Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 00238

 

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 153/ШШ2020/00238

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав баг, .. тоотод оршин суух, .. дугаарын регистртэй, Г овогт Д-ийн Д-ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Д нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дамдиндорж овогтой Д миний бие нь 1966 оны 03 дугаар сарын 11-нд Ховд аймгийн Мянгад суманд Дамдиндоржийн 1 дэхь хүү болон төрсөн. 1974 онд Мянгад сумын 8 жилийн сургуульд 1978 оныг хүртэл сурч байгаад бага ангиас гарч аав ээжийн гар дээр байж байгаад 1982 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн 1994 оны 12 дугаар сарын 31 -ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшил нэгдлийн Баянбулаг багт аав ээжийн хамт хоньчноор ажиллаж байгаад 1984 оны 06 дугаар сарын 20-нд цэргийн албанд татагдан 1987 оны 08 дугаар сарын 20-нд халагдан ирж 1987 оны 09 дүгээр сарын 01-ээс эхлэн мөн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг багт хоньчноор 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрийг Давшилт нэгдэл нь Давшилт компани болоход хураан авч алга болсон тул Ховд аймгийн Архивийн тасгийн лавлагаа Мянгад сумын Архивийн лавлагаа баримтуудыг хавсаргав. Иймд миний 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Д.Д нь 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл, 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Д.Д нь 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл, 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад малчнаар ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 568 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадын 1982 оноос 1984 он, 1988 он, 1991 он, 1992 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс

Хүсэлт гаргагчийн малчин мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шилдэг малчин өргөмжлөлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

БХЯ-ны сайдын 1984 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн н/165 дугаар тушаалаар цэрэгт татагдаж, мөн сайдын 1987 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн н/367 дугаар тушаалаар 1987 оны 8 дугаар сарын 20-ны өдөр халагдсан талаарх Монгол улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 3098 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа гэх бичвэртэй албан бичгийн хуулбар,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 126/001904 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 126/001902 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 129 дугаартай Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэл нь 1992 оны 01 дүгээр сарын 12-нд Давшилт ХК болж улсын бүртгэлд бүртгэгдсэн тухай лавлагаа,

Иргэн Н.Шагдарсүрэнгийн ...Миний бие 1982 оноос 2005 оныг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багт Д.Дтай хамт малчнаар ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт

Иргэн Г.Нямсүрэнгийн ...Миний бие 1982 оноос 2005 оныг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багт Д.Дтай хамт малчнаар ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.Дын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Газарч овогт Дамдиндоржийн Дыг 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл, 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ