Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 00227

 

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 153/ШШ2020/00227

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Буянт сум, Цагаанбургас багт оршин суух, ... дугаарын регистртэй, О овогт Мийн Б-ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр  иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганзориг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Ба нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1964 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Цагаан бургас багт Мижидийн 6 дахь хүү болон төрсөн. Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн дунд сургуульд 1972 онд 1 дүгээр ангид орж, 1980 оны 6 дугаар сард 8 дугаар ангиа төгссөн. Ингээд 1980 оны 6 дугаар сард илгээлтээр явж Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд 1983 оны 06 сар хүртэл эцэг эхийн хамт мал маллаж ажилласан. 1983 оны 6 дугаар сард цэргийн албанд татагдаж, 1986 оны 6 дугаар сард цэргийн албанаас халагдсан. Цэргийн албанаас халагдаж ирээд Буянт сумын Соёл нэгдэлд аав ээжийн хамт мал маллаж ажиллаж байгаад 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс тус нэгдэлд малчнаар томилогдон 1990 оны 11 дүгээр сарыг дуустал малчнаар ажилласан. 1990 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Н.Наранчимэгтэй гэр бүл болсон ба миний бие хувиараа мал маллаж ирсэн. Би одоог хүртэл мал маллаж амьдардаг. Одоо миний бие тэтгэвэрт гарах гэж байгаа тул Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд 1980 оны 6 дугаар сараас 1983 оны 6 дугаар сар хүртэл, 1986 оны 6 дугаар сараас 1990 оны 11 дүгээр сарыг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү  гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганзориг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: хүсэлт гаргагч нь 1980 оны 6 дугаар сараас 1983 оны 6 дугаар сар хүртэл, 1986 оны 6 дугаар сараас 1990 оны 11 дүгээр сарыг дуустал тус тус Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч М.Бын 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч М.Ба нь 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1888 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Буянт сумын 1 дүгээр бригадын 1989 оноос 1990 онуудын 70 дугаар дансны хуулбар цалингийн цэс,

Хүсэлт гаргагчийн 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0778468 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1603000466 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 316 дугаартай малчин мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Жаргалант сумын 3 дугаар сургуулийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 187 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, хүсэлт гаргагчийн цэргийн батлахын эх хувь,

Иргэн О.Мягмаржавын ... Миний бие М.Батай Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд 1980 оны 06 дугаар сараас 1983 оны 06 дугаар сарыг хүртэл малчнаар ажиллаж байсан. Бид хамтдаа 1983 оноос 1986 оныг хүртэл цэргийн алба хааж байсан... гэх тодорхойлолт,

Иргэн Д.Даваасүрэнгийн ...Миний бие М.Батай Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд 1980 оны 06 дугаар сараас 1983 оны 06 дугаар сарыг хүртэл малчнаар ажиллаж байсан. Бид хамтдаа 1983 оноос 1986 оныг хүртэл цэргийн алба хааж байсан... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан М.Бын 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Харин хүсэлт гаргагчийн 1980 оны 06 дугаар сараас 1983 оны 06 дугаар сар, 1986 оны 06 дугаар сараас 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэх шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1888 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Буянт сумын 1 дүгээр бригадын 1980 оноос 1983 он, 1986 оноос 1988 онуудын 70 дугаар дансны хуулбар цалингийн цэсэнд хүсэлт гаргагчийн нэр бичигдээгүй, тухайн үед ажиллаж байсан гэдэг нь баримтаар нотлогдохгүй байх тул жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Олхонод овогт М-ийн Быг 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Хүсэлт гаргагч М.Бын 1980 оны 06 дугаар сараас 1983 оны 06 дугаар сар, 1986 оны 06 дугаар сараас 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаархи хүсэлтээ нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

  

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ