Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2018/0293

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Оюумаа, шүүгч Ц.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч Д.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ, нэхэмжлэгч Х.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, А.М, хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд , түүний өмгөөлөгч П.Б нарыг оролцуулан иргэн Х.Бын нэхэмжлэлтэй, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: Х Б

Хариуцагч: Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар.

Гуравдагч этгээд: М.С

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр М.С-ын барилгын гадна шугамын трассыг миний өмчлөлийн газрыг дайруулан баталсан захиргааны акт үйлдэл илт хууль бус болохыг тогтоолгож, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр М.С*******ын барилгын гадна шугамын трассыг миний өмчлөлийн газрыг дайруулан баталсан илт хууль бус захиргааны актын улмаас учирсан 60 сая төгрөгийн хохирлыг гаргуулах тухай.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Улаанбаатар дулааны сүлжээ ХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр М.С*******ын барилгын гадна шугамын трассыг миний өмчлөлийн газрыг дайруулан баталсан үйлдэл нь өмчлөгч миний хувьд сөрөг нөлөөллийг үүсгэсэн захиргааны акт болжээ.

Дурдсан захиргааны акт нь Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсгийн заалтаар тогтоосон Өмчлөх эрхийг гагцхүү хуулиар хязгаарлана гэх, мөн Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэг, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх хэсгийн заалтаар тогтоосон "... өмчлөлийн зүйлээ ... эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах ...эрх буюу өмчлөлийн зүйлээ чөлөөтэй захиран зарцуулах эрх, ашиг сонирхлыг маань ноцтой зөрчин өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхолд маань халдах хуульд заасан үндэслэлгүй байхад халдаж, илэрхий алдаатай гарсан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан тус захиргааны акт илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна" гэж зааснаар илт хууль бус акт гарсан үеэс өөрт учирсан хохирлыг тооцон шаардаж байна.

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Улаанбаатар `сүлжээ ХК нь 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр М.С*******ын барилгын гадна шугамын трассыг миний өмчлөлийн газрыг дайруулан баталсан илт хууль бус захиргааны актын улмаас би 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс өмчлөлийн газраа бүхэлд нь, зориулалтаар нь ашиглах бодит боломжгүй болж, улмаар 2015 оны сүүлч, 2016 оны эхээр 200 гаруй сая төгрөгөөр худалдах боломжтой байсан өмчлөлийн газраа 2016 оны 9 дүгээр сарын 45-ны өдөр Д.Ч*******од хямд үнээр худалдсанаар надад 60 сая төгрөгийн хохирол учирсан. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Улаанбаатар дулааны сүлжээ ХК-аас тэдний 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр М.С*******ын барилгын гадна шугамын трассыг миний өмчлөлийн газрыг дайруулан баталсан илт хууль бус захиргааны актын улмаас надад учирсан 60 сая төгрөгийн хохирлыг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.Б шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

...Би тухайн үед өөрийн эзэмшлийн хашаандаа хүүгийнхээ найзыг ахтай нь цуг түр хугацаанд байлгаж байсан. Тухайн үед дулааны шугам татах гэж байгаа талаар Ц.Б******* надад хэлээгүй. Хэзээ татахыг нь ч мэдээгүй. Ингээд дараа нь хашаагаа худалдах гэж байсан хүмүүсээс барилгын трасс татсан тухай олж мэдсэн. Би энэ талаар Улаанбаатар дулааны шугам сүлжээ ХХК-д очтол бид нарын буруу байна, гадна талыг нь хараагүй зөвхөн дотор талыг нь хараад шийдвэр гаргасан байна. Танд хариугаа бичгээр өгнө, удахгүй дулааныг холбоно гэж хэлсэн. Үүнээс хойш надад нэг ч хариу өгөөгүй. Зөвшөөрөлгүй хийсэн ажлаас болж миний эзэмшлийн хашаа үнэгүйдсэн. Трасс тавихаар байшин барьж болдоггүй, худалдаж авъя гэсэн хүмүүс та хашаагаа худалдах гэж байж ямар хурдан дулааны шугам тавиулсан юм гэж хэлж байсан. Яагаад бидэнд мэдэгдэхгүйгээр бусдын эзэмшлийн газарт дулааны шугам тавьж байгаа вэ? гэхэд бид та нарт газар өгч болсон юм, одоо буцааж авч болно гээд бид нарын яриаг огт тоохгүй болохоор нь шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Манай хүү хашаа байшингаа Банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж 30.000.000 төгрөгийн зээл авчихсан байсан. Энэ асуудлаас болж авсан зээл нь хүүтэйгээ нийлээд 50.000.000 төгрөг болсон. Зээлээ төлөхийн тулд хашаа байшингаа худалдахаас өөр аргагүй болсон. Би дулааны шугам тавьж байгаа компанийн хүмүүстэй уулзахад танд 2 өрөө байр 2-г өгье гээд утсаа үлдээгээд дахиж холбогдоогүй. Би хашаагаа зарсны дараа  дээр очоод 2-уулаа эвлэрье, чи надад 20.000.000 төгрөг, нөхөн төлбөр л өгчих гэхэд за ойлголоо гэж хэлээд сураггүй болсон. Би Бэрэн ХХК-ийн хүмүүс дээр очоод та нар манай хашааг худалдаж аваач гэхэд тэгье гэж хэлсэн. Би буцаж  дээр очоод газрын нөхөн төлбөрт 20.000.000 төгрөг өгчих, би хашаагаа өөр компанид хямд зарах гэж байна гэхэд за за гэсэн юм. Үүнээс хойш  надад хариу өгөөгүй, утсаар нь холбогдохоор би завгүй байна, та бичиг баримтаа аваад ир гэж хэлдэг байсан. Удалгүй над дээр , Бэрэн ХХК-ийн төлөөлөгч 2 ирээд та шүүхээс нэхэмжлэлээ буцаачих, танд өгөх гэж байгаа байрнаас чинь 2.000.000 төгрөг хаслаа гэж хэлсэн. Би 4 хүүхэдтэй, 12 ач зээтэй хүн. Хэдэн хүүхдүүд ач зээ нараа байр, сууцтай болгоё гэж бодсон юм. Гэтэл тэр Бэрэн ХХК-ийн залуу той хуйвалдаж надад өгөх гэж байрыг хямдруулсан байсныг нь би мэдээгүй.

Анх надад 75.000.000 төгрөгт 2 өрөө байр, дээр нь нэмээд 20.000.000 төгрөг өгье гэж хэлсэн. Би үүнийг нь зөвшөөрсөн. Гэтэл  над дээр ирээд танд өгөх гэж байсан орон сууцыг манай эгч сонирхоод байна би эгчдээ 60.000.000 төгрөгөөр худалдчихъя, би танд дараа нь 60.000.000 төгрөгөөр өөр орон сууц олж өгье гэж хэлсэн. н.Ч******* гэх залуутай Бэрэн ХХК-ийн төлөөлөгч гэрээ байгуулсан. Би тэр залууг огт танихгүй. Би тухайн үед тэр залууг гуравдагч этгээд М.С*******ын эгчийнх нь нөхөр гэж бодсон юм. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

...Нэхэмжлэгчийн өмчлөлийн газар нь 271 м.квадрат ба шугам сүлжээ хамгаалалтын бүсийг оруулбал 83 м.квадрат орчим болдог. Энэ хэсэг газрын өмчлөх эрхийг хязгаарлах тухай асуудал яригддаг. Гэтэл  нь нэхэмжлэгчээс хуульд заасны дагуу зөвшөөрөл авалгүй өмчлөх эрхэнд нь халдсан. Мөн хариуцагч байгууллага ч гэсэн дээрх үүргээ биелүүлээгүй.  нэхэмжлэгчээс зөвшөөрөл авсан эсэх нь чухал биш харин төрийн захиргааны байгууллага зөвшөөрөл авах ёстой. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага ямар нэг шийдвэр гаргах гэж байгаа бол тухайн иргэнд мэдэгдэж, зөвшөөрөл авах ёстой байсан. М.С*******ын зүгээс нэхэмжлэгчийг өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн гэдэг. Гэтэл Х.Б нь тухайн газрыг өмчилж байсан үеийнхээ зөрчигдсөн эрх ашгийг ярьж байгаа. Түүнээс биш одоогийн асуудлыг ярьсан зүйл байхгүй. Газраа өөр хүнд худалдсан тул өмчлөгчийн эрх нь сэргэхгүй гэсэн ойлголт байж болохгүй. Гэрчийн мэдүүлгээс үзвэл төрийн захиргааны байгууллага хуулийг хэрэгжүүлэхдээ алдаа гаргасан. Бодит байдал дээр тохиролцох асуудал яригддаг. Газрын үнэ буурсан асуудлын хувьд барилга барих боломжтой газар үнэтэй байдаг. Нэхэмжлэгч газраа худалдах боломжтой байтал хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж чадаагүй гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

...Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Иргэн өмчийн газраа зориулалтаар нь, тодорхой хугацаагаар сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрлөөр бусдад эзэмшүүлж, ашиглуулж болно, 29.5-д Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 29.2-т заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор зөвшөөрөл өгөх эсэхийг шийдвэрлэнэ гэж заасны дагуу болсон асуудлыг шийдвэрлээгүй. Хариуцагч байгууллага, гуравдагч этгээд  нар нэхэмжлэгч Х.Баас зөвшөөрөл аваагүй байдаг. Мөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д Төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын хууль тогтоомжид нийцээгүй, иргэний газар өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэрийн улмаас иргэнд учирсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан байгууллага нөхөн төлнө 36 дугаар зүйлийн 36.4-т Газар өмчлөх эрхийг нь зөрчсөн этгээд иргэнд учруулсан хохирлыг түүний дотор олох байсан орлогыг нь оролцуулан иргэний хууль тогтоомжид заасны дагуу бүрэн хэмжээгээр нөхөн төлнө гэж заасны дагуу хариуцагч байгууллага нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцах ёстой. Зөвшөөрөл авсан талаар ямар нэг нотлох баримт байхгүй байгаа. Төрийн захиргааны байгууллагын буруутай үйлдлээс болж нэхэмжлэгчийн олох ёстой байсан орлого нь буурсан. Хамгаалалтын зурвасын хувьд Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар барилга барихад саад учруулж байгаа мод чулууг чөлөөлнө гэж заасан байдаг. Одоо бодит байдал дээр газрын 40 гаруй хувийг ашиглах боломжгүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 47 дугаар тогтоолоор Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд дэд бүтцийн шугам сүлжээнд ойр байрлалтай Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрийн гэр хорооллыг орон сууцны 7 дугаар хороолол болгон хөгжүүлэх Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсан бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07/29 тогтоолын 2.2 дахь хэсэгт заасны дагуу тус хорооллыг хэсэгчилсэн дэд бүтцэд холбон барилгажуулах тухай гадаад, дотоодын бизнесийн байгууллагад танилцуулж, тухайн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний В хэсэгчилсэн талбайн төсөл хэрэгжүүлэгчээр Бэрэн лэнд девелопмент XXК шалгарсан.

Энэ төлөвлөлтийн байршилд иргэн М.С*******ын барилга орж байгаа бөгөөд төсөл хэрэгжүүлэгчтэй харилцан тохиролцож өмчлөлийн газартаа барилга барих тухай хүсэлтээ манай байгууллагад гаргаж, тус газарт барилга барих боломжтой гэж дүгнэн 2013 оны 2013 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгажих талбайн схем зураг баталж өгсөн бөгөөд Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтын А хэсэгт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтанд оруулах үйл ажиллагааны журам-ын 6.3, 6.4 дэх хэсэг, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны 2015 оны 69/2015 дугаартай техникийн нөхцлийг үндэслэн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд авто замын улаан шугамын зурваст багтаан холбогдох тогтоол, журмын дагуу олгосон болно.

Иймд иргэн М.С*******ын өмчлөх эрх бүхий газарт нь барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь хуулийн дагуу олгосон акт бөгөөд иргэн Х.Бын газар өмчлөх эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй тул хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Иргэн М.С*******ын барилгын гадна дулааны шугам дайрч өнгөрөх бүх газар өмчлөгчтэй зөвшилцсөн, өмчлөгчид нь зөвшөөрсөн бөгөөд тэдгээр иргэдийн дунд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаантын 19 дүгээр гудамжны 34Б тоот хашаанд оршин суугч иргэн Ц.Б*******, Х.Б нар юм.

Юү Би Трийд ХХК-иас иргэн Ц.Б*******ы амьдарч, оршин сууж байгаа газар доогуур нь барилгын дулааны шугам явуулахаар зөвшилцөж, шугам дайрч өнгөрсний төлбөрт 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хаан банк-ны ******* дансаар 2.500.000 төгрөг шилжүүлсэн, хүлээн авсан ба дулааны шугам явуулахаар тохиролцсон гэх гарын үсэгтэй баримт мөн оршин суугч Ц.Б******* өөрийн данснаасаа авсан мөнгийг иргэн Х.Бд бэлнээр буюу төгрөгөөр өгсөн ба авсан гэх гарын үсэгтэй орлогын мэдүүлэг болон гарын үсэгтэй баримтуудыг үндэслэн манай байгууллага дулааны шугам сүлжээний ажлын зургийг баталсан.

Х.Б нь тухайн тохиролцооны төлбөрийг авсан бөгөөд эргүүлэн иргэн д өгөөгүй үйлдэл нь тус компаний барилгын дулааны шугам сүлжээний ажлыг өөрийн газар доогуур хийж гүйцэтгэх ажлыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Иймд манай байгууллагаас Юү Би Трийд ХХК, түүний захирал д барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл болон тус барилгын дулааны шугамын зургийг баталж өгсөн үйлдэл нь холбогдох хууль, тогтоол, журмын дагуу хийж гүйцэтгэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

...Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Улаанбаатар дулааны сүлжээ ХХК-иас маргаан бүхий газарт дулааны шугам сүлжээний барилга барих хүсэлтээ 2013 онд өгсөн байдаг. Барилга барих хүсэлтийг судлаад Газар барилгажилтын зөвлөлийн 2014 оны 333/2014 дугаартай албан бичгээр барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг олгосон. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэхүү нэхэмжлэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар илт хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас харвал захиргааны актыг илт хууль бус болох үндэслэл байхгүй. Мөн маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгосноор нэхэмжлэгчийн хуульд заасан ямар эрх ашиг сэргэх нь тодорхойгүй, энэ талаар нэхэмжлэгч маргаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндсэн үзэл баримтлалтай зөрчилдсөн гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн гэж заасныг хангаагүй. Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн газрыг ашиглах боломжгүй, эрхийн доголдолтой болсон гэдэг үндэслэлээр шүүхэд хандах ёстой байсан.

Гэтэл бодит байдал дээр 60.000.000 төгрөгөөр хохирсон, 140.000.000 төгрөгөөр худалдах байсан газраа зарж чадаагүй гэж маргадаг. Хариуцагчийн зүгээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Одоогийн нөхцөл байдлын хувьд нэхэмжлэгч Х.Б нь өөрийн өмчлөлийн газраа худалдан борлуулсан нь нэхэмжлэгч, нэхэмжлэл гаргах эрхээсээ татгалзсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд  шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

...Маргаан бүхий газарт дулааны шугам тавихдаа анх тухайн газарт амьдарч байсан Ц.Б******* гэх хүнтэй тохиролцоод газар доогуур нь дулааны шугам татах зөвшөөрлийг нь авсан. Тухайн үед 2.500.000 төгрөгийг өгсөн байдаг.

Энэ мөнгийг нэхэмжлэгч Х.Б нь Ц.Б*******аас авснаас үзвэл газар доогуур нь дулааны шугам татахыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Газрын үнэлгээний хувьд Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөнөөс баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу зам талбай барьсан. 2.500.000 төгрөг төлөөд тухайн газар доогуур дулааны шугам татсанаар газар өмчилж байсан иргэн Х.Б нь төрөөс нөхөн олговор авах боломжтой байсан. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий газар доогуур дулааны шугам татсанаараа нэхэмжлэгчид хохирол учруулаагүй гэж үзэж байна. Харин миний өгсөн 2.500.000 төгрөгийг Х.Б нь хувьдаа авч ашигласан тул зөвшөөрсөн гэж ойлгож байна.

Миний эзэмшлийн газар доогуур дулааны шугам татаж, газрыг үнэгүйдүүлсэн гэсэн тайлбар хэлж байна. Газар дахин төлөвлөлтийн дагуу газар өмчлөх эрхээ хадгалан үлдэж, инженерийн болон нийгмийн дэд бүтцийг барьж байгуулах нөөц газрыг бий болгосноор нэгж талбарын хэмжээ багасах боловч газрын үнэлэмжийн хэмжээ өсөх гэсэн давуу талтай байдаг. Нэхэмжлэгч Улаанбаатар дулааны сүлжээ ХХК-д гомдол гаргахад ямар нэг хариу тайлбар хэлээгүй гэж байна. Гэтэл манай барилгын дулааны 05 дугаар сард буцааж хаасан. Учир нь өмчлөгчөөс албан ёсны зөвшөөрөл аваагүй гэдэг тайлбар өгсөн байдаг.

Харин намар 09 дүгээр сард дулааныг дахин авахад нэхэмжлэгч Х.Б нь газраа худалдаж өмчлөх эрхээ алдсан байсан. Уг газрыг шинээр өмчилсөн н.Ч******* гэх иргэнтэй зөвшилцөөд газар доогуур нь дулааны шугам татаж болох талаар зөвшөөрөл хүсэхэд зөвшөөрсөн. Энэ бичгийг Улаанбаатар дулааны сүлжээ ХХК-д аваачиж өгч дахин дулаанаа авсан юм.

Намайг эвлэрье 20.000.000 төгрөг өгье гэж хэлээд дахин холбогдоогүй гэж хэлж байна. Энэ асуудалд нэмж хэлэхэд би тухайн үед Х.Бд 20.000.000 төгрөгийн нөхөн олговор олгоё гэж бодож байсан боловч маргааш өдөр нь нэхэмжлэгч газраа худалдсан байсан. Ийм учраас өмчлөх эрхээ алдсан хүнд 20.000.000 төгрөг өгч нэг газарт 2-3 удаа төлбөр төлж байгаа нь үндэслэлгүй. Би Бэрэн ХХК-ийн төлөөлөгчтэй хуйвалдсан зүйл байхгүй. Бэрэн ХХК-ийн зүгээс Х.Бд хэдэн орон сууц, хэр хэмжээний нөхөн төлбөр өгнө гэж хэлснийг би мэдэхгүй.

Хашаагаа Банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж мөнгө зээлсэн байсан тул газраа зарахаас аргагүй байдалд хүрсэн гэлээ. Энэ бол нэхэмжлэгчийн өөрийнх нь хувийн асуудал юм. Нэхэмжлэгч Х.Б нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т өмчийнхөө газрыг зохих журмын дагуу иргэнд худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх зэргээр захиран зарцуулах гэж заасны дагуу маргаж буй өөрийн өмчлөлийн газраа 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэн н.Ч*******од шилжүүлсэн. Энэ хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-д өмчийн газраа бусад иргэний өмчлөлд шилжүүлснээр дуусгавар болно гэж заасан байдаг.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох саналтай байна ... гэв.

Гуравдагч этгээд М.С*******ын өмгөөлөгч П.Баттулга шүүхэд болон шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

... Захиргааны ерөнхий хуулийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасан.

Барилгын гадна шугамын трассын зураг нь захиргааны акт /барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл/-ыг гаргахад шаардлагатай бүрдүүлэх ёстой баримт бичгийн нэг байна. Өөрөөр хэлбэл, барилгын зураг батлагдсанаар барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл шууд олгогдоно гэсэн үг биш бөгөөд барилга барихыг хүсч иргэн, хуулийн этгээдийн зүгээс бүрдүүлэх бусад баримт бичиг, хууль тогтоомжийг үндэслэн эрх бүхий захиргааны байгууллага барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэдэг байна.

Үүнээс үзэхэд барилгын гадна шугамын трассын зураг нь захиргааны актад байх үндсэн шинж болох гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар агуулсан байх, захирамжилсан байх шинжийг агуулахгүй байгаа бөгөөд иргэн М.С*******ын барилгын гадна шугамын трассын зураг батлагдснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн захиргааны акт гарсан гэж дүгнэх боломжгүй гэж үзэж байна.

Барилгын гадна шугамын трассын зураг нь илт хууль бус захиргааны акт биш бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн эрх хөндөгдөөгүй талаар. Захиргааны акт илт хууль бус байна гэдэг нь тухайн захиргааны актыг жирийн дундаж иргэн хараад илэрхий алдаатай, хуульд нийцээгүй гэдгийг мэдэх боломжтой, ийм дүгнэлт хийхүйц байх шаардлагатай.

Гэтэл барилгын гадна шугамын трассын зураг нь зурагт илэрхий алдаа гэж үзэх үндэслэлтэй хууль бус зүйл харагдахгүй байгаа бөгөөд зөвхөн уг зургийг батлуулахдаа газрын өмчлөгчөөс зөвшөөрөл авсан эсэх, уг зургийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэх талаар маргаж байна. Нэхэмжлэгч Х.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн өмчлөлийн газраа хэн нэгний дарамт шахалтгүйгээр, гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд, харилцан тохиролцож газраа 80,000,000 төгрөгөөр иргэн Д.Ч*******од зарсан байх бөгөөд нэгэнт газрын өмчлөгч өөр хүн болсон, нэхэмжлэгч газар өмчлөх эрхээ бусдад сайн дураар шилжүүлсэн бөгөөд иргэн Д.Ч******* худалдаж авах гэж байгаа газар дээгүүр нь шугам татсан байгааг мэдсэн, үүнийг хүлээн зөвшөөрсөн, энэ талаар Х.Бын эсрэг маргаан үүсгээгүй байгаа тул нэхэмжлэгч Х.Бын шүүхээр шийдвэрлүүлэх хүсч асуудал нь шүүхээс хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх хэмжээний маргаан биш болсон байна.

Нэхэмжлэгч өмчлөлд байсан газраа 140,000,000 үнэлж байгаа нь үндэслэлгүй талаар. Х.Б өмчлөлийн газраа 140,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байсан гэдэг боловч юуг үндэслэн тийнхүү үнэлж байгаа нь тодорхой бус байна. Нэхэмжлэгч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны газрыг албадан дуудлага худалдаанд 140,000,000 төгрөгөөр оруулах тухай шийдвэрийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч уг нь үнэ нь төлбөр төлөгч болон төлбөр авагч нарын харилцан тохиролцож тогтоосон үнэлгээ байна. Төлбөр төлөгч болон төлбөр авагч талууд тухайн хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах үнэ дээр санал зөрөлдсөн тохиолдолд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба хөндлөнгийн шинжээч томилон дуудлага худалдаанд оруулах үнийг тогтоодог.

Аливаа хүн өөрийн хөрөнгөө худалдахдаа тухайн үеийн зах зээлийн ханш, хөрөнгийн үнэ цэнэ ирээдүйд өсөхөөр байгаа үүнийг харгалзан худалдах санал гаргадаг ба тухайн хөрөнгийг худалдан авах гэж байгаа тал ч үүнийг харгалзан үздэг билээ. Нэхэмжлэгч Х.Б өөрийн газраа 80,000,000 төгрөгөөр үнэлэн иргэн Д.Ч*******од худалдсан, Д.Ч*******ын зүгээс газар дээгүүр шугам татсан гэсэн үндэслэлээр газрын үнийг буулгах санал гаргаагүй, мөн Х.Бын зүгээс газраа 80,000,000 дээш төгрөгөөр санал гаргаагүй талаар Д.Ч******* гэрчийн мэдүүлэг өгсөн байна.

Хэрэв Д.Ч******* уг газрыг худалдаж аваагүй тохиолдолд нэхэмжлэгч Х.Б газраа 140,000,000 зарж чадах байсан уу? эсхүл газраа зарж чадахгүй уг газар нь 45,000,000 төгрөгийн төлбөрт тооцогдон төлбөр авагчид шилжих байсан уу? гэдгийг өнөөдөр хэн ч тооцож тогтоож чадахгүй билээ.

Түүнчлэн нэхэмжлэгч өөрийнх нь эзэмшлийн газарт дулааны шугамын барилгын ажил хийгдэх болсон талаар 2015 оны 10 дугаар сард мэдсэн. Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Х.Б нь маргаан бүхий захиргааны актыг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3, 12 дугаар зүйлд зааснаар илт хууль бус акт гэж үзэн шүүхэд хандсан. Мөн нэхэмжлэгч нь төрийн захиргааны байгууллагад удаа дараа хандсан боловч гомдлыг нь шийдвэрлээгүй гэж маргадаг. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Маргааны гол зүйл болох барилгын гадна талын трассын зураг захиргааны актын гол шинжийг хангахгүй гэж гуравдагч этгээдийн зүгээс үзэж байна. Энэ зураг нь барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгож байгаа бичиг баримт юм. Энэ зургийг баталснаар тухайн иргэний газар дээр барилгын ажил эхлүүлэх эрх зүйн үр дагавар үүсгэж чадахгүй. Эцсийн байдлаар эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа захиргааны акт нь барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгож байгаа захиргааны акт юм. Барилгын гадна талын трассын зургийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа. Гэтэл энэ зургийг захиргааны акт гэж үзэх боломжгүй байна ... гэв.

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтэндээ: Хариуцагч байгууллага болон гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгч Х.Баас зөвшөөрөл аваагүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжтой гэж бодож байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж авснаар уг тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч нь ...Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр М.С*******ын барилгын гадна шугамын трассыг миний өмчлөлийн газрыг дайруулан баталсан захиргааны акт үйлдэл илт хууль бус болохыг тогтоолгож, уг илт хууль бус актын улмаас өөрт учирсан 60.0 сая төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, ингэхдээ Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын /хуучин нэрээр/ ахлах мэргэжилтэн П.Цэрэнжаргал гарын үсэг зурж, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гадна дулааны шугамын байгуулалтын талаар баталсан үйлдлийг /хх-ийн 69-р хуудас/ захиргааны актаар тодорхойлж, захиргааны байгууллага нь өмчийн эзэнд мэдэгдэж зөвшөөрөл авахгүйгээр барилгын гаднах шугамыг татах зургийг баталсныг буруутгаж, үүний улмаас өөрийн өмчлөлд байсан газраа зохих хэмжээний үнэ бууруулан худалдсан, энэ байдал нь өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхолд харш үйлдэл болсон хэмээн маргаж байна.

Хариуцагч захиргааны байгууллага нь холбогдох техникийн нөхцлийг үндэслэн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд улаан шугамын зурваст багтаан холбогдох тогтоол, журмын дагуу М.С*******ын барилгын гадна шугамын трассыг олгосон нь хууль зөрчөөгүй, захиргааны актыг илт хууль бус болгох үндэслэл байхгүй, нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн газраа худалдан борлуулсан нь нэхэмжлэх эрхээсээ татгалзсан гэж үзнэ хэмээн татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн зүгээс маргаан бүхий газар доогуур дулааны шугам татсанаараа нэхэмжлэгчид хохирол учруулаагүй, тэрээр өмчлөх эрхээ бусдад алдсанаар маргах эрх нь дуусгавар болсон, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох саналтай хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан мөн шинжлэн судлаад дараах хууль зүйн үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн захиргааны актад дүгнэлт өгч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн гэж дүгнэн, захиргааны байгууллагаас шинэ акт гаргах хүртэл илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн актыг түдгэлзүүлж, улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэлийг хэлэлцсэн үндэслэл.     

Нэхэмжлэгч нь маргаан бүхий асуудлаар дээд шатны албан тушаалтанд хандаж хариуг авснаас хойш тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасны дагуу хуулийн хугацаанд нэхэмжлэлээ гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын 2016 оны 5 сарын 17-ны өдрийн 07/1771 дугаартай албан тоотоор ... М.С*******ын бусдын өмчлөлийн газарт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсантай холбоотой гомдлоо Иргэний шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү... гэх хариуг өгч, түүнийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь шүүхэд мэдүүлэх эрхийн хүрээнд байх ба дээрх хуулийн заалтыг зөрчөөгүй, захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлснээр шүүхэд хандсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Маргааны үйл баримтын тухайд.

Нэхэмжлэгч Х.Б нь гэр бүлийн гишүүн таван иргэний хамт Сүхбаатар дүүрэг 11-р хороо Рашаан гудамжны 34Б тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 271 м.кв газрын өмчлөгчөөр бүртгэгдэн гэрчилгээг 2007 оны 3 сарын 7-ны өдөр авсан улмаар уг өмчлөлийн газрыг хашаалж, өөрийн мэдэлд байлгаж, газар доогуурх шугам татах үед иргэн Х.Б*******г хашаандаа түр буулгасан байсан гэх үйл баримт хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар[1][1], гэрч Х.Б*******ы мэдүүлэг, албан тоот зэрэг баримтаар тогтоогдож байна.

Газар худалдах, худалдан авах гэрээг[2][2] 2016 оны 9 сарын 15-нд барилгын гадна шугамын байгуулалт татагдсан маргаан бүхий газрын өөр нэг өмчлөгч болох Э.Цоморлигийн зүгээс иргэн Д.Ч*******той байгуулснаар мөн өдрөө 18643313172275 нэгж талбарын дугаартай, 271 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11-р хороо Рашаан 19 гудамж, 34Б тоот хаягт байршилтай газрын хууль ёсны өмчлөгчөөр иргэн Д.Ч******* бүртгэгдэж, эрх бүхий байгууллага газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ[3][3] олгожээ. Тэрээр шүүхэд гэрчийн мэдүүлэг[4][4] өгсөн байдаг ба уг мэдүүлэгт: газраа зарсан хирнээ ингээд маргаад байгааг гайхаж байна. шүүхийн шийдвэрт газраа алдах гээд байна гээд надаас хэд хэдэн удаа гуйсан, би шийдвэр гүйцэтгэгчтэй уулзаад 44 сая төгрөгийг төлөөд үлдэгдэл мөнгийг Сүх-Очироор дамжуулж өгсөн. Миний өмчийн газрыг яагаад шүүхдээд байгаа учрыг олохгүй байна. Хэрэв ингээд шүүхдээд явж байгаа бол би газрыг нь буцааж өгөөд 80 сая төгрөгөө буцаан авмаар байна гэх тайлбарыг өгчээ.

Ингэснээр газрын өмчлөгч өөрчлөгдөж, нэхэмжлэгч Х.Бын газар өмчлөх эрх дуусгавар болсон байна.

Гуравдагч этгээд  нь эрх бүхий байгууллагаас үйлчилгээ бүхий 12 давхар мансардтай орон сууцны барилга барих зөвшөөрлийг авч, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд Сүхбаатар дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт буюу нэхэмжлэгч Х.Бын өмчилж байсан газартай ойролцоо байршилд байгаа зарим газар өмчлөгчийн газрыг худалдан авах замаар барилга барих газрын асуудлаа шийдвэрлэж, зөвшөөрөгдсөн архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу барилга барьсан, энэ талаар барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл[5][5], №69/2015 дугаартай техникийн нөхцөл[6][6], Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Рашаан гудамжны 24, мөн гудамжны 31-Б, мөн гудамжны 25 тоот гэхчлэн барилга барьсан газрыг өөрийн мэдэлд авсан талаарх газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд[7][7] зэрэг баримтууд нотолж байх ба нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс дээрх барилгыг барихтай холбоотойгоор маргахгүй байна. Харин уг барилгыг дулааны шугамд холбохын тулд түүний гадна байрлах шугамын трассыг татахдаа тухайн үед газрын хууль ёсны өмчлөгч байсан өмчийн эзэнтэй зөвшилцөөгүй, захиргааны байгууллага зөвшөөрөл авахгүйгээр хувийн өмчийн газрыг ашигласан нь хууль зөрчсөн гэж маргааны зүйлээ тодорхойлдог. Ингэхдээ нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тавьж байна.

Хариуцагч захиргааны байгууллага нь 1-р хавтаст хэргийн 65-67-р хуудсанд авагдсан буюу Сүхбаатар дүүргийн 11-р хороо Рашаан гудамжны 34-Б тоот хашааны газар доогуур дулааны шугам татахаар тохиролцсон, уг хашаанд амьдарч байсан Х.Б*******д 2015 оны 10 сарын 14-нд дансаар 2500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг шилжүүлсэн гэх баримтыг үнэлж, 2015 оны 10 сарын 15-нд илт хууль бус тогтоолгохыг хүсэж буй актыг буюу дулааны шугам сүлжээний ажлын зургийг баталж өгсөн гэдгээ тайлбарладаг ба шүүх хуралдаан дээр уг тайлбараа дэмжиж, харин газрын өмчийн эзэн нэхэмжлэгч Х.Баас албан ёсны зөвшөөрөл аваагүй гэдгээ тайлбарлаж байна.

Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2: эдэлбэр газар эзэмших, барилга байгууламж барих, инжинерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг нутгийн захиргааны байгууллага болон эрх бүхий мэргэжлийн байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр зураг төслийн дагуу гүйцэтгэх, 22.1.5: хот байгуулалтын үйл ажиллагааны сөрөг үр дагаврыг мэдээлэх, эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх гэж хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх аж ахуйн нэгж, байгууллага иргэний эрх, үүргийг заасан байна. Энэ тохиолдолд гуравдагч этгээдийн зүгээс дээр дурдсан хуульчилсан үүргийг бүрэн хэрэгжүүлээгүй байхад, түүнчлэн иргэн М.С*******ын 12 давхар мансардтай орон сууцны барилгын техникийн нөхцөл ёсоор шинээр татах гадна шугамын трассыг сонгохдоо зам, талбай, газар эзэмшигч /өмчлөгч/ нартай зөвшилцсөн байх үүргээ бүрэн биелүүлээгүй байхад захиргааны байгууллага гадна дулааны шугамын зургийг баталж зөвшөөрөл олгосон гэж үзэхээр байна.

Мөн түүнчлэн маргаан бүхий үйл баримт болох үед хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байсан 2008 оны Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4: зэргэлдээ барилга байгууламжын ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулаагүй тохиолдолд барилгын зураг төсөлд магадлал хийхээр заасныг хэрхэн хэрэгжүүлсэн гэдэг нь, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3: газарт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр тогтоосон журмын дагуу нөхөн төлүүлэх тухай газар эзэмшигчийн эрхийг хэрхэн хэрэгжүүлсэн гэдэг нь, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1: иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь бусад этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно гэх хуулийн заалтыг хэрхэн хэрэгжүүлсэн гэдэг нь тус тус тодорхой бус байна.

Шүүх, нэхэмжлэл гаргаж буй газрын өмчлөгч Х.Баас үл хамааран бусад дөрвөн өмчлөгчөөс зөвшөөрөл авсан нь тодорхой бус, барилгын гадна шугамын байгуулалтыг зөвшөөрөл өгч батлахдаа тухайн шугам татагдах газар бусдын өмчлөл эзэмшилд байгаа эсэх, хувийн өмчлөлийн газарт халдсан эсэхийг шалгасан нь тодорхой бус байна гэж дүгнэснээс гадна дээр дурдсан хуулийн заалтуудыг барилгын ажил эрхэлж буй буюу хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцож буй иргэн, аж ахуйн нэгжээс хэрхэн хэрэгжүүлсэн, үүнд тавих захиргааны байгууллагын хяналт хэрхэн тавигдсан, хариуцагч захиргааны байгууллага нь эрх бүхий байгууллага болохын хувьд Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтанд байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхлыг харгалзан үзсэн эсэх зэрэг нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хальсан, захиргааны байгууллага дахин шинэ акт гаргах замаар энэхүү маргаантай асуудлыг судлан үзэж шийдвэрлэх үүрэгтэй, энэ талаар шүүх шууд тогтоон шийдвэрлэх боломжгүй гэж үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д: шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэх заалтыг хэрэглэж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Учир нь газрын өмчийн эзэн хэн байхаас үл хамаарч, нэгэнт барилгын гадна шугам татах талбай буюу газар нь хувийн өмчид байгаа тохиолдолд захиргааны байгууллага нь газар өмчлөгчийн хуулиар баталгаажсан эрхийг хөндөхгүйгээр, хуульд заасан арга хэрэгслийн дагуу буюу өмчлөгчөөс зөвшөөрөл авах замаар холбогдох хуулийг зөв хэрэглэж, маргаантай асуудалд дүгнэлт өгч дахин акт гаргах нь зүйтэй байна.

Шүүхээс нэхэмжлэлийн эхний шаардлагыг буюу Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр М.С*******ын барилгын гадна шугамын трассыг миний өмчлөлийн газрыг дайруулан баталсан захиргааны акт үйлдэл илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлагыг шинэ захиргааны акт гарах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн тул илт хууль бус захиргааны актын улмаас хохирол гаргуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхив.

Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбоотой үйлчилгээ үзүүлсний төлөө хэргийн оролцогчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах асуудлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

          1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 10 сарын 15-ны өдрийн М.С-ын барилгын гадна дулааны шугамын байгуулалтыг баталсан актыг шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн гэж үзэж, хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаж буй Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 10 сарын 15-ны өдрийн М.С*******ын барилгын гадна дулааны шугамын байгуулалтыг баталсан акт нь илт хууль бус акт болохыг тогтоосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болно.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН

ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ

ШҮҮГЧ Д.ОЮУМАА

 

[1][1] 1-р хавтаст хэргийн 4-р хуудас

[2][2] 1-р хавтаст хэргийн 86-р хуудас

[3][3] 1-р хавтаст хэргийн 89-р хуудас

[4][4] 1-р хавтаст хэргийн 157-159-р хуудас

[5][5] 1-р хавтаст хэргийн 37-р хуудас

[6][6] 1-р хавтаст хэргийн 38-р хуудас

[7][7] 1-р хавтаст хэргийн 39-64-р хуудас