Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/151

 

 

 

                                                                                        2023/ШЦТ/151

 

                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Н    

Шүүгдэгч: Р.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Р Нд холбогдох эрүүгийн 2312..................... тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ........ аймгийн ........... сумын ЕБС-д биеийн тамирын багш ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт .................... аймгийн ............ сумын ......... багийн ................. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Д овогт Рн Н /РД:............../

 

                                            Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Р.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                                                                                              Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох

баримтуудаар Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн нутаг дэвсгэрт 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр цагдаагийн эрх бүхий албан тушаалтан Х.Г нь бусдад зодуулж, эрүүл мэндэд нь баруун дээд үүдэн 1-р шүдний цөгц эмтэрсэн, дээд уруулын дотор салстад язарсан шарх бүхий хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.   

         Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:        Шүүгдэгч Р.Н нь Архангай аймгийн Хашаат сумын Баян багт 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хохирогч Х.Гийг эрхэлж байсан ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан түүний нүүр хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд нь баруун дээд үүдэн 1-р шүдний цөгц эмтэрсэн, дээд уруулын дотор салстад язарсан шарх бүхий бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Х.Гийн өгсөн: ...Би 2023 оны 01 дүгээр сарын 02-ний өдөр Архангай аймгийн Хашаат сумын Номгон багт хот хоорондын замд цагдаа зохицуулагч дэд ахлагч Б.Бийн хамт үүрэг гүйцэтгэж цагдаа зохицуулагч дэд ахлагч Б.Бийн хамт сумын төв Баян багаар эргүүл хяналт шалгалт хийж хугацаанд цагдаа зохицуулагч дэд ахлагч Б.Б 16-22 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Баян багийн 8 айлын орон сууцны хажуу талын зам дээр зогсоож шалгаад нэг эмэгтэй жолоочид арга хэмжээ авч байтал Хашаат сумын иргэн Р.Н нь гүйж ирээд цагдаа зохицуулагч дэд ахлагч Б.Бийн зүүн мөрнөөс гараараа татаад чи яагаад торгож байгаа юм бэ? гэхээр нь би машин дотор сууж байсан учир дотроос нь бууж ирээд зогстол иргэн Р.Н чи яаж байгаа юм бэ? чи манай ээжийн машиныг мэдсээр байж харсаар байгаад торгуулж байгаа юм уу? гэхээр нь би наад хүн чинь ажлаа хийж байна гэж хэлж шаардлага тавьтал та нар яасан их ажлаа хийдэг юм гээд миний нүүр ам луу нэг удаа зүүн гараараа цохиод автал миний уруул хамраас цус гоожихоор нь би ам хамраа гараараа дараад доошоо тонгойсон чинь дээр дахиад нэмж зодох гээд дайраад байтал цагдаа зохицуулагч дэд ахлагч Б.Б иргэн Р.Нд чи албан хаагч яаж байна гээд шаардлага тавьтал Б.Бийг газар унагааж харагдсан. Тэгтэл цаанаас 16-22 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч буюу иргэн Р.Нийн дүү эмэгтэй гүйж ирээд Р.Нийг ахаа одоо болио гээд салгаад цаашаа аваад явсан, би албан үүргээ биелүүлж явсныхаа төлөө биедээ халдуулж хохирсон учир гомдол гаргасан. Өөр зүйл болоогүй. Би урд өмнө Р.Н гэх иргэнтэй муудалцаж бие биедээ өс хонзон санах зүйл болж байгаагүй. Р.Н гэх иргэн миний нүүр ам руу нэг удаа зүүн гараараа цохиж миний нэг шүд үзүүрээсээ хугарч унасан. Мөн дээд уруул хавдсан. Өөр гэмтэл учраагүй. Тухайн үед иргэн Р.Н нь архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Би үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоно. Би албан үүргээ гүйцэтгэж яваад хохирсон учир гомдолтой байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-15 дугаар тал/, гэрч Р.Нгийн өгсөн:“...Миний санаж байгаагаар 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн оройн 22 цагийн үед санагдаж байна ямар ч байсан нэлээн орой болсон байсан. Би тухайн үед Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн төвд байдаг өөрийн төрсөн ах Р.Нийн гэрт бууз хийж байгаад бууз хийх гурилын элдүүр, ганбинз, ус авахаар ах Р.Нийн хадам ээжийн 16-22 АРХ улсын дугаартай приус-10 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад гэртээ очоод гурилын элдүүр, гамбинз, усаа аваад буцаад ах Р.Нийн гэр рүү 16-22 АРХ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явж байтал Баян багийн нутаг найман айлын орон сууцны хажуу талын зам дээр нэг машин хажуугаар зөрөх гэж байгаа юм бол уу? гэмээр зөрөх гэхээр нь би зам тавьж өгөөд зогстол тухайн тээврийн хэрэгсэл дотроос Б.Б гэх цагдаа, манай сумын цагдаа Х.Гийн хамт бууж ирээд Б.Б гэх цагдаа нь над дээр ирээд бичиг баримтаа шалгая гэхээр нь би бичиг баримтаа үлдээсэн бичиг баримтгүй явна гэж хэлээд регистрийн дугаараа хэлээд машины бичиг баримт хаана байгааг мэдэхгүй байна миний машин биш учраас машины эзнээс асууя гээд өөрийн төрсөн ах Р.Н рүү утсаар залгаад энэ машины бичиг баримт хаана байгаа юм цагдаа зогсоогоод шалгаж байна гэтэл манай ах Р.Н наад машины чинь голын хайрцаг хавьцаа байгаа байх гэхээр нь аан за за гээд ахтай ярьж байсан утсаа салгатал Б.Б гэх цагдаа нь таны жолоодож яваа тээврийн хэрэгсэл чинь үзлэгт ороогүй байгаа учир 50.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авлаа гээд надад торгуулийн хуудас хэвлэж өгсөн. Тэгтэл цаанаас гэрийнхээ гаднаас манай ах Р.Н алхаж ирж байгаа харагдаж байснаа нэг мэдсэн хажууд ирсэн надаас яасан гээд асуухаар нь би өө 50.000 төгрөгөөр торгочихлоо гээд ах Р.Нд хэлтэл цагдаагийн машинд намайг шалгахад Б.Б гэх цагдаатай цуг машинаас бууж ирээд буцаад машиндаа суусан байсан. Манай сумын цагдаа Х.Г машинаас буугаад иртэл манай ах Р.Н өө чи энд байсан юм уу? манай машиныг мэдсээр таньдаг байж торгож байгаа юм уу? гэтэл Х.Г цагдаа яг юу гэж хэлснийг би жаахан зайтай байсан учир сонсож амжаагүй. Харин манай ах Р.Н цагдаа Х.Гийг чи өөрөө ч гэсэн энэ машиныг унаж хэрэглэж байсан удаа байгаа биз дээ яасан өөдгүй юм би чамд гомдож байна гээд хэлтэл цагдаа Х.Г манай ах руу бас ямар нэгэн үг хэлээд байх шиг байсан гэхдээ яг юу хэлснийг би сайн сонсож амжаагүй. Тэгсэн чинь манай ах Р.Н сумын цагдаа Х.Гийг 1 удаа нүүр рүү нь цохиод авах шиг болсон. Харин Х.Г цагдааг яг аль гараараа цохиж байхыг бол харж амжаагүй. Тэгээд би машин дотроосоо буугаад ах Р.Нийгээ боль гэтэл манай ах миний үгэнд ороод миний унаж явсан 16-22 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож би арын суудал дээр нь суугаад тэр газраас шууд явсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 25-27 дугаар тал/, гэрч Б.Бийн өгсөн “...Би 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Номгон багаар дайран өнгөрдөг төв магистрал замд Хашаат сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Х.Гийн хамт хяналт шалгалтаар ажиллаж байхад 16-22 АРХ улсын дугаартай цагаан өнгийн приус-10 маркийн тээврийн хэрэгсэл бүрэн бус жолоочийн эсрэг талын их гэрэл асахгүй замын хөдөлгөөнд оролцож байсан учир би тухайн тээврийн хэрэгслийг дүрмийн дагуу тохиж зогсоож шалгахад жолооч нь хамгаалах бүс хэрэглээгүй. Мөн тухайн тээврийн хэрэгсэл нь үзлэгт ороогүй байсан учир би Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 10-ын 2-т заасны дагуу 50.000 төгрөгөөр торгож арга хэмжээ авчихаад буцаад машиндаа суух гээд явж байтал гэнэт араас хүн хөөе цагдаа гээд дуудах шиг болохоор нь би эргээд хартал нэг танихгүй залуу яаж байгаан яах гээд торгож байгаа юм гээд хэлэхээр нь би тухайн хүнд үзлэгт ороогүй байсан учир хуулийн дагуу 50.000 төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авсан гэж хэлтэл хэсгийн цагдаа дэд ахлагч Х.Г машинаас буугаад иртэл өө чи байсан юм уу? Харсаар байж миний ээжийн машиныг таньдаг байж торгуулж байгаа юм уу? гэтэл хэсгийн цагдаа дэд ахлагч Х.Г урдаас нь наад хүн чинь ажлаа хийж байна гээд тухайн залууд шаардлага тавьтал чи ингэж ажлаа хийдэг юм уу? гээд хэсгийн цагдаа дэд ахлагч Х.Г рүү шууд явж очоод чи миний ээжийн машиныг харсаар байж торгуулж байгаа юм бэ? гээд хэсгийн цагдаа дэд ахлагч Х.Гийн нүүр рүү зүүн гараараа нэг удаа цохиод авахаар нь би тэр залууд чи цагдаагийн алба хаагч яаж байна гэж шаардлага тавьж хэлээд дахин цохих гэж байгаа юм шиг харагдахаар нь очоод ардаас нь бариад авсан чинь намайг тонгорч унгахаар нь би буцаад газраас босоод иртэл тухайн 16-22 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад арга хэмжээ авахуулсан жолооч эмэгтэй машинаасаа буугаад гүйж ирээд тухайн залууг ахаа болиоч болохгүй гээд цааш нь аваад явсан. Намайг харахад лав хэсгийн цагдаа дэд ахлагч Х.Гийн хамар уруул хоёроос нь цус гойжсон дээд уруул нь хавдсан байсан учир шууд Хашаат сумын Эрүүл мэндийн төвд очиж үзүүлэхэд хэсгийн цагдаа дэд ахлагч Х.Гийн нэг шүд цуураад сэтрээд уначихсан байна гэж үзсэн эмч нь ярьж байсан. Тухайн үед хэсгийн цагдаа дэд ахлагч Х.Г бид хоёр албан өвлийн дүрэмт хувцастай үүрэг гүйцэтгэж байсан. Миний санаж байгаагаар Р.Н гэх иргэн архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл саруул өөрийнхөө гаргаж байгаа үйлдлийг хянах чадвартай байсан. Намайг ардаас нь Р.Н гэх залууг барьж авах үед нэг удаа тонгорч унгаасан. Гэхдээ миний биед ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй учир би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгох зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 30-32 дугаар тал/, Р.Нийн яллагдагчаар өгсөн: “…зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна, маргахгүй зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 146-147 дугаар тал/ хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 23 дугаартай “...Х.Гийн биед баруун дээд үүдэн 1-р шүдний цөгц эмтэрсэн, дээд уруулын дотор салстад язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүснэ. Баруун дээд үүдэн 1-р шүдний цөгц эмтэрсэн, дээд уруулын дотор салстад язарсан шарх гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” дүгнэлт /хх-ийн 6-7 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Р.Н нь хохирогчийн эрүүл мэндэд баруун дээд үүдэн 1-р шүдний цөгц эмтэрсэн, дээд уруулын дотор салстад язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Нийг хохирогчийг эрхэлж байсан ажил албан үүрэгтэй нь холбогдуулан эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр илэрхийлсэн бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

 

Иймд шүүгдэгч Р.Нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Х.Г нь эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан, шүүгдэгч Р.Нд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын үр дагаварыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                             ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овогт Р Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрхэлж байсан ажил албан үүрэгтэй нь холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Нийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н нь шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Р.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Р.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     П.ГАНДОЛГОР