| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Гэршихбөртэ |
| Хэргийн индекс | 166/2023/0073/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/272 |
| Огноо | 2023-07-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/272
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0073/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба,
Шүүгдэгч Н.Н******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт Н*******д холбогдох эрүүгийн 2318000000049 дугаартай хэргийг Улсын дээд шүүхээс 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, овогт Н******* /РД:ДМ*******/, 1998 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр , эмэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хотын ******* тоотод оршин суух хаягтай, урьд:
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Н******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө 00 цагийн орчим Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Күйн нэртэй үйлчилгээний газарт *******тэй маргалдан, толгойн тус газарт нь шар айргийн шилээр цохиж “дагзанд язарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
Хохирогч *******ийн мэдүүлэг /хэргийн 8, 10/, гэрч Х.Э мэдүүлэг /хэргийн 14/, гэрч Ц.З мэдүүлэг /хэргийн 16/, гэрч Т.Б мэдүүлэг /хэргийн 18/, шүүгдэгч Н.Н гэрчээр өгсөн мэдүүлэг /хэргийн 12/, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хэргийн 47/, шинжээчийн дүгнэлт /хэргийн 24-26/, шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 55-62/, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, согтуурал шалгасан тэмдэглэл /хэргийн 72/, прокурорт гаргасан хүсэлт /хэргийн 93/ гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Н*******: “...гэм буруугаа зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Н.Н******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө 00 цагийн орчим Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Күйн нэртэй үйлчилгээний газарт *******тэй маргалдан, толгойн тус газарт нь шар айрагны шилээр цохиж эрүүл мэндэд нь хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 2-5/,
-Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2 найзтайгаа явж байгаа юм аа. Өөртэй чинь танилцаж болох уу? Би хоёр найзтайгаа чамтай танилцаж чадна гээд 30.000 төгрөгөөр мөрийцсөн юм гэж л хэлсэн чинь буруу ойлгосон юм уу яасан мэдэхгүй “би 30.000 төгрөгийн янхан биш” гэж хэлээд миний толгойруу шилээр цохиод толгой хагалчихсан.
...Би толгойны томографикийн зураг 185.000 төгрөгөөр Дарханы Саран Элит Клиникийн эмнэлэгт зураг авахуулсан. Мөн шүүх эмнэлэгт үзүүлэхэд 8000 төгрөг болсон. Надад учирсан бодит хохирол болох 193.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8, 10/;
-Гэрч Х.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр миний төрсөн өдөр байсан бөгөөд тухайн өдөр би найзууд болох Н*******, Б нарын хамт бааранд 22 цагийн үед орж сууцгаасан ба бид нар пиво ууцгааж бүжиглэсэн бөгөөд би ойролцоогоор 4-5 шил пиво уусан. Би тухайн үед нилээд согтуу байсан болохоор яг бусадтай маргалдаж зодолдсон асуудлыг бол санахгүй байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14/;
-Гэрч Ц.З мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 05-ны орой Queen бааранд сууж байхад бид нарын сууж байсан ширээний эсрэг талд бүжгийн талбайн хойд талд ширээн дээр сууж байсан 3 эмэгтэй байсан бөгөөд тэдгээр эмэгтэйчүүдтэй манай найз Ж нь “би очоод танилцчих уу? тэгвэл та хоёр яахын” гэхээр нь Н бид хоёр чамд 30.000 төгрөг өгье гээд инээлдээд яриад өнгөрсөн. Гэтэл бид нар бааранд бүжиглэж байгаад ширээн дээрээ ирээд сууж байтал Ж толгойгоо дарчихсан хүрээд ирсэн ба юу болсон талаар асуутал “нөгөө 3 эмэгтэй дээр очоод танилцъя, утасны дугаараа өгчих” гээд хэлсэн чинь өндөр нуруутай эмэгтэй нь миний толгойруу пивоны шилээр цохьчихлоо” гээд хэлсэн. Тэр үед би Ж******* толгойг харсан чинь дагзны ар хэсэгт язраад хагарчихсан цус гарч байсан. Тэгээд бид нар зөөгчийг дуудаж сальфитек авч толгойноос нь гоожиж байсан цусыг нь тогтоогоод цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16/,
-Гэрч Т.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Queen бааранд зөөгчөөр ажиллаж байх хугацаанд баар хаахын өмнөхөн 23 цаг 10 минутын орчимд манай бааранд үйлчлүүлж байсан залуу намайг дуудаад “салфетик өгөөч, тэр эмэгтэй миний толгойруу пивоны шилээр цохиод толгой хагалчихлаа” гээд толгойноос нь цус гарчихсан байж байсан бөгөөд би салфитик хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18/,
-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 24-26/,
-“... *******ийн биед “дагзанд язарсан шарх” гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 112 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 29-30/;
-Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 31-32/,
-*******ийн компьютер томографийн шинжилгээний хариу, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 33-35/,
-“...Н.Н биед “зүүн гарын бугалганд цус хуралт” тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 125 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 40/,
-*******ийн компьютер томографийн шинжилгээ хийлгэсэн төлбөрийн баримт /хавтаст хэргийн 85/,
-Шүүгдэгч Н.Н*******эс мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлтүүд /хавтаст хэргийн 80, 93/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Шүүгдэгч Н.Н үйлдлийн улмаас хохирогч *******ийн биед “дагзанд язарсан шарх” бүхий хөнгөн гэмтэл учирсан бөгөөд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 112 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 40 дүгээр тал/-ээр нотлогдох бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна.
Хохирогч *******д учирсан дээрх гэмтэл нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр түүний биед халдаж зодсон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.
Шүүгдэгч, хохирогч нарын хоорондын зүй бус харилцаа, хохирогчийн зүй бус үйлдэл буюу бусдын биед зөвшөөрөлгүй хүрэх, бусдыг хүсээгүй байхад харилцаа үүсгэхийг оролдох зэрэг үйлдлүүд нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.
Иймд шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Н. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч шүүгдэгч Н.Н*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба “прокурорын гаргасан торгох ялын саналыг дэмжиж байна” гэсэн саналыг тус тус гаргасан.
Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Н.Н******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 65/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 54/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 55-62/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн болон ар гэрийн байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.Н*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 7 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Хохирогч ******* нь “Би толгойны томографикийн зураг 185.000 төгрөгөөр Дарханы Саран Элит Клиникийн эмнэлэгт зураг авахуулсан. Мөн шүүх эмнэлэгт үзүүлэхэд 8000 төгрөг болсон. Надад учирсан бодит хохирол болох 193.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10/ өгч холбогдох баримтыг /хавтаст хэргийн 85/ хэрэгт хавсаргажээ.
Хохирол төлбөрт шүүгдэгч Н.Н******* нь хохирогч *******д 200,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н*******д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт ус тус зааснаар шүүгдэгч Н.Н*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 7 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
4. Шүүгдэгч Н.Н******* нь хохирол төлбөрт хохирогч *******д 200,000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг уг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Н.Н*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ