Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 00229

 

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 153/ШШ2020/00229

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Ховд сум, Улаан бураа багт оршин суух, ... дугаарын регистртэй, Ш овогт О-ийн М-ы хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр  иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч О.М нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Шыбарайгыр овогт Оразын М миний бие нь 1967 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн Ховд суманд Ж.Оразын том охин болон төрсөн. Бага насаа эцэг, эхийн гар дээр өнгөрөөж 1977 онд Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж суралцаж байгаад 1983 онд 8 дугаар анги төгссөн. 8 дугаар ангиа төгсөөд Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4 дүгээр бригад буюу Улаанбураа бригадад ногоочин аав Ж.Оразын туслах ногоочноор ажиллаж эхэлсэн. Миний бие нь 1988 оны 02 дугаар сарын 06-нд Сериквай овогтой Нугнавитай гэр бүл болсон. Бид гэр бүл болоод 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. Манай нөхөр Сериквай овогтой Нугнави нь бас ногоочин байсан. Бид нэгдэл тартал нэгдлийн ногоо тарьсан. Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэл нь 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сарыбулах хувьцаат компани болсон. Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1990 оноос 2000 оныг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож өгсөн. Иймд Шыбарайгыр овогт Оразын М намайг 1983 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4 дүгээр бригадад ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т Харин нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх... гэж заасан байна.

Хүсэлт гаргагч, түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг ирүүлээгүй байна.

Иймд шүүх хуралдаанд хүсэлт гаргагч, түүний өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагч О.Мы 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4 дүгээр бригадад ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч О.М нь 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4 дүгээр бригадад ногоочноор ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 94 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын Улаан бураа бригадын 1987 оноос 1989 онуудын 70 дугаар дансны хуулбар цалингийн цэс,

2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0703891 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1613000426 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1989 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан О.Мы 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4 дүгээр бригадад ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Харин хүсэлт гаргагчийн 1983 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4 дүгээр бригадад ногоочноор ажиллаж байсан гэх шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 94 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын Улаан бураа бригадын 1983 оноос 1986 онуудын 70 дугаар дансны хуулбар цалингийн цэсэнд хүсэлт гаргагчийн нэр бичигдээгүй, тухайн үед ажиллаж байсан гэдэг нь баримтаар нотлогдохгүй байх тул жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Шыбарайгыр овогт Оразийн Мыг 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4 дүгээр бригадад ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Хүсэлт гаргагч О.Мы 1983 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4 дүгээр бригадад ногоочноор ажиллаж байсан талаархи хүсэлтээ нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

  

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ