Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
Хэргийн индекс | 130/2018/00065/И |
Дугаар | 212/МА2018/00059 |
Огноо | 2018-05-29 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 212/МА2018/00059
С.А-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэйгээр тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2018/00135 дугаар шийдвэртэй, С.А-ын нэхэмжлэлтэй, Б.Р-т холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, хариуцагч Б.Р хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: “Вакуум цонхны үлдэгдэл үнэ 3000000 төгрөг гаргуулах” тухай.
Нэхэмжлэлд: “Миний бие С.А би иргэн Б.Р-тай тохиролцож Өлгий сумын 5 дугаар багт шинээр баригдаж 2016 онд ашиглалтад орсон 11 айлын орон сууцны нийт /101,4 м2 х 82000=8314800/ төгрөгт вакуум цонхыг нь би хийсэн. Тухайн үед урьдчилгаа мөнгө болох 5314800 төгрөгийг авсан боловч үлдсэн мөнгө болох 3000000 төгрөгийг одоо болтол авч чадаагүй, Б.Р-аас удаа дараа нэхсэн боловч төлж өгөхгүй байгаа тул аргагүйн эрхэнд шүүхэд хандаж байна. Иймд Баян-Өлгий аймаг Өлгий сум 5 дугаар багт шинээр баригдаж 2016 онд ашиглалтад орсон 11 айлын орон сууцны вакуум цонхны үлдэгдэл мөнгө болох 3000000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн тайлбарт: “Бид С.А-ын хүсэлтээр 15 айлын орон сууцны барилгын вакуум цонхыг зохих технологийн дагуу чанартай хийж өгнө гэсний дагуу 1 м2 вакуум цонхыг 80000 төгрөгөөр хийхээр тохиролцсон. С.А нь “би хотоос материал авах хэрэгтэй болсон учраас урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна” гэхээр нь 5314800 төгрөг өгсөн. Нийт авах ёстой 8080000 төгрөгөөс 5314800 төгрөгийг урьдчилгаанд авсан орон сууц ашиглалтад өгсний дараа 2150000 төгрөгийг авсан. Одоо 615200 төгрөгийн үлдэгдэл байгаа. С.А уг 15 айлын орон сууцны барилгын вакуум цонхыг хийхдээ стандартын бус З мм шилээр шиллэж, сликон огт хэрэглээгүй байсан. Нимгэн шил хийснээс болж өвөл цонхонд цанталт үүссэн. Иймд оршин суугчдаас цонхны шилийг 4мм-ийн шилээр 100% жийргийн хамт сольж өгөх шаардлага тавьсан байгаа. 101 м2 вакуум цонхыг шиллэхэд 5500000 төгрөгийн зардал гарч байгаа ба С.А-д удаа дараа хэлж шаардсан боловч хийж өгөхгүй байгаа болохоор би хохирч байна. Зарим айлуудын тагтны хаалга огт ажиллахгүй түгжээнүүд нь чанаргүй материалаар хийгдсэн тул онгойлгоход эвдэрч байгаа. Барилгын хуульд шинээр баригдсан барилга 3 жилийн баталгаат хугацаатай, хэрэглэгчийн буруугаас биш тохиолдолд засвар үйлчилгээг гүйцэтгэгч хариуцах үүрэгтэй. С.А энэ хохирлыг өөрөө ухамсарлан хийж өгөх хэрэгтэй байна.” гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2018/00135 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч Б.Р-аас 3000000 /гурван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.А-д олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагчийн давж заалдах гомдолд: “Баян-Өлгий аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 00135 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Уг шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргахдаа хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэлгүйгээр нэг талын ашиг сонирхлын үүднээс үнэлж, Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тул эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх нөхцөл байдлыг буруу ойлгож, хэт хийсвэр дүгнэлт хийснээс болж миний эрх ашиг сонирхол хөндөгдөж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний дагуу С.А нь “...101 м2 вакуум цонхыг 4 мм-ийн шилээр хийж, 1 м2-ыг 80000 төгрөгөөр миний эзэмшилд шилжүүлэх ёстой байсан” юм. Гэтэл С.А нь өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэхдээ зөрчиж гүйцэтгэсэн тул түүний гүйцэтгэсэн ажлын дутагдлыг арилгахыг шаардаж, дутагдлыг арилгасны дараа үлдэгдэл 615000 төгрөгөө аваарай гэж хэлж байсан. Өөрөөр хэлбэл 3 мм-ийн шилийг 4 мм-ийн шилээр сольж өгсний дараа хөлсөө бүрэн авахыг шаардсан. Нэгэнт ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгээгүй учраас ажил гүйцэтгүүлэгч би ажлын хөлсийг төлөх үүрэг хүлээхгүй гэж үзсэн. Шүүхээс намайг ажлын хөлс төлөх үүргээ биелүүлээгүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Одоо хүртэл нэхэмжлэгч С.А гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй байхад анхан шатны шүүхээс буруу дүгнэлт хийж, нэхэмжлэгч С.А-ыг “вакуум цонхыг хэлэлцэн тохиролцсоны дагуу хийж гүйцэтгэж, захиалагчид шилжүүлсэн” гэж үзсэн явдалд гомдолтой байна. Шүүх нь нэг талын эрх ашгийн үүднээс ямар нэгэн баримтгүйгээр нэхэмжлэгчид ашигтай дүгнэлт хийж, ажил гүйцэтгэгчийг үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн мэтээр хийсвэр дүгнэлт гаргаж, миний эсрэг шийдвэр гаргасан. Миний бие анхан шатны шүүхэд анх тайлбар гаргах үеэсээ ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажил үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй, зохих ёсоор гүйцэтгэсний дараа үлдэгдэл ажлын хөлсөө аваарай гэж шаардаж байсан гэдгээ бичиж өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс миний энэ тайлбартай холбогдуулан ямар нэгэн тайлбар, нотлох баримт ирүүлээгүй явдал нь өөрийгөө гэрээнд заасан ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөнтэй адилтгаж үзэх ёстой байсан. Харин миний хувьд оршин суугчдын гарын үсэг бүхий нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч байсан. Үүнд вакуум цонхыг зохих стандарт шаардлагын дагуу хийгээгүй болохыг нотолсон ач холбогдолтой нотлох баримт байсан. Энэхүү нотлох баримтыг үгүйсгэх ямар нэгэн нотлох баримтыг нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгөөгүй байхад шүүх нотлох баримтуудын хоорондын ач холбогдол, хамааралд үнэлэлт, дүгнэлт хийхээс татгалзаж, үндэслэлгүйгээр хийсвэр дүгнэлт хийж байгаа явдалд маш их гомдолтой байна. Үүнээс болж шүүхийн шийдвэр үндэслэлтэй буюу хуульд нийцсэн байх гэсэн шаардлагыг хангаагүй юм.
Би түүнд анх захиалгаа өгөх үед 5314800 төгрөгийг урьдчилгаа болгож, ажил гүйцэтгэсний дараа 2150000 төгрөгийг дараа нь өгч байсан боловч 2150000 төгрөгийг бэлнээр өгсөн учраас /ямар нэгэн баримт аваагүй/ шүүхэд нотолж чадахгүй байна. Үүнийг нэхэмжлэгч далимдуулаад надаас илүү мөнгө төгрөг шаардаж байгаад харамсаж байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн байна.
Нэхэмжлэгч С.А нь хариуцагч Б.Р-д холбогдуулан “вакуум цонхны үлдэгдэл үнэ 3000000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч “нэхэмжлэгчид төлөх төлбөргүй, нэхэмжлэгч С.А 101 м2 вакуум цонхыг 4 мм-ийн шилээр хийж, 1 м2-ыг 80000 төгрөгөөр миний эзэмшилд шилжүүлэх ёстой байсан боловч орон сууцны барилгын вакуум цонхыг хийхдээ стандартын бус, 3 мм шилээр шиллэж, сликон огт хэрэглээгүй, чанаргүй хийсэн, оршин суугчид цонхыг янзалж өгөх талаар шаардсан” гэж эс зөвшөөрч маргажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлахад нэхэмжлэгч С.А хэлэлцэн тохиролцсоны дагуу вакуум цонхыг хийж дуусган хүлээлгэн өгсөн, хариуцагч Б.Р вакуум цонхыг хүлээн авсан үйл баримт тогтоогджээ.
Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 243.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэж, нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д зааснаар үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хариуцагч Б.Р нь нэхэмжлэгч С.А-д урьдчилгаа гэж 5314800 төгрөг өгснийг нэхэмжлэгч хүлээн авсан талаар талууд маргаагүй ба харин хариуцагч Б.Р нь орон сууцыг ашиглалтад өгсний дараа 2150000 төгрөг өгсөн гэж байгаа боловч үүнийг хэзээ, яаж өгснөө нотолж чадаагүй учир нэхэмжлэгч С.А-д 2150000 төгрөг өгсөн байна гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2018/000135 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 62950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2018/000135 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД Н.ТУЯА
Д.КӨБЕШ