| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00134/И |
| Дугаар | 00228 |
| Огноо | 2020-04-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 00228
| 2020 оны 04 сарын 08 өдөр | Дугаар 153/ШШ2020/00228 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Дарви сум, Дэлгэр баг, 01-02 тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Х овогт С-ийн Т-ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Т нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1965 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Дарви сумын Дэлгэр бригадад төрсөн. Бага насаа аав, ээжийн гар дээр өнгөрөөж 1973 онд Ховд аймгийн Дарви сумын 8 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж, 1981 онд 8 дугаар ангиа төгсөөд Залуучуудын эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн 2 дугаар бригад буюу Дэлгэр бригадад аав В.Сэнгэдоржийн бог малын суурьт туслах малчнаар томилогдон очиж ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Миний аав В.Сэнгэдорж нь нэгдлийн бог мал малладаг, Аймгийн аварга малчин, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон зэрэгтөрийн одон медалиудаар шагнагдсан, сайн малчин байсан. Одоо миний аав В.Сэнгэдорж нь 94 настай бөгөөд Ховд аймгийн Дарви сумандаа амьдарч байна. Аавын эгч нь Монгол улсын Хөдөлмөрийн баатар малчин С.Цогтгэрэл гуайн эхнэр байсан тул хөдөлмөрийн арга туршлагаа хуваалцаж айл саахалт явдаг, миний бие нь өөрийн болон С.Цогтгэрэл гуайн мал сүргийг хамжиж малладаг байсан. С.Т миний бие нь мал маллаж байгаад 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс цэргийн албанд татагдаж, Ардын армийн 123 дугаар ангид цэргийн алба хааж, 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр халагдсан. Цэргээс халагдаж ирээд 1 жил гаруйн хугацаанд аавын суурьт мал маллаж байгаад 1987 оны сүүлээс адуун сүрэг авч суурь ахалж малласан. Нэгдлийн 700 гаруй адууг хариулдаг байсан. Миний бие нь нэгдэл 1993 онд хувьчлалаар тарах хүртэл нэгдлийн адуу малласан. 1987 онд Н.Наранцэцэгтэй гэр бүл болж, 5 хүүхэд төрүүлж өсгөсөн. Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулийн дагуу надад улсаас 1990 оноос 2000 оныг дуусталх хугацааны 11 жилийг нөхөн тооцож өгсөн. Архиваас авсан 70 дугаар дансан дээр миний нэрийг Төгс гэж бичсэн байна. Намайг хүмүүс Төгсөө гэж дууддаг байсан, одоо ч нутгийнхан Т гэсэн бүтэн нэрээр дууддаггүй, Төгсөө гэж л дууддаг. Иймд Хар банди овогт Сэнгэдоржийн Т намайг 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд, мөн 1986 оны 06 сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн 2 дугаар бригад буюу Дэлгэр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т Харин нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх... гэж заасан байна.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг ирүүлээгүй байна.
Иймд шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагч С.Тын 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч С.Т нь 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1874 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дарви сумын Дэлгэр бригадын 1986 оноос 1989 онуудын 70 дугаар дансны хуулбар цалингийн цэс, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн эх хувь
БХЯ-ны сайдын 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар цэрэгт татагдаж, мөн сайдын 1986 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн н/235 дугаар тушаалаар 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр халагдсан талаарх Монгол улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10322 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа гэх бичвэртэй албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 0011363 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1604000136 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Иргэн Ч.Энхбаатарын ...Миний бие 1988 оноос 1993 оныг хүртэл Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан С.Тын 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Харин хүсэлт гаргагчийн 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэх шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1874 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дарви сумын Дэлгэр бригадын 1981 оноос 1983 онуудын 70 дугаар дансны хуулбар цалингийн цэсэнд хүсэлт гаргагчийн нэр бичигдээгүй, тухайн үед ажиллаж байсан гэдэг нь баримтаар нотлогдохгүй байх тул жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хар банди овогт Сэнгэдоржийн Тыг 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Хүсэлт гаргагч С.Тын 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаархи хүсэлтээ нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ