Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 00234

 

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 153/ШШ2020/00234

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, Буянт баг, 10000-т 2-9 тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Э овогт Х-ийн Д-гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр  иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Х.Д нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөөвчийн Д миний бие 1969 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймгийн Дуут суманд Хөөвчийн 3 дахь охин болж төрсөн. Ховд аймгийн Дуут сумын 8 жилийн дунд сургуульд 1977-1985 он хүртэл суралцсан. 1985 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд ээжийн хамт мал маллаж амьдарсан. Тус Социализмын зам нэгдлийг тартал малчнаар ажилласан ба нэгдэл тарж Таван Эрдэнэ ХК болоход мөн малчнаар ажилласан. Би одоог хүртэл мал маллаж амьдардаг. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр алга болсон учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Ийм учраас Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас 70 дугаар дансны лавлагаа авч хэрэгт хавсаргасан. Иймд X. Д намайг Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд 1985 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т ...Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байна.

Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанд түүнийг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагч Х.Дгийн 1985 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Х.Д нь 1985 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 53 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дуут сумын 2 дугаар бригадын 1985 оноос 1989 оны 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс

Хүсэлт гаргагчийн 0723605 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1991 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1600001550 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Дуут сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 13 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлстийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 126/001443 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлстийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 126/001444 дугаартай ургийн овог, эцэг эхийн нэр, нэр өөрчилсөн тухай лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлстийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 126/001438 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 84 дугаартай Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэл нь 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Таван-Эрдэнэ ХК болж улсын бүртгэлд бүртгэгдсэн тухай лавлагаа,

Иргэн Ч.Цогтоогийн ...Миний бие Х.Дтэй хамт Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс нэгдэл тарах хүртэл буюу 1992 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл малчнаар хамт ажиллаж байсан нь үнэн ... гэх тодорхойлолт

Иргэн Б.Эрдэнэсолонгийн ...Миний бие Х.Дтэй хамт Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд 1985 оноос нэгдэл тарах хүртэл буюу 1992 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл малчнаар хамт ажиллаж байсан нь үнэн ... гэх тодорхойлолт зэрэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Х.Дгийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Эмч овогт Хөөвчийн Дг 1985 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ