| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 188/2023/0981/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/999 |
| Огноо | 2023-08-23 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхтүвшин, |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/999
2023 08 23 2023/ШЦТ/999
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
нарийн бичгийн дарга: С.Жавхлантөгс,
улсын яллагч:Г.Мөнхтүвшин,
шүүгдэгч:Т нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т холбогдох эрүүгийн 220803271173 тоот хэргийг 2023.07.27-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....... оны .... дүгээр сарын ......ний өдөр .... хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, .......... ХХК-д түгээгч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн ....... хороо, ............ тоотод оршин суух , урьд нь ял шийтгэлгүй /РД:........./ О овогт Э Т нь цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулах замаар бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр фейсбүүк цахим орчинд хуурамч “Baigalimaa Baigali” гэх гэх хаягаас “10 дугаар хороололд Цоглог хотхон 1 өрөө тавилгатай байр удаан хугацаагаар түрээслүүлнэ, зөвхөн залгаж мэдээлэл аваарай” гэсэн зарыг байршуулж улмаар 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр иргэн О “хүн үзэх учраас урьдчилгаа мөнгө хийгээрэй, өөр хүн орно шүү” гэж хуурч өөрийн эзэмшлийн 50........ тоот дансаар 750.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
-гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-12/,
- Хаан банкны 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “50...... тоот дансыг УП02211155 регистрийн дугаартай Э Т эзэмшдэг” гэх албан бичиг, дансны хуулга /хх-15-16/,
- Хохирогч О “Би 2022 оны 09 сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр дээр явж байхдаа өөрийн гар утсаараа “Baigalimaa Baigali” гэх нэртэй фейсбүүк хаягтай хүн “10 дугаар хороололд 1 өрөө байр түрээслүүлнэ, холбогдох утасны дугаар ........... гэсэн” зар тавьсан байхаар нь тухайн гар утас руу залгаж асуухад “олон хүн үзэх учраас урьдчилгаа мөнгө хийгээрэй тэгэхгүй өөр хүн орно шүү” гэхээр нь би яараад тухайн хүний хэлсэн хаан банкны 50......... дугаарын данс руу 750000 төгрөг шилжүүлсэн тэгээд орой нь ........... дугаарын гар утас руу залгахад утас нь холбогдохгүй байсан” гэх мэдүүлэг /хх-22-23/,
- Baigalimaa Baigali гэх хаягт байршуулсан зар, мессэж /хх-47-50/,
- Яллагдагч Т“намайг яллагдагчаар татсан тогтоолтой санал нийлж байгаа. Миний бие О хохирол болох 750000 төгрөгийг барагдуулж өгнө” гэх мэдүүлэг /хх-32-34/ зэрэг баримтууд хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх баримтууд, шүүгдэгч Т хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил, түүнчлэн нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т нь “Baigalimaa Baigali” гэх хуурамч хаягаас “10 дугаар хороололд Цоглог хотхон 1 өрөө тавилгатай байр удаан хугацаагаар түрээслүүлнэ, зөвхөн залгаж мэдээлэл аваарай” гэсэн зарыг байршуулж итгэл төрүүлэн, тийнхүү байр түрээслүүлэх бодит боломжгүй байдлаа нуун дарагдуулж, төөрөгдөлд оруулан 750000 төгрөгийг нь залилан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Иймд шүүгдэгч Т цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулах замаар бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т хууль бус санаатай үйлдлийн улмаас иргэн О мөнгөн дүнгээр 750000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, хохирогчийн дансны хуулгаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаасаа өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч Т нь хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Онь өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг хуульд заасан арга, журмаар арилгахыг гэм буруутай этгээд болох Т шаардах эрхтэй байна.
Шүүхээс түүнийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийг танилцуулахад хохирлоо нөхөн төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасныг хангаж шүүх хуралдааныг ажлын 5 өдрөөр завсарлуулсан болно.
Шүүхээс шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулахад 750000 төгрөгийг шүүхэд бэлнээр хүлээлгэн өгсөн болно.
Шүүгдэгч Т нь бусдад төлбөргүй болсон байна.
Шүүгдэгч Т анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна /хх-37/
Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэх дүгнэлтийг, шүүгдэгчээс “зөвшөөрч байна” гэх тайлбарыг тус тус гаргаж оролцсон болно.
Шүүх дээрх нөхцөл байдал болон шүүгдэгч Т хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлбөргүй болсон нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялын хэмжээг улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч О овогт Э Т цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулах замаар бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Т нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирол төлбөрт 750.000 төгрөгийг шүүхэд бэлнээр хүлээлгэн өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т бэлнээр хүлээлгэн өгсөн 750.000 /долоон зуун тавин мянган/ төгрөгийг хохирогч О хүлээлгэн өгч, баримтыг холбогдох эрүүгийн хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад даалгасугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг Т мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ