Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 00231

 

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 153/ШШ2020/00231

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Зэрэг сум, Хөндлөн багт оршин суух, ... дугаарын регистртэй, Н овогт Ш-ын З-ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ш.З нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: миний бие нь 1964 оны 09 дүгээр сарын 10- ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд Шагдарын 5 дахь хүү болон төрсөн. Миний бие нь Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид 1972 онд элсэн орж, 1979 онд 8 дугаар ангиа төгссөн. 1979 оны 6 дугаар сард дунд сургуулиа төгсөөд Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад ээж Даариймаагийн суурьт туслах малчнаар очиж, ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Нэгдэлд мал маллаж байгаад 1984 оны 06 дугаар сард хугацаат цэргийн албанд татагдаж 0229 дүгээр ангид алба хааж, 1987 оны 06 сарын 27-ны өдөр цэргийн албанаас халагдсан. Цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад малчнаар ажилласан. Миний бие нь 1988 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Лхагваагийн Алимаатай гэр бүл болсон. Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэл 1991 оны 12 сарын 26-ны өдөр тарж хувьчлагдах хүртэл нэгдэлд малчнаар ажиллаж байгаад үргэлжлүүлэн Хөдөлмөр Хувьцаат компанид мал малласан. Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулийн дагуу надад улсаас 1994 оны 03 дугаар сараас 2000 оныг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож өгсөн. Иймд Нарангийнхан овогт Шагдарын З.намайг 1979 оны 06 сарын 15-ны өдрөөс 1984 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд, 1987 оны 06 сарын 27-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн бригадад малчин, 1991 оны 12 дүгаар сарын 26-ны өдрөөс 1994 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т Харин нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх... гэж заасан байна.

Хүсэлт гаргагч Ш.З, түүний өмгөөлөгч нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг ирүүлээгүй байна.

Иймд шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ш.З, түүний өмгөөлөгч нарыг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагч Ш.З нь 1979 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1987 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад малчнаар, 1991 оны 12 дүгаар сарын 26-ны өдрөөс 1994 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Ш.З нь 1979 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1987 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад малчнаар, 1991 оны 12 дүгаар сарын 26-ны өдрөөс 1994 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 161 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн бригадын 1980 оноос 1984 он, 1987 он, 1990 оноос 1992 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс

2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 0604669 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1994 оны 03 дугаар сараас 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1607000051 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 842200727 дугаартай малчин мэргэжилийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Зэрэг сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 17 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт,

Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 08/938 дугаартай албан бичгээр ирүүлсэн цэргийн алба хаасан тухай архивын лавлагаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 126/001365 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 126/001364 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 76 дугаартай Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэл нь 1991 оны 12 дугаар сарын 26-нд Хөдөлмөр ХК болж улсын бүртгэлд бүртгэгдсэн тухай лавлагаа,

Иргэн Ч.Дамдинсүрэнгийн ...Миний бие Ш.Зтой Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн бригадад 1980 оноос 1992 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт

Иргэн Д.Сандагчулууны ...Миний бие Ш.Зтой Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн бригадад 1980 оноос 1992 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ш.Зын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Нарангийнхан овогт Шагдарын Зыг 1979 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1987 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад малчнаар, 1991 оны 12 дүгаар сарын 26-ны өдрөөс 1994 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ