| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00199/И |
| Дугаар | 00236 |
| Огноо | 2020-03-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 08 өдөр
Дугаар 00236
| 2020 оны 04 сарын 08 өдөр | Дугаар 153/ШШ2020/00236 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Ховд сум, Баруун салаа багт оршин суух, ... дугаарын регистртэй, Ө овогт Ш-ийн Э-ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ш.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ш.Э нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өөлд овогт Ширчингийн Э. Миний бие нь 1965 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Ховд аймгийн Ховд суманд айлын 7 дахь хүүхэд болон төрсөн. Манайх ам бүл 10-уулаа байсан. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж 1978 онд Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн сургуульд 4 ангиа төгсөөд, 1978 оноос эхлэн 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тарилан нэгдлийн 3 дугаар бригадад малчин аав Ширчингийн баг малын суурьт малчнаар ажиллаж байсан. 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр цэргийн албанд татагдаж Улаанбаатар хотын Барилгын цэргийн 022 дугаар ангид цэргийн алба хааж 1986 оны 08 дугаар сарын 17-ны өдөр цэргийн албанаас халагдаж Ховд аймгийн Ховд сумын Тарилан нэгдэл 3 дугаар бригадад үргэлжлүүлэн малчнаар ажилласан. Миний бие нь олон жил маллах хугацаандаа 2016 онд Сумын аварга малчин, 2019 онд Аймгийн аварга малчин цол тэмдэгээр шагнуулсан. Миний бие 1992 оны 11 дүгээр сарын 19-нд Мянгад овогт Уртнасангийн Сарантуяатай гэр бүл болж 3 хүүхэдтэй болсон. Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулийн дагуу улсаас надад 1990 оноос 2000 оныг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож өгсөн. Иймд Өөлд овогт Ширчингийн Э намайг Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад 1980 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд, мөн 1986 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Ш.Эийн 1986 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Ш.Э нь 1986 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 149 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын 3 дугаар бригадын 1987 оноос 1989 онуудын 70 дугаар дансны хуулбар цалингийн цэс
2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1376272 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1613000451 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
БХЯ-ны сайдын 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар цэрэгт татагдаж, мөн сайдын 1986 оны 8 дугаар сарын 108-ны өдрийн 282 дугаар тушаалаар 1986 оны 8 дугаар сарын 17-ны өдөр халагдсан талаарх Монгол улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1991 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа гэх бичвэртэй албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Ховд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлстийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 126/001829 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлстийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 126/000042 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 124 дугаартай Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэл нь 1991 оны 12 дугаар сарын 23-нд Сарыбулах ХК болж улсыг бүртгэлд бүртгэгдсэн тухай лавлагаа,
Иргэн Р.Махсутханы ...Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадын малчин Ш.Э нь 1980 оноос 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт
Иргэн Э.Кабетайн ...Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадын малчин Ш.Э нь 1980 оноос 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт зэрэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ш.Эийн 1986 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Харин хүсэлт гаргагчийн 1980 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэх шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 149 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын 3 дугаар бригадын 1981 оноос 1984 онуудын 70 дугаар дансны хуулбар цалингийн цэсэнд хүсэлт гаргагчийн нэр бичигдээгүй, тухайн үед ажиллаж байсан гэдэг нь баримтаар нотлогдохгүй байх тул жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Өөлд овогт Ширчингийн Эийг 1986 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Ш.Эийн 1980 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаархи хүсэлтээ нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ