Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/255

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                          Хэргийн индекс:166/2023/0246/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,

Улсын яллагч К.Нанжинханд,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2318000000326 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, ******* ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамтаар Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* /РД:*******/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 21 цаг 43 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах Хаан банкны автомашины зогсоол дээр гээгдүүлсэн иргэн ******* эзэмшлийн Самсунг А-73 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 900,000 төгрөгийн учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан: Хохирогч ******* мэдүүлэг /хх 12, 14/, гэрч ******* мэдүүлэг, /хх 16/, “Капитал зууч” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх 24/, камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 2/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

 

1. Үйл баримт:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэрэг болсон өдөр эхнэртэйгээ цуг явж байсан. Хохирогч араас ирээд утас асуусан. Сэтгэл санаа таагүй байсан. Надаас хохирогч утсаа асуухад нь утсыг хэлээгүй. Хохирогч над дээр ирж утас асуухдаа согтуу байх шиг байсан. Би эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр ажил хийдэггүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 21 цаг 43 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах Хаан банкны автомашины зогсоол дээр гээгдүүлсэн иргэн ******* эзэмшлийн Самсунг А-73 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 900,000 төгрөгийн учруулсан үйл баримт тогтоогдлоо. Уг үйл баримт нь:

 

-Камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 2/,

 

-Хохирогч өгсөн: “...2023 оны 06 дугаар 09-ны орой 21 цаг 42 минутын үед Дархан сумын 5 дугаар баг Хаан банканд орлого хийчхээд гараад машин дээрээ очоод хаалга онгойлгоход хүүхэд өөдөөс унаад ирсэн. Гартаа барьж явсан гар утсаа газар тавиад хүүхдээ аваад машинд хүүхдийн хамт суугаад хөдлөөд 100 гаран метр яваад гар утсаа санаад машинаа зогсоо гэж хэлээд буугаад эргээд машинд суусан газарт ирэхэд гар утас байхгүй байсан ойр хавьд эмэгтэй, эрэгтэй хоёр хүүхэд тэвэрсэн инээгээд явж байхаар араас нь гүйж очоод тэр залуусаас гар утас олсон уу гэхэд үгүй гэж хэлсэн тэр хоёрын араас явж байсан нэг эмэгтэйгээс асуухад наад хоёр утас авсан гэж хэлсэн та хоёр утас авсан байна гэхэд залуу нь үгүй би газарт тамхи унагаад авсан гэж хэлж байх хооронд эхнэр нь түрүүлээд алхаад яваад өгсөн. Тэгээд цагдаагийн байгууллага дээр ирсэн гомдолтой байна шийдвэрлэж өгнө үү, Би зүс мэдэх залуус байна лээ. Аав нь гэдэг Дархан захын гадаа жижиглэн бараа зардаг. Ээж нь Дархан зах дотор жижиглэн зардаг. Миний гар утас Самсунг А73 маркийн гар утас 2023 оны 02 дугаар сард 1.750.000 мянган төгрөгөөр авч байсан. Миний гар утасны 1МЕ1 код нь , 350315691290462.” гэх мэдүүлэг  /хх 12/,

 

-Гэрч ******* өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр манай нөхөр бид хоёр хоорондоо жаахан муудалцаад цуг цагдаа дээр ирчхээд эвлэрээд буцаж гэр рүүгээ явж байх замдаа Ихэр могой төвийн гаднах зогсоол дээрээс нөхөр нэг гар утас оллоо гээд надад хэлсэн. Тэгээд цаашаа явах гэж байтал араас хоёр эгч ирээд хөөе хоёр хулгайчаа утас өгөөч ээ гээд орилосд байсан. Тэр үед би хүүхдээ айлгахгүй гээд түрүүлээд цаашаа яваад өгсөн. Манай нөхөр тэр хоёр эмэгтэйтэй уулзаад үлдсэн. Тэгээд гэртээ хариад унтаж амарчхаад, маргааш өглөө нь би зугаалгаар явчхаад 1 хоногийн дараа гэртээ ирэхэд манай нөхөр надад нөгөө олсон утас чинь ийм утас байна гээд үзүүлэхэд тэр нь цайвар цэнхэр өнгөтэй ардаа 4 камертай Самсунгийн утас байсан. Тэгээд тэр утсыг ашиглаагүй байж байгаад маргааш нь буюу 2023 оны 06 дугаар сарын 12-ны өглөө цагдаагаас манай нөхрийг дуудаад нөхөр нөгөө олсон гар утсаа цагдаад хүлээлгэж өгсөн.” гэх мэдүүлэг /16/,

 

-“Капитал зууч” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт: “...Самсунг А-73 маркийн гар утасны өнөөгийн үнэ цэнэ нь 900000 төгрөг.”  /хх 24/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

2. Эрх зүйн дүгнэлт:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

 

Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирогчийн гээгдэл эд хөрөнгө болох гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч завшсан үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч *******г гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

  1. Эрүүгийн хариуцлага:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг сар бүр 200,000 төгрөгөөр тооцож 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналгаргасан болно.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 40-51/ зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан байдлыг мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж тус тус үзлээ.

  

Шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь шүүгдэгчийн хувийн байдал болон гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

2.Хохирол, хор уршиг:

 

Хохирогч нь гээгдэл эд хөрөнгө болох Samsung Galaxy A-73 маркийн гар утсаа биет байдлаар нь хүлээн авсан нь хавтаст хэргийн 7 дугаар хуудсанд авагдсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

3.Бусад асуудал:

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд, сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Шүүгдэгч ******* нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ГЭРШИХБӨРТЭ