| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00236/И |
| Дугаар | 00240 |
| Огноо | 2020-04-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 00240
| 2020 оны 04 сарын 08 өдөр | Дугаар 153/ШШ2020/00240 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Буянт сум, Норжинхайрхан багт оршин суух, ... дугаарын регистртэй, Б овогт Д-йн Нжийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.Нж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Д.Нж нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: миний бие 1961 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт Даржаагийн 4 дэх хүү болон төрсөн. Ховд аймгийн Булган сумын 8 жилийн дунд сургуульд 1968 оноос 1976 оныг хүртэл суралцаж төгссөн. 1977 онд Ховд аймгийн Буянт суманд шилжиж ирсэн. Тэгээд аав ээжийнхээ хамт мал маллаж байгаад 1979 оны 06 дугаар сарын 04-ний өдөр цэргийн албанд татагдаж хилийн цэргийн 0130 дугаар ангид цэргийн алба хаагаад 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдөр халагдаж ирсэн. 1982 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Буянт сумын Тэжээлийн аж ахуйд нормчноор ажилд орж 1990 оныг хүртэл ажилласан. 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл хувиараа Ховд аймгийн Буянт суманд газар тариалангийн ажил эрхэлж байна. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул хохироход хүрээд байна. Иймд намайг 1982 оноос 1990 оныг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Д.Нжийн 1982 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Д.Нж нь 1982 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд нормчноор ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 774 дугаартай албан бичгээр ирүүлсэн
Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйн даргын 1982 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 91 дугаартай ажилд томилох тухай тушаалын хуулбар,
Хүсэлт гаргагчийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр нээлгэсэн 1436314 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1603000694 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 02/1934 дугаартай архивын лавлагаа
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 126/002144 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 126/002145 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 138 дугаартай Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуй нь 1992 оны 03 дугаар сарын 30-нд Бүтээл ХК болж улсын бүртгэлд бүртгэгдсэн тухай лавлагаа, 0006925 дугаартай нэр өөрчилсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Иргэн М.Эрдэнийн ...Би 1982 онд Ховд аймгийн Буянт сумын харъяа тэжээлийн аж ахуйд няраваар ажилд орж байхад манай 108-ийн фермд Д.Нж нь нормчноор ажилд орж 1982 оноос 1990 оныг хүртэл ажиллаж байсан нь үнэн... гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт
Иргэн Б.Мишкагийн ...Би 1973 оноос Ховд аймгийн Буянт сумын харъяа тэжээлийн аж ахуйд саальчнаар ажиллаж байхад Д.Нж нь 1982 оноос 1990 оныг хүртэл манай 108-ийн фермд нормчноор ажиллаж байсан нь үнэн... гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтзэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.Нжийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Бээс овогт Даржаагийн Нжийг 1982 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ