| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00183/И |
| Дугаар | 00233 |
| Огноо | 2020-04-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 00233
| 2020 оны 04 сарын 08 өдөр | Дугаар 153/ШШ2020/00233 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Мянгад сум, Чацаргант багт оршин суух, ... дугаарын регистртэй, М овогт Н-ын Б-ы хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Н.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.Б нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нохойжавын Б миний бие 1963 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат бригадад Нохойжавын 2 дахь хүү болж төрсөн. 1972 онд Ховд аймгийн Мянгад сумын найман жилийн дунд сургуульд элсэн орж суралцаж байгаад 1973 онд өвчний улмаас сургуулиасаа гарч эцэг, эхийнхээ хамт Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацарганат бригадад мал маллан амьдарсан. Мал маллан амьдарч байгаад 1983 оны 6 дугаар сард цэргийн албанд татагдаад, 1986 оны 8 дугаар сарын 10-ны өдөр халагдаж ирээд тус нэгдлийнхээ Чацарганат бригадад мөн мал маллан амьдарсан. 1988 оны намар эхнэр болох Б.Цагаанцоожтой гэр бүл болоод мөн нэгдлийн хонь ямаа хариулж байгаад 1992 оны намар мал хувьд шилжиж түүнээс хойш өнөөдрийг хүртэл хувийн мал аж ахуй эрхэлж байна. Хөдөлмөрийн дэвтэр байхгүй учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Н.Б намайг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацарганат бригадад 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Н.Б нь 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацарганат бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Н.Б нь 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацарганат бригадад малчнаар ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1908 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг бригадын 1982, 1983 оны мал тооллогын бүртгэл, Чацаргант бригадын 1979 оноос 1981 он, 1986 оноос 1989 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс
Ховд аймгийн Мянгад сумын МҮАН-ын үүрээс 1996 оны 06 дугаар сарын 26-нд олгосон баярын бичиг, Ховд аймгийн Мянгад сумын Чацаргант бригадаас 1987 онд олгосон баярын бичиг, Ховд аймгийн Мянгад сумын Чацаргант бригадаас 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдөр олгосон сайшаалын үнэмлэх, 1987 оны хавар мал төлөлтийн үеэр авахуулав, 1989 оны 01 дүгээр сарын 14-нд бригадын хуралд очоод авахуулав, 1986 оны 11 дүгээр сард улсын мал нядалгааны үеэр авахуулав, 1988 оны 03 дугаар сард мал төлөлтийн үеэр авахуулав гэх тайлбарууд бүхий гэрэл зургууд, Ховд аймгийн Мянгад сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 85 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт,
2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 0701568 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1611000221 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
БХЯ-ны сайдын 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар цэрэгт татагдаж, мөн сайдын 1986 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 282 дугаар тушаалаар 1986 оны 8 дугаар сарын 17-ны өдөр халагдсан талаарх Монгол улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1003 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа гэх бичвэртэй албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 126/004733 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 126/004732 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 312 дугаартай Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэл нь 1992 оны 01 дүгээр сарын 12-нд Давшилт ХК болж улсын бүртгэлд бүртгэгдсэн тухай лавлагаа,
Иргэн Ш.Чулуунбаатарын ...Намайг 1976 оноос 1992 оныг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацаргант бригадын малын эмч, бригадын хэсгийн ахлагчаар ажиллаж байх үед Н.Б нь 1979 оноос 1991 оныг дуустал тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан... гэх тодорхойлолт,
Иргэн Ж.Алтангэрэлийн ...Н.Б нь 1979 оноос 1991 оныг дуустал тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Н.Бы ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч нь Улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Модон овогт Нохойжавын Быг 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацарганат бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ