Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 00243

 

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 153/ШШ2020/00243

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, Рашаант баг, .. тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Б овогт И-ийн Бгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр  иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч И.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

И.Б нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1957 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Цагаан гол нэртэй газар иргэн Ившингийн том охин болж төрсөн. Ховд аймгийн Буянт сумын бага сургуульд 1965 онд 1 дүгээр ангид элсэн орж 1972 онд 7 дугаар анги төгсөөд ээжийнхээ хамтаар Буянт сумын 1-р /Соёл/ бригадад саальчнаар ажиллаж байгаад 1978 онд Завхан аймгийн текниккумд суралцахаар яваад 1979 ондоо төгсөж ирээд Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт засалчин, мөн 4 дүгээр автобаазад үйлчэгчээр ажиллаж байгаад 1991 онд ажлаасаа гарсан. Миний бие 2012 оны 12 дугаар сарын 18-нд өндөр насны тэтгэвэрт гарсан улсад нийт 11 жил 2 сар тасралтгүй ажилласан ба 1990 оноос 2000 оны хооронд ажиллсан жил нөхөн тооцох жилээс 8 жил 6 сарыг тооцуулаад нийт 19 жил 8 сараар тэтгэвэрээ тогтоолгосоны дараа сайн дураараа нэмж 4 сар төлсөн боловч өндөр насны тэтгэврийн бүрэн тэтгэвэрт шилжээгүй байна. Ийм учраас Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивийн тасгаас 70 дугаар дансны лавлагаа авч хэрэгт хавсаргасан. Иймд намайг 1973 оны 01 дүгээр сараас 1977 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 1 дүгээр бригадад саалчинаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч И.Бгийн 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 1 дүгээр бригадад саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч И.Б нь 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 1 дүгээр бригадад саальчнаар ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 801 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Буянт сумын 1 дүгээр бригадын 1973 оноос 1974 он, 1976 оноос 1977 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 126/002329 дугаартай ургын овог, эцэг эхийн нэр, нэр өөрчилсөн тухай лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 126/002328 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан И.Бгийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч нь Улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Буянт овогт Ившингийн Бг 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 1 дүгээр бригадад саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ