй. Н нь намайг үсдээд авахаар нь би зөрүүлж үсдээд бид 2 хоёулаа газар унасан. Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх мэдүүлэг/хх-45/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх  баримтууд, шүүгдэгч С хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил, түүнчлэн нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч С нь яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй, шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, хохирогч Н бие махбодод тогтоогдсон гэмтлүүдийг би учруулаагүй хэмээн мэдүүлсэн байх бөгөөд  шүүх хуралдаанд “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, тухайн гэмтлүүдийг би учруулсан” хэмээн мэдүүлж оролцсон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” тул шүүх С яллагдагчаар өгсөн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болох нотлох баримтаар тооцсонгүй.

Харин хохирогч Г.Н, гэрч А зөрчлийн хэрэг шалгах ажиллагааны үед болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авсан мэдүүлгийг хуульд заасан журам, шаардлагыг хангаж авсан байх тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болох нотлох баримтаар тооцсоныг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч С нь 2023 оны 04 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн .............. хороо, ........... тоот гэрийнхээ гадна тэдний гэрт тавьсан эд зүйлээ авахаар ирсэн тухайн үед насанд хүрээгүй хохирогч Г.Ныг “шөнө оройн цагаар амгалан тайван байдал алдагдууллаа” гэх шалтгаанаар маргалдан үсдэн газар унагаах, өшиглөх зэргээр  зодсоны улмаас түүний бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хохирогч Н, гэрч С.Ариунтунгалаг, шүүх эмнэлгийн шинжээчийн 5325 дугаартай дүгнэлт, ГССҮТөвөөс гэмтлийн яаралтай тусламжийн үйлчилгээ авсан /хх-59/  баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч С нь хувийн сэдэлтээр, шууд санаатайгаар хүний халдашгүй эрх, эрх чөлөөнд хүч хэрэглэн халдаж зодсоны улмаас хүний бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь баримтаар нотлогдсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С хууль бус санаатай үйлдлийн улмаас Н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогч Ннь “Бариа засал хийлгэсэн, КТГ хийлгэсэн, эм тарианд зарцуулсан нийт 1367982.82 төгрөг нэхэмжилж баримт хавсарган өгсөн байна /хх-50-53/

Баримтыг шалгаж үзэхэд КТГ хийлгэсэн гэх 140000 төгрөгийн баримт болон эм тарианд зарцуулсан 138800 төгрөгийн баримтууд давхардсан, бариа заслын үйлчилгээ хийлгэсэн гэх 800000 төгрөгийн баримт нь шаардлага хангахгүй байгааг хасаж тооцоход 302000 төгрөгийг С гаргуулж Н олгох үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгч С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон болон 302000 төгрөгийг төлүүлэх шийдвэр гаргаснаа танилцуулахад шүүгдэгчийн талаас тухайн төлбөрийг төлөхөөр шүүх хуралдааныг түр завсарлуулах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн болно. Шүүгдэгч С эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулахад 302000 төгрөгийг Н бэлнээр хүлээлгэн өгсөн болох нь шүүгчийн туслахын тэмдэглэлээр тогтоогдож байх тул С нь өнөөдрийн байдлаар баримтаар нотлогдсон төлбөрийг нөхөн төлсөнд тооцох үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг шүүгдэгч С нь хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Н нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг С шаардах эрхтэй байна. Хохирогчийн зүгээс гаргаж өгсөн бариа заслын эмчилгээ хийлгэсэн гэх баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүйн улмаас шүүхээс шийдвэрлэх боломжгүй байх тул холбогдох иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хуульд заасан шаардлагыг хангаж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг энэхүү тогтоолын тогтоох хэсэгт дурдаж шийдвэрлэв.

          Мөн хохирогч Н яаралтай тусламж үйлчилгээ авсан эмчилгээний зардалд 161000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн төлбөрийн мэдээлэл /хх-59/, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчийн мэдүүлэг /хх-60-62/ баримтаар тогтоогдож байна.

          Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-д “бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж, мөн зүйлийн 513.2-т “гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэгтэй” гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж тус тус заажээ.       

          Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон этгээд болох С161000 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн төрийн санд шилжүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч С нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-54/

Шүүгдэгч С нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо баримтаар нэхэмжилсэн хэмжээнд төлж барагдуулсан, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан /шөнийн цагаар урьдчилж хэлэлгүйгээр хүний амгалан тайван байдлыг алдагдуулсан/ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон С нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг  сонгон хэрэглэж, ял эдлэх хүрээг түүний оршин амьдарч буй хорооны нутаг дэвсгэрээр тогтоож, тухайн хязгаараас хичээл сургуульдаа явахаас бусад шалтгаанаар гарч явахыг хориглох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлтэйгөөр  оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг 2 сарын хугацаагаар хүлээлгэх байдлаар тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” хүсэлт гаргасныг шалгаж үзэхэд тухайн зүйл, заалтад заасан шаардлагыг бүрэн хангаагүй байх тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй гэж дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

      1. Шүүгдэгч Б овогт Б С хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1  дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  С Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрээс хичээл сургуульдаа явахаас бусад шалтгаанаар гарч явахыг хориглох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлтэйгөөр  оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг 2 /хоёр/ сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, мөн хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 12.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар С 161000 /зуун жаран нэгэн мянган/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн төрийн санд шилжүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Н нь бариа засал хийлгэсэн гэх 800000 төгрөг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,  хохирогч Н нь нотлох баримтаа бүрдүүлэн өөрийн болон С оршин суугаа иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

5. Шүүгдэгч С нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй.Хохирогч Н 302000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг С мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ