| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 128/2024/0109/З |
| Дугаар | 221/МА2025/0776 |
| Огноо | 2025-12-10 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2025/0776
| Дугаар 221/МА2025/0776 | Улаанбаатар хот |
“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Адъяасүрэн,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***,
Хэргийн оролцогчид
Нэхэмжлэгч “Н” ХХК,
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 05-ны А/735 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2025/0617 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.М***,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н***,
Хэргийн индекс: 128/2024/0109/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
4. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах агуулга бүхий гомдол гаргасан. Үүнд:
Иймд дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2025/0617 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн
итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
3. Маргаан бүхий үйл баримтын тухайд хэрэгт авагдсан баримтаар,
Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1177 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Н” ХХК-д Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд үйлдвэрлэлийн зориулалтаар, 10.000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг олгож, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 000001767 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан.
Улмаар нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/735 дугаар захирамжаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн маргаан бүхий Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо (хуучнаар 10 дугаар хороо)-ны нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийн зориулалт бүхий 10000 м.кв газрын эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр дуусгавар болгон, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.
Нэхэмжлэгчээс энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч, гэрээ байгуулснаас хойш дэлхий нийтэд Ковид-19 цар тахал гарсан. Үүнтэй холбоотойгоор УИХ-аас Коронавируст халдварт /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр баталсан нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчилсэн. Газраа зориулалтын дагуу ашиглах зорилгоор, "Л" ХХК-аар хөрсний шинжилгээ буюу барилгын талбайн инженер-геологийн судалгааны дүгнэлт гаргуулсан. Мөн “П” ХХК-иар барилгын загвар зураг хийлгэсэн дүгнэлтээр судалгааны талбай нь инжежер-геологийн дунд зэргийн төвөгтэй нөхцөлд оршдог, 1 төрлийн ул хөрс тархсан, хөрсний ус 0,5 метрийн гүнээс илэрсэнтэй холбогдуулан шууд барилга, байгууламжийн ажил эхлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Хариуцагч сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийсэн бол энэ бүхий баримтыг гаргаж өгөх байсан хэмээн,
Хариуцагчаас 2018 оноос хойш ашиглаагүй нь хэрэгт авагдсан фото зургуудаар тогтоогдож байгаа. Улсын дээд шүүхийн тайлбарт судалгааны ажил хийсэн гэх үйл баримтыг газрыг эзэмшиж, ашиглаж тооцохоор тайлбарлаагүй. Сонсох ажиллагааны мэдэгдлийг 2021-2023 онуудад “Н” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Н р” ХХК-ийн хаяг болох “Н ю” ХХК-ийн хаягаар хүргүүлснийг буруутгах боломжгүй зэрэг үндэслэлээр тус тус тайлбарлан маргасан.
4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
5. Тодруулбал, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй” гэж,
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “...бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” хэмээн тус тус заасан.
6. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т заасан “…хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангана” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийн зохицуулалтыг Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ХТ2024/0076 дугаар тогтоолоор “...Түүнчлэн, нэхэмжлэгч нь дээр дурдсан цар тахлын нөхцөл байдал арилсны дараа “Г...” ХХК-тай 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ББЗТ-01/2022 дугаартай “234 айлын орон сууцны барилгын ажлын зураг төсөл боловсруулах ажлын гэрээ” байгуулж, гэрээний төлбөрийн урьдчилгаа тавин сая төгрөгийг төлсөн, арван гурван сая төгрөгийн материал худалдан авч хашаалсан, барилга барих газарт таван сая төгрөгөөр геодезийн зураг хийлгэсэн зэргээр эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглахаар тодорхой үйл ажиллагаа явуулж зардал гаргасан зэрэг нөхцөл байдал тогтоогдож байхад газар эзэмшигч нь “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэл тогтоогдсон гэж үзэхгүй” гэж,
2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 001/ХТ2024/0096 дугаар тогтоолоор “...Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн: 2019 оноос буюу нэхэмжлэгч “М л х” ХХК нь 9 ба түүнээс дээш давхар нийтийн орон сууцны зориулалтаар 15 га газрыг эзэмших болсноос хойш 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “Б т” ХХК-тай 1:1000-ын масштабтай байр зүйн дэвсгэр зураг 15 га хийлгэх гэрээ байгуулж, хийлгүүлсэн; *** хорооллын барилгын түр цахилгаан хангамжийн 6/0,4 кВ-ын 400 кВА дэд станцыг “Э ш” ХХК-аар гүйцэтгүүлж, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 09 дугаартай актаар ашиглалтад оруулсан; 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “В и” ХХК-тай 2 давхар амины орон сууц болон 9 давхар хотхоны барилгын эскиз болон дотор ажлын иж бүрэн зураг төсөл боловсруулах ажлыг гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан, тус компани нь “М л х” ХХК-ийн орон сууцны хотхоны барилгын цэвэр бохир усны хэсэг, халаалт агаар сэлгэлтийн хэсэг болон “орон сууцны хотхоны барилга” загвар зургийг тус тус боловсруулж, цэвэр бохир усны хоолойг татаж оруулсан, хашаалсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсоны зэрэгцээ Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сараас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоож эхэлсэн ба Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор уг өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн цуцалсан нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд дээрх нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахаар байна” хэмээн тус тус тайлбарласан.
7. Тухайн тохиолдолд, нэхэмжлэгч хуулийн этгээд нь маргаан бүхий газрын эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1177 дугаар захирамжаар олж авч, 2020 онд “П” ХХК-иар барилгын загвар зураг гаргуулах, 2021 онд "Л" ХХК-иар маргаан бүхий газарт барилгын талбайн инженер-геологийн судалгааны дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагааг тус тус хийсэн болох нь,
Хариуцагчийн зүгээс маргаан бүхий захиргааны актыг гаргах хүрээнд, “…газрыг цуцлах үндэслэл бүрдсэн талаарх сонсох ажиллагааны мэдэгдэл”-ийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 01-09/4377 дугаар албан бичгийг “Н” ХХК-д хүргүүлсэн гэх боловч тухайн үйл баримтыг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тогтоогдсон байна.
Энэхүү үйл баримттай холбогдуулан шүүх бүрэлдэхүүн, “захиргааны шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа явуулах, тайлбар гаргах боломжийг олгохгүйгээр эрхийг хөндсөн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй” хэмээн дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй байна гэж дүгнэв.
8. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2025/0617 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...захирамжуудыг тус тус” гэснийг “захирамжийг” хэмээн өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА