Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 46

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

          Нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

          Улсын яллагч Р.Энхтуяа,

          Шүүгдэгч Б.Гүрбаатар, түүний өмгөөлөгч З.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Боржигон овогт Батболдын Гүрбаатарт холбогдох эрүүгийн 201626011473 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт :   

          Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын засварчин, гагнуурчин мэргэжилтэй, “Сутайн буянт” ХХК-ийн авто баазын засварчин ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын задгайд оршин суух,

          2001 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн шүүхээр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж тэнссэн,

          2008 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Дорноговь аймгийн сум дундын шүүхийн 96 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 2009 оны 07 дугаар сарын 09-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 18 хоногийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн,

          2010 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн сум дундын шүүхийн 39 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,

          2010 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн сум дундын шүүхийн 85 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Боржигон овогт Батболдын Гүрбаатар /РД:ЕС85122312/

 

          Холбогдсон хэргийн талаар :  

          Шүүгдэгч Б.Гүрбаатар нь 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Мон-лаагийн 4 дүгээр гудамжны 8 тоотод оршин суух иргэн Г.Баярсайханы өвлийн сууцны түлхүүр тааруулан нэвтэрч 32 инчийн “Сони” маркийн зурагт хулгайлан бусдад 310,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

            Шүүх дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :   

             Хохирогч Г.Баярсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр манай эхнэр гэрт хулгай орчихож зурагт алга болчихсон байна гээд 13 цагийн үед утсаар залгаад хэлэхээр нь би цагдаа дууд гэж хэлсэн. Би гэртээ ирэхэд манай гэрийн зурагт алдагдсан, манай гэрийн түлхүүрийг хулгайч ашигласан байсан. Манай өвлийн сууцны хаалга, цонхонд ямар нэг эвдрэл гэмтэл байгаагүй. Би цагдаатай хамт манай хашааны булангийн үзүүрийн хүнсний дэлгүүрийн гадна хяналтын камер шүүж үзэхэд манай арын гудамжнаас 13-14 цагийн хооронд байсан байх, тэгээд харсан чинь манай хуучин ажлын газрын залуу болох Гүрээ гэх залуу мөн байсан. Тухайн үед ямар хувцастай нь тодорхой харагдахгүй бор бүтээлгэнд нэг эд зүйл ороож баричихсан бодвол манай зурагт байсан байх, дэлгүүрийн урдуур явж өнгөрч байгаа дүрс бичлэг байсан. ...Хар өнгийн 32 инчийн сони маркийн LCD зурагт, суурь нь хавтгай дөрвөлжин, нүүрний гол хэсэгтээ сони гэсэн бичигтэй, 2014 онд манай байгууллагын шагналаар надад өгч байсан зурагт. …Гүрээ манай гэрт хамгийн сүүлд хэрэг гарахаас 7 хоногийн өмнө ирээд надтай хамт нэг шил архи хувааж уусан. Тухайн үед манай эхнэр довжоон доороос түлхүүр авч байхыг харсан юм. Би гэртээ дагуулж орж байсан. …Би хүнсний дэлгүүрийн гадна хяналтын бичлэгийг үзээд Гүрээ мөн байна гэж мэдээд Гүрээгийн гэрт 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр очиход гэрт нь эхнэр нь байсан. …Би эхнэрт танай нөхөр манай зурагтыг аваад явчихсан байна цагдаа гэхгүйгээр хаана байгааг нь хэлээд өгчих, зурагт авч ирээд өгвөл сайн байна шүү гэхэд эхнэр нь би сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Маргааш нь Гүрээгийн эхнэр манай эхнэртэй утсаар яриад Сэр-Одын гэрт зурагт чинь байгаа гэж хэлэхээр нь би Сэр-Одын /88382390/ дугаар луу залгаад хэлсэн чинь манай зурагтыг манай бүтээлгэнд ороогоод бариад гараад ирсэн. Тэгээд би зурагтаа олж авсан. ...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 17-18 х/,

          Шүүгдэгч Б.Гүрбаатарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Уг айлын эзэн нь манай найз Баярсайхан гэх залуу байдаг юм. Нэг өдөр би өглөө баруун салаа руу цуг ажилладаг байсан Галаа ахын гэрт очих гэж яваад Галаа ах гэртээ байгаагүй. Буцаж явахдаа Баярсайханы гэрээр ороод гаръя гэж бодоод үүдний шалавчыг нь сөхөөд харсан чинь гэрийнх нь түлхүүр байсан, түлхүүрээр нь байшингийн хаалгыг нь онгойлгоод дотогш ороод том өрөөнд нь байсан хар өнгийн зурагтыг нь аваад гэрээс нь гарахдаа гэрийнх нь хаалгыг түлхүүрээр нь цоожлоод явсан. Авсан зурагтаа барьж яваад цуг ажилладаг найз Сэр-Одын гэрт нь очиж хүний зурагт шүү танай гэрт түр тавичихъя дараа нь ирж авъя гэж хэлсэн. Миний авч хэрэглэсэн түлхүүр нь гэрийнх нь түлхүүр байсан. Төмөр мөнгөлөг түлхүүр байсан. /ХГҮ-ийн ¹14 дугаартай гэрэл зургийг харуулахад Б.Гүрбаатар миний хаалганы цоожинд нь тааруулсан түлхүүр мөн байна гэв/… Би архины мөнгө олох гэж л бодоод авсан. Тухайн үед архи уучихсан согтуу байсан учир ломбарданд тавиагүй. Би өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж, өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66 х/

 

          Гэрч Ц.Нандинцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гэртээ амарч байгаад 12 цаг 20 минутын үед гэрээсээ гарч яваад буцаж 13 цаг 20 минутын үед гэртээ ирэхэд манай өвлийн сууцны хаалга цоожтой, манайх түлхүүрээ довжоон доороо үлдээсэн байсан. Түлхүүрээ аваад онгойлгоод гэртээ ороод том өрөөндөө зурагтаа асаах гээд орсон чинь манай зурагт алдагдсан байсан. Тэгээд нөхөр лүүгээ утсаар залгаад манай гэрийн зурагт алга болсон байна гэж хэлсэн. Би өдөр үсчин орох гээд явж байхад засмал зам дээр нэг автомашин сигналаа дуугаргахаар нь эргээд харсан чинь манай нөхрийн найз Гүрээ шиг харагдахаар нь би Гүрээ юм байх гэж тухайн үед бодоод гудамж уруудаад цааш явсан. …Манайд 7 хоногийн өмнө ирээд манай нөхөртэй хажуу талын байшинд хамт архи ууж байсан гэсэн. Би машиндаа очоод түлхүүрээ хайгаад олохгүй болохоор нь буцаад гэрийнхээ довжоон доороос гэрийнхээ түлхүүрийг ирээд авсан чинь Гүрээ харсан юм шиг байна лээ тэгээд намайг шоолоод байсан гэж манай нөхөр хэлж байсан. …Гүрээгийн эхнэр нь миний утас руу 80803785 дугаараас манай нөхөр зурагтыг чинь согтуу очоод авчихсан байна уучлаарай гэсэн утгатай мессежийг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн орой миний гар утас руу илгээсэн байсан. …” гэсэн мэдүүлэг / хх-ийн 19-20 х/

 

          Гэрч О.Сэр-Одын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 06 дугаар сарын үед 13-14 цагийн үед Гүрбаатар манай гэрт өөрөө архи уучихсан согтуу орж ирэхдээ бүтээлгэнд ороочихсон хар өнгийн зурагт барисан орж ирсэн. Тэгээд энэ зурагтыг 100,000 төгрөгөөр худалдаад авчих гээд байсан. Гүрбаатар надад хэлэхдээ миний өөрийн зурагт байгаа юм би нэг айлд түр тавиулчихсан байсан зурагт байгаа юм гэж хэлсэн. Би уг зурагтыг худалдаж аваагүй, хулгайн зурагт гэдгийг нь ч мэдээгүй. Гүрбаатар би танайд зурагтаа түр үлдээчихье би эргэж ирээд авъя гээд зурагтаа үлдээчихээд гараад явсан. Сүүлд эхнэр нь над руу утсаар яриад манай нөхөр архины халуундаа хүний зурагт авчихсан гэнэ чи наад зурагтаа гаргаад эзэнд нь өгчих гэж хэлж байсан. Манай ажлын газрын Баярсайхан гэх залуу над руу утсаар залгаад би зурагтаа авах гэсэн юм гэж хэлж байсан. Манай гэрт  байсан зурагтыг би бүтээлгэнд нь ороогоод аваачиж өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 х/

 

          Гэрч П.Ариунтунгалагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би Гүрбаатартай танилцаад хамтран амьдарснаас хойш Гүрбаатар нь дөлгөөн их тайван хүн, бусдад их тусархаг сэтгэлтэй, ажилдаа их сайн хичээнгүй. Манай нөхөр 2016 онд “Сутайн буянт” ХХК-ийн хөдөлмөрийн хүндэт ажилтан шагнал авсан. “Сутайн буянт” ХХК-ийн ажилчид нь Гүрбаатарыг ажилдаа их сайн гэж ярьдаг, хамт олондоо их нэр хүндтэй. Манай нөхөр одоогоос 3 жилийн өмнө буюу 2013 онд төмөр замд зам засварт ажилладаг байхад уг ажлын газартаа их сайн ажилладаг байсан. Төмөр замын удаа дараагийн ажлын аварга ажилтан болж, ихэнх шагналыг нь авч байсан. Манай нөхрийн ажлын газраас нь цалинг нь хүртэл нэмж, 2013 онд замын үүдэд бид хоёрт хувийн 2 өрөө байшингаар хүртэл шагнаж урамшуулж байсан.  …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53 х/

 

          Гэрч Г.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2014 онд Гүрбаатар зарын дагуу манайд ажилд орсон. Түүнээс хойш манайд ажиллаж байгаад хэсэг зуур завсардсан. Буцаад 2016 оны 10 сарын үед би өөрөө ажилдаа ормоор байна гэж хэлж байсан учир засварын ажилдаа буцаад орсон. Гүрбаатар их дуугай даруу залуу байгаа юм. Би буцаж ажилд авсан шалтгаан нь ажилдаа их нямбай, өгсөн үүрэг даалгаварыг ягштал биелүүлдэг, сэтгэл гаргаж ажилдаа ханддаг. Манай компанид Гүрбаатар нь автобусны засварчин ажил хийж байгаа мөн гагнуурчин мэргэжилтэй учир давхар ажилтай байгаа юм. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54 х/         

          Шинжээчийн 3771 тоот дүгнэлт

          1.Шинжилгээнд ирүүлсэн НШША-ны СХДКШТ-ийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Мягмаржавын хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн “1,2” гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр, хохирогч Д.Нандинцэцэгийн гарын хээний дардас адилтгалын шинжилгээний шаардлага хангахгүй байна.

          2.Адилтгалын шинжилгээний шаардлага хангаж буй “1” гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр санд MN0000СХД03761 дугаараар бүртгэгдсэн хохирогч Д.Нандинцэцэгийн баруун гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн байна.

          3.Адилтгалын шинжилгээний шаардлага хангаж буй “2” гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр Папилон системийн нэгдсэн санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардас болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна.

          4.Харьцуулах загвараар ирүүлсэн хохирогч Ц.Нандинцэцэгийн гарын хээний дардас эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна.

          5.Хохирогч Ц.Нандинцэцэгийн гарын хээний дардас урьд нь санд бүртгэгдээгүй байна. Ахлах шинжээч Т.Оюунжаргал /хх-ийн 24-25 х/         

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8 х/

          Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-10 х/

          Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 35 х/

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 х/

          Дорноговь аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 72-75 х/

          Дорноговь аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 76-80 х/

          Дорноговь аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 82-86 х/

          Дорноговь аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 88-94 х/ зэрэг болно.

 

          Шүүгдэгч Б.Гүрбаатар нь 2016 оны 05 дугаар сарын 29-нд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон-Лаагийн 4 дүгээр гудамжны 8 тоотод оршин суух иргэн Г.Баярсайханы эзэмшлийн өвлийн орон сууцны түлхүүр тааруулан хууль бусаар нэвтрэн, 32 инчийн “Сони” маркийн зурагт хулгайлан нийт 310,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд зүйлсийн үнэлгээ зэрэг хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын эх сурвалжаар нотлогдож тогтоогдсон байх тул гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

          Хохирогч гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйл болох 32 инчийн зурагтыг бүрэн хүлээн авсан нь хэрэгт авагдсан хохирогч Г.Баярсайханы мэдүүлэг /хх-ийн 17-18 х/, гэрч О.Сэр-Одын мэдүүлэг /хх-21-22 х/ зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

        Шүүгдэгч Б.Гүрбаатар урьд Дорноговь аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор /хх-ийн 88-94 х/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, оногдуулсан ялаа бүрэн эдэлж 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент үүссэний 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар түүнийг ялтай байдалгүй гэж үзнэ. 

        Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Гүрбаатарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.

            Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурьдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь :  

 

            1. Шүүгдэгч Б.Гүрбаатарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гүрбаатарыг эд хөрөнгө хураахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих  ялаар шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Гүрбаатарт оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Гүрбаатарт оногдуулсан 02 /хоёр/ жил хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал, хүмүүжилд хяналт тавихыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

            5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Гүрбаатарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ГАНБААТАР